
Д.БОЛОР
УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганаар баталсан хуулийн төсөл болон бусад цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулганы хугацаанд баталж амжаагүй, хаврын чуулганы эхэнд хэлэлцэх онцлох ямар төслүүд байна вэ?
-Хамгийн түрүүнд 2014 оны төсвийн тодотгол орно. Авлигажсан төсвийн барилгуудыг аудитын шалгалт дуусгавар болж байгаа. Тиймээс гуравдугаар сарын 20-нд эхлэх ээлжит бус чуулганы эхний хэлэлцэх асуудал нь аудитын дүгнэлт гарсан 243 барилгын хэдийг нь хэрэгцээгүй гэж үзэн дуудлагаар худалдаалах, хэдийг нь цааш нь үргэлжлүүлэх вэ гэдгийг хэлэлцэнэ. Мөн намрын чуулганаар амжаагүй Газрын тосны хууль, хуулийн байгууллагатай холбоотой төслүүд ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэгдэнэ. Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж чадаагүй намрын чуулганыг завсарлуулсан. Тэгэхээр ээлжит бус чуулганаар хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална.
-Өнгөрсөн намрын чуулганаар Монгол Улс хөгжлийн бодлоготой байх талаар хэлэлцэж эхэлсэн ч эцэслээгүй. Хөгжлийн бодлогоо хэзээ тодорхой болох вэ?
-Энэ жилдээ багтааж Хөгжлийн бодлого гаргахаар ажиллаж байна. Хүмүүс Монгол Улсыг хөгжлийн бодлогогүй явж ирсэн гэсэн буруу ойлголттой байдаг. Монгол Улсад хөгжлийн бодлого байдаг ч үүнийгээ зайлшгүй мөрддөг хэсэг нь орхигдсон. Аль ч нам гарч ирсэн мөрдөхгүй байж болох сайн дурын бодлогыг 2008 оны нэгдүгээр сард тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өргөн барьж, батлуулсан. Энэ бодлогыг хэрэгжүүлье гэхээр нэг намын Ерөнхийлөгч өргөн барьсан бодлогыг бид хэрэгжүүлэхгүй гэж Ардчилсан намынхан хэлээд байгаа. Олон намын төлөөлөл байдаг учраас УИХ-аас боловсруулахаар болсон. Бүгд хэлэлцэн баталсан учраас хүн болгон мөрдөх ёстой. Эсэргүүцэлтэй тулгарахгүй гэж ойлгож болно. Хөгжлийн бодлоготой Засгийн газрын мөрийн хөтөлбөр заавал нийцэх ёстой, энэ бодлогоо дөрвөн жил өөрчлөхгүй байх үүднээс УИХ дахь гишүүдийн нь дэмжсэн байхаар хуульчилж байгаа. Мэдээж ялсан намын хувьд бага зэрэг хөдлөх эрх өгөх бөгөөд үндсэн зарчмаа баримтална.
-Хөгжлийн бодлогын хугацааны хувьд ямар зохицуулалт хийсэн бэ?
-Дунд болон урт хугацааны гэж заасан. Одоогийн мөрдөж байгаа хуулиар дунд хугацааны гэдэг нь 5-10 жил ч юм уу, урт хугацааных нь 30 жил гэдэг ч юм уу зохицуулалт хийнэ. Сонгуульд ялсан нэг төрийн бодлогыг өөрчилдөггүй, ямар нам ялснаас үл хамааран Монгол Улсын хөгжлийн бодлогыг баримтлан хэрэгжүүлдэг болно.
-Хөрөнгө оруулалтын хуулийг намрын чуулганаар баталсан. Энэ хуулийн хамгийн чухал бодитой, шийдэмгий алхам нь юу вэ?
-Хөрөнгө оруулалтын хуучин хуулинд гэрээ байгуулах гэж таван жил явдаг байсан бол шинэ хуулиар нэг сарын хугацаанд гэрээ байгуулна. Ямар нэг сайд гарын үсэг зурахгүй. Тэр компанийн хөрөнгө оруулалтын хэмжээ их байх тусам татварын тогтворжилтын хугацаа их, бага байвал бага байна. Ямар нэг хүний үзэмжээс хамаарахгүй УБЕГ-т очоод хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг өгөөд, бүртгэлийн газар шалгаад гэрчилгээг нь гаргаж өгөх гэх мэт хялбаршуулсан хуулийн төсөл гэж ойлгож болно.
-Засгийн газраас импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 1150 төсөл хүлээн авч, шалгаруулалт нь явагдаж байна. Ер нь импортыг орлох чадамж Монгол Улсад байгаа юу, УИХ-аас бодлогын хүрээнд ямар шийдэлд хүрэх нь зүйтэй вэ?
-Манай улсын экспортолдог бүтээгдэхүүн маш цөөн. Ихэнх эрдэс, түүхий эд боловсруулаагүй гарч байгаа. Экспортыг дэмжинэ гэдэг нь боловсруулаагүй түүхий эдийг боловсруулахаас л эхлэх ёстой. Нүүрс түүхийгээр биш кокс болгоод гаргах төслүүдийг дэмжинэ. Мөн ноолуур байна. Бид дэлхийн хоёр дахь том ноолуурын экспортлогч, ноолуурын 30 хувийн экспортолдог байж 30 хувийн ноолууран бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна. Тэгэхээр манай бүх ноолуур бэлэн бүтээгдэхүүн болох нь маш том экспорт, нөгөө талаар тогтвортой ажлын байр бий болгох талтай. Юунд тулгуурлаж экспортлох вэ гэдэг бодлого чухал. Мөн ноолуурын бодлогыг Засгийн газраас боловсруулж УИХ батлана.
-Одоо байгаа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байгаа нөхцөлд яах ёстой вэ. Тухайлбал, өнөөдөр нүүрсээ борлуулж чадахгүй байдалд хүрээд байна?
-Одоогийнх шиг түүхий нүүрс зараад байвал эрсдэлтэй гэдгийг бидэнд бодит байдал харууллаа. Түүхий нүүрсний үнэ буурахаар компаниуд нь хаалгаа барих жишээтэй. Түүхий нүүрсний үнээс үл хамаардаг коксыг экспортлох хэрэгтэй. Коксыг олон жилээр худалдаж авдаг, 3-4 дахин илүү үнээр зардаг, зах зээлээ 30 жилээр гэрээлдэг. Ийм бүтээгдэхүүн экспортлох зам руу орох ёстой. Ер нь бол хоёр жилийн дараа төмөр замууд ашиглалтад орж, үүнтэй зэрэгцэж Сайншандын коксны үйлдвэр, ширэмний үйлдвэрүүд ашиглалтад орвол эрдэс түүхий эдийн үнийн бууралтаас шалтгаалсан эрсдэлгүй болно.
-Аливаа улс орон үндэсний томоохон компаниудыг бий болгох замаар хөгждөг. Үндэсний компаниудыг бий болгож, дэлхийд танигдах тал дээр УИХ ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Монголын нүүрс экспортлогчдыг төлөөлж Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Тавантолгой ХК-ууд Хятадын Шинхуа Энержи компанитай нэг тэрбум хүртэл тонн нүүрс нийлүүлэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр урт хугацаанд Тавантолгойн бүлэг ордоос олборлох нүүрсийг тээвэр ложистикийн болон зах зээлийн өргөн боломж бүхий түнштэй хамтран борлуулах аятай нөхцөл бүрдэж байна. Энэ нь зөвхөн нэг компанийн бус улсын ажил болоод байна.
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдсэнтэй холбоотойгоор олон хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Эдгээр хуулийг шинэчилж дууссан уу?
-Тухайн хууль өөрчлөгдөхөд үндэсний аюулгүй байдлын зарчмыг л баримтлана. Түүнээс нэг өдөр кампанит ажил хийгээд өөрчлөөд явахгүй. Одоо өргөн барьж буй бүх хуулийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж байна уу гэдгийг шалгадаг. Үүний эсрэг байх юм бол засдаг.
-Үндсэн хууль, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх эсэхийг судлах ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Хэр ахицтай байгаа бол?
-Гурван ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажил нь хамгийн удаан явж байгаа нь Үндсэн хуулийн ажлын хэсэг байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч Л.Цог даргаас үл хамаарах шалтгаанаар ажил удааширсан. Сонгуулийн тухай хуулийн ажил хурдтай байгаа. Болж өгвөл намар баталчих бодолтой байна. Улс төрийн намуудын тухай хуулийн хүрээнд ярихад дэлхий дээр намын санхүүжилтийн хоёр системийг нийлүүлсэн гурав дахь систем бий. 100 хувь төрөөс хамааралгүй хандивын мөнгөн дээр тогтдог АНУ-ын систем байхад төрөөс ихэнх хувийг нь гаргадаг Европ буюу Германы систем байна. Манайх болохоор холимог юм. Санал өгсөн хүмүүсийн санал бүрийг 1000 төгрөгөөр үнэлээд сонгуулийн дараа нэг удаа мөнгө авдаг. АН 500 мянган хүний санал авлаа гэхэд таван тэрбум төгрөг авна гэсэн үг. Сонгогдсон гишүүнийхээ тоогоор тус бүрт нь 10 сая төгрөгийг жил бүр авдаг. 34 гишүүнтэй гэхээр жил бүр 340 сая төгрөг авна. Үүгээр санхүүжилтээ хийж явж байна. Тэгсэн мөртлөө компаниудаас хандив цуглуулж болох бөгөөд аж ахуй нэгж 10 сая, хувь хүн гурван сая төгрөг өгөх эрх нь жилд нэг удаа нээлттэй.
Монгол Улсын онцлог гэж байна. Санхүүжилтийн дийлэнх хэсгийг УИХ-д суудалтай намууд авдаг. УИХ-д суудалгүй намууд үүнд оролцоно гэсэн ойлголт байхгүй. Компаниудаас хандив авахаа болъё. Тэгэхгүй бол УИХ компаниудтай холбоотой шийдвэрийг маш их гаргаж байна. Улс төрийн намууд “Энержи Ресурс”-ээс хандив авч тэдэнд таарсан шийдвэр гаргаж өгмөөргүй байгаа юм. Компаниудаас авдаг хандивыг улсын төсвөөс нэмж өгөхгүй бол болохгүй байна. Ерөнхийдөө Европын системийг мөрдье гэдэг дээр санал нэгдээд байгаа.
Улс төрийн нам Үндсэн хуулинд заагдсан төрийг байгуулдаг, сонгуульд нэр дэвшүүлдэг үндсэн байгууллага тул санхүүжилтыг төр дааж явах хэрэгтэй. Тэгвэл компаниудаас хараат бус болно.
-Хуулийг УИХ-ын гишүүд өөр өөрийнхөөрөө тайлбарлах боллоо. Энэ зүйлийг яаж засах ёстой юм бол?
-Хууль ямар ч гарсан гэсэн улс төрийн зорилгоор тэгж тайлбарлах зүйл тасрахгүй. Үүнийг багасгахын тулд нэг үгийг нэг утгаар ойлгох ёстой. Хууль ойлгомжгүй бол дэлгэрүүлэх учиртай. Манайхан социализмын үеэс жижигхэн хууль гаргачихаад түүнийгээ дагасан том журам гаргаад явдаг. АНУ, Европын жишээнээс харахад журам нь өөрөө хуультай нэг зузаан ном байдаг. Хуулиа дагаад сурчихсан хүмүүст мөрдөхөд асуудал гардаггүй. Түүнийг нь манайд хэрэгжүүлье гэхээр шилжилтийн үедээ яваа тул таван жилийн хугацаанд хүссэн хүсээгүй харьцаа нь өөрчлөгдчихөөд байгаа юм. Таван жил тутам өөрчлөлт хийгээд явах уу Засгийн газрын журмаар жигдрүүлж байгаад сүүлд нь нэмж хуульчлах уу гэдэг техникийн асуудал байна.
-Ипотекийн зээл гарснаар орон сууцны үнэ буурна гэж байсан. Орон сууцны үнэ хэзээ буурах бол?
-Найман хувийн зээлээс болж байрны үнэ буурахгүй. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа орон сууцны үнээс хамаарч буурна. Бид анх удаа нэг сая 300 мянгыг барьлаа. Ирэх жил нэг сая 400 мянгыг барина. Зах зээлд нийлүүлэгдэх орон сууц нэмэгдэх тусам үнэ бодит хэмжээнд очно. Манай үнэ бодит биш.
-Нийгмийн даатгалын санд хөрөнгө төвлөрч чадаж байгаа юу?
-Улс нийгмийн даатгалын сангийн өрийг өгч чадахгүй байгаа. Одоо хоёр дахь зээлээс ипотекийн зээлээ худалдаж авдаг зах зээлээ дөнгөж нээж байна. Энэ зүгшрэхийн хэрээр улс өрөө үе шаттайгаар төлж дуусгана. Улс үүнийг төлтөл Монголбанк үүнийг таслахгүй байх үүрэгтэй. Жилдээ 200-300 тэрбумыг төлөөд 10-15 жилдээ төлж дуусгая гэдэг төлөвлөгөөтэй байгаа.
-Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөх тухай тогтоолыг 2010 онд батласан. Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх ёстой ч одоо болтол хэрэгжүүлээгүй байна. Засгийн газраас үүргээ биелүүлээгүй тохиолдолд яах ёстой вэ?
-Эрчим хүчний үнэ халаалтын ачаалал буурахаар зах зээлийн горимдоо орох байх. Тэр нь өртөг зардал нэмэх нь ашиг гэдэг зарчмаар явна. УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар нь биелүүлэхгүй бол огцруулах арга байна.
- Засгийн газрын тухай хууль болон УИХ-ын тухай хуулиас болж завсарлага авсан. Хугацааны хувьд маргаан гараад байна. АН-ын зарим гишүүн хууль батлагдсан өдрөөс эхлэн мөрдөх ёстой гэж байсан?
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан өөрийнх нь хуулиар Засгийн газрыг огцруулах тухай хөндөөгүй. Хэлэлцүүлгийн явцад хугацаа өөрчлөгдөх юм бол хориг тавина гэдгээ Ухаалаг төрийн уулзалтын үеэр шууд мэдэгдсэн. Тиймээс хуулийн хугацаа нь 2016 оноороо батлагдах байх.
-Урт нэртэй хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль гэх мэт үр ашиггүй хууль батласнаар болж эдийн засагт хохирол учруулаад байна. Гэтэл эдгээр хуулийг батлуулсан гишүүд нь ямар ч хариуцлага хүлээлгүйгээр дахин сонгогдсон. Хариуцлагын тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ?
-Тухайн гишүүндээ хариуцлага тооцохгүй. Тэр гишүүний санаачилсан хуулийг батласан бол УИХ-тайгаа л ярих ёстой. УИХ олонхийн саналаар шийддэг тул хөрөнгө оруулалтын үргээсэн урт нэртэй хуулиа хүчингүй болгосон. Одоо хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэр барих ажлууд үлдээд байна. Урт нэртэй хууль батласан хуулиа буцааж хэрэгжүүлдгийн нэг тод жишээ байгаа юм. Буцааж хэрэгжүүлэхэд тэр үед ажиллаж байсан уурхайнуудыг хаана, нөхөн олговор өгнө гэж шийдсэн. Гэтэл нөхөн олговор өгдөг мөнгө нь алга. Нөхөн олговорт 430 тэрбум төгрөг нэхэж байна. УИХ тэр 430 тэрбум төгрөг бодитой юу үгүй юу гэдгийг шалгаж байгаа. Тухайн компани алт олборлож эхлэхдээ хэдэн кг алт Монгол банкинд зарсан юм. Байгаль орчноо хэрхэн нөхөн сэргээсэн юм гээд энэ бүгдээс хамаараад мөнгө өгөх үү, үгүй юу гэдгээ шийднэ. Шинэ гарсан урт нэртэй хууль зөвхөн дараагийн компаниудад үйлчилдэг байх юм бол үүн шиг асуудал гарахгүй. Тэгэхээр энэ зарчим дээр тулгуурлан УИХ алдаан дээрээ дүгнэлт хийгээд Газрын тосны тухай хууль дээр хэрэгжүүлж байна. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батласнаар одоо байгаа бүтээгдэхүүн хуваах хэлэлцээрүүд хөндөгдөхгүй. Энэ нь орд газраа дуустал явна гэсэн үг. Шинээр байгуулах бүтээгдэхүүн хуваах хэлэлцээрт шинэ хуулиа хэрэглэнэ гэдэг зарчим үйлчилнэ. УИХ суралцсаар байна. Хууль буцаж үйлчлэх юм бол эдийн засгийг маш их бужигнуулдаг юм байна гэдгийг мэдсэн тул буцаж үйлчлэхгүй байхаар хуулиа гаргаж ир гэдэг сургамжийг авсан.
-МАН-ын гишүүдийг байнгын хороонд олонхийн бүлгийн гишүүдтэй адил оролцуулах ёстой гэсэн хуулийн төсөл яваад байгаа. Уг асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Асуудлыг хэлэлцэж болно. Батлагдах уу, үгүй юу гэдгийг бүлгүүд шийднэ. Хэрэв тэд батална гэвэл батална. Түүнээс шууд ороод батлагдахгүй. УИХ бүрэлдэнгүүт тодорхой хугацааны дараа бүлэгт орох саналаа бичгээр илэрхийлэх үүрэгтэй ч МАН-ынхан энэ үүргээ биелүүлээгүй.
-Парламентыг хоёр танхимтай болгох, ялангуяа эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх асуудал яригдаж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Тийм байх боломжгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын хэлбэрийг өөрчлөх эрхгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг аваад үзэх юм бол Үндсэн хуулийн тэр тэр бүлэгт огт гар хүрч болохгүй гээд хаачихсан байдаг. Тиймээс ажлын хэсэг хоёр танхимын тухай огт яриагүй. Гаргалаа гэхэд хэлэлцэх боломжгүй. Одоогийн засаглалын хэлбэрийг хадгална гэсэн үг.
-УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан ирцээс шалтгаалан нэлээдгүй хойшилсон. Гишүүдийн энэ байдлыг хаврын чуулганаар хэрхэн шийдэх вэ. Үүнийг шийдэхээр хэд хэдэн хуулийн төсөв явж байсан шүү дээ?
-Хурууны хээгээр ирц бүртгэх хуулийн төсөл унасан. С.Бямбацогт өөрөө л хуулиа татаж авсан. Миний зүгээс хуулийн төслөө татаж авсныг нь одоогоор зөвшөөрөөгүй байгаа. Хууль татаж авсныг нь зөвшөөрөх юм бол түүнийг нь орлох зүйлийг оруулж ирсэн тохиолдолд би зөвшөөрнө гээд байгаа юм. Хуулийн төсөл ямар учраас олон нийтэд зарлачихаад, дараа нь татах болсон шалтгааныг С.Бямбацогт гишүүнээс асуух хэрэгтэй. Гишүүдийн ирцийг зарлаж байгаа нь тэднийг ирцэндээ анхаараач гэсэн үг. Хөдөө уулзахаар очиход нь хөдөөний малчин “Чи яагаад хуралдаа суудаггүй юм” гээд асууна. Одоо суудаг болох байлгүй. Хамгийн чухал нь ил тод байдал. Тиймээс гишүүдийн ирцийг зарлачихсан. Үүнд гишүүд дургүй байгаа. Үүнээс өөр алга. Би хуралдаа суу гэж байнга л хэлдэг. Хуралдаа суугаагүй бол одоо сонгогчдоороо л дүнгээ тавиулах хэрэгтэй.
-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг Р.Бурмаа гишүүн ахалж байгаа. 2012 онд жагсаалтаар орсон гишүүд 2016 онд дахин жагсаалтаар орох боломжгүй гэх заалт оруулж байгаа гэсэн үү?
-Үүнийг хуульчилж болно. Хуульчлахгүйгаар намууд өөрсдөө мөрдсөн ч болох юм. Жагсаалтын тухай асуудлыг нам өөрөө шийдсэн нь дээр.
-Сонгуулийн тухай хуульд хариуцлагыг хэрхэн оруулж өгч байгаа бол. Увсын хоёр гишүүн мөнгө тараасан гээд хэл ам дагуулж байсан ч юу ч болсон юмгүй сууж л байна?
-Энэ бол Сонгуулийн ерөнхий хорооны шийдэх асуудал. Сая Солонгосын парламент дөрвөн гишүүнээ татчихлаа. Тэд ямар алдаа гаргасан гэхээр намдаа өгдөг мөнгөний хэмжээгээ хэтрүүлсэн. Жагсаалтад орохын тулд мөнгө өгөх ёстой байсан ч жагсаалтад дээгүүр бичигдэхийн тулд мөнгөө хэтрүүлчихсэн юм билээ. Тэр бол сонгогчдод мөнгө тараагаагүй. Гишүүн болсон хойно нь татаад авчихаж байна гэдэг чинь Солонгосын сонгуулийн хороо сайн ажиллаж байна гэсэн үг. Мөнгө тараасан хүмүүсийг Их хурлаас гаргачих юм бол дараагийн сонгуулиар мөнгө тараах хүн гарахгүй.