
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр : Монголын урт хугацааны хөгжил болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гэрээг цуцлах ёстой
- “Оюутолгой”-н гэрээ нь Монголын ард түмний эрх ашигт ноцтой хохирол учруулсан гэрээ юм. Иймд яаралтай цуцалж, шинэ гэрээ байгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж ажлын хэсэг байгуулсан юм. Үүнд хууль эрх зүй, хөрөнгө оруулагч, дэд бүтцийн хөгжил, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл талаараа зөв, бурууг дүгнэлт гаргах дэд хэсгүүдийг байгуулсан. Дэд хэсгүүдэд МАХН, МНН, ИЗНН, МҮАН гэсэн дөрвөн намын төлөөлөгчид болон зарим иргэний хөдөлгөөний гишүүн ажилласан. Ийнхүү ажлын хэсэг маргааш /06.23/ дүгнэлтээ танилцуулсан байх ёстой. Дүгнэлтээ танилцуулахаас өмнө дэд хэсгүүдэд ажилласан бид том ажлын хэсэгт өөрийн байр суурийг илэрхийлэх нь зүйтэй хэмээн үзэж байр сууриа илэрхийлж байна. “Оюутолгой”-н гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн, нийгэм эдийн засгийн талаас Монгол Улсын ард түмний эрх ашигт хохирол учруулсан, Монгол Улсын урт хугацааны хөгжил болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гэрээ юм. Иймд бид энэ гэрээг цуцлах хэрэгтэй, бид ямар аргаар цуцлах тодорхой байр сууриа илэрхийлсэн.
Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг: “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт эхний 40 жилд нөхөгдөх эсэх нь тодорхойгүй
-УИХ-ын 27 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын дэд хэсгүүдийн нэг хэсэгт миний бие санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой баримтуудыг үзэж, гэрээний хэрэгжилтийг шалгаж ажилласан. Үүнээс харахад 2009 онд байгуулагдсан гэрээ, түүний дараа байгуулагдсан Дубайн гэрээний санхүүжилт, бүтээн байгуулалтын төлөвлөгөө,баримт бичгийн хүрээнд зардлын хэмжээ үндэслэлгүйгээр маш их өссөн. 2010 оны Дээд шүүхээс тэс өөр гадны хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр дахин өссөнөөр Монголчуудын төсөөлж байсан ноогдол ашиг авах хугацаа тодорхойгүй болсон. Ажлын хэсгийн хиисэн судалгаанас үзэхэд ноогдол ашиг бараг авахгүй юм байна. 2009 онд ОУВС-аас талхыг зүсээд, талхны 71 хувь нь Монголын ард түмэнд, 29 хувь нь гадны хөрөнгө оруулагчид очно гэсэн сурталчилгаа хийж байсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ 70,80, түүнээс ч илүү хувь нь гадны хөрөнгө оруулагчдад ноогдож байна. Алтны нөөцөөр эхний тав, зэсийн нөөцөөр эхний гуравт орох, Асгатын мөнгөний ордноос найм дахин, “Эрдэнэт”-ийн ордоос тав дахин том орд энэ чухал асуудалд хайнга хандаж болохгүй юм. Бид “Оюутолгой” ордын асуудлыг авч үзэхдээ “Эрдэнэт”-д хийсэн анхны хөрөнгө оруулалт хэзээ мөхсөн, хэзээ ашиглаж эхэлснийг давхар судалсан юм. Зарим эрх бүхий хүмүүсийн зүгээс “Эрдэнэт” бол хамгийн алдагдалтай, учир утгагүй гэрээ байсан мэтээр ярьдаг. Гэтэл бодит байдал дээр Эрдэнэтэд оруулсан анхны хөрөнгө оруулалт 12 жилийн дотор нөхөгдсөн байдаг. Харин “Оюутолгой”-н анхны хөрөнгө оруулалт эхний 40 жилд нөхөгдөх эсэх нь тодорхойгүй байна. Иймээс энэ гэрээг яаралтай цуцалж, ард түмнээсээ асууж шийдэхгүй бол цаашдаа зөвхөн нэг “Оюутолгой” биш олон “Оюутолгой”-г алдах аюултай. Иймд ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай” гэв.
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Ажлын хэсгийн дүгнэлтээс иж бүрэн дүгнэлт хийж боломжгүй
-“Оюутолгой”-н гэрээ бол Монголын уул, уурхайн салбарт хийсан хамгийн том хөрөнгө оруулалт юм. Тэр утгаараа дараа дараагийн уул, уурхайн жишиг болох гэрээ юм. Гэтэл энэ гэрээ Монгол улсад ямар ч ашиггүй, улам өрөнд оруулсан. Хөрөнгө оруулна гэж байсан хүмүүс хөрөнгө оруулах нэрийдлээр 66 хувийг үнэгүй авсан мөртлөө янзын бүрийн байдлаар хөрөнгө завшсан. Иймд ноогдол ашиг авах гэсэн асуудал огт байхгүй. Харин эцэст нь бүх баялагаа ухуулж, өртэй үлдэх эрсдэл тулгарч байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлтээс иж бүрэн дүгнэлт хийж боломжгүй байна. Яагаад гэвэл энэ компаний гол баримтууд энд огт байдаггүй, гадны улсад байдаг. Ажлын хэсгийн зүгээс үүнийг шаардаж хүсэлт өгөхөөр явуулдаггүй.
МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: Оюутолгойн гэрээг ард түмний мэдэлд авах ёстой
-Бидний хэлэх гэсэн гол зүйл бол Монголын ард түмний зүгээс ямар ч мэдэлгүй болчихсон Оюутолгойн гэрээг буцаан байх ёс байранд ард түмний мэдэлд авч ирэх юм. Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна гэж заасан байдаг. Үүнийг бий болгохын төлөө ард түмэн даяар Оюутолгойн гэрээг санал асуулга явуулан,асуухаас өөр аргагүй болсныг бид мэдэгдэж байна.
Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч: Гэрээг сайжруулах үндэслэл байхгүй
-Намууд гэрээ луйврынх болсон гэдэг дээр санал нэг байна. Сар хагасын өмнө намууд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн асуудлуудыг дэвшүүлж таамаглах хэлбэрээр ярьж байсан бол өнөөдөр ажлын хэсэгт орж ажилласны үр дүнд луйврын гэрээ болсон төдийгүй энэхүү гэрээг зогсоох шаардлагатай гэсэн асуудал дээр санал нэгдсэн. Гэрээг сайжруулах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан хэсэг хүмүүс байхгүй болсон учраас сайжруулах вэ. Тэгэхээр энэхүү гэрээ зогсох ёстой. Гэрээг зогсоох хэд хэдэн аргачлал байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулагч ирсэн, мөн Авсралийн Ногоон намын олон улсын эксперт ирж ажилласан. Олон улсад тогтсон нэг тогтолцоо бий. Монголоос гарч байгаа бараа бүтээгдэхүүн дотоодын банкаар дамжих ёстой. Гэтэл Монголын ард түмний бараа бүтээгдэхүүнийг гадаадад зарчихаад тэр мөнгө Монголд орж ирэхгүй байхад та бүхэнд нар юу мэдэж татвар авч байгаа юм бэ.Ямар гэнэн хүмүүс вэ гэдгийг гадны эксперт хэлсэн. Ингэж хэлээд байхад УИХ татварын хуульд өөрчлөлт оруулж гадаадад оруулж буй бараа бүтээгдэхүүнээ гадны банкаар явуулна гэсэн асуудлыг Сангийн сайд хэлж байна. Оюутолгойн луйврын гэрээг Монгол Улсын хууль болгох гэсэн оролдлого хийж байна. Оюутолгойн төсөл яваандаа бидний хууль эрх зүйн орчинд нөлөөлөх оролдлого хийгдэж байгаа учраас даруй зогсоох хэрэгтэй. Гэрээг зогсоох асуудлыг хэлэлцэхээр хамгийн том экспэрт хүрэлцэн ирж гэрээ хийгдсэн учир ямар нэгэн өөрчлөлт хийх боломж байхгүй гэдгийг хэллээ. Монголчууд үүний эсрэг юу ч хийж чадаагүй. Арав хүрэхгүй хүмүүс эсэргүүцээд жагсаад л өнгөрсөн. Хэдэн зуун мянгаараа эсэргүүцээд жагсах ёстой байсан ч чадсангүй. Байгаль орчны асуудал бас хөндөгдөнө. Хэсэгхэн газар мод тарьчихаад үүнийгээ их том зүйл хийсэн мэтээр ярьж байна. Гэтэл усны нөөц маш хурдацтайгаар багассан. Оюутолгойн төсөл хэрэгжсэнээс хойш зургаан метр гүний ус доошилсон. Энэ нь 6050 миллиметр хэмжээний ус зарцуулсан гэсэн үг. Дахиад 10 жил энэ хэвээрээ байвал газрын гүнээс ус гарахгүй. Оюутолгой ердөө л 10 жилийн настай төсөл шүү дээ. Нарийвчилсан аудитын хөндлөнгийн тайлангаа танилцуулахыг миний бие Оюутолгойгоос шаардсан. Өнөөг хүртэл энэ тайлангаа танилцуулахгүй нууж байна. Төрийн байгууллагатай нууцлалын гэрээ байгуулчихаад луйврын гэрээ болгон хувиргаж байгаа учир энэ гэрээг зогсоохын төлөө бусад намуудтай хамтран ажиллахаа илэрхийлж байна.
Эх сурвалж: www.polit.mn