Болохоо байсан боловсрол

2018-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүулч, зохиолч Сүрэнгийн Зэвсэгийн “Өнөөгийн өнгө төрх” ном хэвлэгдэн гарлаа. Зохиогч шинэ номдоо Монгол орны улс төр, эдийн засаг, соёл боловсрол, гадаад харилцааны зарим асуудал, ард түмний аж амьдралын талаар сүүлийн 30-аад жилд бичсэн нийтлэл, тэмдэглэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл мөн хэвлэлд өгсөн ярилцлагаа тоймлон бас өнөөгийн бодит байдалтай уялдуулан нэмэлт шигтгээ хийж эмхэтгэсэн байна. С.Зэвсэгийн “Өнөөгийн өнгө төрх” номыг манай сэтгүүл зүйн нэрт судлаач доктор, профессор Тугалхүүгийн Баасансүрэн, нийгмийн зүтгэлтэн Дэлэгийн Жанцанхорол нар хянан түшжээ. Нийтлэлч С.Зэвсэгийн шинэ номоос улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, ард түмний аж амьдралд өнөөдөр тулгамдсан асуудлыг хөндсөн зарим нийтлэл тэмдэглэлийг түүвэрлэн авч цуварлаар нийтэлж байна.   Дордохын долоон гамшиг. Сүүлийн 30-аад жилд улс орныг бүхэлд нь нөмөрсөн их үгүйсгэл өөрчлөлт, эвдрэл сүйтгэл, устган үгүй хийх, идэж ашиглах, луйвардан хулгайлах, хэт хувьсгалжиж туйлшрахын гамшигт хамгийн их нэрвэгдэж хэлмэгдсэн нь боловсрол, эрүүл мэндийн салбар. Ямартаа л “Болохоо байсан боловсрол”, “Эзнээ алдсан эрүүл мэнд” гэсэн хэлц үг гарах билээ. Улс орны хөгжил дэвшил соёл гэгээрэл, олон түмний эрүүл саруул энх тунх амьдралын үндэс бол хүн амын боловсрол, эрүүл мэнд яах аргагүй мөн. Тэгэхээр улс орныг баллах хар санаа өвөрлөсөн “хорлон сүйтгэгчид” юуны өмнө энэ хоёр амин чухал салбарыг барьж авч гол байгаа болгодог юм байна. Өнгөрсөн зууны 30-аад оны хэлмэгдүүлэл, их сүйтгэл ч ийм замаар явсан байдаг. Тэгсэн хэрнээ боловсролын салбарт сүүлийн 30-аад жилд сайд дарга болж тоглогчид “Бид өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын сургалтын хэв маягаар явж байна. Социализмын үеийн уламжлалт хоцрогдсон арга барилаас үтэр түргэн саллаа. Кемберижийн сургалтын стандартыг нэвтрүүлж байна” гэхчилэн сайрхан ярьж Монгол Улсын түүх, монгол хэл уран зохиолын хичээлийн  цагийг багасгаж, зарим үр ашигтай уламжлалт хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан “гавьяатнууд” зонхилж байна. Энэ бүхний наад захын жишээ бол дээр өгүүлсэн “Хорсол тайлж өшөө авахын туйлшрал” (“Зууны мэдээ” сонин. 2013.12.10. Дугаар 295. “Өнөөгийн өнгө төрх” номын 83-91-р талд) нийтлэлд тоймлон дурдсан баримт бодол эргэцүүлэл юм. Харин энд зөвхөн сургууль боловсролын тогтолцоо бүхэлдээ юу болж, яаж завхарч дампуурч байгаа талаар сүүлийн 30-аад жилийн бодит байдлыг өнгөцхөн харж тоймлон тэмдэглэмээр санагдлаа. Тэр бүхнийг би дордохын долоон гамшиг гэж нэрлэж байгаа юм. Нэгдүгээрт, юуны өмнө кирилл монгол бичгийг устган үгүй хийж аль эрт цагт түүхэн үүргээ биелүүлсэн одоо бол улиран хоцорч байгаа уйгаржин монгол бичгийг бүх нийтийг хамруулж хавтгайруулан хүчээр сургах, улмаар төрийн албан ёсны бичиг болгох “ариун дайнд” мордоцгоосон. Энэ оролдлогын цаад агуулга санаа нь Монголын ард түмний 70 жилийн хугацаанд бий болгосон бичиг соёлын үнэт өв, баялгийг устгах, социалист бүтээн байгуулалтын жилүүдэд олсон амжилт хийсэн бүтээсэн сайн сайхан бүхнийг өнөөгийн хүүхэд залуучууд хойч үеийнхэнд уншуулахгүй мэдүүлэхгүй байх, социализмын үзэл санаа ямар нэг ойлголт, итгэл үнэмшил бий болж сэргэх замыг хаах бодлого байсан гэж хэлж болмоор. Энэ хорлонт бодлогын бай нь сургууль боловсролын байгууллагууд, сургуулийн сурагчид болж олон зуун мянган хүүхдийг хохироосон. Ингэснээрээ өнгөрсөн зууны далаад онд бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-гийн батламж авч, дэлхийг гайхшруулж байсан гайхамшигт ололт амжилтыг түүхийн хуудаснаас арчиж хаясан. Ахар богино хугацаанд олон мянган бичиг үсэггүйчүүдийн “сүргийг” орон даяар бэлчээсэн. Хоёрдугаарт, аж төрөх хэв маягаараа манайхаас тэс өөр, заяаны суурин соёл иргэншилтэй, шинжлэх ухаан техник, технологийн хувьд биднээс хол тасарсан өндөр хөгжилтэй Англи, Америк, Японы сургалтын тогтолцоог хуулбарлан дуурайх гэж оролдохдоо юуны өмнө ерөнхий боловсролын тогтолцоог өөрчилж бүрэн дунд боловсролыг 12 жилийн хугацаатай болгосон. Зургаан настай балчир хүүхдийг сургуульд суулгаж эхэлсэн нь ялангуяа малчид, хөдөө орон нутгийн хүүхдэд болоод эцэг эхчүүдэд хүнд цохилт болсон. Энэ хийрхлийн гай гамшгийг малчин нүүдэлчдийн чухамдаа ясль цэцэрлэг гээчээр дамжих нь бүү хэл сургийг нь сонсоогүй, эцэг эхийнхээ өврөөс бүү хэл, бараг хөхнөөсөө гараагүй нялх хүүхдүүдийг амьдын хагацалд унагаж тарчилган зовоосон. Энэ нь олон мянган хүүхэд сургуулиас завсардаж, ямар нэг боловсрол бүү хэл бичиг үсэггүйчүүдын армийг бий болгох, балчир хүүхдүүд төрсөн гэр орноосоо хөндийрөх, эцэг эхийн тусламж дэмжлэг хараа хяналтаас гарах, улмаар гэр оронгүй үй олон хүүхэд хот хөдөөгүй тэнэх, нүх хонгилд хоноглон (Траншейныхан гэгдэх) амьдарцгаах үүдийг нээж өгсөн. Тэдний хувь заяа хэрхэн яаж төгссөн, төгсөж байгааг хэн ч мэдэхгүй, бас хэн ч сонирхоогүй. Өвдөж зовсон, тэнүүчилж яваад үхэж үрэгдсэн, элдэв гэмт хэрэг хүний наймааны золиос болсон тухай үнэн худал нь үл мэдэгдэх харамсалтай мэдээ хэвлэлээр гарч шуугилдаад л өнгөрдөг байлаа. Одоо ч юу болж байгааг харж үзэх ямар нэг байгууллага, хүмүүс байхгүй л болов уу. Гуравдугаарт, бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөр, сурагчдын сурлагын дүн үнэлгээний уламжлалт тогтолцоог өөрчилж хаясан нь одоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүү хэл их, дээд сургуулийн оюутан сонсогчид учраа олохгүй мунгинасаар байна. Үүнээс болж сургалтын чанар эрс доройтож зарим оюутан тухайн ангид ямар дүнтэй хэдэн жил суралцахаа мэдэхгүй (Кредит цаг, оноогоо цуглуулж амжаагүй гэсэн нэг сонин шалтгаан голлоно), зөвхөн төлбөрөө төлөөд л “нүдэн балай чихэн дүлий” тууж явах нь энүүхэнд. Ер нь сургалтын нэгдсэн бодлого баримжаа гээч юм бараг байхгүй. Хүн хүн өөрийнхөөрөө, хэн бусдыг дуурайж, хуулж мэдэмхийрч чадна түүний амаар л явдаг байх. Дөрөв: Монгол хэлбичиг, уран зохиолын хичээлийн сургах цаг программыг багасгаж, орос хэлний сургалтыг сургалтын хөтөлбөрөөс бүрмөсөн хассан. Энэ нь аль ч шатны сургуулиудын монгол хэл, уран зохиолын хичээлийн чанарт ноцтой нөлөөлж, зөвхөн мессеж, чатны гэх гаж хэл, бичгээр харьцдаг. Эх хэлээрээ утга төгөлдөр ярьж бичих чадваргүй, ээрч муурсан хазгай хэлтнүүд олширч, учрыг нь олсон олоогүй компьютер шагайж, элдэв цахим техник хэрэгслийг хэт шүтсэн хэрэглээ гаарч хавтгайран чихэвч зүүж толгой санжигануулсан гаж донтнууд хотын гудамжаар дүүрэн боллоо. Зарим нь бүр амь насаа алдах гэж байгаагаа ч мэдрэх болгоомжлох, өөрийгөө хамгаалах ухаан мэдрэл байхгүй төмөрт цохиулж, юм мөргөж явдаг бололтой. Түүгээрч барахгүй гэмт хэргийн золиос болсоор байна. Манай барууныг хуулбарласан сургалт түүний үр дүн өнгөцхөн харахад ийм. Тавдугаарт, хувийн сургуулиуд хэмээх хуульчлагдсан дархан эрхтэй “төлбөр мөнгө хормойлогчд”-ын газар зах замбараагаа алдсан. Тэд сургалтын төлбөр гэгч тонуулаар баяжиж, өөрсдийгөө тэнгэрт тултал магтан элдэв рекламаар залхтал сурталчилж олны толгойг эргүүлнэ. Толгой товчлох төр, засаг эзэнгүй болж, аргаа барсан олон түмний тархийг угааж хамаг байдгийг нь тэмтэрч байна. Тэдний сурталчилгааны гол зангилаа, мөнгө татах үндсэн арга нь хаа газрын ажилгүй тэнүүлчин нэгнийг олж авчран “Манайх англи, хятад, япон, солонгос хэлний тийм ийм гадаадын багштай. Танай хүүхэд бараг хэдхэн хоногийн дотор янз бүрийн орны унаган хэлтэй болно” гэцгээх. Тэдний худал үнэнийг шалгаж аттестатчилдаг, манай шаардлага стандартыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаг байгууллага хүмүүс байдаг ч юм уу, үгүй юү бүү мэд. Саяхан л орох орон байр, анги танхим байхгүй хөлсний байраар хэсүүчилж явсан нөхөд төдхөн тэнгэр тулсан шилэн байшинд заларч, том хар машин хөлөглөн ханхалзаж, тэрбумтан болсноо гайхуулан тив алгасан хэсүүчилж зугаалж яваагаа ярьж гайхуулж байгаа нь харагдах юм. Тэд хэний мөнгөөрр хэнхэдгээ дэлдэж байна вэ. Бусдаас содон соргог илүү давуу сургалт, үр дүн байхгүй наад захын жирийн нэгэн дунд сургууль гэхэд л дунд ангийнхнаас жилд дөрвөн сая төгрөг, дээр нь сурах бичиг, өдрийн хоол (Хэрчиж шахсан ганц бөөрөнхий мах, эсвэл нэг ширхэг боов чулуудна. Өдрийн хоол гэдэг нь тэр. Эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь бүрхэг), дүрэмт хувцасны гээд өдий төдий мөнгө нэхэж, хүний хэл мэдэхгүй нялх үрсээс мөнгөө нэхэж элдвээр дарамталж хөөж тууна. Бас дээр нь тийм ийм засвар тохижилтын хандив нэхэж шаналгана. Хамгийн сонин нь тэд бага ангийнхан ажиллагаа ихтэй бэрхшээлтэй гэхчилэн (Хэрэг дээрээ Үндсэн хууль зөрчиж байгаа юм) алагчилж бүр нэгдүгээр ангийнхнаас дөрвөн сая биш, 4.5 сая, түүгээрч барахгүй 5 сая төгрөг нэхнэ. Энэ их мөнгөөр түмний хүүхдэд бусдаас илүү юу сургадаг нь тодорхойгүй. Боловсролын сайд Гантөмөр гэгчээс нэг удаа “Соён гэгээрүүлэгч” телевизийн сурвалжлагч “Ерөнхий боловсролын чиглэлээр сургалт явуулдаг хувийн бага дунд сургуулиудын сургалтын төлбөр арай дэндүү өндөр юм. Тухайн сургуулийн эзэн сургалтын төлбөрийг ёстой л амандаа багтсан хэмжээгээрээ тогтоож байна. Энэ байдалд танай яам хяналт тавьж зохицуулж болдоггүй юм уу” гэж асуухад сайдтан “Бид ямар ч хяналт тавьдаггүй, тэр бол хувийн өмчийн сургууль. Сургалтын төлбөрөө яаж тогтоох нь тэдний асуудал. Ерөнхий боловсролын сургуулиудын төлбөрт Засгийн газраас нөлөөлөх оролцох боломж байхгүй. Хүүхдээ хаана ямар сургуульд оруулах нь эцэг эхийн эрхийн асуудал. Хажууд нь улсын ямар нэг төлбөргүй мундаг сайхан сургуулиуд байхад заавал тийм өндөр төлбөртай хувийн сургуульд хүүхдээ өгч байгаа эцэг эхийн буруу. Улсын төлбөргүй сургуульд хүүхдээ өгч болно. Энэ бол тэдний сонголтын асуудал” гэсэн шүү юм хээвнэг ярьж байгаа харагдсан. Хожим сонсоход хүмүүс “Тэр чинь өөрөө хувийн сургуультай. Тэгж ярилгүй яахав” гэцгээж байсан. Нөгөө талаар Боловсролын тэр сайдын хэлсэнчлэн төлбөр төлдөггүй, материаллаг бааз нь жаахан гайгүй улсын сургуульд нь хүүхдээ өгөх гэхээр сандал ширээ, байр багтаамж хүрэлцээгүй. Үй олон сургууль гурван ээлжээр хичээллэнэ. Хүүхэд нь багтахгүй анги дуургэлт зарим тохиолдолд 40-50 хүрдэг гэж байгаа. Тэгэхээр Гантөмөр сайд эцэг эхчүүдээр доог тохуу хийж даапаалж байсан нь тэр бололтой.  Хүүхдэд эрдэм ном сургаж нэг их базаагаагүй хэрнээ тэднээс хураасан мөнгөөрөө элдэв шил толь, плита шаазангаар нүд хуурсан гял цал сургууль ч зөндөөн байх юм. Өнөөгийн Монголын ерөнхий боловсролын сургалтын нүүр царай бас нэг ийм. Зургаа: Ухаант мэргэн өвгөдийн “Зуун ямаанд жаран ухна” гэж мундаг үг бий. Гуравхан сая хүнтэй манай улсад хэдэн арван их, дээд сургууль байх нь хэр оновчтой болохыг боддог хүн бий болов уу. Энд мөн л улс орон толгой товчлох эзэн байхгүй. Боловсролын салбар мөн эзнээ алдсан. Энэ байгууллагыг авч яваа гэх бусдыг хуул­барлан дуурайж хоосон хийрхэхээс өөр юм үгүй нөхөд дээд боловсролын салбарыг гаргуунд нь хаясан. “Бурхангүй газрын буг галзуурна” гэгчээр хэн дуртай нь тааралдсан мэргэжлээр баклаврын сургалт явуул­на. Их олон юм яривал магистр, докторын сургалт ч явуулна хэмээн ханхалзана. Энэ тэр хоёрыг гуйж гувшиж тэднээс цуглуулсан төлбөрийн мөнгөнд дулдуйдан байж саяхан л дээд сургууль гэгчийг байгуулж байсан нөхөр төдхөн их сургуультай болчихно. Тэгээд дааж давшгүй өндөр төлбөр нэхнэ, оюутан сонсогчид ч эцэг эхийгээ мөлжинө, малчид охиноо, хүүгээ дээд боловс­ролтой болгохоор мэрийж чардайж хэдэн малаа нядалж, ноос ноолуурынхаа хэдийг тэмтрэн байж төлбөрийнх нь ард арай хийж гарна. Оюутнууд гэхээр эцэг эх, ойр хавийнхныгаа мөлжиж байж сурсан нэртэй хэдэн жил гудамж метрлэж хот хөдөөгүй тэнэнэ, архи ууна, садар самуунд орооцолдоно. Тэгсээр нэг юм хугацаагаа дуусгана. Бас болоогүй хөөрхий муусайн оюутнуудаас мөнгө нэхэх дарамт ачаа дуусахгүй. Нөгөө өндөр үнээр сургасан сургууль, багш нартаа өгөх бэлэг, мөнөөх өрнөдийг дуурайсан нэлмэгэр хөх нөмрөг, сонин гаж хэлбэртэй дөрвөлжин малгай, элдэв зураг хөрөг монтажны мөнгө гэсээр хэдэн зуун мянган төгрөгийг ээж аав ойр тойныхноосоо зулгаана. Тэгээд төгсөлтийн баяр хийнэ. Дөрвөлжин малгайгаа ийш тийш нь шидлэнэ. Монгол хүн малгайгаа шидэж дээр дор хаях нь бүү хэл, гадаа машин унаа, илүү гэртээ хонуулахыг ч муу ёр гэж цээрлэдэг. Эцэст нь “А4”-ийн хэмжээний аварга том дипломтой, сурсан мэдсэн зүйлээр дульхан ажилгүйчуудын арми уруу алхаад марш гэгч болж амарсайхандаа жаргана. Ер нь тухайн жилд их дээд сургууль төгсөгчдийн 30 орчим хувь нь ажлын байранд очдог гэсэн баримжаа тоо яриа байдаг бололтой. Харин сургуулийн эзэн тэрбумын хөрөнгөтэй, тэнгэр тулсан шилэн байшинтай үлдэнэ. Ахиад хэнд худал үнэн ярьж рекламдаж байж хэдийг халааслахыгаа бодож толгойгоо гашил­­гана. Манай их, дээд боловсролын тог­толцоо, мэргэжилтэн бэлт­гэх бодлого, үйл ажил­лагаа бас нэг ийм. Долоо: Боловсролын сал­барын багш сурган хүмүүжүүлэгчдийг Төр засаг үндсэндээ гаргуунд нь хаясан. Тэдэн шиг хүнд нүсэр ажилтай, орлого цалин багатай, амжиргаа нь баталгаагүй хүмүүс бараг байхгүй. Тэдний дундаж цалин гудамжны цэвэрлэгч нараас ч бага. Ядуу зүдүүгийн туйлд хүрсэн жирийн багш ажилчид, түмний хүүхдийн төлөө мэргэжилдээ үнэнч явж элдвээр хэлэгдэн зүтгэж явна. Энд би гудамжны цэвэрлэгчид бага цалинтай байх ёстой гэдэг утгаар яриагүй. Цаг наргүй хүнд хүчир ажилтай, гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг хөөрхий тэдний цалинг хэдэн жилийн өмнө Улсын баатар Бат-Үүл овоо хэдэн төгрөг болгож нэмсэн гэдэг. Түүнийг ийм тийм гэж илүү үзэх бодол хэнд төрөх билээ. Салбарын сайд, удирдлагаар боловсролын болоод сурган хүмүү­жүү­лэх чиглэлийн мэр­гэ­жил, дадалага туршлагагүй, хамт олныг удирдах багш ажилчидтай ажиллах чадваргүй, тэдний ажлын онцлогийн талаар анхны ойлголт байхгүй хүмүүсийг шил дараалан авчирч сайд болгож тоглуулсан нь энэ салбарыг ингэтлээ доош орох нэг үндсэн шалтгаан болсон. Энэ бол өнөөгийн төр, засаг нөгөө “МАНАН”-гийн балаг. Багш нар олон жилийн турш цалингаа нэмүүлэх, амьжиргааны нөхцлөө сайжруулахын төлөө цуглалаа, жагслаа, суулт хийлээ тэмцлээ. Ямар ч үр дүн байхгүй. Сайд болж тоглогчид, Төр засгаас багш нарыг аргална, хуурна, түр зуур гал унтраана. Бас хажуугаар нь багш нарыг чихрийн цуглуулга, ундаа, цэвэрлэгээний материал угаалгын нунтаг саван, “00”-ын цаас тэргүүтнийг авилгал авдаг гэж элдвээр муулна, хар пиар тараана, даа­паалж шоолж дором­жилно. Багш нарыг тэмцэлд уриалан дуудаж зохион байгуулдаг ҮЭ-ийн байгууллага гэгч урагшгүй. Хий хоосон хэлэлцээний ширээнд сууна. Үр дүн байхгүй. Дээр нь хууртана, бас ашиг сонирхлын юманд өртдөг ч байж магадгүй. Одоогийн Ардын Намын Засгийн газар, түүний томилсон сайд болж тоглогчид багш нарын цалинг “ингээд тэгээд нэмчихнэ, та нар тайван байж бай, бүү яар” гэж хуурсаар өдий хүрлээ. “Ингэж нэмээд, багш нарын цалинг сая төгрөг болголоо” гэсэн таатай мэдээ алга. Манай багш нарын дундаж цалин тэдний ярьж байгаагаар 500 орчим мянга, гудамжны цэвэрлэгч нарынх 700 мянга хавьд байдаг гэсэн. Оюуны үйлдвэрлэл эрхлэгчид оюуны бүтээгдэхүүн бэлтгэгчдийн бодит амьдрал нэг иймэрхүү л байх шиг. Энэ сэдвээр хэдэн боть ном бичиж болох боловч ингээд түр завсарлая. Эх сурвалж: Зууны мэдээ” сонин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

5 цаг 26 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

5 цаг 31 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

5 цаг 31 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

20 цаг 59 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин