“TV-9” телевизийн үйл ажиллагааны үндсэн чиглэл: үр дүн, туршлага, сургамж

2018-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Т.БААСАНСҮРЭН Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч   Монголчууд өнөөдөр өдөр тутмынхаа мэдээллийн  86 хувийг телевизийн сувгуудаас авч байна гэсэн судалгаа бий. Хэдэн жилийн өмнө эл үзүүлэлт 92 хувьтай байсан юм. Сүүлийн үед цахим сэтгүүлзүй эрчимтэй хөгжиж эхэлснээр телевиз үзэгчдийн статистикт дээрх өөрчлөлт орсон нь ойлгомжтой юм. Ийм үзэгдэл, чиг хандлага цаашид ч үргэлжилнэ. Гэхдээ телевизийн сувгуудаас мэдээлэл олж авагчдын тоо хэмжээ огцом унана гэсэн магадлал байхгүй. Учир нь телевиз өөртөө олон давуу талыг хадгалж буй юм. Өнгөрсөн зууны ерээд оны сүүлч, хоёр мянган оны эхээр  Монголд арилжааны гэх тодотголтой хувийн телевизүүд үүссэн нь чөлөөт хэвлэлийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлсэн юм.  1967 онд үүссэн үндэсний телевиз,  1983 онд байгуулагдсан UBS  телевиз нь Монгол Улсын төр засгийн, нийслэлийн төр захиргааны байгууллагын хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсан бөгөөд УИХ-аас  1998 онд баталсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” Монголд хэрэгжиж эхэлснээр чөлөөт телевиз, сонин, сэтгүүлүүд буй болох үүд хаалга нээгдсэн түүхтэй. Үр дүнд нь хувийн телевизүүд, хэдэн зуун сонин, сэтгүүл үүссэн билээ. Тэдний нэг нь “ТV-9” телевиз, өнөөдөр 15 нас хүрч байна. Би энд сүүлийн жилүүдийн зарим судалгааны үр дүнд түшиглэж санаа бодлоо илэрхийлэхийг хичээлээ. Монголд ийм судалгааг байнга хийдэг нь Монголын хэвлэлийн хүрээлэн, “МАХСИМА” судалгааны компани юм. “Сант Марал” сан үе үе судалгаа явуулдаг. Монголын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хороо тандалтын судалгааг хийдэг.  Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2013 онд орон нутагт буюу  21 аймагт телевиз үзэгчдийн байдалд тандалт судалгаа хийсэн байх бөгөөд тэндээс харахад “ТV-9” телевиз соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн үүргээ хамгийн сайн биелүүлж байгаа сувгуудын хоёрдугаарт эрэмблэгдэж байжээ. Хамгийн шуурхай, тэнцвэртэй  мэдээлэл түгээдэг  сувгуудыг “ТV-9” телевиз  манлайлсан байна.  Хамгийн сонирхолтой хөтөлбөр бэлтгэн гаргадаг үзүүлэлтээрээ тус телевиз хоёрдугаар байрт орж,  40-50 насны хоорондох үзэгчдийн тоогоор улсад тэргүүлсэн байна. Нийт телевизийн хөтөлбөрийг бүтцийн хувьд судалж үзэхэд хамгийн олон талт мэдээлэлтэй телевизээр “ТV-9” телевиз шалгарчээ. Хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахууны сэдэвт нэвтрүүлгийн тоо хэмжээгээрээ “ТV-9” телевиз хоёрдугаар байрт, шинжлэх ухаан, танин  мэдэхүйн чиглэлийн нэвтрүүлгүүдээрээ  гуравдугаар байрт жагсч байв. Орон нутгийн үзэгчдийн үнэлэмжийн дагуу телевизүүдийн рейтингийг тогтоож эрэмблэхэд “ТV-9” телевиз нэвтрүүлгийн бодлого, хөтөлбөрийн агуулга ба бүтэц, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага зэрэг долоон үзүүлэлтээр хамгийн өндөр оноог авч тэргүүлсэн байна. Тус телевизийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр, “Монгол коммент” шууд нэвтрүүлэг, танин мэдэхүйн “АХА”, спортын чиглэлийн нэвтрүүлгүүдийг орон нутагт хамгийн ихээр үздэгийг уг судалгаа тогтоосон байна. “МАХСИМА” судалгааны компани  2014 онд Орхон аймгийн /Эрдэнэт хот/ телевиз үзэгчдийн байдалд социологийн судалгаа хийж үзэхэд  49,8 хувиар “ТV-9” телевиз тэргүүлжээ. Энэ бол  Харилцааны холбооны зохицуулах хороо, “МАХСИМА” судалгааны компаниас орон нутгийн үзэгчдийн дунд явуулсан телевиз үзэгчдийн судалгааны дүн бөгөөд “ТV-9” телевиз өнөөдөр ч уг байр сууриа хадгалсан хэвээр байна. Аймаг, орон нутгийн үзэгчид нь тус телевизийн үнэнч хэрэглэгчид юм. Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 2012 оны 11, 12 дугаар сар ба  2013 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сарын судалгааны дүнгээр буюу зах зээлд эзлэх хувь хэмжээгээр “ТV-9” телевиз тогтмол эхний V, мэдээллийн хөтөлбөрийн хүртээмжээр “Энэ өдөр” хөтөлбөр  II-IV байранд орж байв. Үүнд “ТV-9” телевиз нь ард түмний амин эрх ашгийг хамгаалж ямагт сөрөг хүчний хүчтэй дуу хоолой болж байдаг онцлог нь нөлөөлсөн байх үндэслэлтэйг сэтгүүлзүйн зарим судлаач эрдэмтэд тэмдэглэжээ. Энэ нь Улаанбаатар хотын 5-6 дүүрэгт хийсэн судалгааны үр дүн юм. Мөн сар бүр хамгийн олон үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр, хамгийн олон үзэгчтэй  30 нэвтрүүлэг, хөгжмийн болон спортын 20 нэвтрүүлэг, танин мэдэхүйн  30 нэвтрүүлэг зэргийг Монголын хэвлэлийн хүрээлэн үзэгчдээс санал асууж шалгаруулснаас мэдээллийн болон спортын нэвтрүүлгээр “ТV-9” телевиз тогтмол эхний III, бусад үзүүлэлтүүдээр эхний V-X дугаар байрт орж байв. Монголын хэвлэлийн хүрээлэнгээс  2014 оны нэгдүгээр сард гаргасан Улаанбаатар хотын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны дүнгээр “ТV-9” телевиз Улаанбаатар хотын хүн амын  32 хувьд хүрдэг үзүүлэлтээрээ буюу хүртээмжээрээ III байрт оржээ. Энэ нь  1-р байрт орсон МҮОНТ-ээс таван функтээр л доогуур үзүүлэлт гэсэн үг юм. Мөн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр дээрх судалгаагаар МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ийн дараа II байрт орж байв. 2013 оноос “МАХСИМА Медиа” компани Монгол дахь бүх телевизийн нэвтрүүлэг хөтөлбөрийн судалгааг өдөр алгасалгүй хийж эхэлсэн билээ. Тус компанийн судалгаагаар “ТV-9” телевиз  2013-2014 онд Монгол дахь хамгийн олон үзэгчидтэй “Топ-5” телевизийн нэгээр нэрлэгджээ. Өнөөдөр энэ үзүүлэлт үргэлжилсэн хэвээрээ байна. “МАХСИМА” судалгааны компанийн  2015 оны телевиз үзэгчдийн судалгааны нэгдсэн тайланд Монголын “Топ-10” телевизээс үзэгчдийнхээ тоо хэмжээгээр “ТV-9” телевиз дөрөвдүгээр байрт эрэмблэгдсэнийг онцолжээ. Үйл ажиллагаа нь бүтэн жилийн турш жигд үргэлжилсэн байна. Бүтэн өдрийн болон оргил цагийн рейтингээрээ арван нэгэн сарын турш эхний тавд багтсан аж. 2015 оны тавдугаар сард л нэг удаа “Топ-10”-т нэрлэгдсэн байна. “ТV-9” телевизийн мэдээллийн хөтөлбөр гэхэд  2015 онд гурван улирал дараалан үзэгчдийнхээ тоо хэмжээгээр  IV байрт орсон бол тус телевизийн гадаад мэдээ мөн оны I ба IV улиралд тус бүр VI байрт шалгарч байжээ. “ТV-9” телевизийн зугаацуулан цэнгүүлэгч нэвтрүүлгүүдээс улирал тутам хоёр хөтөлбөр эхний аравт орж байсан бол  2015 оны  нэгдүгээр улиралд нийгэм-улстөрийн шилдэг арван хөтөлбөрийг шалгаруулахад “ТV-9” телевизийн дөрвөн нэвтрүүлэг бичигдэж байсан байна. Энэ бол Монголын 90 гаруй телевизийн сувгуудын үзэлтэд “ТV-9” телевизийн  эзэлж буй байр суурь юм. Тийм ч учраас МСНЭ анх удаа өөрийн уран бүтээлийн хамгийн дээд шагнал “Гран при” өргөмжлөлийг “ТV-9” телевизэд 2015 онд олгож байжээ. “МАХСИМА” судал­гааны компанийн  2017 оны телевиз үзэгчдийн нэгдсэн тайланд тэмдэглэснээр  18:00-19:00 цаг,  19:00-20:00 цаг,  20:00-21:00 цаг,  21:00-22:00 цаг, 22:00-23:00 цаг, 23:00-24:00 цаг гэсэн зургаан ангиллаар телевизүүдийн оргил цагийн рейтингийг тодорхойлоход “ТV-9” телевиз “Топ-10”-т тогтвортой багтаж чадсан байна. Бүтэн өдрийн үзэгчдийн тоо хэмжээгээрээ ч мөн адил эхний аравт оржээ. Энэ бол үзэгчдийн тоо хэмжээгээрээ “ТV-9” телевиз тэргүүлэх эгнээнд явж байна гэсэн үг юм. Уг судалгаанаас харахад  2017 оны хамгийн олон үзэгчидтэй байсан мэдээ мэдээлэл, нийгэм-улстөрийн нэвтрүүлэг, телевизийн шоу, олон ангит уран сайхны киног тус бүр эхний 10 байр эзлүүлж улирал тус бүрээр гаргахад “ТV-9” телевизийн мэдээ мэдээллийн хөтөлбөр бүх улиралд, “Монгол коммент”, “Хасах градус” зэрэг нийгэм, улстөрийн сэдэвт нэвтрүүлэг мөн дөрвөн улирал дараалан, “Айлын хоол амттай”, “Монгол let me in”, “Мөрөөдөл биелдэг юм”, “АХА” зэрэг хөтөлбөр телевизийн шоу ангилалд бүх улиралд тэргүүн байранд шалгарчээ. “Дуулиан” зэрэг олон ангит кино ч шилдгээр нэрлэгдсэн байна. Одоо “Сант Марал” сангаас  2017 оны гуравдугаар сард Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймгийн  1200 иргэнийг хамруулж хийсэн “Монголчуудын хэвлэл мэдээлэлд хандах хандлагын үр дүн” судалгааны зарим үр дүнгээс сонирхуулъя. Судалгаанд оролцогчид ямар сэдвийг илүүтэй сонирхдог вэ  гэсэн асуултад  67.4 хувь нь дотоодын мэдээлэл, орон нутгийн мэдээг илүүтэй анхаардгаа хэлсэн байна. Тэдгээрээс  30.3 хувь нь улстөрийн сэдэв, 29.3 хувь нь эдийн засаг,  24.4 хувь нь эрүүл мэндийн  сэдэв,  16.5 хувь нь хөгжөөнт цэнгээнт үзвэрийг, 5.4 хувь нь спорт, 4.9 хувь нь урлаг, 10.9 хувь нь гадаад мэдээ,  8.2 хувь нь соёл ба ёс заншил, 3 хувь нь боловсрол, 7.3 хувь нь хоол хийх, хүнсний сэдэв гэх зэргээр хариулжээ. Дотоодын сэдэвт мэдээ мэдээлэл, орон нутгийн үйл амьдралын мэдээг гэхэд хөдөө орон нутагт 79.2 хувь нь, Улаанбаатар хотод  53.5 хувь нь үздэг аж. Улстөрийн сэдвийг хөдөө орон нутагт судалгаанд хамрагсдын 31.8 хувь үзэж байсан бол Улаанбаатарт уг үзүүлэлт  29.1 хувьтай гарчээ. Эдийн засгийн сэдэв Улаанбаатарт 30.2 хувьтай байхад хөдөө орон нутагт  29.3 хувьтай байсан аж. Эрүүл мэнд болон эрүүл амьдралын хэв маягийн сэдэв орон нутгийнхны  25.5 хувийн сонирхлыг татаж буй бол Улаанбаатарт эл сэдэв 23.5 хувьтай гарсан байна. Хөгжөөнт үзвэр, зугаацуулан цэнгүүлэх хөтөлбөр хөдөө орон нутагт 17.8 хувьтай,  нийслэл хотод болохоор   15.1 хувьтай байсан гэнэ. Араас нь спорт, урлаг, гадаад мэдээ эрэмблэгджээ. Нийслэл Улаанбаатар хот болон Завхан, Хэнтий, Архангай, Төв, Өвөрхангай, Дорноговь аймагт хийгдсэн эл судалгаа телевиз үзэгчдийн харьцангуй нийтлэг дүр төрхийг илэрхийлж байх бүрэн магадлалтай. Учир нь “Сант марал” сангаас сүүлийн хорь гаруй жилийн турш Монголын нийгмийн амьдралын янз бүрийн сэдвээр тасралтгүй явуулж ирсэн судалгааны үр дүн бодит байдлаас нэг их хол зөрдөггүй нь нэгэнт батлагдсан билээ. “Сант Марал” сангийнхан “Та аль аль теле сувгийг хамгийн найдвартай гэж үзэж байна вэ” гэж судалгаанд оролцогчдоос асуухад тэдний  73.9 хувь нь МҮОНРТ,  26.8 хувь нь “ТV-9” телевиз,  15.4 хувь нь “Боловсрол” телевиз, 14.0 хувь нь “Монгол” ТВ, 9.5 хувь нь “Ийгл” ТВ, 7.1 хувь нь “25-р суваг”, 6.5 хувь нь “Малчин” ТВ, 4.4 хувь нь UBS, 4.3 хувь нь “ТV-5”, 3.7 хувь нь “ТV-8”, 2.4 хувь нь “NTV”, 2.0 хувь нь “С1” гэж хариулсан байна. Эндээс үүсэн байгуулагдаад 51 жил болж байгаа  МҮОНТ Монголын мэдээллийн зах зээлд үлэмж давуу байдлаа хадгалсан, хамгийн найдвартай эх сурвалж гэж итгэгдсэн хэвээр байгааг харж болно. Үүнд хагас зууны турш мэдээ мэдээллийн салбарт дангаар ноёрхож ирсэн монопол уламжлал, тэрчлэн монголчууд төр засгийн дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд илүүтэй итгэдэг үндэсний онцлог зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байх магадлалтай. Мэдээж төрөөс  буюу татвар төлөгчдийн мөнгөөр санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлдэг, өндөр мэргэжлийн олон зуун мэргэжилтэн ажиллуулдаг, техник хэрэгслийн хангамж харьцангуй сайн, үйл ажиллагааны арвин баялаг туршлага хуримтлуулсан зэрэг өөр цөөнгүй хүчин зүйлс үйлчилж буй нь ойлгомжтой юм. “ТV-9” телевиз 23.8 хувиар хоёрт жагсчээ. 51 жил ба 15 жилийн настай олон нийтийн ба хувийн гэсэн статустай МҮОНТ ба ТV-9 телевизийн харьцаа, өөрөөр хэлбэл телевиз үзэгчдийн зүгээс тэдэнд итгэл хүлээлгэж буй найдвартай хэмээх үнэлгээ ийм байна. Миний бодоход энэ бол муу үзүүлэлт биш. Маш сайн үзүүлэлт. Хэрэв хамгийн найдвартай гэж үзээд өөрсдийн саналаа өгсөн бусад арван телевизийн тус бүрийн оноог “ТV-9”-ийн  26.8 хувь дээр нэмэх юм бол нийлбэр нь 96.1 хувь болно. Үүнийг сэтгүүл зүйн мэргэжлийн үүднээс, үйл ажиллагааны туршлага хуримтлуулсан он цагийн хугацаа зэрэг бусад хүчин зүйлийг харгалзан тооцож үзэх юм бол үнэлгээ чөлөөт телевизүүдийн талд гарна. МҮОНРТ-ийг хамгийн найдвартай радио телевизийн суваг гэж үзэгчдийн тоо хэмжээ Улаанбаатарт  62.7 хувь, хөдөөд 83.4 хувьтай гарсан бол “ТV-9” телевизийн хувьд нийслэлд 23.1 хувь, орон нутагт 29.8 хувьтай гарчээ. Эл үзүүлэлт “Боловсрол” телевиз дээр Улаанбаатарт  19.1 хувь, хөдөөд  12.3 хувьтай, Монгол ТВ-д Улаанбаатарт 23.3 хувь, хөдөөд 6.2 хувьтай, Ийгл телевиз дээр нийслэлд 14.9 хувь, хөдөөд 4.9 хувьтай,  25-р суваг дээр Улаанбаатарт 6.4 хувь, орон нутагт 7.7 хувьтай, “Малчин”  ТВ-д нийслэлд 0,7 хувь, хөдөөд 11.4 хувьтай тус тус гарсан аж. Дээрх үзүүлэлтээс МҮОНТ ба ТV-9 телевизийг хамгийн найдвартай суваг мөн гэж үзэгчдийн тоо хэмжээ нийслэл Улаанбаатар хотод харьцангуй илүү /62.7 ба 23.1 хувь/, харин бусад телевизийн сувгуудад эсрэгээрээ буюу итгэл найдвар хүлээлэгчид орон нутагт зонхилж байгааг харж болохоор байна. Нийслэлийнхэн бол бүх төрлийн мэдээлэлд хамгийн ойр, олон төрлийн мэдээ мэдээллээс сонголт хийх, харьцуулан жиших давуу талтайг энд хэлэх нь бараг илүүц буй заа. Теле сувгуудын нэвтрүүлэг, хөтөлбөрүүдтэй холбоотой зарим тулгамдсан асуудалд “Сант Марал” сангийнхан анхаарал хандуулж тандалт хийж үзжээ. Улаанбаатар хотоос судалгаанд хамрагдагсдын  95.9 хувь нь Монгол Улсын холбоотой мэдээллийг улам илүүтэй болгох шаардлагатай гэж үзсэн, хөдөө орон нутгийнхны  96.4 хувь нь үүнтэй бүрэн санал нийлж байна гэж хариулжээ.   Телевизийн гол мэдээлэл бол Монголын тухай сэдэв байх ёстой гэж судалгаанд оролцогчдын үнэмлэхүй дийлэнх үзжээ. Гадаадын улс орнуудын талаарх мэдээ мэдээллийг нэмэгдүүлэхийг Улаанбаатараас судалгаанд оролцогчдын 69.7 хувь нь дэмжсэн бол хөдөө орон нутгийнхнаас бүрэн санал нийлж байгаагаа  70.9 хувь нь илэрхийлжээ. Хөгжөөнт үзвэр, зугаацуулан цэнгүүлэх телевизийн хөтөлбөрийг нэмэгдүүлэхийг нийслэл Улаанбаатарт  54.2 хувь нь хүсч байгаа бол эл үзүүлэлт аймаг, орон нутагт  59.3 хувьтай байгаа аж. Телевиз үзэгчдийн эдгээр санал бодлыг нийт телевиз, түүний дотор “ТV-9”-ийнхэн нэвтрүүлэг, хөтөлбөрийн бодлого төлөвлөлтдөө зайлшгүй анхаарвал зохилтой. Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй теле суваг байна. Тэдгээрээс үндэсний хэмжээнд улс орон даяар нэвтрүүлгээ цацаж байгаа  16 телевиз байгаа. “Сант марал” сангийн судалгаанд хамрагдсан иргэдийн санал болгож буй дотоод, гадаад мэдээ мэдээллийг өдөр тутам цацаж, улстөр, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, спорт, байгаль орчин, шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүх чиглэлийг хамарч иж бүрэн тал бүрийн мэдээлэл хүргэж байгаа телевиз нь харин харьцангуй цөөхөн юм. Сүүлийн жилүүдэд зөвхөн сонин, сэтгүүлүүд төдийгүй радио, телевиз, цахим сайтууд хүртэл төрөлжиж тодорхой нэг чиглэлээр дагнан мэргэших хандлага Монголд ажиглагдаж байна. Телевизийн салбарт л гэхэд “Боловсрол”, “Танин мэдэхүй”, “Соён гэгээрэхүй” гэх зэрэг телевиз буй болжээ. Дан ганц олон ангит киногоор голлож дагнасан “Asian box”, “Dream box” зэрэг сувгууд ч байна. Тэдгээр телевизийн хувьд бол өдөр, цаг тутмын дотоод, гадаад мэдээ мэдээлэл, хүүхэд залуусын хүмүүжил боловсролд зориулсан хөтөлбөр, Монгол Улс, Монгол үндэстний түүх, соёл, шашин, ёс заншил зэрэг сэдэв нэг их сонин биш байж мэднэ. Ийм телевизүүд нь бүх нийтийг хамарсан сэдвээр үйл ажиллагаа явуулах шаард­лагагүй ч байж болох юм. Харин “ТV-9” телевиз бол тийм биш. Хэдийгээр үүсэн байгуулагдаад 15 жил болж байгаа ч гарын арван хуруунд багтах үндэсний хэмжээний цөөн хэдэн телевизийн нэг. Хүн ардын хүлээж хүсэмжилж байдаг телевиз. “Таны телевиз” гэсэн уриа дуудлага, нэршил нь үүнийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл хүн бүрт, иргэн бүрт хүрч үйлчилнэ гэсэн үг. Өнөөдөр Монголд телевизүүдийн үйл ажиллагааны үндсэн хоёр чиглэл илэрхий ажиглагдаж байгаа билээ. Нэг нь бүх нийтийн, өөрөөр хэлбэл улс нийгмийн оюуны эрэлт хэрэгцээг бүхэлд нь хангасан мэдээ мэдээлэл өгөх, нөгөө нь нийгмийн доторх тодорхой бүлэг рүү чиглэх буюу аль нэг сонирхолтой сэдвээр дагнаж ажиллах хандлага юм. Улс орон даяар нэвтрүүлэг цацдаг өргөн нэвтрүүлгийн телевизүүд, түүний дотор “ТV-9” телевиз эхний хувилбараар ажиллаж байна. Өнөөдөр “ТV-9” телевизэд “Энэ өглөө” залгуулаад 11:00,  15:00, 17:00, 19:30 цагт тогтмол үзүүлдэг  “Энэ өдөр” хэмээх байнгын мэдээллийн хөтөлбөр байна. Мөн өдөр бүрийн 18:00 цагаас “Монгол коммент” шууд нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж байна. Эдгээр нь Монгол Улсад болж байгаа дотоод үйл амьдралын талаарх мэдээ мэдээллийг, өөрөөр хэлбэл тус улсын нийгэм, улстөр, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт зэрэг бүх салбарын амьдрал, ажил үйлсийг цаг алдалгүй, түргэн шуурхайгаар үзэгчдэд хүргэж байна. “Монгол коммент”-оор гэхэд цаг, минут тутамд цахим сайтуудад орж байгаа чухал чухал  мэдээ мэдээллийг түүвэрлэн авч, агуулгыг ард түмэндээ хүргэж чадаж байгаа учраас тэдний сэтгэлд нийцэж байдаг аж. Өөр нэг онцлог нь иргэдийн санал гомдол, шүүмжлэлийг төр засаг, яам агентлагуудын удирдлагуудад уламжилж, улмаар нийт ард түмэндээ сонордуулан дуулгаж байдаг учраас мянга мянган үзэгчидтэй байдаг юм. Хамгийн олон захидал мэдээлэл, иргэдийн сэтгэгдлийг өдөр тутам хүлээж авдаг, түүнийгээ эфирт шуурхай цацдаг редакц Монголд өнөөдөр “ТV-9” телевизийн “Монгол коммент”-оос өөр байхгүй гэж хэлэхэд худал хэлсэн болохгүй. Монголын ард түмний бүгдийнх нь танил, магадгүй олонхийнх нь хайр хүндэтгэлийг хүлээсэн сэтгүүлч бол М.Батбилэг, П.Пүрэвжаргал хоёр байж мэднэ. Иргэд  итгэж найдаж байгаа учраас, “ТV-9” телевизийг монголчууд миний телевиз, надад тусална гэж үзэж байгаа учраас түүнд хандаж байгаа юм. Энэ бол хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хувьд хамгийн том, дээд хүндэтгэл мөн. Монголын ард түмний энэ их итгэл найдвар, хайр хүндэтгэлийг “ТV-9” телевиз, түүний нийт уран бүтээлчид нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж эрхэмлэн гамнаж явах үүрэгтэй. Өдөр бүрийн 13:00 цагаас үзүүлдэг “ТV-9” телевизийн “Гадаад мэдээ” /оройд давтдаг/ өөрийн гэсэн үзэгчдийн өргөн хүрээлэлтэйг тэмдэглэж хэлье. Энэ бол уг хөтөлбөрийг бодож боловсруулж үзэгчиддээ өргөн барьдаг олон улсын тоймч Ш.Гантулгын арга ажиллагаа, арвин туршлагатай шууд холбоотой. Дэлхий дахинаа гадаад улс орнуудад өрнөж буй үйл явдлыг түүх судлал, олон улсын үйл амьдралын гүн гүнзгий мэдлэгтэйгээр тал бүрээс нь задлан шинжилж ямар үйл явдал хаана болов, яагаад ингэхэд хүрэв, цаашдын үр дагавар нь юу болох хэмээн өргөн хүрээнд нээн үзүүлж байдгаараа “ТV-9” телевизийн гадаад мэдээ хүмүүст илүү итгэл үнэмшилтэй сонсогддог. Өөр нэг онцлог нь уг үйл явдлыг Монголын нийгмийн амьдрал, улс төр, эдийн засгийн байдалтай холбон тайлбарлаж монгол хөрсөн дээр ойлгомжтойгоор буулган нутагшуулж сургамж, сэрэмжлүүлэг өгч байдгаараа олон улсын тоймч Ш.Гантулгын бэлтгэсэн гадаад мэдээ  мэдээлэл илүү амт шимттэй байдаг юм. Өнөөдөр Монголын нийгэмд түүний мэдээ мэдээллийг хүсэмжлэн хүлээж байдаг бүхэл бүтэн нийгмийн давхарга буй болсон байна. Энэ бол “ТV-9” телевизийн үйл ажиллагааны нэг үнэт зүйл мөн. Эдгээрээс гадна “ТV-9” телевизийн хөтөлбөр төлөвлөлтийн бодлогод байнгын баттай байр суурь эзэлсээр ирсэн “Ардын парламент”, “Ярилцъя л даа”, “Үйл явдал, сургамж”, “Эзэнгүй төрийн эмгэнэл”, “Хасах градус”, “Дотно сэдэв”, “Энэ өдрийн зочин”, цаг үеийн үйл явдлын талаарх “Тодруулга” булан үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байна. “Мөрөөдөл биелдэг юм”, “АХА”, “Зүүд биш л байгаа даа”, “Танайд мод тарья”, “Будда продакшн”, “Гялайлаа” нэвтрүүлэг “ТV-9” телевизийн дэлгэцнээ тогтмол гарч байна. Олон ч үзэгчидтэй болжээ. “Би өөрөө гоо сайхан буюу Монгол Let me in”, “Буурал түүхийн жимээр”, “Туурвихуйн урланд”, “Нэрийн хуудас”, “Эгэл эмэгтэй” зэрэг хөтөлбөр Монголын үзэгчдийн танил нэвтрүүлэг, хүсэн хүлээдэг хөтөлбөр болж хувирчээ. Авъяаслаг хүүхэд багачуудыг хөхиүлэн дэмждэг “Гэгээн алсын одод” хүүхдийн урлагийн их наадам эсгий туургатан Монгол үндэстний авъяаслаг хүүхдүүдийн олон улсын арга хэмжээ болж өргөжин гүнзгийрээд байна. Энэхүү наадамд буриад, халимаг, өвөрмонголын хүүхдүүд өргөнөөр хамрагддаг боллоо. “Гэгээн алсын одод” олон улсын урлагийн их наадамд оролцогчдоос ирээдүйн одод төрөн гарна гэдэгт бид итгэлтэй байдаг. Эгэл жирийн атлаа эгэлгүй баатарлаг сайн сайхан үйлсийг бүтээдэг, хэнд ч үл мэдэгдэх жирийн, хөдөлмөрийн хүнийг магтан дуулдаг “ТV-9” телевизийн “Энэ цагийн эгэл баатар” нэвтрүүлгийг өнөөдөр мэддэггүй хүн байхгүй болжээ. Энэ бол агуулгын хувьд манай “Хөдөлмөрийн баатруудаа сайн байцгаана уу” хэмээх алдарт шууд нэвтрүүлгийн нэг хувилбар нь юм. Үзэгч олон түмэнд санаа авахуулах, бодол эргэцүүлэлд хөтөлж ухааруулах, хөдөлмөр тэмцлийн сайн үйлсээр хүмүүжүүлэх зүйлээр уг нэвтрүүлэг элбэг баян байдагт гол онцлог нь байгаа юм.  Маш чухал ач холбогдолтой нэвтрүүлэг гэж хэлмээр байна. “ТV-9” телевизийн үйл ажиллагааны өөр нэг үндсэн чиглэл бол бүх нийтийн биеийн тамир, спортын шууд нэвтрүүлгүүд байдаг билээ. Бүр үүсэн байгуулагдах цагаасаа эхлэн цагаан сар, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг шууд дамжуулан үзэгчиддээ хүргэж иржээ. Хурдан морьдын уралдаан, эрхий мэргэн харваачид, шагайн харвааны уралдаан тэмцээн бол тус телевизийн  байнга дамжуулдаг гол сэдэв. Монголын үндэсний бөхийн өргөөнд бямба, ням гариг бүрт байнга болдог хүчит бөхийн барилдааныг үүн дээр бас нэмж нэрлэх хэрэгтэй. “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг гэхэд тасралтгүй шууд дамжуулж байна. Эдгээр нь сүүлийн  жилүүдэд аймаг, сумдын тэмдэглэлт ойн баяр наадмуудын шууд дамжуулалтаар өргөжин баяжиж байна. Дэлхийн хэмжээний болон олон улсын спортын уралдаан тэмцээн ч мөн ялгаагүй тус телевизийн нэвтрүүлгийн бодлогын төвд оршиж байгаа. “ТV-9” телевизийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг, өөрөөр хэлбэл хөтөлбөрүүдийг агуулгын хувьд ангилан сэдэвчилж  нэгтгэж үзэх юм бол нэгд, дотоод гадаадын мэдээ мэдээлэл (“Энэ өглөө”, “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөр, Гадаад мэдээ, ням гаригийн “Анализ” буюу долоо хоногийн үйл явдлын тойм, орон нутгийн мэдээ /Инфо сүлжээ/, хоёрт, нийгэм-улстөрийн нэвтрүүлгүүд /”Ардын парламент”, “Монгол коммент”, “Ярилцъя л даа”, “Үйл явдал, сургамж”, “Хасах градус”, үйл явдлын “Тодруулга”, “Эзэнгүй төрийн эмгэнэл”, “Энэ өдрийн зочин” зэрэг/, гуравт, үндэсний хэл соёл, ёс заншил, түүх уламжлал, шашин, соён гэгээрэхүй /”Эх хэлээ эрхэмлэн дээдэлье”, “Буддизм бидний амьдралд”, “Ном хурах цаг”, “Би монгол хүн”, “Таны жинхэнэ орон гэр”, “Зулын  25”, “Зулын 15” зэрэг/, дөрөвт, биеийн тамир, спорт /Цагаан сар, Үндсэн хуулийн ба Тусгаар тогтнолын өдөр, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, эрхий мэргэн харваачдын тэмцээний шууд дамжуулалт, бямба, ням гариг бүр Монголын үндэсний бөхийн өргөөнөөс үзүүлдэг хүчит бөхийн шууд дамжуулалт, үндэсний баяр наадмын болон бүсүүдийн их хурдын уралдаан, аймаг, сумдын тэгш тэмдэглэлт ойн наадмууд, “TV-9” спорт цуврал/,  тавд, танин мэдэхүйн чиглэлийн хөтөлбөрүүд /”Аян замын тэмдэглэл”, “Туурвихуйн урланд”, “Домгийн мөрөөр”, “Авто мастер”, “Айлын хоол амттай”, “Авто мастер”, “Эрүүл мэнд” теле сэтгүүл зэрэг/, зургаад, хүүхэд, өсвөр насныханд зориулсан цуврал нэвтрүүлэг /”Гэгээн алсын одод”, “Лоолойгийн найзууд”, “Хүүхэд шуугисан их өргөөний эзэд”, “Сэтгэлийн чимэгтэй хүүхэд нас”, “Ухаалаг найз”, хүүхэлдэйн цуврал кино анимейшн зэрэг/, долоод, зугаацуулан цэнгүүлэх хөгжөөнт нэвтрүүлгүүд /”Мөрөөдөл биелдэг юм”, “АХА”, “Хөдөлмөрийн баатруудаа, сайн байцгаана уу”, “Би өөрөө гоо сайхан буюу Монгол Let me in”, “Гэр бүл /Challenge/, After School club, ”Цэрэг эх оронч хүмүүжил”, “Монгол нутгийн гоо үзэсгэлэн” цуврал зураглал”/, наймд, дуу хөгжмийн хөтөлбөрүүд /“Үдшийн аялгуу”, “ТV караоке”, “Хөгжмийн завсарлага”, “Ая дууны мэндчилгээ”, “Урлагийн мастеруудын цуврал концерт”, “Баяр наадмын уянга” зэрэг/, есөд, дотоод гадаадын уран сайхны болон баримтат кинонууд /Монголын болон гадаадын улс орнуудын урт богино кино/, аравт, арилжааны зориулалттай нэвтрүүлгүүд /”ТВ зууч 1900-1913”, “Бизнес маxсимум зэрэг/ гэж хувааж үзэж болохоор байна. Арилжааны чөлөөт телевизүүд, түүний дотор “ТV-9” телевизийн ялгарах гол онцлог бол улсаас хөрөнгө санхүүгийн ямар нэгэн дэмжлэг авдаггүй бөгөөд өөрөө өөрийгөө ашигт үйл ажиллагаагаараа санхүүжүүлдэгт оршдог билээ. Энэ бол зах зээлийн эдийн засгийн харилцааны үндсэн гол зарчим юм. Хэрэв МҮОНРТ-д улсаас олгодог шиг хөрөнгө санхүүгийн тодорхой дэмжлэг байдаг бол, телевиз үзэгч айл өрхүүдээс төлдөг хураамжийн нэг хэсгийг чөлөөт телевизүүдийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг хариуцлагыг нь үнэлэн үзэж тэдэнд зохих хэмжээгээр олгож хуваарилдаг байсансан бол нэвтрүүлэг хөтөлбөрүүдийг баяжуулан өргөжүүлэх шинэ шинэ бололцоо нээгдэх нь ойлгомжтой юм. УИХ-д боловсруулагдаж батлагдахаар хүлээгдэж байгаа Өргөн нэвтрүүлгийн программын тухай хуульд үүнийг тусгах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа. Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйл ажиллагаа нь сэтгүүлчид, редакторууд, найруулагчид, зураглаачид, инженер-техникийн ажилтнуудын нэгэн зорилгот нэгдмэл үйл ажиллагааг, ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөрийг нэхэн шаарддаг нүсэр том бөгөөд тасралтгүй үргэлжлэх, мэдээлэл боловсруулж үйлдвэрлэх үйл ажиллагаа юм. Өндөр дээд зохион байгуулалт, өргөн дэлгэр мэдлэг боловсрол, мэргэжлийн нарийн ур чадвар, шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэй төлөвлөлт, хэрэгжүүлэлтийг шаардана. Нэг хүнээс буюу  өндөр зэрэглэлийн уран бүтээлчээс хамаарах үүрэг ролийг үгүйсгэж болохгүй ч хамгийн гол нь хамтын хүчин чармайлтын үр дүнд сая бүтэж бүрэлдэж буй болдог. Телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөр бүр нь хамтын үйл ажиллагаа, хамтын оюун санааны үр дүнд буй болсон хамтын бүтээл байдаг өвөрмөц онцлогтой. Өөрөөр хэлбэл тухайн телевизийн уран бүтээлч нийт хамт олны оролцоог шаардсан нэгдмэл бүтээл, дуу авиа, дүрс бичлэг, зохиол сценари хийгээд техникийн өвөрмөц шийдлийн хосолмол урлаг юм. Монголын цөөнгүй телевиз, түүний дотор “ТV-9” телевизийн үйл ажиллагаанд сүүлийн үед хүчтэй нэвтэрч буй нэг сонирхолтой чиглэл нь үзэсгэлэнт Монгол орны өнцөг булан бүр –Говь, Хангай, Алтай, Монголын тал хээр нутгийн унаган дүр төрх, давтагдашгүй онгон зэрлэг байгаль орчин, ан амьтан, араатан жигүүртний ертөнцийг мэргэжлийн өндөр түвшинд харуулсан теле зураглал юм.  Энэ бол телевизийн үйл ажиллагааны ирээдүйтэй нэг чиглэл мөн гэдэг нь тод мэдрэгдэж байгаа бөгөөд  гэрэл зурагчин Ганбаяр, сэтгүүлч редактор Буянбадрах нарын “Хүрээлэн” цуврал Монголын үзэгчдийн сэтгэл зүрхийг соронздон татаж байгаа нь үүний нотолгоо болно. “ТV-9” телевизийн зураглаач Г.Орлонжав нь байгалийн зураглалаар гаршиж яваа авъяаслаг залуу уран бүтээлчийн нэг юм. Түүний “Таван эрдэнэ” /Сэлэнгэ нутаг, 2011/, “Тамирын гол” /Архангай, 2011/, “Шинэ жил” /Улаанбаатар, 2013/, “Намрын өнгө” /Архангай, 2013/, “Чулуутын хавцал” /Архангай, 2013/, “Булган хангай” /2014/, “Баянзаг” /Өмнөговь, 2014/, “Жимсэн төгөл” /Ховд аймгийн Булган сум, 2014/, “Ганга нуур” /Сүхбаатар, 2014/, “Хантайширын усан цахилгаан станц” /Говь-Алтай, 2015/, “Цэцэг нуур” /Ховд, 2015/, “Бурхан Халдун уул” /Хэнтий, 2017/, “Сэлэнгэ мөрөн” /Хөвсгөл, 2018/, “Хоргын тогоо” /Архангай, 2018/ зэрэг зураглал үзэгчдийн сэтгэл зүрхэнд  нийцсэн сайн бүтээл болсон билээ. Зураглаач Я.Алтангэрэлийн “Хадан авиралт” /2016/, “Мөсөн авиралт” /2014/, “Хөвсгөл далай” /2016/, “Хэнтийн Дадал сум”, зураглаач Г.Нацагдоржийн “Бороо”/2015/, “Дөрвөн улирал” /2017/, “Өвөл” /2018/ уран зураглал ч сонирхолтой бүтээл болж чадсан юм. “ТV-9” телевизийн ахмад ажилтан, МУСГЗ зураглаач Б.Донровын шавь нар уран бүтээлийн олз омог ихтэй байгааг тэмдэглэж хэлэхэд нэн таатай байна. Эдгээрээс харахад хүн амын төвлөрөл, хотжилт өсөн нэмэгдэж байгаа өнөө цаг үед хүрээлэн байгаа байгаль орчны талаарх теле зураглалын ач холбогдол, үзэгчдийг өөртөө татах хүч увидас улам бүр өсөн нэмэгдэх чиг хандлагатай нь ажиглагдаж байна. Танин мэдүүлж, соён гэгээрүүлэх үйлсэд шууд үйлчилж буй телевизийн уран зохиомж, дүрслэлт теле уран уншлага ч телевизийн уран бүтээлүүдэд чухал үүрэг гүйцэтгэж утга төгс чимэглэл болж байгааг “ТV-9” телевизийн нэвтрүүлэгч, МУСТА Л.Эрдэнэбаатарын “Эх хэлээ эрхэмлэн дээдэлье”,  “Зугаацахаар мордсон нь” /Ц.Дамдинсүрэнгийн шүлэг/, “Эхийн сэтгэл” /П.Бадарчийн шүлэг/, “Үрдээ бичсэн шүлэг” /Б.Лхагвасүрэнгийн шүлэг/, “Гурамсан сүлжээ” сургаал /Данзанравжаагийн шүлэг/ зэрэг уран уншлагат зохиомжоос харж болно. Теле урлагт нэвтрүүлэгч хэмээх хосгүй ховорхон мэргэжил бий. Өнөөдрийн “ТV-9” телевизийн өнгө царайг Мэргэний Ундрам хэмээх жинхэнэ монгол нүүрийн баясгалантай, тайз дэлгэцийн урлаг, эфирийн соёлыг төгс эзэмшсэн, тал бүрийн өндөр боловсрол, түүний дотор гадаад хэлний өндөр мэдлэгтэй бүсгүйгүйгээр төсөөлөхөд бэрх юм. Дэлхий дахин, олон улсын практикт шинжлэх ухаан, техникийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг теле салбарт өргөнөөр нэвтрүүлэх болсноор телевизийн нэвтрүүлгүүдийн дуу чимээ, дүрс бичлэгт чанарын хувьсал гарч үзэгчдийг гайхашруулан теле хөтөлбөрүүдийн нэр төрөл олширч, цаг мөчтэй уралдан улам бүр боловсронгуй болон шинэчлэгдэж байна. Үүний нэг тод илрэл бол шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлийн теле хөдөлгөөнт дүрслэлүүд, зохиомжит нэвтрүүлгүүд, хүүхэлдэйн кино цувралд гарч байгаа өөрчлөлт шинэчлэл юм. Телевизийн урлагийн график дизайн хөгжлийн цоо шинэ өндөрлөгт гарчээ. “ТV-9” телевизийн график дизайнч Н.Амарбаярын бүтээсэн “Гоёо гоёо” /2008/, “Цодгор хүү” /2010/, шинэ жилийн сэдэвт “Гацуур мод”, “Чарганы гулгаан”, “Баярын салют” /2016/, “Цагаан сар”, “Золголт”, “Цагаан сарын бууз” /2017/, үндэсний баяр наадмын сэдэвт “Хүчит бөх”, “Хурдан морьд”, “Эрхий мэргэн”, “Шагайн харваа” /2017/ анимэйшн,  H.Амарбаяр, Энхболор нарын хамтран бүтээсэн “Бүнээ, Сүнээ хоёр” танин мэдэхүйн  есөн ангит цуврал хүүхэлдэйн анимэйшн кино тус телевизийн үйл ажиллагааны түүхэнд уран бүтээлийн шинэ хуудсыг нээж буйг үнэлэн тэмдэглэвэл зохилтой. “ТV-9”  телевизийн уран бүтээлч хамт олон сүүлийн үед Т.Баасансүрэнгийн “Сумын эмч” уран сайхны долоон ангит кино, “Их Монгол Улс” хоёр ангит теле нийтлэл, “МАХН-Монголын улстөрийн гурван том хүчний нэг” хоёр хэсэгт телевизийн нэвтрүүлэг зэрэг шинэ шинэ уран бүтээл туурвижээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2010-аад онд “Буурал түүхийн жимээр” хэмээх танин мэдэхүйн цувралыг санаачилж эхлүүлсэн байдаг. 2018 онд гэхэд уг цувралын хүрээнд Бурхан Халдун ууланд хийсэн морин аялал, “Монголын нууц товчоо”-нд нэг бус удаа дурдагддаг Гурван голын сав газарт түүх судлаач эрдэмтдийн зохион байгуулсан тойрон аяллаар сонирхолтой нэвтрүүлгүүд бэлтгэж үзэгчиддээ өргөн барьсан байна. Эдгээрээс харахад МУСГЗ, ахмад найруулагч О.Соёлтын ажлын арвин их туршлагыг залуу үеийнхэн үйл ажиллагаандаа амжилттай өвлөн авч үргэлжлүүлж шинэ утга агуулгаар баяжуулж байгаа нь тод харагддаг. Өсч яваа тийм залуу найруулагчийн нэг бол Б.Шинэхүү юм. Тус телевизийн залуу уран бүтээлчид бүтээл туурвилаар арвин байна. “ТV-9” телевизийн өнгөрсөн 15 жилийн үйл ажиллагааны түүхэн замнал дандаа дардан шулуун байгаагүй. Унаж босох, урагшлах зогсохын аль алийг даван туулж өсч хөгжсөөр өнөөдрийг хүргэсэн гэж хэлж болно. Үүсгэн байгуулагчийг нь улстөрийн тавцангаас ямар ч арга замаар хамаагүй бүрмөсөн зайлуулж замаа цэвэрлэхийг хүсэмжлэн мөрөөдсөн МАНАН-гийн олигархи бүлэглэлийнхэн Намбарын Энхбаярыг баривчлан шоронд хорьж, “ТV-9” телевиз, “Зууны мэдээ” сониныг Монголын нийгэм дэх  могойн хортой адилтгаж нэгэн мэргэн мэдэмхийрэгчийн хэлж зөвлөж анхааруулснаар хорт ургамлын үзүүр оройг тасдах биш үндсээр нь ухаж сугалж хаях хэрэгтэйг хэрэгжүүлэх гэж санаархаж зүйл бүрээр хавчин гадуурхаж байсан он цаг өчигдөрхнийх. Тэдний задлан бутаргах санаархал, өдөлт турхилтаар “ТV-9” телевизийн 43 уран бүтээлч хэвлэлийн бага хурал хийж сүржин мэдэгдэл хийгээд төрөлх гал голомтынхоо үнсийг самарч, үүдийг хаялан гарч явж байсан нь ч бас л саяхных. Ийм бодит бэрхшээл, улстөрийн хатуу ширүүн хавчилт шахалт Монголын өөр нэг ч телевизэд тохиолдоогүй юм. Засгийн эрх баригчдын тэрхүү утопи санаархал өнөөдөр ч амь бөхтэй оршсоор байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2017 оны сонгуулийн санал хураалт болохоос дөрөвхөн хоногийн өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газраас “TV-9” телевизийн үйл ажиллагааг  дөрөв хоногоор түр түдгэлзүүлэх хууль бус шийдвэр гаргаж байсан нь үүний нэг нотолгоо юм. Тэр хүнд бэрх цаг үед тус телевизийн захирлаар ажиллаж байсан Ц.Энхбат Японы нэгэн шашны байгууллагаас бэлэглэсэн гэж хэл ам  дагуулсан телевизийн студийн хэдэн камер, техник хэрэгслийг эргүүлж өгөхөөр багцлан боож сониучирхан үзэхэд мэргэжлийн гэж хэлэхэд хэцүүхэн, харин сонирхогчдын хэмжээний л зүйл байсан юм билээ гэж ярьж байсныг санаж байна. Түүнийг “ТV-9” телевизээс явсны дараа гал голомтоо сахиж үлдсэн Н.Долгор захирал янз бүрийн юмтай нүүр тулж, гэв гэнэтхэн өндөр зэрэглэлийн голлох мэргэжилтнүүдээ алдаад гар мухардаж суухад нь ихэд өрөвдөж сэтгэлийн дэм үзүүлж явснаа ч мартаагүй байна. Сүүлд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын захиалгат шударга бус “араанд зуугдаж” телевизийн үйл ажиллагаагаа түдгэлзүүлэх дүгнэлт гаргуулчихаад Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, орлогч нартай уулзан заргалдаж нэг үзэж, тайлбарлаж нэг үзэн үнэнийг ойлгуулах гэж хичээж суухдаа “Шаварт унасан шарын эзэн”-ий зовлонг бие сэтгэлээрээ өөрөө амсаж явлаа. Техник хэрэгслийн хомсдол хоцрогдол, мэргэжлийн боловсон хүчний дутагдал, улстөрчдийн эрээ цээргүй  хавчилт шахалт, эрх баригчдын захиалгат явуулга–энэ бүхэн бол “ТV-9” телевиз, түүний хамт олонд тохиолдсон, өсөлт хөгжилтийн явцад нь тулгарсан хүнд бэрх сорилт, орших уу эс оршихуйдаа тулсан чөлөөт хэвлэл мэдээллийн төлөөх тэмцэл, тэсвэрлэж үлдэхийн тулд хамт олноороо үнэнхүү чармайж ажилласан он сарууд байсан юм. Тухайн цаг үед бидний өөрсдийн эвлэлдэн нэгдсэн мэргэжлийн гэх тодотголтой –МСНЭ хүртэл маниасаа нүүр буруулж байсан гэж хэлбэл өнөөдөр олон хүн үнэмшихгүй л болов уу. Гэвч бодит байдал тийм л байсан бөгөөд мартаж болохгүй гашуун сургамж болж үлдсэн билээ. Эдүгээгээс таван жилийн өмнө миний бие “ТV-9” телевизийн 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд “ТV-9 телевизийн нэвтрүүлгүүдийн байдалд хийсэн зарим ажиглалт, үнэлэлт дүгнэлт, практик зөвлөмж” гэсэн илтгэл тавин хэлэлцүүлж байв. Тэр үед би тус телевизийн Уран сайхны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Илтгэлд “ТV-9 телевиз өөрийн түүхэнд тохиосон хамгийн хүнд бэрх цаг үе буюу хямралын зурвасыг туулж, түүнийг давж гарч чадахаар байгаа нь өнөөдөр нэгэнт тодорхой харагдаж байна. Энэ маш чухал юм. Ийм хүнд бэрх сорилт монголын бусад нэг ч телевизэд тохиолдоогүйг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу” гэсэн нэгэн дүгнэлт хийжээ.  Уг дүгнэлт үнэн болохыг өнгөрсөн таван жилийн туршлага баталсан гэж хэлж болно. Өнөөдөр “ТV-9” телевиз 15 нас хүрлээ. Амжилт бүтээл, алдаа онооны сургамжийн арван жил гэж зориуд тодотгоё. Алдаагаа арилгаж, амжилтаа бататгах нь ой тэмдэглэх хамгийн зөв арга хэлбэр, зөв зүйтэй чиг хандлага юм. “ТV-9” телевизийн өнгөрсөн 15 жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж, шинжлэн тоймлож, тодорхойлон томъёолж хэлэх юм бол: Нэгд, “ТV-9” телевиз нь Монголын хэвлэл мэдээллийн системд чухал байр суурь эзэлж байгаа телевизийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, дуу хоолойтой, үйл ажиллагааны тов тодорхой чиглэл бүхий чөлөөт телевиз болон төлөвшиж байна. Чөлөөт хэвлэл мэдээлэл нь ардчилсан нийгэм, түүний үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх юугаар ч сольшгүй үнэт хэрэгсэл юм. Хоёрт, “МАХСИМА” судалгааны компани, “Сант Марал” сан зэрэг нэр хүндтэй судалгааны байгууллагуудын удаа дараагийн социологийн судалгаанаас харахад “ТV-9” телевиз Монголын үзэгчдийн дурлан үздэг телевизийн нэг болж чаджээ. Тус телевиз нь үзэгчдийг өөртөө татаж чадаж байгаа тэргүүлэх топ арван телевизийн нэг, олон нэвтрүүлэг хөтөлбөрөөрөө топ таван телевизэд зүй ёсоор тооцогдож байна. Энэ бол үүсэн байгуулагдаад  15 жил болж байгаа “Таны телевиз ТV-9”-ийн нийгэмд үзүүлж байгаа үр өгөөж, нэвтрүүлэг хөтөлбөрүүдийн үр нөлөө өндөр түвшинд байгааг илтгэж буй гол үзүүлэлт мөн. Гуравт, энэ бүгд нь “ТV-9” телевизийн программ төлөвлөлт шинжлэх ухааны үн­дэс­лэлтэй, үндэсний кон­тент үйлдвэрлэл нь зөв чиг гольд­рилоор явж байгааг илт­гэн харуулж байна. /”Сумын эмч” олон ангит кино үйлдвэрлэл, “Их Монгол Улс” түүхэн сэдэвт цувралууд, хүүхдүүдэд зориулсан орчин үеийн сэдэвт анимейшн бүтээлүүд зэрэг/. Ингэхдээ гадаад хэлийг буруу зөрүү хэрэглэхээс зайлс­хийж, ажилтнуудынхаа эх хэлний мэдлэгийг дээш­лүү­лэхэд онцгой анхаарч монгол хэлний мэргэжлийн зөвлөхийг ажиллуулж буй нь үйл ажиллагааны санаа авууштай сайн туршлага болно. Дөрөвт, “ТV-9” телеви­зэд бусад теле сувгуудад байхгүй өөрийн гэсэн нэг өвөрмөц онцлог байна. Энэ нь Монголын ард түмний үндэсний амин чухал эрх ашгийг тэргүүн байранд тавьж, түүнийг өмгөөлж хамгаалах гуйвшгүй шинж чанар, зарчимч байр суурь нь юм. Төр засаг, эрх баригчдын  хуудуутай үйл ажил­лагаа, хүнд суртлыг хур­цаар шүүмжилж олон нийтийн хяналтад оруулах, МАНАН-гийн олигархи бүлэг­лэл, оффшорчдын үнэн нүүр царай, улстөрчдийн хө­шигний цаадах луйвар булхай, хуйвалдааныг илчилж ил тод болгоход “ТV-9” теле­виз өөрийн хувь нэмрийг хамгийн идэвхтэйгээр оруулж чадаж байна. Монголын нийгэм дэх цөөнхийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж нэг бус тохиолдолд сөрөг хүчний дуу хоолой болж, чөлөөт хэвлэлийн үндсэн зарчимд үнэнч байгаа учраас иргэд үзэгчид “ТV-9” телевизэд итгэж найддаг, хамгаас түрүүлж түүнд ханддаг болжээ. Найман настай балчраас наян настай хөгшид хүртэл “Монгол коммент”-д өдөр бүр санаа бодлоо илэрхийлж байгаа нь үүний наад захын илэрхийлэл юм. Тавд, Oлолт амжилтаа бататгаж, алдаа дутагдлаа арилгах чиглэлээр санаачилга гарган ажиллаж, энэ нь тус телевизийн үйл ажиллагаанд хэвшил болж байгаа нь тод харагдаж байна.Энэ бол зөв чиг хандлага мөн. Гэхдээ дээр дурдсан бүхэн нь “ТV-9”-ийн  үйл ажиллагаа, нэвтрүүлэг хөтөлбөрүүдэд дутагдал доголдол огт алга гэсэн үг хараахан биш юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
BAT
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
Х.Тэмүүжин: АН-ын гишүүд Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаална

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

6 цаг 55 мин
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Тавантолгойн ордыг бүтэн болгож Баялгийн с

6 цаг 55 мин
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

г нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардаг

6 цаг 55 мин
О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай хуультай болсноор эдийн засаг, нийгмийн олон сайн үр дүн гарна

Энэ хаврын чуулганаар өргөн барих гэж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

6 цаг 55 мин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

18 цаг 33 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

18 цаг 35 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

18 цаг 38 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

23 цаг 34 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

23 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 15 мин