
Ч.ҮЛ-ОЛДОХ
Энэ удаагийн зочноор Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн баярыг тохиолдуулан БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамцыг урилаа.
-Юуны өмнө танд удахгүй болох Зэвсэгт хүчний 93 жилийн ой, Монгол цэргийн баярын мэндийг урьдчилан хүргэе. Жил жилийн энэ өдөр танд хамгийн түрүүнд бодогддог зүйлээс яриагаа эхэлье?
-Төрийн тэргүүн маань Польш улсад айлчлал хийх явцдаа, польш үндэстний төлөө амь насаа зориулсан дайчдын хөшөөнд цэцэг өргөсөн тухай өнгөрсөн жил сониноос уншсан. Тэр жил Монгол Улсын Ерөнхий сайд Австрали улсад айлчлалаар очихдоо тус улсын төлөө амь үрэгдсэн цэргүүдийнх нь хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж байхыг телевизээр харсан. Би байнга шахам боддог юм, монгол омог, аймгууд анхлан үүссэн цагаас хойш, Монголын төрт улс бий болсноос хойшх хэдэн мянган жилд эх орон, газар нутгаг, монгол үндэстнийхээ төлөө амь насаа зориулсан үе үеийн хэдэн зуу, мянгаар тоологдох монгол цэргүүд бий. Бид тэднийхээ төлөө ядаж ганц чулуу босгоод жирийн иргэнээсээ өгсүүлээд Төрийн тэргүүн нь хүртэл хүндэтгэл үзүүлдэг байгаасай гэж байнга боддог.
-Монголд таны хэлсэнчлэн тийм хүндэтгэлийн хөшөө огт байдаггүй гэж үү?
-Манайд Зөвлөлтийн дайчдын гэрэлт хөшөө сүндэрлэж байхад хажууд нь монгол цэрэгт зориулсан нэг ч чулуу алга. Ж.Лхагвасүрэн жанжин, Л.Дандар баатрын хөшөө бол тэдний ах дүүс, төрөл төрөгсөд, үр хүүхдийнх нь үүсгэл санаачилгаар боссон, хувь хүний хөшөө. Гэтэл Вашингтонд гэхэд дэлхийн хоёрдугаар дайн, Вьетнамын дайнд амь үрэгдсэн америк цэргүүдийн дурсгалын бүхэл бүтэн цогцолбор хотын төвийг нь эзэлдэг. Москвад Орос орны төлөө амь насаа зориулсан нэргүй дайчдын дурсгалын хөшөө байна. Тэгвэл, монгол цэрэг Европ, Төв Ази, Арабын орнууд, Хятадын нутагт амь үрэгдэж, тэнгис, далайг гатлан мянга мянгаараа Монгол Улс, төр, үндэстнийхээ төлөө байлдаж явсаар эрсдэн булшлуулж байсан. Тийм үе үеийн баатруудынхаа төлөө санаа тавихгүй атлаа манайхан гаднын цэргийн гавьяатнуудад хүндэтгэл үзүүлэн, хөшөө дурсгалд нь цэцэг өргөж байхад цэрэг хүний хувьд би сэтгэл эмзэглэдэг.
-Тэгвэл танд монгол цэргүүдийнхээ гавьяаг мөнхлөх ямар санал байна?
-Бид Улсынхаа нийслэлд монгол цэргээ мөнхжүүлсэн ганц чулуу босгож чадахгүй атлаа аймаг болгонд шахам тэрбум тэрбумаар үнэлэгдэх бурхан багшийн сэрэг дүр бүтээлгээд залж байна. Бид Чингис хаан гэж ярьдаг. Гэтэл тэр хүний амжилт, ололт нь ганцхан түүнээс хамааралтай гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт болно. Сүр хүч нь цэргийнхээ чадалд, цэргийн зүтгэлтнүүдийн ухаан, зүтгэлээр ялалтыг олж авч байсан. Би дэлхийн нэлээд олон улс оронд очиж, 20 гаруй орны батлан хамгаалах болон цэргийн сургуульд айлчлан ажиллажээ. Аль ч улс орны нийслэлд очих бүртээ тухайн улсын цэрэгтээ зориулсан том, жижиг хөшөөг очиж үздэг. Лондонд гэхэд л эмэгтэй баатрууддаа зориулсан хөшөө байна. Тэгж ард түмэн, улс үндэстэн, өнөөдрийн сайн сайхныг бий болгосон өмнөх үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж байж, тэр үзэл бодлыг нь хойч үе дараагийн залууст шингээж өгдөг юм билээ.
-Одоо таны ажиллаж байгаа салбарын тухай асууя. Монголын зэвсэгт хүчний хөгжил, монгол цэргийн боловсрол чадавхийн төвшин ямар байна вэ?
-Монголын зэвсэгт хүчний хөгжлийг бусад орнуудтай харьцуулах нь харьцангуй ойлголт юм. Яагаад гэвэл, өндөр хөгжсөн орнуудтай харьцуулах нь өөр асуудал. Мөн дунд зэргийн хөгжилтэй орнуудтай харьцуулах нэг өөр, буурай хөгжилтэй орнуудтай харьцуулах бүр ч өөр юм. Бодит байдалд зэвсэгт хүчний хөгжлийн илэрхийлэл нь мэдээж, техник, технологи, зэвсэглэл, хүний нөөцийн бэлтгэгдсэн чадавхи юм. Тэр хоёр нийлж байж үүрэг гүйцэтгэх чадавхи нь илэрхийлэгдэж байдаг. Өнөөдөр Монголын зэвсэгт хүчний байдал үнэндээ зэвсэглэл, техникийн хөгжлийн хоёрдугаар үе, зарим нь гуравдугаар үед байгаа юм. Гэтэл одоо зэвсэглэл, техникийн хөгжил зургаа, долдугаар үедээ явж байна. Зэвсэглэлийн хөгжлийн үеийг технологийн өөрчлөлтүүдээр нь ангилдаг. Тэгэхээр манайх тийм өндөр төвшинд байна гэж хэлэх боломжгүй. Харин хүний нөөцийн чадавхи буюу зэвсэгт хүчинд алба хааж байгаа офицер, ахлагч нар болон ялангуяа байнгын бүрэлдэхүүний бэлтгэлжилтийн хувьд дундаас дээш төвшинд байгаа.
-Манай улс Орост зэвсэгт хүчний боловсон хүчнүүдийг бэлтгэж ирсэн. Сүүлийн үед ямар орнуудтай хамтран ажиллаж байгаа вэ?
-Сүүлийн 10-аад жил батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа ихээхэн өргөжсөн. Монголын төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгч нь монгол цэрэг өөрөө юм. Энэ хүрээнд манайхан энхийг дэмжих болон терроризмын эсрэг олон улсын цэргийн ажиллагаанд хувь нэмрээ оруулж эхэлсэн. Одоо бид дэлхийн 20 гаруй улс оронд, янз бүрийн төвшинд боловсон хүчнээ сургаж байгаа нь иргэний бусад салбарын тоотой харьцуулахад гадаадад суралцагчдын тоо өндөр хувийг эзэлдэг. Мэргэжлийн цэргийн боловсрол нь өндөр хөгжсөн орнуудад манайх офицер, ахлагч нараа сургаж байгаа нь хүний нөөцийн хөгжилд маш том хөрөнгө оруулалт болж байна.
-Дотооддоо бэлтгэж буй хүний нөөцийн боловсролын төвшин, ажлын байрны эрэлт хэр байдаг вэ?
-Дотооддоо, зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүнийг бэлтгэж байгаа нь үндсэндээ манай сургууль юм. Сургууль маань өөрөө их онцлогтой. Бусад улсад стратегийн төвшний удирдагч бэлтгэх хэд хэдэн сургуультай байдаг. Тэгвэл манай хувьд жижиг улс, зэвсэгт хүчин нь мөн жижиг, нөгөөтэйгүүр тийм олон сургуультай байх эдийн засгийн чадамж, чадавхи байхгүй учраас тэдгээрийг нийлүүлсэн нэг л сургуультай. Тэндээ бага мэргэжилтэй ахлагч нараа ч бэлтгэдэг, мэргэжлийн хөгжимчид, удирдаачдыг ч бэлдэж л байдаг. Бакалаврын төвшний их, дээд сургуулийн боловсрол олгох сургалтуудыг мөн л тэндээ явуулдаг. Энэ сургуульд бэлтгэгдэж гарсан бүтээгдэхүүн нь Монгол Улсын цэргийн байгууллагууд, батлан хамгаалах салбар, хилийн цэрэг, дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газарт очиж ажилладаг. Дээрх чиглэлүүдээр манай сургууль магистр, докторын төвшинд сургалт явуулж, боловсролын зэрэг олгодог.
-Сургуулийн байр, анги танхимаас эхлээд сургалтын бааз, тоног төхөөрөмжийн хувьд ямар байдаг вэ?
-Батлан хамгаалахын их сургууль олон жилийн түүхтэй. Үүсэн байгуулагдсанаас хойш 93 дахь жилтэйгээ золгож байна. Боловсролын, болоод мэргэжил олгох сургуулиудын анхдагч, ууган сургууль юм. Түүхийн явцад өөр, өөр хэв шинжээр хөгжиж ирсэн. Тэр утгаараа тогтсон сургалтын орчинтой, нэг үгээр хэлбэл төлөвшсөн гэж болно. Жишээ нь, цогц маягаар сургалт явуулж байгаа нь Монголд манай сургуулиас өөр байхгүй. Дотроо сургалтын орчин нь, судалгаа болон дадлагын хэсгүүд нь ч байж байдаг. Оюутан, сурагчдын амьдрах орчин, дотуур байр, соёлын үйлчилгээ үзүүлэх төв цэгүүд нь ч байдаг. Гэхдээ бусад улс орны батлан хамгаалахын сургуулиудтай харьцуулахад, ялангуяа сургалтын материаллаг баазын хувьд, орчин үеийн судалгаа шинжилгээний лаборатори, мэдээллийн технологийг нэвтрүүлсэн и-хэлбэрийн сургалтуудыг бий болгох боломжийн хувьд нэлээд хоцрогдсон. Цаашид Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд суулгаж, хоцрогдолтой талуудыг арилгах шаардлага бий. Нөгөө талаар, сургалтын агуулгыг шинэчлэх бодлого зорилтууд хэрэгжиж байна.
-Монгол цэргүүд энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор манай улсын нэр хүнд гадаад ертөнцөд асар их өссөн. Харин тэнд манай цэргүүдийн ур чадвар хэр тоогдож байна?
-Би Ирак, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн монгол цэргүүдээ эргэж очиж, албан үүргийнх нь чиглэлээр хяналт тавьж байсан. Африкт энхийг сахиулж байсан цэргүүдээ мөн эргэж очиж байлаа. Монгол цэргийн сэтгэл зүй, бие бялдар,оюун санааны тэвчээр, сахилга бат, гүйцэтгэх үүргийнхээ төлөө хариуцлага хүлээж байгаа чадвар нь үнэхээр гайхагддаг. Нөгөө талаас, монгол цэргийн бэлтгэгдсэн байдал, өөрт ногдсон үүргийг гүйцэтгэх чадварыг эзэмшсэн нь хаана ч гологдохгүй. Олон үндэстний ямар ч штабт яваад очсон монгол цэргээр бахархаж, манай цэргүүдийг байнга магтаж байдаг. Ялангуяа манай цэргийнхэнтэй хамтран ажиллаж байсан орнуудын зэвсэгт хүчний төлөөллүүд цаашид байнгын хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтээ илэрхийлж байдаг.
-Одоо таны ОХУ-д сонсогч байх үеийн тухай дурсвал ямар вэ. Тэр үеийн сургалтын чанар ямар байв?
-Би Зөвлөлтийн үед Москва хотноо М.Фрунзийн нэрэмжит цэргийн академийг төгссөн. Бидний үед профессорууд нь өндөр шаардлага тавьдаг, маш туршлагажсан, сургалтын агуулгын хувьд удирдагчдыг төлөвшүүлэхдээ сэтгэхгүйд нь, оюун санаанд нь, яс маханд нь суулгаж өгдөг гайхамшигтай боловсрол олгодог байсан. Оюутнуудад тавих шаардлага нь өндөр, шалгалт, шүүлэг нь ч хатуу. Завсрын хяналтуудыг байнга хийнэ. Сургуулиа төгссөнөөс хойш 1990-ээд оны үед, мөн 2000 оны эхээр очиход биднийг сурч байх үеийг арай гүйцэхээргүй болсон санагдсан. Бодвол нийгмийн тогтолцоо нь өөрчлөгдөхөөр түүнийг дагаад сургалтын агуулга нь суларсан болов уу.
-Сүүлийн үед төгсөгчид ажлын байр олдохгүй байна гэх болж. Таны үед шууд тушаалаар хуваарилагддаг байсан байх даа?
-Бидний үед цэргийн сургууль төгсөөд шууд салааны захирагч болдог, тэр ажлаа сайн хийвэл ротын захирагч, цаашилбал батальоны захирагч болдог гээд ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх боломж өндөр байсан. Бүх юм тодорхой учраас тухайн хүн өөрийгөө сайн мэддэг байлаа. Орост академи төгсөөд ирэхэд тусгай ангийн штабындарга эсвэл ангийн орлогч дарга болох нь тодорхой. Эсвэл яам, жанжин штабт мэргэжилтэн болох нь баталгаатай байв. Би 1984 онд академид явж, 1988 онд төгсч ирсэн. М.Фрунзийн цэргийн академийг онц төгссөн, сургуульд явахаасаа өмнө зургаан жил говийн гарнизонд ажилласан учраас баталгаатай хотод суух байх гэж бодоод иртэл Батлан хамгаалах яамны коллеги хуралдаад Зүүнбаянгийн 169 дүгээр ангийн захирагчаар шууд томилсон. Миний амьдралын их сургууль тэндээс эхтэй.Одоо байдал хэцүү болжээ. Сүүлийн үеийн залуусын чиг хандлагыг харахад ирээдүйдээ итгэх итгэл нь суларсан юм уу гэсэн бодол төрдөг, ялангуяа дундаас дээш төвшний офицеруудад. Ямар ч сургууль төгсөөд ирсэн, ямар нэгэн дэмжлэг, танил талгүй бол явахгүй нь гээд бодчихсон байх жишээтэй. Тэгэхээр чансаатай, боловсролтой залуус нь өөрийн гэсэн орон зайг эзэлж чадахгүй байдал харагддаг. Энэ бол яах аргагүй муу хэлбэр л дээ. Магадгүй зарим талаар улс үндэстний аюулгүй байдлыг хангах эрх ашигт ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
-Орчин үед Чингисийн цэргүүд гэдэг ч юм уу, их хаанаар нэрлэсэн монгол цэргийн академи байгуулж, харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татаж, болдоггүй юм уу?
-Сонирхолтой санаа байна. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ бас ийм саналтай байдаг юм билээ. Чингисийн удирдлагын академи байгуулж, гадаадын цэргийн томчуудыг авчирч, түүх, арга зүй талаас нь сургалт явуулж болохгүй ч юм биш л дээ. Эхлээд тийм систем тогтоож, түүгээрээ дамжин монгол сэтгэлгээний философийг гадаадынханд хүргэж болох юм. Боловсрол олгох системийн хувьд бол дэлхий нийтээрээ тогтсон горим руу шилжсэн. Магистрын төвшин ямар байх вэ, докторынх ямар байх вэ гээд тодорхой байгаа. Жишээ нь, Батлан хамгаалахын их сургуулийн диплом тэр жишгийг хангаж байж Азид юм уу, Европт хүлээн зөвшөөрөгдөх болно. Тэгэхээр Чингис хаанаар нэрлэсэн удирдлагын юм уу, оюун санаа, сэтгэлгээний академи байгуулсан тохиолдолд тэнд зөвхөн богино хугацааны сургалтууд давамгайлсан байх нь магадгүй оновчтой байж мэдэх юм.
-Монголчууд цөөхөн, тэр дотор генерал цолтон бас цөөн, мөн тэд хэвлэлд ярилцлага өгөх нь ховор. Тиймээс бидний ярилцлагыг зэвсэгт хүчний салбарынхан, таны шавь нар төдийгүй, монголчууд анхаарч унших болов уу. Тэдэнд хандаж та юу хэлэх вэ?
-Монголын залуу үе, тэр дотор манай сургуулийн төгсөгчид, шавь нар, Монголын улсынхаа аюулгүй байдал, батлан хамгаалах зорилго, зорилтыг хангахын төлөө амь бие, мэдлэг чадвараа харамгүй зориулж, эх орныхоо төлөө зүтгэж яваа мянга, мянган залуус бий. Мөн эх орныхоо төлөө зүтгэнэ гээд энэ салбар руу анхаарал хандуулж, сонголтоо хийх гэж байгаа өсвөр үе, залуус байгаа. Тэдэндээ хандаж хэлэхэд өөртөө, нийгэмдээ хэрэгтэй боловсрол эзэмшихийн төлөө өөрийгөө зориулах хэрэгтэй. Техник, технологийн хөгжлөөс хоцорч болохгүй. Хэрэв хоцрох юм бол орчин үеийн нийгэмд амьдрах боломжгүй болох нь. Нөгөө талаас батлан хамгаалах салбарынхан, өөр салбарт ажиллаж байгаа залуус маань мөн БХИС-даа эргэн ирж өөрсдийнхөө боловсролыг шат дараатайгаар дээшлүүлэх боломж нээлттэй байгаа шүү. Та өнөөдөр өөрийн оюун санаа, боловсролд хөрөнгө оруулж чадах юм бол таны маргаашийн амьдрал гэрэлтэй байх болно. Энэ боломжид чинь Батлан хамгаалахын их сургууль үйлчлэхэд бэлэн, үүд маань нээлттэй байгаа шүү. Та бүхний хүсэл эрмэлзлэлийг бид бүрэн дүүрэн хангаж чадна гэдгийг хэлмээр байна.