Социализм дахь капиталист ба инноваци

2018-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг яамны төсвөөс завшсан гэх утга бүхий мэдээллийг АТГ өгөв. Харин энэ асуудалд Н.Цэрэнбат сайд  “Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн. Эндээс их сонин логик гаргалгаа гарч байна. Эрдэмтэд шинжлэх ухааны  нээлтүүдээр нь  XX, XXI зууныг “Биологийн зуун” хэмээн нэрлэдэг. Харин цэвэр эдийн засгийн үүднээс XIX зууныг мөнгө, хөрөнгийн хуримтлал үүссэн хэмээн “Капиталын зуун” гэнэ. Зарим эрдэмтэн олон сая ажилчдын хөлс хүч, эрүүл мэнд, амь насыг зольж байж хуримтлал үүссэн хэмээн энэ зууныг “Зэрлэг капитализмын зуун” ч гэж нэрлэх нь бий. Харин  XX  зууныг “Мэдээллийн зуун”, XXI зууныг “Технологийн зуун” буюу оюуны өмчийн зуун хэмээн санал нэгтэй нэрлэдэг. Тэгэхээр 26 компанитай сайд маань яах аргагүй капиталист буюу XIX зууны өнөөдрийн төлөөлөл болж таарч байна. Харин яам нь социализмаараа байгаа учраас нийгмийн шалгарлыг давж чадалгүй устсан өнгөрсөн нийгмийн үлдэгдэл буюу ХХ зууны байгууллага  гэхээс өөр аргагүй. Эндээс аль зууны төлөөлөл ямар байгууллагыг удирдаж байгаа нь тод харагдаж байгаа биз. Тэгвэл яам, сайд хоёрыг яаж  XXI зууны төлөөлөл болгох вэ гэсэн асуудал яах аргагүй босч ирнэ. Хэмжээгүй эрхтэй болохоор хэмжээлшгүй харгис байсан И.В.Сталиныг залгамжилж, арай аядуу бодлогоор дураараа дургиад байсан учир Н.С.Хрущёвыг 1964 онд “ордны хуйвалдаан”-аар авч хаяв. Ингээд нэг хүн улсыг удирдаж болдоггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч “Хамтын удирдлагын тогтолцоо” гэдгийг бий болгов. Энэ тогтолцоог монголчууд шууд хүлээн авахаас өөр арга тэр үед байгаагүй юм. Гэтэл бид өнөөдрийг хүртэл энэ тогтолцоог халж чадсангүй. Бүр авлигажуулж улам “төгс төгөлдөржүүлэв”. Хамтын удирдлагын тогтолцоо гэдгийн мөн чанар нь бүх дарга гарын үсэг зурж байж олонхийн шийдвэрийн дагуу ажил явна гэсэн үг. Энэ нь бөөн цаг хугацаа зарна гэсэн үг. Үүнийг  бид “хүнд суртал” хэмээн нэрлэдэг. Энэ тогтолцооны хамгийн муу тал нь хамтын удирдлагаар шийдчихсэн болохоор аль ч ажлын эцсийн хариуцлагыг хэн ч хүлээдэггүй явдал билээ. Өнөөдөр манайд яг ингэдэг. Энэ нь албан тушаалтанд иргэдийн асуудал чухал бус даргадаа л таалагдаж байх нь чухал гэсэн үг. Үүнийг бид өнөөдөр “вакуумжих” гэдэг. Хамтын удирдлагын тогтолцооны бас нэг хав хар тал нь улсын ямар ч том чухал  асуудлыг эцсийн эцэст 1-2 түшмэл хариуцаж шийдвэр гаргадаг явдал билээ. Ийм цөөхөн хүн том асуудлыг зөв шийдэх ямар ч боломжгүй учраас хариуцлагаас мултрахын тулд тулсан асуудал болгоныг зүг зүгт тарааж жинхэнэ хүнд суртал бий болгодог. Жишээ нь өнөөдөр яаманд амьтны асуудлыг нэг түшмэл, ургамлын асуудлыг ганц эмэгтэй хариуцаж байна. Олон жил ингэж явсны үр дүн буюу 1987 оноос  хойш татвар төлөгчдийн мөнгийг жилд тэрбум тэрбумаар нь үрдэг энэ яамны “ачаар” ховор, нэн ховор амьтдын тоо толгой 10 гаруйхан жилд 70-90 хувь огцом буурч байна. Бэлчээрийн цөлжилтөөс болж биеийн эсэргүүцэл нь суларснаас зөвхөн манайд л байдаг Монгол бөхөнгийн 55 хувь нь мялзан өвчинд 2016 онд нэрвэгдэн сүйрсэн. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж үзэгддэг агнуурын ач холбогдолтой ан амьтдын тоо толгой ч цөөрсөөр байна. Тухайлбал, жилд сая ширхэг тарваганы арьс гаргадаг байсан монголчууд өнөөдөр нэг ширхэг арьс ч гаргаж чадахгүй болчихоод байна. Эдгээр нь хэвлэлийн мэдээлэл бөгөөд олон улсын жишигт нийцсэн аргаар тооллого явуулдаггүй болохоор хэд байсан амьтан хэд болсныг яг үнэндээ мэддэггүй. Харин эрс цөөрсөн гэдэг нь л тодорхой.  Мөн “Чандмань эрдэнэ” гэгддэг цэвэр усны хувьд 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарсан. Бэлчээрийн 76.8 хувь цөлжсөнөөс 15 хувь нь буцаж сэргээгдэхгүй болжээ. Үнэхээр аймаар тоо. Соц тогтолцооны эцсийн үр дүн энэ. “Угаасан ч уг нь хар. Ухна тавьсан ч ишиг нь хар” гэдэг л ёстой энэ байх. Социализм яагаад системийн хувьд мөхсөн нь одоо танд ойлгогдож байгаа байх.   ТЭГВЭЛ ЭНЭ СОЦ ТОГТОЛЦООГ ЯАХ ВЭ?    Маш энгийн. Ирж буй цагийн шаардлага, Засгийн газраас наймдугаар сарын 1-нд баталсан “Төрөөс инновацийн тухай баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлж яамандаа инноваци нэвтрүүл. Инноваци гэдэг маш энгийн зүйл. Энэ нь албан тушаалтнаас сэтгэл бас алсын хараатай чадвар л шаардах болохоос ямар ч мөнгө шаардлагагүй гэсэн үг. Ганц жишээ авъя. Өнөөдөр  валютаар гадаадаас цаас авч байж баахан цагаан цаас бэлдэх гэж бөөн юм болсны эцэст тусгай зөвшөөрөл авах гэж нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд аваачиж өгнө. Ингээд хүлээгээд байна. Тэгээд нөгөө бөөн бичиг цаасыг нь нийслэлийн БОАЖГ-ын нэг мэргэжилтэн  эмхэлж, нийслэлийн ИТХ-аар уг асуудлыг оруулж албан бичиг авна. Бас болоогүй нийслэлийн ЗДТГ-гын албан бичиг  давхар авах ёстой. Дараа нь энэ хоёр албан бичиг бас баахан цагаан цаастай хамт яаманд очно. Ингээд хүлээгээд байна. Эцэст нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хэдэн зуун мянган төгрөг тушааж байж авна. Энэ нь амьтан, ургамлын тусгай зөвшөөрөл авах асуудлыг хамтын удирдлагаар шийдэж байгаа буюу ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээхгүй болж буй жинхэнэ социализмын үеийн жирийн нэгэн үйл явц. Хайран цаг, хайран валют. Хамгийн хачирхалтай нь   ямар ч чадваргүй  байгууллага ийм эрх авч байгаль бас иргэдээ хорлоно. Дахин сануулахад улсын хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралыг чөдөрлөн хааж буй үеэ өнгөрөөсөн энэ соц.тогтолцоог инновациар л хална. Өөрөөр хэлбэл, Н.Цэрэнбат сайд хуулиар олгосон эрхийнхээ дагуу  тал хуудас А4 цаасан дээр тушаал гаргачих. Энэ тушаалынхаа нэгд Биологийн судалгаа явуулдаг мэргэжлийн   төрийн болон тусгай зөвшөөрөлтэй төрийн бус байгууллагуудаас  тусгай зөвшөөрөл авахыг дэмжсэн хоёр албан бичиг авсан байгууллагад тусгай зөвшөөрлийг ажлын гурав хоногийн дотор  саадгүй олгоно гээд заачих. Бас тусгай зөвшөөрөл авсан байгууллага алдаа гаргавал алдааг нь энэ байгууллагыг дэмжиж  гарын үсгээ зурж, тамга даруулсан албан тушаалтан хариуцна гэдгийг ч хамт биччих. Хоёрдугаарт, Засгийн газраас баталсан хөтөлбөрийн дагуу Оюуны өмчийн гэрчилгээ авсан байгууллагад тухайн чиглэлээр нь тусгай зөвшөөрлийг нь албан бичиггүй шууд олгоно гээд заачих. Гуравдугаарт, одоо байгаа амьтан, ургамлын бүх тусгай зөвшөөрлийг болон тусгай зөвшөөрөл олгодог хуучин журмыг хүчингүй болгов гээд заачих. Тусгай зөвшөөрөл авах эхний байгууллагууд холбогдох хүрээлэнгүүд, их сургуулиуд, Байгалийн түүхийн музей аль дуртай хоёр байгууллагаас өөрсдийг нь дэмжсэн албан бичиг аваг. Хамгийн гол нь цөөхөн монголчууд бүр цөөхөн амьтан судлаач, агнуур зүйчид, ургамал судлаачидтай учир хэн нь хэн бэ гэдгийг бүгд мэддэг. Ийм болохоор байгаль, улсаа хорлодог чадваргүй  хүмүүс тусгай зөвшөөрөл авах боломжгүй болно. Харин ямар ч албан тушаалтан байсан монгол хүн юм чинь, дотроос нь хүн чанар нь “зулгаагаад” мэргэжлийн мэргэшсэн хүмүүстээ албан бичиг өгч л таарна. Мэргэжлийн мэргэшсэн байгууллагууд тусгай зөвшөөрөл авсан болохоор хэл, ам эрс багасч  яамны ажил чанартай, түргэн шуурхай явдаг болно. “Олон хүн дотор олон тэнэг байдаг” гэдэг гадны хэлц үгийн утга нь олон хүн дотор зөв шийдвэр гаргах мэргэжлийн мэргэшсэн хүн цөөн байдаг гэсэн утгатай үг гэдгийг мартаж болохгүй. Учир нь мэргэжлийн мэргэшсэн хүмүүс л улс орноо хөгжүүлдэг гэдэг нь амьдралаар батлагдсан нийгмийн хууль билээ. Энэ нь яамныхаа хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгддэггүй олон орон тоог цомхотгох боломжийг танд олгоно. Яам цомхон бүтцээр чанартай  ажилладаг болсноор улсын төсөв ашигтай гарахад томоохон дэм үзүүлнэ. Төсөв ашигтай гарснаар төсвийн албан хаагчдын  цалин нэмэгдэж санаа амар ажиллаж, амьдрах боломжтой болно. Ийнхүү ганц тал  цаасан дээр гарсан таны тушаалаар  хэдэн тонн цагаан цаас буюу валют, цомхотгосон орон тоогоор дамжин мөнгө, хөрөнгө бас хаа хаанаа валютаас ч үнэтэй цаг  хугацаа  хэмнэгдэнэ гэсэн үг. Үүнийг л инноваци гээд байгаа юм. Бас хүнд суртал арилна. Хүнд суртал арилна гэдэг авлига арилж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аль ч асуудлыг хариуцах эзэнтэй болгож хүнд суртал арилахыг инноваци гээд байгаа хэрэг. Иймд  инноваци нэвтрүүлсэн улс хөгждөг нь өөрөө хууль болсон үзэгдэл. Бас инноваци нь хуучин тогтолцоо буюу хүнд суртал, авлигыг арилгах хамгийн сайн арга гэсэн үг билээ. Ажлаараа бусдаасаа арай гайгүй байгаа БОАЖЯ-ыг жишээ болгон авахад ийм байгаа юм чинь бусад яам ямар байгаа нь тодорхой. Иймээс хариуцаж буй  ажилдаа яаралтай инноваци нэвтрүүл сайд нараа. Татвар төлөгчдийн мөнгийг үрдэг бус үржүүлэх нөхцлийг бий болгодог  хос баатар сайдууд шигээ сэтгэ, зүтгэ. Эсвэл...Эсвэлсээд байх юм байхгүй. Та чадна. Учир нь та Монгол Улсын сайд. Гүйцэтгэх засаг хэмээх амьд бодгалийн нэгэн чухал эд, эрхтэн. Ирж буй цаг чинь шөнө биш юм гэхэд өдөржин инноваци нэхэж байна. Үүнийг л ухаарчих. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 20 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 25 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 25 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 53 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 13 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин