
Т.БАТСАЙХАН
Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бий болгох тухай дор бүрнээ ярьдаг ч биелж, нүдээ олсон нь тун цөөхөн. Хүүхдийн сайн сайхан ирээдүйг бүтээхэд чиглэсэн олон санаачилга өрнөдөг ч тэгсгээд намждаг нь ёс мэт. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зүй бус харилцаа, тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоож, эрүүл, амьд явах эрх, төрийн хишиг халамжийг ялгаваргүй хүртэх эрх, аюулгүй, эрүүл орчинд мэдлэг, боловсрол олж авах дүүрэн боломжоор хангахын тулд хийх ажил их ээ. Тэр дундаа хүүхдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг сургуулийн орчныг аюулгүй, гамшгийн аливаа эрсдэлээс сэргийлэх чадавхитай байхад чиглэсэн боловсролын салбарын гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, зохицуулалт дээр зайлшгүй хийх шаардлагатай зүйл олон бий.
Аливаа албан байгууллага тэр дундаа сургууль бүр гамшгаас хамгаалах өөрийн гэсэн төлөвлөгөөтэй гэх боловч энэ асуудалд өнгөц ханддаг, ач холбогдол, үр өгөөжийг нь үнэлэхгүй байх, сургуулийн багш, ажилтан, сурагчдад мэдээлэл хүргэдэггүй, саналыг нь авдаггүй зэргээс үүдэн гамшгаас хамгаалах төлөвлөгөө “тоосонд” дарагддаг. Уг нь энэ төлөвлөгөөг улам сайжруулж, урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, дэмжих асуудлаа орхигдуулалгүй гүйцээж чаддаг бол хүүхдийг аюулгүй, эрүүл, ээлтэй орчинд сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх, гамшгийн эрсдэлээс хамгаалахад суралцах чиглэлд ахиц дэвшил гарсаар байх билээ. Энэ чиглэлд төр, төрийн бус байгууллага, хувь хүн, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд дор бүрнээ үйл ажиллагаа явуулдаг ч хүссэн хэмжээний үр дүнд төдийлөн хүрдэггүй. Өөрөөр хэлбэл, манайд сайн санаачилга, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжээд тасралтгүй үргэлжлээд явж байгаа ч энэ нь зөвхөн тодорхой төслийн хүрээгээр хязгаарлагдаж, дийлэнх сургуульд сургуулийн цогц аюулгүй байдлын асуудал эзэнгүйдсэн хэвээр байна. Үүнийг л халж хамтын ажиллагаагаа сайжруулж, зорилгоо тодотгож, бодлогодоо тусган, түүнийг бодитой хэрэгжүүлж хийсэн ажлынхаа үр дүнг үзэх чин хүсэл Монгол Улсад ус агаар мэт чухал. Энэхүү сул орон зайг нөхөхийн тулд НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийг Ивээх Сан, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд туршлага дээрээ тулгуурлан бодит нөхцөл байдалд уялдуулж цөөнгүй жил хамтран ажиллаж ирсэн. Тэд юун дээр хамтрав.
“Хүүхдэд хаяглагдсан бүхэн төрийн бодлогод тусгалаа олохгүй байна” гэж тэд үзээд хэд хэдэн томоохон ажил эхлүүлжээ. Тэдний бодлогоо зангидаж, хүчээ нэгтгэж байгаа үйл хэргийн нэг нь монгол хүүхдийн сургуулийн орчинд хамаарах тулгамдсан асуудал тэр дундаа аюулгүй орчны баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх гэнэ. Ингэж бичихээр нэг л хол санагдаж байгаа бол яг өнөөдрийн ерөнхий боловсролын сургуулиудын бодит байдлыг баримт болгоё.
Нийслэлд 1950-1960 оны хооронд баригдсан сургууль олон. Ийм сургуулиудын барилгын насжилт гүйцсэн байдгаас цас, борооны ус байнга нэвчдэг, үжирч өмхөрсөн дээвэртэй, халаалт муутайгаас гадна зарим сургуулийн халаалт дийлэнх тохиолдолд ид хүйтэн улиралд зогсдог, стандартын бус барилгад үйл ажиллагаа явуулахад хүрдэг, нэг багшид оногдож байгаа хүүхдийн тоо 2-3 дахин хэтэрсэн, багш, ажилчид нь өндөр ачаалалтай ажилладаг, биеийн тамирын заал, дуу хөгжмийн танхимаас эхлээд наад захын тоног төхөөрөмж, хэрэгслээр байнга дутагдсан орчинд сургалт, хүмүүжлийн ажил явуулдаг. Нийгмийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн хүүхдийг хөгжүүлэхэд үнэхээр амаргүй байдгаа ч багш нар ярьдаг. Дээр нь эрс тэс уур амьсгалтай Монгол орны ган, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй эрсдэлүүд ялангуяа хөдөө орон нутгийн сурагчдад байнга тулгардаг гэхэд хилсдэхгүй. Хамгийн наад захын жишээ гэхэд цас их унаснаас зам даваа хаагдахад тэд олон хоногоор сургуулийнхаа дотуур байранд амьдарч, гэртээ харьж чадахгүй, аав ээжтэйгээ холбогдож, уулзаж чадахгүй олон хоносоноос сэтгэлээр унах, хичээл, сурлагадаа муудах, хоол ундандаа дургүй болох зэрэг бэрхшээл, хүндрэл гардаг. Энэ үед сургууль, дотуур байрных нь халаалт муугаас ханиад, томуу тусах тохиолдол ч их байдаг.
2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 20 сургууль гурван ээлжээр хичээллэж, 154 бүлэгт 6154 хүүхэд суралцсан гэсэн дүн мэдээ гарсан байна. Энэ нь ямархуу эрсдэл дагуулж байгааг мэргэжлийн багш нар дүгнэсэн байдаг. Бага ангийн сурагчид гурван ээлжээр хичээллэснээр сургуулиасаа оройтож таран зам, тээврийн осол, эрсдэлд өртөх магадлал өндөр болдог байна. Ийм сургуульд хүүхэд хөгжүүлэх дугуйлан, сонгон хичээллүүлэх боломжгүй, хоцрогдолтой сурагчтай ажиллах цаг бага зэргээр сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байгааг тэд судлан онцолжээ. Үүнээс гадна гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг муу, камергүйгээс хүүхэд сургуулийн орчноос алга болох, хулгайд алдагдах үзэгдэл мэр сэр гарах болсон, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч байхгүй нь хүүхдүүдийг эрсдэлд оруулж “Сургууль бол аюулгүй бүс” гэх ойлголтоос алд дэлэм зөрүү байдгийг ч тэд сануулжээ.
НҮБ-ын Гамшгийн Эрсдэлийг Бууруулах газраас сургуулийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дэлхий нийтэд “Цогц аюулгүй сургууль” санаачилгыг хэрэгжүүлэхийг уриалаад байгаа билээ. Энэхүү санаачилгыг Монгол Улсад хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийг Ивээх Сан хамтран ажиллаж байна. Цогц аюулгүй сургуулийн үзэл баримтлал нь боловсролын салбарт учирч болох бүхий л аюул, эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг тодорхойлдог байна. Зорилго нь нэгдүгээрт, сургуулийн барилга, байгууламжийн аюулгүй байдал буюу сурагчид, багш, ажилчид сургууль дээрээ амь насаа алдах, гэмтэж бэртэх, аюулд өртөхөөс хамгаалах. Хоёрдугаарт, сургуулийн гамшгийн менежмент буюу учирч болзошгүй аюулын үед сургуулийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах төлөвлөлт хийх. Гуравдугаарт, боловсролоор дамжуулж эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах чадавхийг бэхжүүлэх, аюулгүй амьдрах соёл, зан үйлийг төлөвшүүлэх боловсрол зэргийг багтаадаг аж. Цогц аюулгүй сургууль үзэл баримтлал нь дэлхий дахины гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж буй “2015-2030 онд хэрэгжүүлэх Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичигт тусгалаа олон хэрэгжиж байгаагаараа онцлог гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь дэлхийн 187 орон хүлээн зөвшөөрч баталсан уг баримт бичгийн тэргүүлэх долоон зорилтын дөрөвдүгээрт “Гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулж 2030 он гэхэд гамшгийн улмаас нэн чухал дэд бүтэц, суурь үйлчилгээ түүний дотор боловсрол, эрүүл мэндийн байгууллагад учрах хохирлыг бодитой бууруулах” гэж заасан нь аливаа улс орны нэн тэргүүнд анхаарах зорилтыг тодорхой болгож өгсөн юм. Энэ баримт бичгийг батлалцсан явдал нь Монгол Улс дэлхий нийтийн өмнө боловсролын салбарын гамшгийн эрсдэлийг бууруулах, сургуулийн аюулгүй байдлыг хангах талаар албан ёсоор тодорхой үүрэг хүлээснийг илтгэдэг.
Дээр дурдсансанчлан манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд энэ чиглэлд бодлого, зорилго, төсвөө нэгтгэн сэтгэл шулуудан ажиллаж, тодорхой үр дүнд хүрч эхэлсэн байна. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн Зөн ОУБ, Хүүхдийн Ивээх Сангаас Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамтай зөвшилцөн хамтран хэрэгжүүлсэн “Сургуулийн цогц аюулгүй байдал” төслийн хүрээнд сургуулийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь цогц байдлаар судалж гаргасан байна. Түүнээс гадна төсөлд хамрагдсан зургаан сургууль дээр багш, ажилтан, эцэг эх, хүүхэд, олон нийтэд чиглэгдсэн сургалт, дадлага сургуулилтыг шат дараалалтай хийж шаардлагатай техникийн дэмжлэг, туслалцааг үзүүлж байна.
Эдгээр байгууллага үйл ажиллагаагаа цаашид эрчимжүүлэх шалтгаан нь тодорхой юм. Монгол Улсад байгалийн элдэв гамшигт үзэгдэл, ган зуд, цөлжилт, хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы улмаас сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж нурж унаагүй ч барилгын насжилт, элэгдлийн байдлаараа нурж унахад бэлэн олон сургууль үйл ажиллагаа явуулсаар байгааг бид мартаж хэрхэвч болохгүй. Түүнчлэн, даяаршсан өнөөгийн нийгмийн хамгийн чухал зорилт болох хүүхдийн сэтгэлзүйг эрүүл, айдасгүй орчинд хөгжүүлэх, өсгөн тэтгэх асуудал ч Монгол Улсад хангалттай үнэлгээ аваагүй явааг санах хэрэгтэй. Хүүхдийн сурах, хөгжих эрхээ хамгаалуулах төгс шийдэл нь “Цогц аюулгүй сургууль” мөн тул боловсролын салбарын стратеги, төлөвлөгөөнд гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг тусгаж ажиллах нь нэн чухал болохыг тэмдэглэж байна. Ингэхдээ боловсролын аливаа бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөнд боловсролын салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах тухай агуулгыг ерөнхийлөн тусгах биш харин эрсдэлийн үнэлгээ болон гамшиг, уур амьсгалтай холбоотой эрсдэлийг даван туулах үед бүрэн хэрэгждэг онцгой байдлын үе дэх боловсролын үйлчилгээний талаарх үзэл баримтлал дээр суурилсан гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох цогц стратегийг агуулсан байхыг зөвлөжээ. Энэхүү цогц стратеги нь боловсролын салбарын албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, олон нийт болон хүүхдүүдийн оролцоог дэмжих, сургалтын материалын агуулга болон сургалтын хэрэглэгдэхүүний талаарх зөвлөмж, сургуулийн барилгын стандарт, болон ус хангамж ариун цэвэр, хүүхэд хамгаалал зэрэг бусад салбартай холбогдох уялдаа холбоо зэрэг асуудлыг тусгасан байх хэрэгтэй бөгөөд хэрэгжилтэд нь жил бүр хяналт шинжилгээ хийж, үр дүнд тулгуурлан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөдөг байхыг онцолж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин