
Хавтаст хэргээс
Д.Болор
2008 оны долдугаар сарын 1-ний өдөр болсон эмх замбараагүй байдлын улмаас таван залуу алтан амиа алдсан билээ. Энэ таван иргэн амиа алдсанд тухайн үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд болон хурандаа Ш.Батсүх, О.Зоригт, дэд хурандаа Г.Ганбаатар нарыг холбон шалгаж хариуцлага тооцож байсан цаг саяхан. Өдгөө дээрх нэр бүхий эрхмүүд шүүхээс ногдуулсан ялаа эдэлж дуусаад эрх чөлөөнд гараад удаагүй байна. Хамгийн сүүлд цагдаагийн хурандаа Ш.Батсүх суллагдсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл нийгмийн анхаарлын төвд байсан энэ эрхмүүдэд холбогдох хавтаст хэргийг бүрэн эхээр нь дэлгэж байна. Хэн нь юу гэж мэдүүлж байсан нь одоо ч гэсэн тодорхойгүй. Яагаад гэвэл анхан шатны шүүх хурал гурван өдрийн туршид хаалттай үргэлжилж байлаа. Харин одоо юу гэж мэдүүлснийг нь хамтдаа уншиж сонирхъё.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНД
Сүхбаатар дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Оюунчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл, Э.Жамц нар ажиллаж, иргэдийн төлөөлөгч Г.Тунгалаг, Д.Бадамсүрэн, Б.Алтанцэцэг нарыг байлцуулан,
-улсын яллагч С.Хишигжаргал, Ц.Уртнасан,
-шүүгдэгч Ч.Амарболдыг өмгөөлөгч Ж.Яринпил,
-шүүгдэгч Ш.Батсүхийг өмгөөлөгч М.Алтан-Өлзий,
-шүүгдэгч Г.Ганбаатарыг өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн хамт,
-шүүгдэгч О.Зоригтыг,
-хохирогч Ц.Энхбаярын (нас барсан хохирогч Э.Доржсүрэнгийн эцэг) өмгөөлөгч О.Баасанхүүг,
-хохирогч Г.Ариунбаатар, Ж.Батзаяа, Э.Энхтөр (галт зэвсэг хэрэглэсний улмаас хүнд гэмтсэн
хохирогч нар) нарыг өмгөөлөгч Н.Болормаагийн хамт,
-иргэний нэхэмжлэгч Д.Янжинсүрэн (Ж.Батзаяагийн эх),
-иргэний нэхэмжлэгч Л.Энхбат (Э.Энхтөрийн эцэг),
-хохирогч Д.Тунгалаг (нас барсан хохирогч Р.Мөнх-Эрдэнийн эх) нарыг тус тус оролцуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр цагдан хорих ангийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Амарболдыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэг, тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэв.
ШҮҮГДЭГЧ НАРЫН БИЕИЙН БАЙЦААЛТ
Чимэддоржийн Амарболд нь Монгол улсын иргэн, 1956 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга, даргын үүрэг гүйцэтгэгч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны дугаар байранд оршин суудаг, ял шийтгэл үгүй.
Очирхуягийн Зоригт нь Монгол улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн цагдаагийн газрын дарга ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ...дүгээр хорооны дугаар байрны дугаар тоотод оршин суух, ял шийтгэл үгүй.
Галсандоржийн Ганбаатар нь Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой,эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны дугаар байрны дугаар тоотод оршин суух, ял шийтгэл үгүй.
Шуурайгийн Батсүх нь Монгол улсын иргэн, 1958 оны 03 дугаарсарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Эргүүл хамгаалалтын газрын дарга ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны дугаар тоотод оршин суух, ял шийтгэл үгүй.
ХОЛБОГДСОН ХЭРЭГ
Шүүгдэгч Ч.Амарболд нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Дотоодын цэргийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа 2008 оны 07 дугаар сарын 01-нээс 02-ны өдрүүдэд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаас өгсөн “нийтийн эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаа явуулахдаа байлдааны галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй” талаарх үүргийг авсан атлаа нийтийн эмх замбараагүй байдлыг зохицуулах талаар өгсөн үүргийг цагдаагийн бие бүрэлдэхүүн зохих ёсоор хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч хангуулаагүй. Эмх замбараагүй байдлыг тараах ажиллагаанд галт зэвсэг хэрэглэж байхад таслан зогсоох арга хэмжээ аваагүй зэргээр албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс цагдаагийн албан хаагчийн хэрэглэсэн галт зэвсгийн улмаас иргэн Э.Доржсүрэн, Ц.Энхбаатар, Р.Мөнх-Эрдэнэ, Т.Батсайхан нарын 4 хүн нас барж, иргэн Г.Ариунбаатар, Ж.Батзаяа, Э.Энхтөр нарын биед хүнд гэмтэл, иргэн Г.Батбилэг, Э.Оргил нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэн Г.Баттулгын биед хөнгөн гэмтэл учирсан буюу бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт.
Шүүгдэгч О.Зоригт нь Нийслэлийн цагдаагийн газрын даргын албан тушаалд ажиллаж байхдаа Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Дотоодын цэргийн дарга хошууч генерал Ч.Амарболдоос өгсөн “нийтийн эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаа явуулахдаа байлдааны галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй” талаарх үүргийг авч газар дээр нь хэрэгжүүлэхдээ нийтийн эмх замбараагүй байдлыг зохицуулах талаар өгсөн үүргийг цагдаагийн бие бүрэлдэхүүнд танилцуулаагүй, өгсөн үүргийг хэрхэн биелүүлж байгааг болон зохих ёсоор хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч хангуулалгүй, эмх замбараагүй байдлыг тараах ажиллагаанд байлдааны галт зэвсэг хэрэглэж, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс цагдаагийн албан хаагчийн хэрэглэсэн галт зэвсгийн улмаас дээр дурьдсан 4 хүн нас барж, 6 хүн гэмтсэн хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт. Шүүгдэгч Ш.Батсүх нь Эргүүл хамгаалалтын газрын даргын албан тушаалд, шүүгдэгч Г.Ганбаатар нь Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхдаа Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Дотоодын цэргийн дарга хошууч генерал Ч.Амарболд болон Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа О.Зоригт нараас өгсөн “нийтийн эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаа явуулахдаа байлдааны галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй” талаарх үүргийг авч газар дээр нь хэрэгжүүлэхдээ нийтийн эмх замбараагүй байдлыг зохицуулах талаар өгсөн үүргийг цагдаагийн бие бүрэлдэхүүнд танилцуулаагүй, өгсөн үүргийг хэрхэн биелүүлж байгааг болон зохих ёсоор хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч хангуулалгүй, эмх замбараагүй байдлыг тараах ажиллагаанд байлдааны галт зэвсэг хэрэглэж, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс дээр дурьдсан 4 хүн нас барж, 6 хүн гэмтсэн хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанд судлагдсан дараахь баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.
ШҮҮХИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨГСӨН МЭДҮҮЛГҮҮД
Ч.Амарболд: ХАР МАШИНТАЙ ЭНГИЙН ХУВЦАСТАЙ ХҮМҮҮС БУУДСАН ГЭДГИЙГ ГЭРЧҮҮД ХЭЛЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ
Шүүгдэгч Ч.Амарболдын мэдүүлгийн агуулга:
Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийгүйлдсэн гэж прокурор яллаж буйг дараахь үндэслэлээр хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Битухайн үед буюу 2008 оны Улсын Их Хурлын сонгуулийн албан ёсны дүнг эсэргүүцэн хуучиннэрээр МАХН-ын байрны өмнө зарим этгээдээс хууль бусаар зохион байгуулсан эсэргүүцлийнжагсаал, цуглаан нь олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирч МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигт дурьдсанаар “…бүлэг хүмүүсийн хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эмх замбараагүй байдал үүсэж, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад халдан амь насанд нь заналхийлж, эд хөрөнгө устгах, галдан шатаах ажиллагаа даамжирч…” байсан тэр үе буюу 2008 оны 07 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Цагдаагийн Ерөнхий газрын (ЦЕГ) тэргүүн дэд даргын албан тушаалд ажиллаж ард түмэн эх орныхоо өмнө өгсөн тангаргаа биелүүлэхийн төлөө амь нас, эрүүл мэндээ ч үл хайхран явж олон хүний амь, эд хөрөнгийг эрсдэж устахаас хамгаалж үүргээ биелүүлсэн гэж өөрийгөө үзэж байгаа.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын хувьд Нийслэлийн цагдаагийн газрын (НЦГ) дарга миний шууд удирдлагад ажиллана, мөн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга хэв журмын асуудал хариуцдаг учир НЦГ-ын хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатар, мөн Эргүүл хамгаалалтын газрын дарга Ш.Батсүх надад шууд захирагдах албан тушаалтан мөн юм. Мөн хурандаа Ш.Батсүх нь О.Зоригтын болон ЦЕГ-ын Хэв журмын газрын даргын удирдлагад ажиллах хоёрдмол харъяалалтай, харин НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатарт шууд захирагдахгүй юм.
Намайг Цагдаагийн Ерөнхий газрын даргын биш тэргүүн дэд даргын албан тушаалд ажиллаж байсан болохыг Баянзүрх дүүргийн шүүх 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 875 дугаар шийдвэрээрээ тогтоосон бөгөөд хуульд заасны дагуу Дотоодын цэргийн даргаар томилсон Засгийн газрын тогтоол гараагүй, уг албан тушаалд ажиллаж байгаагүй болохыг тодорхойлж Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хууль зүй дотоод хэргийн яамнаас албан бичгүүдийг шүүхэд ирүүлсэн байгаа. 2008 оны 07 дугаар сарын 01-ний үйл явдалд Дотоодын цэрэг оролцоогүй, уг байгууллагын үйл ажиллагааг би хэзээ ч удирдан чиглүүлж байгаагүй, Дотоодын цэргийн штабт энэ үүрэг нь байдаг. Эрүүгийн хуульд цэргийн албан хаагчийг “...зэвсэгт хүчин бусад цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж буй МУ-ын иргэн” гэж зааснаас гадна цагдаагийн албан хаагчийг энэ бүлэгт заасан буюу цэргийн гэмт хэргийн субъектээс Улсын Их Хурал 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж хассан байхад намайг цэргийн албан хаагчид хамааруулж цэгийн гэмт хэрэгт яллаж буй нь хуулийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Мөн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагаас нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоож нийгмийн хэв журам сахиулах явцдаа байлдааны сум бүхий галт зэвсгийг хэрэглээгүй юм. Прокурорын яриад буй цагдаа галт зэвсэг хэрэглэсэн болохыг нотолж буй гэх баримтууд эргэлзээтэй, байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж хэргийн газрын янз бүрийн хэсгээс илрүүлэн хураан авсан эд мөрийн баримт гэх хонгионуудыг хооронд нь хольж хутгасан, зарим иргэдээс тухайлбал Ша.Батбаяр гэгчээс өгсөн хонгионуудыг хүртэл нэмж хийсэн байгаа. Зарим хонгионуудыг цагдаад байхгүй буугаар буудсан болохыг, мөн ихэнх хонгионуудыг ямар буугаар буудсаныг тогтоох боломжгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан байхад прокурор дүгнэлтүүдээс энэ хэсгийг хасаж агуулгыг өөрчлөн тусгаж яллах дүгнэлтийг хууль зөрчиж үйлдсэн. Цагдаа галт зэвсэг хэрэглэхийг хараагүй гэж тухайн үед хэргийн шууд гэрч болох олон иргэд мэдүүлэг өгсөн, цагдаагийн 500 шахам орчим албан хаагч байцаагдсанаас хоёроос бусад нь галт зэвсэг, байлдааны сум хэрэглээгүй болохыг мэдүүлсэн, хар машинтай энгийн хүмүүс буудсан талаар гэрчүүд мэдүүлсэн байхад эцэслэн шалгаж тогтоолгүйгээр тэнд явж байсан нь ч эргэлзээтэй, мөн ямар зорилгоор явж байсан нь сэжигтэй цөөн тооны гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан цагдааг галт зэвсэг хэрэглэсэн гэж яллаж буй нь эрүүгийн хэргийн нотлох баримт хөдөлбөргүй тогтоогдсон байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шилжүүлэн аваад дутуу шалгасан, жинхэнэ буудсан хүмүүсийг олж тогтоож чадаагүй. Дараачийн хэлэх зүйл бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас эмх замбараагүй байдлыг таслан зогсоохдоо галт зэвсэг хэрэглэж буудаж болохгүй гэдгийг надад анхааруулсан нь үнэн боловч Онцгой байдлын тухай хуульд зааснаар Зөвлөл энэ талаар тогтоол үйлдэж албан ёсны шийдвэр гаргаагүй, надад танилцуулаагүй. Онцгой байдлын үед авах арга хэмжээ, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог шуурхай байдлын штаб хариуцаж зохион байгуулж байсан. Миний хувьд байлдааны сум хэрэглэж болохгүй талаар бие бүрэлдэхүүн, тэдгээрийн шууд захирах дарга нарт хангалттай анхааруулсан, Зөвлөлөөс өгсөн чиг үүргийг танилцуулсан. Цагдаагийн байгууллагын тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллагын ажилтан галт зэвсэг биедээ авч явах улмаар нийтийн эмх замбараагүй байдлын үед мөн цагдаагийн ажилтны өөдөөс бүлэглэн халдсан, зэвсэглэн довтолсон хэрэглэх эрхтэй. 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цагдаа галт зэвсэг хэрэглээгүй нь үнэн боловч зарчмын хувьд тэднийг галт зэвсэг хэрэглэсэн буюу хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дээр дурьдсан нөхцөл байдлыг шүүх тунгааж ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй бид нарыг цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Өмгөөллийн тухай хуулиудаар баталгаажсан шүүгдэгч өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхийн дагуу би өмгөөлөгчөө сонгож аваад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийж дөнгөж нэг хонож буй, миний өмгөөлөгч хавтас хэргийн материалын нэг ч хуудастай танилцаагүй бөгөөд шүүхийг хүндэтгэн хэргийн материалтай танилцах хүсэлт гаргахаар ирсэн өмгөөлөгч Яринпилийг шүүх хуралдаан даргалагч албадан шүүх хуралдаанд үргэлжлүүлэн оролцуулсан нь өмгөөлөгчийг өмгөөллөө үр дүнтэй явуулах, шүүгдэгч миний бие хууль зүйн чанартай туслалцаа авах ямар ч боломжгүй болгож хуулиар олгогдсон миний эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнийг хэлэх нь зүйтэй.
О.Зоригт: БИ МОНГОЛЫН ТӨРД ГОМДОЖ БАЙНА
Шүүгдэгч О.Зоригтын мэдүүлгийн агуулга
- Юуны өмнө миний өмгөөлөгч Өнөрбаяр шүүх хуралдаанд ирээгүйн төлөө мэс ажилбар хийлгэсний дараа хэвтрийн дэглэм сахих ёстой намайг хагас хэвтээ байдалтай хүчээр суулгаж шүүх хуралдааныг хийж буй нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж буйг анхааруулж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож хууль зүйн туслалцаа авах эрхээр минь хангаж өгөхийг шүүхээс шаардаж байна.
Миний өмгөөлөгчөөр томилсон гэх Ундрахыг надад албадаж өгсөн тул би өөрийнхөө өмгөөлөгч гэж үзэхгүй, тэгээд ч түүнийг миний өмгөөлөгчөөр томилсон шийдвэрийг Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс хүчингүй болгосон гэсэн. Би өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаагүй, хууль зүйн туслалцаа хүссээр байгааг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана уу. Сонгох эрхээ хэрэгжүүлж авсан миний жинхэнэ өмгөөлөгч Өнөрбаярыг байлцуулан надад холбогдох хэргийг шүүн хэлэлцэхийг шүүхээс би дахин хүсэж байна. Нэгэнт үг хэлснийх би дараахь тайлбарыг хийж буй бөгөөд үүнийгээ би шүүхэд өгсөн мэдүүлэг гэж үзэхгүй. Ч.Амарболд нь цэргийн гэмт хэргийн субъект биш болохыг давтан хэлмээр байна. Тухайн үед буюу 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байдал маш хүнд байсныг олон нийт бүгдээр мэднэ. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр үймээн самуун болоогүй бол хүний амь хохирсон энэ асуудал гарахгүй л байх байсан. Яг хэн, хэнийг буудсаныг тогтоогоогүй байж тухайн үед удирдах албан тушаал эрхэлж байсны төлөө бид нарыг улс төрийн золиос болгож шүүхээр шийтгэхээр завдан буйд гомдолтой байна. Дөрвөн хохирогчийг цагдаа буудсан эсэх үндсэн хэрэг түдгэлзсэн байхад бидэнд холбогдох тусгаарлагдсан энэ хэргийг нотлогдсон гэж прокурор үзэж буй нь нэн хачирхалтай байна. Галт зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн ямар ч шийдвэрийг би олж хараагүй, мөн цагдаа галт зэвсэг хэрэглэсэн тухай надад хэн ч илтгээгүй, мэдэгдээгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүний дөрвөн тал бүрэн үгүйсгэгдэж байгаа. Бид нар цэргийн гэмт хэргийн субъект биш, цэргийн жинхэнэ албан хаагч биш, Амарболд Цагдаагийн Ерөнхий газрын дарга болон Дотоодын цэргийн дарга байгаагүй. Цагдааг цэргийн гэмт хэргийн субъектээс УИХ хассан байгаа. Мөн энд цэргийн алба хаахтай холбоотой харилцаа үүсээгүй. 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл гэртээ харилгүй ажилласан намайг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгаж буй нь тухайн үед болсон хэрэг явдлын талаар прокурор ямар ч төсөөлөлгүй байна гэж би хэлмээр байна. Цагдаагийн удирдлага болон бие бүрэлдэхүүн тухайн үед чадлынхаа хирээр ажилласан, үүргээ ч гүйцэтгэсэн гэж бодож байна. Тэр үед үүссэн эмх замбараагүй байдал давагдашгүй хүчин зүйл болон хяналтаас гарч цагдаа тогтоож чадаагүй бол өнөөдөр юу болчихсон, хэдэн хүний амь хохирсон, ямар хохирол улс маань үзсэн байхыг хэн ч мэдэхгүй. Бид нарыг “зохих ёсоор” үүргээ гүйцэтгээгүй гэж юуг хэлээд байгаа юм бэ. Бид яг юу хийх ёстой байгаад хийгээгүй юм. Прокурор үүнийгээ тодорхой хэлж мэдэхгүй байна. Харин ч биднийг үүргээ гүйцэтгэж тангарагтаа үнэнч ажилласны төлөө яллаж байна гэж би үзэж байна. Ийм байдлаар Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект, объект нь ч биш, субъектив, объектив тал нь ч үгүйсгэгдэж байна. Нэг зүйлийг хэлэхэд прокурор Амарболд энэ хэргийг болгоомжгүй үйлдэж үлдсэн 3 шүүгдэгч энэ хэрэгт санаатай нэгдсэн гэж хэлсэн. Бид ямар санаагаар, яаж үгсэж тохирч бүлэглэж нэгдсэн юм бэ? Эс үйлдлээр бүлэглэх, болгоомжгүй гэмт хэрэгт хамтран оролцох гэж ойлголт эрүүгийн эрх зүйд байдаг гэж үү?
Байдаг гэж прокурор яллаж байгаа нь эрүүгийн эрх зүйн үндсэн зарчмуудад харш хуульчийн хувьд бүдүүлэг алдаа гаргаж байгаа хэрэг юм. Хэрвээ цэрэг нь алдаа гаргасны төлөө даргыг нь ялладаг юм бол үймээн самуун гаргагчдын төлөө түүнийг зохион байгуулсан, уриалсан, турхирсан хүмүүс яагаад ямар ч хариуцлага хүлээхгүй, энэ талаар хэн ч ярихгүй байгаа юм бэ? Яагаад тэд өршөөлд хамрагдаж бид өршөөлд хамрагдсан хирнээ дахин яллагдаж байна вэ? Хохирогч нар төрд гомдож байна гэж ярьсан, би ч бас төрд гомдож байна. Эх орныхоо өмнө үүргээ биелүүлсний төлөө өнөөдөр намайг шүүхийн өмнө “чи хүн алсан” гэж яллаж байгаад би төрд гомдож байна. Бид бүгд улс төрийн золиос.
Ингээд надад тэгш эрхтэй мэтгэлцэх эрхээ эдлэх буруу зөвийг ялгах боломж гарах байх гэж найдаж мөн шүүх хуульд нийцсэн үнэн зөв шударга шийдвэр гаргана гэж итгэж байгаагаа илэрхийлье.
Ш.Батсүх: БАЙЛДААНЫ СУМ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙГ ХАНГАЛТТАЙ ОЙЛГУУЛСАН БАЙСАН
Шүүгдэгч Ш.Батсүхийн мэдүүлгийн агуулга:
-Ч.Амарболд цэргийн гэмт хэргийн субъект мөн эсэхийг шийдвэрлээгүй байж түүний удирдлага дор ажиллаж байсан албан тушаалтан болох бид нарын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг тун эргэлзээтэй хэрэг юм.
Миний хувьд 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу нийтийн эмх замбараагүй байдал үүсэж түйвээн бусниулах үйл ажиллагаа явагдсан тэр өдөр Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан. Эргүүл хамгаалалтын газрын дарга нь Цагдаагийн ерөнхий газрын хэв журам хариуцсан тэргүүн дэд дарга, Хэв журмын газрын даргын шууд удирдлагад, харин Нийслэлийн нутаг дэвсгэрийн хүрээнд үүрэг гүйцэтгэх үедээ Нийслэлийн цагдаагийн газрын даргын удирдлагад ажилладаг. Тухайн үед үүссэн нөхцөл байдалд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг Ч.Амарболд генерал удирдаж байсан. Би онцгой байдал зарлагдсан талаар
албан бичиг, тушаал заавар болон Ерөнхийлөгчийн зарлигийг гардан аваагүй. Нөхцөл байдал хүндэрч эмх замбараагүй байдлыг үүсгэгч танхайрагч этгээдүүд бусдын өмч хөрөнгийг устгаж иргэдийн эрх чөлөөнд халдах, хэв журам сахиулж байсан цагдаагийн
албан хаагчдыг эсэргүүцэн тэмцэхээс гадна хүрээгээ тэлж аж ахуйн нэгж байгууллагууд, тэр бүү хэл цагдаа, хуулийн байгууллагууд руу довтолж эхэлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн цагдаагийн газраас уг газрыг хамгаалах тушаал авч Нийслэлийн цагдаагийн газрын дарга О.Зоригтоос өгсөн үүргийн дагуу өөрийн удирдаж байсан Эргүүл хамгаалалтын газраас галт зэвсэг, тусгай хэрэгслийг Нийслэлийн цагдаагийн газар руу татсан. Гэхдээ байлдааны сум хэрэгсэл аваачаагүй, цагдаагийн албан хаагчдад тараагаагүй, зөвхөн 260 ширхэг сургуулийн сумтай очиж Эргүүл хамгаалалтын газрын 6 дугаар тусгай тасгийн 10 албан хаагчдад АКМ байлдааны бууг 20, 20 ширхэг сургуулийн сумтай өгч эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаанд оролцуулсан юм. Тухайн үед галт зэвсэг, сум хэрэгсэл тараах тухай А23 тоот тушаал гарч акт үйлдэгдсэн бөгөөд маргааш нь зүгээр “сум” гэж
бичсэн байсны өмнө “сургуулийн” гэж нэмж бичиж засварласан асуудал бий. Эмх замбараагүй байдлыг тараахдаа цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагч нар байлдааны сум хэрэглээгүй, сургуулийн сумаар дээшээ буудаж байсан. Бичлэг дээр бууны амнаас гараад байгаа гэрэлт сум бол тухайн үед анх удаа туршиж үзэж байсан резинэн сум бүхий буунууд юм. Ийм бууны сум эхлээд дээшээ гэрэл гаргаж хөөрөөд буухдаа тарж бутардаг резинэн хошуутай байдаг. Прокурорын яллах дүгнэлт хэт яллах талыг барьсан, нотлох баримтуудыг таллан ишилж агуулгыг гуйвуулсан байна. Жишээлбэл зэвсгийн шинжээчдийн дүгнэлтээс “…цагдаагийн байгууллагын буугаар буудагдаагүй байна…” гэснийг орхигдуулан “…7,62 мм-ийн калибртэй буугаар буудсан байна…” гэсэн хэсгийг салгаж яллах дүгнэлтэд тусгаснаар галт зэвсгийн мэдлэггүй жирийн иргэд “цагдаа хүн бууджээ” гэж ойлгогдохоор болжээ. Галт зэвсэг, байлдааны сум хэрэглэж болохгүй талаар Эргүүл хамгаалалтын газраас эмх замбараагүй байдлыг зогсоох, бусниулан түйвээгчдийг тараах үйл ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүнд хангалттай тайлбарлаж ойлгуулсан байсан. Цагдаа хүн буудаагүй. Намайг цагаатгаж өгөхийг шүүхээс хүсч байна.
Г.Ганбаатар: ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ДАХИН ХАМРУУЛЖ ӨГНӨ ҮҮ
Шүүгдэгч Г.Ганбаатарын мэдүүлгийн агуулга:
-2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд миний ажил үүрэг буюу албаны эрх хэмжээнд Улаанбаатар хотын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчдын дүрэмт хувцас өмсөж буй байдал, иргэдтэй болон цагдаагийн ажилтан хоорондын дүрмийн харилцаа, эргүүл хамгаалалт, хэв журам сахиулах асуудал, баяр ёслолын арга хэмжээний хамгаалалт хариуцах асуудлууд ордог. Миний эрх хэмжээнд Эргүүл хамгаалалтын газрын албан хаагчдыг удирдах, чиглүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудал орохгүй. Намайг шууд захирах дарга нь Нийслэлийн цагдаагийн газрын дарга О.Зоригт мөн боловч би Ш.Батсүхийг удирдахгүй, захирахгүй.
Надад болон бусад гурван шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд зааснаар зүйлчилж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан байхад прокурор дахин хэргийг сэргээсэн нь хууль зөрчсөн. Энэ нь прокурор Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийг үгүйсгэж шүүхийн дээр гарч суусан асуудал бөгөөд прокурор хэргийг сэргээх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл дунд өршөөгдсөн хэргийг сэргээх тухай заалт огт байхгүй. Хэрвээ бид нарыг 2008 оны 07 дугаар сарын 01-ний хэрэг явдалд буруутгаж байгаа бол Өршөөлийн хуульд дахин хамруулж өгнө үү.
Хохирогч Ж.Батзаяа:
-Би 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 23.00 цаг өнгөрч байхад найзынхаа ахын ундааны цехэд ажиллаж байгаад ажил тараад харих гээд алхаад Сүхбаатарын талбай өнгөрч явтал тэнд олон хүмүүс бужигналдаад байх нь харагдсан. Би 16 настай хүүхэд байсан болохоор сонирхоод талбай дээр яваад очтол Шангрилла болон Засгийн газрын ордон талаас цагдаагийн хоёр машин орж ирээд цагдаа нар нь буугаад буудаад эхэлсэн. Тэгэхэд улаан сум газраар нисэлдээд байсан. Мөн машинаас урт мод барьцгаасан цагдаа нар бууж ирээд хүмүүсийг цохиж унагаад байсан. Үүнийг хараад би Соёлын төв өргөөний тийшээ зугтаатал хөл сонин болоод явж чадахаа больсон. Тэгээд манараад ухаан орж гараад би хэвтэж байтал буудаж байсан талаас цагдаа нар гарч ирсэн бөгөөд бүгд “Полис” гэсэн бичигтэй хувцастай, бамбай барьж, каск өмсөцгөөсөн байсан. Тэдний дунд байсан өндөр цагдаа намайг “ амь авраач” гэхэд “чи наанаа үх, хохь чинь” гээд байсан. Би тэгээд ухаан алдаад нэг сэрэхэд жижиг тэргэнд хэвтэж байсан. Иргэний нэхэмжлэгч Д.Янжинсүрэн: Би Батзаяагийн ээж бөгөөд тухайн үед хүүхэд маань насанд хүрээгүй байсан учир би хууль ёсны төлөөлөгчөөр байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон. Манай хүүхэд гуяндаа буудуулсан бөгөөд амийг нь аврах хагалгаа хоёр өдөр үргэлжилсэн. Дараа нь би хоёр сар сэхээн амьдруулах тасагт хүүгээ сахисан. Би хүү Батзаяагийн эрүүл мэндийн төлөө дөрвөн жил явахдаа 100 гаруй сая төгрөг эмчилгээ, сувилгаа болон бусад зардалд гаргасан байгаа, үүнийгээ нэхэмжилж байна. Манай хүүхэд нийтдээ том, жижиг нийлсэн 24 хагалгаа хийлгэсэн. Одоо дахин Солонгос улсад хагалгаа хийлгэх гэж байгаа тул энэ зарцуулсан мөнгөө авч хэрэглэмээр байна.
Хохирогч Э.Энхтөр:
Урьд өгсөн мэдүүлэгт бүгдийг үнэн зөв ярьсан. Харин прокурор намайг 01 цаг 50 минутад буудуулсан гэж хэллээ, үнэндээ 00.00 цагийн үед би буудуулсан юм.
Гарсан зардал 120,0 сая төгрөг болоод байгаа тул түүнийгээ нэхэмжилж байна.
Иргэний нэхэмжлэгч Л.Энхбат:
Би хохирогч Э.Энхтөрийн эцэг юм. Манай хүүхэд зүүн гуяндаа нэвт буудуулж найман удаа хагалгаанд орсон. Солонгост очиж эмчлүүлсний хүчинд хөл дээрээ боссон ч хөл нь одоо нугарахгүй байгаа. Гарсан эмчилгээ, сувилгааны зардалдаа 120,0 сая төгрөг нэхэмжилж байна.
Хохирогч Г.Ариунбаатар:
Миний мэдүүлэг мөн л бүгд бичээстэй байгаа. Олон зүйл яримааргүй байна. Одоо миний бие муудаж шарханд наалданги үүсээд байнга татаж унадаг болоод байна. Би энэ дөрвөн жилд маш их зовлон үзэж байна. Эх, эгч хоёр маань энэ хугацаанд нас барж ойр дотны хүмүүсээсээ хагацаад байна. Үнэнийг хэлэхэд надад эмнэлгийн бичиг гээд байх зүйл бага байна. Гэвч болсон зүйл, шархадсан асуудал маань тодорхой учир шүүх хохирлыг минь шийдэж өгнө үү. Тахир дутуугийн группт орсон байгаа. Цагдаа нар намайг ан гөрөө шиг араас хөөж намнаж буудсанд маш их харамсалтай байна. Би хохирлын нөхөн төлбөрт 50,0 сая төгрөг нэхэмжилж байна.
Хохирогч Д.Тунгалаг (нас барсан хохирогч Р.Мөнх-Эрдэнийн эх):
Миний хүү Р.Мөнх-Эрдэнэ нь цагдаа нарын гарт буудуулж амиа алдсанаас хойш би амьдын тамыг эдэлж байна. Миний хүү уг удмаараа гурав дахь үеийн цагдаа байсан хүн юм, өөрөө цагдаагийн гарт амь үрэгдэнэ гэж хэзээ ч бодож яваагүй байх. Цагдаа тушаалаар ажилладаг, буудах тушаал өгсөн өндөр албан тушаалтан цаана нь байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Тэдгээрийг олж хариуцлага хүлээлгэмээр байна.
Уншигч та дараагийн цувралаас тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар юу гэж мэдүүлж байсныг сонирхоорой.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...