Л.Доржсамбуу: Мал эмнэлгийн албаны өнөөгийн бүтэц, зохион байгуулалтыг ойлгох арга алга

2014-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭРЭННАДМИД

Малын гавьяат эмч Лувсангийн Доржсамбуу гэдэг эрхэмтэй уулзаж ярилцахуйд энэ хүн Монголын бэлчээрийн мал аж ахуй түүний өнөөгийн хөгжлийн явц хийгээд мал эмнэлгийн албаны тогтолцоо ямар байх нь зүйтэй талаар ихийг бодож санаж явдаг нь мэдрэгдлээ. Улсын мал эмнэлгийн албаны Ерөнхий газрын дарга, Биокомбинат ТӨҮГ-ын захирал болон Дорнод, Баянхонгор аймагт төр, захиргааны удирдах алба хашиж явсан хүн. Одоо “Агро Эх” компанийн захирал юм. Түүнтэй ярилцлаа.

-Та нэг томоохон захидал бичиж дээш нь илгээсэн дуулдсан. Захидлынхаа үндсэн чиглэлийг хэлнэ үү. Эндээс ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

-Гурав дөрвөн бүлэг асуудлыг дэвшүүлсэн захидал л даа. Түүнийгээ УИХ-ын эрхэм гишүүд болон ХАА-д сэтгэлтэй бүх хүнд гэж хаягласан юм.

Гол утга санаа нь ХАА бол амьд нэгэн бодьгал учраас түүнд зөвхөн нийгмийн хууль биш амьд байгалийн өөрийн нь жам ёс илүүтэй үйлчилдэг гэсэн үндэслэлийг ойлгуулахыг хичээсэн юм. Шинэ юм нь гэвэл төрийн бодлогын хэмжээнд урьд нь тавигдаж байгаагүй, монгол хэлний санд эрээд олдохгүй “Бай­галийн мал аж ахуй” гэдэг нэршлийг гарган тавьж өөрийн үзэл баримтлалаа дэвшүүлснээрээ дэлхийн төв нь Монгол улс байх учиртай гэсэн санаа.

-Яагаад та заавал “Байгалийн мал аж ахуй” гэсэн нэр томъёо гаргаж ирсэн юм бэ?

-Дэлхийд эдүгээ үйлдвэржсэн, байгалийн гэсэн хэв шинжийн мал аж ахуйн тогтолцоо зэрэгцэн оршиж байна. Энэ хоёр хэв шинжийг харьцуулж үзвэл аль алинд нь давуу бас сул тал байгаа юм.

Үйлдвэржсэн аж ахуйгаас байгаль орчин хүн амьтны эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөлөл их байдаг. Эрчимжүүлэлтийн чухал элементүүд болох химийн бордоо гербицид, пестицидийн өргөн хэрэглээ, ажлын байрны техникжилт зэрэг ололт нь мал аж ахуйг хөтлөх хэв шинжийг эргэн харахаас өөр замгүй болгож байна. Ганц жишээ дурдахад байгалийн биш таримал бэлчээр ашиглавал экологийн цэвэр бүтээгдэхүүн гарган авах боломжгүй нь тодорхой юм л даа. Гэтэл монголчууд бид хөдөө аж ахуйн хөгжлийн талын асуудалд дэндүү тоомжиргүй хандаж ирлээ. Тэгвэл шинэ мянганы ХАА-н хөгжлийн байгалийн гэсэн чиглэл зайлшгүй болоод байна. Иймээс л би байгалийн гэх тодотгол дэвшүүлсэн юм даа.

-За тийм байж. Тэгвэл Монгол Улсаа байгалийн мал аж ахуйн дэлхийн төв болгох үзэл баримтлал-хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх боломж манайд бий гэсэн үг үү?

-Энэ бол бидний хамгийн сайн хийж чадах ажил. ХАА-д шинэчлэл хийе гэж зорьж байгаа бол Засгийн газар энэ чиглэлээр томоохон ажил эхлүүлбэл олны дэмжлэг хүлээнээ. Рио-де-Жанейрогийн тунхаглал, ногоон хөгжил энэ тэр гэж яриад байгаа чинь байгалийн мал аж ахуйг хөгжүүлэх эхлэл юм. Малынхаа мах, сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур зэрэгт байгалийн гэх үндсэн шалгуурыг бий болгож зарим хэсгийг олон улсын байгууллагаар баталгаажуулах учиртай. Тэгснээр эрүүл, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орон болно.

-Та Монголд үйлдвэржсэн аж ахуй, фермер хөгжүүлэх хэрэггүй гэх гээд байгаа юм уу?

-Үгүй ээ. Хот суурин түшиглэсэн тодорхой тооны ферм байх ёстой. Одоогоос 20 гаруй жилийн өмнө манайд чинь 400, 800, 1200 үнээний иж бүрэн 33 том цогцолбор ажиллаж олон арван сая литр сүү үйлдвэрлэн Улаанбаатар болон Эрдэнэт, Дарханы хүн амын хэрэгцээг хангаж байсан бэлэн туршлага бий.

-Өнөөгийн төр, засгийн шийдвэр зарим баримт бичиг мал аж ахуйг эрчимжүүлье гэсэн үг үсэгтэй байдаг. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа бүдүүлэг, хоцрогдонгуйгаар хөгжиж байна гэх хүн ч тааралддаг. Энэ талаар таны бодол?

-Монголчуудын нэлээд нь бэлчээрийн  мал аж ахуйг байгалийн бүтээл гэсэн язгуур утгаар нь ойлгож чадахгүй байгаа нь харамсалтай санагддаг. Тиймээс улстөрчид “эрчимжүүлэлт” гэсэн үг хэлэхдээ их дуртай болж. Энэ нь аж ахуйн эрчимжүүлэлт гэсэн том ойлголтыг ердөө л мал амьтны эрлийзжүүлгийн ажилтай адилтган өнгөц ойлголтоос салж чадахгүй байгаа нь харамсалтай юм.

Миний хэлээд байгаа байгалийн мал аж ахуйд эрчимжүүлэлтийн тухай ойлголт байх ёсгүй. Эрчимжүүлье гэж алдсан гашуун туршлага ч бий шүү дээ.

-Эрчимжүүлсэн юм яагаад алдаа болдог билээ?

-1960-аад оны эхээр хөнгөн үйлдвэрүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх бодлогын хүрээнд гадаадаас мериное, цыгай мэт үүлдрийн хуц авчирч хавтгайруулсан үржүүлэг хийсэн байдаг. Хонины ноосыг нарийн болгох талын үр дүн гарсан л байх. Гэтэл мал амьтан, хүн амын нэг хэсэг нь бруцелёз хэмээх ужиг өвчинд нэрвэгдсэн. Уг зовлон одоо ч үргэлжилж байгаа. Мөн 1980-аад онд “Хар тарлан” гэдэг сүүний үнээг зүүн европоос мал эмнэлгийн хяналтгүй оруулснаас мал амьтны биеийн дархлааг бууруулдаг лейкоз гэдэг өвчин тархсан. Одоо араб азаргаар монгол адууны генийг устгах ажлыг хэсэг нөхөд хийгээд эхэлчихсэн. Бас сүүлийн үед гадаадаас эрүүл өвчтэй нь тодорхой бус олон тооны үхрийг улсын төсвийн мөнгөөр худалдан авч тараасан. Үүнийхээ үр дүнг огт мэдээлдэггүй.

ҮХААЯ-наас гойд ашиг шимт малын гүн хөлдөөсөн үр худалдан авах ажил санаачилж 3.2 сая ам.доллар гаргаж байгаа дуулдсан.  Энэ ер нь яамны  ажил мөн үү. Ингэснээр цэвэр монгол малтай байх боломж алдагдаж байна.

-Таны алдаа гэж хэлээд байгаа тэр эрчимжүүлэлтийг чинь малын чанарыг сайжруулж байна гэсэн тайлбар дагалддаг юм билээ шүү дээ?

-Алив юмс үзэгдлийг өнгөц хялбархнаар бодож үзвэл юм бүхэн мэдээжийн юм шиг санагдах байх. Жишээ нь малын чанар гэсэн гарчиг харсан хэн нэгэн ийм юмыг мэдэлгүй дээ гэж болно. ХАА-н мэргэжилтэн бидний дунд ч ойлголтын зөрүү бий. Ном, сурах бичиг болон Засгийн газар яамнаас гаргасан хөтөлбөр, зааварт үүлдэрлэг байдал, ашиг шим гэсэн хоёр зүйлийг малын чанар гэсэн ойлголтод хамаатуулсан байдаг. Тэгээд тэр чигт мөнгө цацаж зарж байна. Олон арван жил ингэж явж ирлээ шүү дээ. Энэ ухаанаар бол франц үхэр сүү их өгдөг тиймээс чанартай, Хэнтий, Дорнодын нутгийн үхэр сүү нь бага үүлдрийн биш учраас чанаргүй гэж ярих болж байгаа юм. Тэгээд чи юу хэлэх гээв гэвэл монгол малчны хотонд араб азарга, франц ямаа, америк хонь, хятад үхэр байж таарахгүй. Монгол малын цусыг цэврээр нь байлгая гэж байна л даа.

-Монголд өөрийн шилмэл үүлдрийн мал зөндөө л бий дээ?

-Тиймээ. Цэвэр монгол цусны мал одоохондоо байнаа. Хөр цасан дээр өвөлжиж чаддаг баяд хонь, аль ч бүс нутагших боломжтой. Олон аймаг суманд дэлхийд ховор сайн чанарын ноолууртай ямаа байна. Хэдий тоо нь цөөн ч гэлээ махны чиглэлийн сэлэнгэ үүлдрийн үхэр байдаг. Монгол тэмээ, их хаадын сүрэг гэгдэж байсан адуу одоохондоо цэвэр цустай байна.

-Таны хэлсэн жишээнүүдийг эрүүл малын тухай ойлголт гэж үзэх нь зөв үү?

-Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл, хүн эрүүл бол улс хотлоороо жаргалтай гэсэн үг бий. Нөгөө байгалийн мал аж ахуй гэсэн үзэл баримтлал хэрэгжих хамгийн гол нөхцөл нь Монгол Улсад мал амьтан хэзээ ч эрүүл байх явдал. Байгаль орчноо бэлчээрээ бохирдуулахгүй байж чадвал мал эрүүл байх үндэс бүрдэнэ.

-Монгол Улсад мал эмнэлгийн тогтолцоог хувьчлал нэрээр үгүй хийсэн. Дараа нь мал эмнэлэг, үржлийн газар гэдэг төрийн мэдлийн газар бий болгосон ч үйл ажил нь муу байна гэдэг. Энэ талаар таны санаа бодлыг сонсмоор байна?

-Мал амьтан эрүүл байхын баталгааг үндэсний мал эмнэлгийн алба хариуцах ёстой. Гэтэл мал эмнэлгийн албаны одоогийн бүтэц ерөнхий тогтолцоо их гажуудчихсан. Улс төрийн нөлөөнөөс болоод мал эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа хэт суларч хөдөөд мэргэжилтний хангамж ч байхгүй болсон. Хамгийн гол нь бодлогын хувьд ҮХААЯ мэргэжлийн хяналт, агентлаг гэсэн гурван тулгуурт тогтолцоог халж Улсын мал эмнэлгийг “нэг толгойтой” болгох шаардлагатай байна. Аймгуудад олон жилийн түүхэн уламжлалт үйл ажиллагаа нь тогтворжсон мал эмнэлгийн албыг жижиг дунд үйлдвэрийн газрын харъяанд өгч санхүүгийн эрх мэдлийг хассанаар орон нутагт мал эрүүлжүүлэх мэргэжлийн удирдлага гэдэг юм устсан гэж болно. Тиймээс мал эмнэлгийн албаны одоогийн зохион байгуулалт, бүтэцийг ойлгох арга алга.

Үүний уршгаар мал эрүүлжүүлэх ажил зогсонги болж мал сүрэг элдэв өвчинд “дарлуулсаар” байгаа юм. Уг нь Монголын үндэсний мал эмнэлгийн алба чинь дэлхийн мал эмнэлгийн байгууллагын том сүлжээний идэвхитэй гишүүн юм шүү дээ. Албаны дарга нь эх орноо төлөөлж олон улсын худалдааг хөнгөвчлөх болон нийгмийн эрүүл мэндийн олон талт үйл ажиллагаанд оролцож байх учиртай. Тэгвэл энэ үүрэг, хариуцлага улс төрийн бодлогоос болоод алдагдсан. Иймээс мал эмнэлгийн мартагдсан тогтолцоог сэргээе гэдэг нь туйлын чухал гэж дэмжиж байна.

-Сүүлийн жилүүдэд малын төрөл бүрийн өвчин, тэр дотор гоц халдварт өвчнүүд элбэгшээд байгаа нь юутай холбоотой вэ?

-Энэ чинь бас л мэргэжлийн хяналтын албаны тогтолцоог бу­руу­­дуулсны гай юм. Хяналтын албыг мэр­гэжлийн байгуул­ла­­гаас нь салгасан нь алдаа. Хилийн хяналт гэж ч байхгүй болж. Тий­мээс тэр хяналтгүй хэс­гээр өвчин орж ирээд байна. Замын-Үүд, Алтан­булагийн боомтод 2-3 байцаагч суурин суугаад яаж халдварыг хянах юм бэ.

-Биокомбинатад олон өвчний вакциныг үйлдвэрлэдэг. Гэтэл яагаад шүлхийхийг үйлдвэрлэдэггүй юм бэ. Шүлхийн вакциныг Монголд үйлдвэрлэх боломжгүй гэх хүн ч байх шиг?

-Шүлхийн вакциныг хий­хэд болохгүй юм байхгүй л дээ. Намайг тэнд ажиллаж байх үед шүлхий гардаггүй байсан. Тиймээс   хэрэглэгчгүйгээс болоод үйлдвэрлэдэггүй байлаа. Одоо бол жил бүр шүлхий дэгдэж асар их өмч хөрөнгө үрж байна. Сая гэхэд гурван аймгийн 12 суманд гарсан шүлхийг дарах гэж Засгийн газрын нөөц сангаас 5.8 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэжээ. Бас асар их мөнгө баталгаатай эсэх нь үл мэдэгдэх вакцин, ариутгалын бодис авлаа гэсэн. Үүний оронд вакцины үйлдвэртэй болох нь их хямд тусна даа. Монголд шүлхий вакцин хийх боломжгүй гэж хэлдэг хүмүүсийн хувьд цаанаа учиртай байлгүй дээ.

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

9 цаг 3 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

9 цаг 5 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

12 цаг 22 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

15 цаг 6 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

15 цаг 15 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

20 цаг 15 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

20 цаг 15 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

20 цаг 15 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

20 цаг 15 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

20 цаг 15 мин