
Б.БАЯРЖАВХЛАН
Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь орон нутгийн хүн амын амжиргаа, орлогын гол эх үүсвэр. Гэвч малын тоо толгойн хэт өсөлт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс болж бэлчээрийн даац хэтэрч улмаар газрын доройтол, цөлжилтийг эрчимжүүлэх үндсэн шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл, өнөө үед бэлчээрийг төлөвлөгөө, зохицуулалтгүй ашиглаж байгаа нь бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй байна. 1990-ээд оноос өмнө бэлчээр ашиглалтыг их нарийн төлөвлөдөг байжээ. Жишээлбэл, 1980-аад оны хүн амын хүнсний хэрэгцээ, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах 2000 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гаргахдаа бэлчээрийн даацын норм нормативыг гарган зун намар 87.4 сая хонин толгой буюу таван төрлөөр, өвөл хаварт үүнээс бараг хоёр дахин бага 49.9 сая хонин толгой мал бэлчээрт тэжээх бололцоотой гэж гаргаж байжээ. Ингэхдээ 1960-1970-аад оны 10 жилийн судалгааны бүрэн хэмжээний дүгнэлт дээр үндэслэн тогтоосон байдаг. Одоо гэтэл бэлчээрийн талбайн хэмжээ тэр үеийнхээс 20 сая га-гаар багасаад бэлчээрийн ургац талхлагдаад байгаа юм.
Тэгвэл дээрх асуудлыг шийдэхээр Даян дэлхийн байгаль орчны сангийн долоо дахь удаагийн санхүүжилтээр Дэлхийн хуурай хээрийн бүсэд хамаарагдах 11 орныг хамруулан “Хуурай газрын тогтвортой ландшафтын” нөлөөллийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэдний нэг нь манай улс юм. Тэгвэл уг хөтөлбөрийн хүрээнд “бэлчээрийн тогтвортой менежмент” дэд сэдвийн дор Монгол Улс, Казахстан Улсад хэрэгжиж буй төслийн үр дүн, сайн туршлага, мэдлэгийг хуваалцах уулзалт өчигдөр боллоо.
Тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар бэлчээрийн газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлын хамгааллын чиглэлээр Монгол Улсад “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд Хэнтий аймгийн Баян-Адрага, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Матад, Булган, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан сумдад 2021-2026 онд хэрэгжиж байгаа юм. Ингэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, гурван аймаг, есөн сумдын Засаг даргын тамгын газар хэрэгжилтийг зохион байгуулахад хамтран ажиллаж байна.
Тэгвэл төслийн үр дүнгийн талаар “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн менежер Т.Эрдэнэжаргал ““Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод хээрийн төсөл)-ийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам манлайлан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) хамтран хэрэгжүүлж байна. Ингэхдээ зүүн гурван аймаг буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн есөн суманд зургаан байгалийн нөөц газар буюу цагаан зээр, цэн тогорууны амьдрах орчин болсон эдгээр газруудад уг төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зүгээс газрын доройтлыг бууруулах зорилгоор Аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд байгаль хамгааллын асуудлыг харгалзсан аргачлалыг батлуулж, бэлчээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүллээ. Мөн малын чанар, угсааг сайжруулах, ногоон тэжээл тариалж дарш бэлтгэх, тэжээлийн эргэлтийн сан байгуулах, малын жишиг саравч, хашааг нэвтрүүлэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй эрхлэх технологийг зүүн бүсийн малчдад нэвтрүүлж байна. Мөн Дорнод хээрийн бүст хөрсийг салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй газар тариалангийн дэвшилтэт “Холимог тариалан”-ийн технологийг амжилттай эхлүүлээд байна. Тариалангийн талбайд зөвхөн нэг төрлийн ургамлыг тарих бус хоёроос дээш төрлийн ургамлыг хамтад нь тариалж, хөрсний үржил шимийг хадгалах, тогтвортой ашиглах боломжийг нэмэгдүүлдгээрээ уг технологи нь онцлогтой. Мөн “Эко гудамж” санаачилгыг хэрэгжүүлж Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын айл өрхүүдийг хамруулаад байна. Төсөл, сум, өрхүүдийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа уг ажлын дүнд 2024 онд айл өрхүүд 13 төрлийн хүнсний ногоог тариалсан. Хашааны газартаа хүнсний ногоо тариалах үйл ажиллагаа өргөжсөнөөр өрхийн хүнсний хангамж, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэх зэрэг дам үр нөлөө гарч байна.
Төслөөс 2023 оноос 2024 онд БНГ-ын орчны бүсэд байгальд ээлтэй тогтвортой бизнесийг дэмжих зорилгоор нийт 642.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай зургаан төслийг сонгон шалгаруулж 321.7 сая төгрөг буюу нийт хөрөнгө оруулалтын 50.1 хувийг төслийн хүрээнд тэтгэлэг байдлаар олгож үлдсэн 49.9 хувийг нь орон нутгийн бизнесүүд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Дорнод аймгийн Булган суманд ноос угаах үйлдвэр, Хөлөнбуйр суманд Мах сүүний хагас эрчимжсэн аж ахуйн ферм, Хэнтий аймгийн Баян-Овоо болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд зөгийн бал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд дайвар боловсруулах үйлдвэрлэлийн төслүүд шалгарсан бол Хэнтий аймгийн Баян-Адарга суманд нүүдлийн өв соёл-экологийн сургалтын төв байгуулагдсан байна. Мөн 2024 онд малын дайвар, дотор мах боловсруулах үйлдвэр байгуулах төслийг эко-бизнесийн тэтгэлэг олгох шийдвэр гарснаар мал, нядалгаа, хээрийн бойноос байгаль орчинд хаягддаг маш олон малын дотор гэдэс, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулан орлого бий болгох нөхцөлийг бүрдүүллээ. Энэ удаагийн уулзалтаар төслийн үйл ажиллагааны хэрэгжилт, түүний үр дүн, сайн туршлагатай газар дээр нь танилцах, Монгол улсын туршлагыг Төв Азийн бүст түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөтөлбөрийн үр дүнг тогтвортой үргэлжлүүлэхэд хоёр талын арга туршлагыг нэгтгэх зорилготой” гэсэн юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн ерөнхий газар уг төсөлд хамтран ажиллаж байгаа аж. Тэдний хувьд зүүн гурван аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гаргаж, эко системийг сэргээх тал дээр анхаарч ажиллажээ. Энэ талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр “Зүүн гурван аймгийн есөн суманд нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хийж, газрын төлөв байдал чанарыг үнэлэх, нөхөн сэргээх, арга хэмжээ авах, бүс нутгийн болон агентлагийн хэмжээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, менежменттэй холбоотой ажлыг зохион байгууллаа. Төслийн хэмжээнд хийсэн төлөвлөлтийн хувьд биологийн олон янз байдлын хамгаалалтыг нарийвчлан тусгаж өгсөн. Тухайлбал, зээр, хялганат хээр, цэн тогоруу зэргийг хэрхэн хамгаалах, зохистой ашиглах вэ гэдгийг төлөвлөсөн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаснаар малчид нутаг сэлгэж бэлчээрийг нөхөн сэргээх тал дээр эерэг нөлөө гарч байгаа. Үүнийг бусад аймгуудад хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм” гэсэн юм.
Тэгвэл төслийн үр дүнд бүс нутагт ямар эерэг нөлөө гарсан талаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн Багийн засаг дарга С.Гандөлгөөн “Төсөл хэрэгжиж эхэлснээр агь, таана, монгол өвс зэрэг ховордсон ургамлууд ургах нь нэмэгдсэн. Нутгаа сэлгэж бэлчээрээ сэргээх яагаад чухал вэ гэдгийг манай багийн малчид бол одоо маш сайн мэдэрч, энэ талын мэдлэг ойлголттой болж байна. Мөн малынхаа үүлдэр угсааг сайжруулж, тоо толгойг нь цөөрүүлж байгаа ч орлого нь түүнээсээ буураагүй” гэсэн юм.
Даян дэлхийн байгаль орчны сангаас Бэлчээрийн тогтвортой менежмент хөтөлбөр нь Төв Азид Монгол болон Казахстанд хэрэгжиж байгаа талаар дээр дурдсан. Тэгвэл Казахстан улсын тус хөтөлбөрийн хариуцсан ахлах мэргэжилтэн Прагян Раж Похрел энэ удаагийн уулзалтад оролцож манай улсын сайн туршлагаас суралцаж байлаа. Тэрээр энэ талаар “Энэ төсөл Төв Азид хоёр улсад хэрэгжиж байгаа. Монгол болон Казахстанд. Монголчуудын хувьд газрыг өнжөөж бэлчээрийн нөхөн сэргээх, малын тоо толгойг чанаржуулах тал дээр үр дүнтэй байгаа. Бид бэлчээрийг нөхөн сэргээх, малын тоо толгойг чанаржуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх тал дээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Харин Монголчуудын хувьд дээрх ажлын үр дүнг хүртээд, төсөл нь дуусах шатандаа явж байгаа. Тиймээс Монголын алдаа болон амжилтаас нь суралцахаар ирсэн” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 152 (7649)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.