
Х.ДАМДИН
Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч
Сайн эд элэгдэх нь удаан, сургаал үг бодогдох нь эрдэм гэдэг шиг өнгөрсөн оны аравдугаар сарын 2-ны дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бичсэн эрдэмтэн мэргэдийн илгээсэн захидлын утга агуулгыг бүрэн дэмжиж, олон хүн үзэл бодлоо ил далд илэрхийлж байсныг дахин сануулмаар санагдлаа. Өнөөг хүртэл төрийн өндөрлөг таг чиг байгаа нь хачирхалтай. Сонин хэвлэлээр дамжиж хариу нь гарах болов уу гэж хүлээсээр нэгэн оныг үдлээ. Соёлын өв, түүхэн дурсгалт хөшөө, барилга байгууламжийг хайрлан хамгаалах гэсэн үндсэн санааг эсэргүүцэж байгаа юм шиг Хотын дарга Э.Бат-Үүл улам гаарч, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож, Сүхбаатарын хөшөөг Монгол Улсын гал голомтын хөшөө болгох яриа дэгдээж, тусгаар тогтнолын талбайг Ардчиллын талбайгаар сольж “урт цагаан” барилгыг нурааж, Монголын алдартнуудын лааны тосон баримлын үзэсгэлэн байгуулах, 1930-аад оны түүхэн барилгын нэг дотоод яамны барилгыг нурааж өндөр сайхан орд барих, хаант оросын дипломатч гэх хэн ч үл таних И.Я.Коростовецийн хөшөө босгох гээд тогтоол шийдвэрийг угсруулан гаргаж, хэнд ч дийлдэхгүй гэснээ батлах гэсэн шиг дур зоргоороо аашилж байна. Эрдэмтдийн илгээсэн захидалд “...түүхийн янз бүрийн цаг үед ард түмний бүтээсэн, барьж босгосон бүхэн хожим хэрхэн үнэлэгдэх нь үл шалтгаалан тэр л цаг үеийнхээ онцлог бодит үнэнийг тусгасан баримт болон үлддэг жамтай” гэснийг Хотын захирагч Э.Бат-Үүл үл тоож, ардын хувьсгалын үед олсон амжилтыг үгүйсгэх, ор мөргүй болгох хорон санаа агуулж түүхэн ач холбогдол, соёл урлагийн бүтээл талаас бодохгүй байгаа нь харамсалтай.
Аль ч улсын хот суурины үүсэж хөгжсөн түүх нүдэнд харагдах баримттай байх нь сонин. Дэлхийн улс орон өөрийн хот суурины үүсэж хөгжсөн түүхийг хадгалж, соёлын үнэт өв болгож үлдээсэн нь олон зуун жилийн асар их зүтгэл, ухааны толь болдог. Чех улсын алтан Прага хотын анхны байгууламж, Италийн түүхэн барилга, Москвагийн буурал Кремль, Энэтхэгийн Таж Махал, Францын Эфелийн цамхаг дэлхийн улс оронд хадгалагдаж, барилга байгууламж, хөшөө дурсгалын сор түүхэн үеийн бахархал болсон. Аливаа зүйл удах тусам үнэд орж, түүхийн чухал баримт болдог. Бид хуучин бүгдийг шинэ болгох гэж цээж өвчтэй болж байгаа нь харамсмаар. Хэдийгээр дэлхийн гайхамшигт тооцогдохгүй ч гэсэн Монгол Улсын түүхийг хэлэх баримт болох чухал хөшөө баримал, барилга байгууламжийг үлдээж, тордож хадгалах нь тэргүүн зэргийн асуудал баймаар. Ер нь Монгол Улс түүхэн үйл явдалтай холбоотой барилга байшин, хөшөөг устгаснаар дэлхийд гайхагдах цорын ганц улс болж магад. Социализмын үед шинэ нийгмийг тогтоон байгуулах нэрийдлээр үзэл сурталд таарахгүй хуучин бүхнийг устгах хэнээрхэлд автаж, шашинтай холбоотой соёл сүм хийдийг устгасан хар толбыг мартах ёсгүй. Гэтэл өнөөдөр тэнэгийн солиорол дахин давтагдах шинжтэй.
Хоцрогдсон ядуу буурай Монгол орныг Монгол Ардын Хувьсгалт нам алдаж оносон их нугачаа дундуур удирдан жолоодож, Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж, улс орныг хөгжүүлж дороо суурьтай, дотроо бодолтой бүтээн байгуулж ирснийг түүх гэрчилнэ. Оросын бодлогыг дагаж олон мянган гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж хороосныг ардчиллынхан дөвийлгөн сүржигнэж “алуурчин нам” хэмээн цоллож, ололттой, өөдтэй бүгдийг үгүйсгэж ард иргэдийн сэтгэлээс социализмтай холбоотой бүхнийг арилгах гэж улайран тэмцэж байна.
Ардын хувьсгалын үед барьж босгосныг ул мөргүй болгох арчаагүй санаархлаа одоогийн төр засаг өөрчлөхгүй бол ард иргэд нүдээ аниад, чихээ бөглөөд, амаа хамхиад суух тэвчээргүй болж байгааг ойлгох цагийн босгон дээр ирээд байна. Түүх бол нийгмийн өөрчлөлтөөр хувирч өөрчлөгддөг улс төрийн “хамелеон” биш гэдгийг ухаармаар юм. Социализмын үед Улаанбаатар хотын баруун хүрээнд байрлаж байсан “Есөн гудамж” хорооллыг шинэчилж өөрчлөхөөр нураах үед киноны уран бүтээлчид Соёлын яам, Засгийн газарт хандаж, хоёр гудамж үлдээх нь хуучин Да хүрээг санагдуулах түүхэн дурсамж болоод зогсохгүй ирээдүйд кино бүтээхэд чухал болохыг дурьдаж захидал илгээсэн боловч нохой хуцсанаас дорд үзэж, трактораар түрж устгаж байсан нь санаанаас гардаггүй юм. Хэрэв тэр хэсэг гудамжийг үлдээсэн бол “Да хүрээ” ямар байсныг таних мэдэх, өнгөрсөн түүхийг санагдуулах маш чухал үзмэр үлдэх байсан. Аливаа зүйлийг эвдэлж устгахад амархан. Эвлүүлж бүтээхэд хэцүү учир одоо төр барьж байгаа удирдлагууд, эрдэмтэн мэргэдийн ухаалаг үгийг сонсож, олон талаас дүгнэн цэгнэж шийдэхээс зөвхөн хувийн болон намын үзэл бодлоор явцуурч, санаандаа хүрэх гэж зүтгэх нь нөхөж боломгүй сүйтгэл болж байна. Монголын нийслэл хотын анхны төрх байдал ямар байгаад өнөөдрийн тэнгэрт цойлсон шилэн барилгатай болсон түүхийг харьцуулан ойлгох боломжгүй болжээ. Социализмын үед манай зарим уран бүтээлчид үндэсний хэв маягтай өвөрмөц барилга байгууламжтай болохыг зорьж уран барилгын сонгодог хэлбэртэй уялдуулж, драмын эрдмийн театр, үйлчилгээний төв, “урт цагаан”, соёлын төв ордон, гэр хэлбэртэй хүүхдийн кафе, хүүхдийн номын худалдаа гээд барилгуудыг барьсан. Энэ нь маш чухал, зөв эхлэл байсан. Ардчиллын дүйвээнээр ихэнхийг хувьчилж устгасан. Одоо ч гэсэн гадаадын хотуудаас ялгарах өвөрмөц шийдэлтэй, жуулчид зочдын нүдийг хужирлаж гайхагдахаар ганц хороололтой болоход хожигдоогүй. Өндөр сайхан барилгатай болсноор Улаанбаатар орчин үеийн сайхан хот болж чадаагүй. Авлигад нүд нь улайрсан арчаагүй дарга нар хомхой сэтгэлдээ хөтлөгдөж, газар наймаалж, хот төлөвлөлтгүй, эмх замбараагүй бариулсан өндөр нам, янз бүрийн хэлбэр маягтай барилга шавааралдуулан, явган хүн явах газаргүй, төөрүүлэх тоглоомонд орсон юм шиг гарах газраа олж ядан бухимдаж явах болсон. Үндэсний өвөрмөц хэлбэртэй, уран барилгын цогцолбор байгууламжтай, ая тухтай амгалан тайван амрах, гоо сайхны таашаал авах “Чингис” хороолол байгуулбал Монгол хэмээх өвөрмөц улс гэдгээ таниулж чадах билээ. Тэр тухай бодохын оронд Сүхбаатарын түүхэн талбайг “Чингис” болгосон нь ямар ч ач холбогдолгүй, эргэн тойрны орчинтойгоо нийцэж тохироогүй, зөвхөн Сүхбаатарын нэрийг өөрчлөх хонзонт санаа болсон. Чингис хааныг дэлхий нийт түүхэн их хаан, суут ухаантан, агуу жанжин гэдгээр магтан хүндэлж байдаг. Гэтэл энэхүү агуу хааныг тодорхойлох орчин ахуй Чингисийн талбайд юу байна вэ? Засгийн газрын үүдэнд байрлуулсан Чингисийн хүрэл хөшөөнөөс өөр юу байна. Чингисийн хүрэл хөшөө хүндэтгэлийн биш, байшингийн үүдийг чимэглэсэн баримал шүү дээ. Сураг сонсоход Чингисийн талбайг дахин өөрчилж сайжруулах төсөл боловсруулж германы мэргэжилтнээр гүйцэтгүүлж өч төчнөөн тэрбум төгрөг зарцуулах гэнэ лээ. Тэгэх хэрэг юунд байна вэ? Оньсого тайлж ойлгоход тун амархан. Ердөө 1911 онд Богд хаант Монгол Улсыг тусгаар тогтнуулж, манжийн дарлалаас чөлөөлсөн. 1990 онд ардчилсан хувьсгал ялж Монголд жинхэнэ ардчилал эрх чөлөөг бий болгож маш хурдтай хөгжиж дэлхийд нэртэй улс болсон. Монгол Улсын түүхэн явцын социализмын дунд үе гай авчирснаас гавьяатай зүйл хийгээгүй мэтээр дүгнэж, ард иргэдийн тархийг угаах гэсэн оролдлого юм. Монголчууд бид Чингис хаанаар бахархалгүй яахав. Гэхдээ хэт туйлширч, улс төржүүлж, бодит биш зохиомол бурхан мэтээр биширч, магтан шагширч эзэн хааны нэрийг чихнээс уясан хонх, амнаас гаргах хий болгох нь эцэстээ алдаршуулах гэсэн биш адаглаж амаа барихвий дээ. Үүнийг юуны учир хэлэв гэвэл юм бүхэн хэмжээтэй, аливаа зүйл ихэдвэл эсвэл багадвал хүний сэтгэлд таашаагдахгүй муу, муухай болох учир хэмжээг тааруулах ухаангүй байвал төр улсад аюул тарьдаг болохыг сануулах гэсэн юм. Төрийн удирдагч ард түмнийг худлаа хэлж хууран мэхлэх нь улс оронд аюул авчирдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл ард түмний олонхийн саналаар Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгох зарлиг гаргасан гэж үндэсгүй худал хэлж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр гэнэт Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх асуудал гаргаж АН-ын төлөөлөгчид хүч түрэн баталсан тухай сонинд бичиж байсан. Үнэхээр ард түмний саналыг харгалзах байсан бол, улс даяар зарлан мэдэгдэж, чөлөөт үзэл баримтлалыг явуулахгүй яасан юм бол. “Ард түмэнтэйгээ амь нэг байж, тэдний санал бодлоор үйл ажиллагаагаа явуулдаг ардчилсан зарчимч дарга нар маань өөрсдөдөө ашигтай өөрсдийн үзэл бодлыг биелүүлэх болохоор ард түмнээ мартаж шууд хүслээрээ тогтоол шийдвэр гаргачихаад олон түмний саналаар шийдвэрлэсэн гэж худлаа хэлдгээ болимоор юм. Нэгэнт худлаа хэлж “Чингисийн талбай” болгосон тогтоол хүчин төгөлдөр биш. Ер нь анх Сүхбаатарын талбай болгох шийдвэр улсын хэмжээнд яригдаж тухайн үеийн төр засгийн шийдвэрээр шийдсэн болохоор тэр зиндаанд яригдаж өөрчлөх үгүйг шийдэх, ямар учраас солих болсон, учир шалтгаан үндэс нь юу болохыг тайлбарлаж өгөхөөс биш нэг хүний, нэг намын үзэмжээр өөрчилж болохгүй. Иймд Чингисийн талбай болгох эсэхийг дахин хэлэлцэж МАН унтаа байдлаасаа сэрэх цаг болсон. Монголын ард түмэн цээжинд хуралдсан бухимдлаа дарж, чимээгүй ажиглаж цаашид юу болохыг тэвчээртэй хүлээж байгаа. Монголын түүхэн баримтат соёлын өв болох хөшөө дурсгал, барилга байгууламжийг устгах ажилд Э.Бат-Үүл дарга ханцуй шамлан орж байгааг зөвшөөрөөд хүлцэнгүй байгаа юм биш. Одоо ард түмэн санал бодлоо илэрхийлж эхлэх нь гарцаагүй. Манай эрдэмтэд ч үнэн зөв тайлбар өгч хэлэлцэх байх гэж итгэж байна. Аливаа зүйлийг явцуу үзлээр ойлгож, санаандаа хүрэх гэсэн явуургүй ухаантангууд асар богино хугацаанд түүх соёлын хэд хэдэн хөшөө дурсгалыг устгаж, шинэчлэл хийж байна гэж цээжээ дэлдэж байна. Монголын өнгөрсөн түүхтэй холбоотой Лениний хөшөө, Хан-Уул дүүргийн цагаан хаалга гээд соёл, урлагийн бүтээлийг устгасан нь нөхөж болохгүй тэнэглэл юм. Дэлхийн улс орны тал шахам нь В.И.Лениний онолыг баримталж байсан үе бий. В.И.Ленин дэлхийн хэмжээний улс төр, философи, нийгмийн агуу онолч, социалист нийгмийг цогцлон байгуулагч гэдгийг дэлхий даяар мэднэ. Монгол улс тусгаар тогтноход социалист нийгэм байгуулахад В.И.Ленин болон түүний Засгийн газрын нөлөө байсныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Монгол Улсын хөгжлийн түүхэнд дурсагдах алдарт хүн учраас хөшөөг босгож, түүхэн цаг үеийн дурсгалт бүтээл бий болсон. Лениний хөшөө байхад хүмүүс хэн болохыг асууж, утга учрыг ойлгох, Монгол Улсын түүхэн замналыг мэдэх, бүтээлийн хийц хэлбэрийг сонирхох, Монгол Улс бие даасан төрийн бодлоготой гэдгээ баталгаажуулах ач холбогдолтой байсан. Лениний хөшөөг бүтээхдээ алсыг харж, урагшаа яаран тэмүүлж буй төрх байдлаар ирээдүй рүү хүн төрөлхтнийг уриалж дүрсэлсэн уран бүтээл юм. Ер нь Ленинийг монгол цусны халимаг удам угсааны хүн гэдгийг бодсон ч түүний хөшөө байхад монголд гай болоод байсан нь юу юм бол. Гэтэл хэн ч таньж мэдэхгүй зарим эрдэмтэд, судлаачдын хэлж байгаагаар монгол ноёдыг хооронд нь хутган үймүүлж Хятад улсыг дагахыг зөвлөсөн үл бүтэх этгээд гэж тодорхойлж байгаа И.Я.Коростовецкийн хөшөөг 800 сая төгрөгөөр сүндэрлүүлэхээр нийслэлийн удирдлагын тогтоол гарч шуугиан дэгдээсэн. Одоо хүртэл тогтоолыг хүчингүй болгосон чимээ алга. Бодвол нэг л өдөр Коростовецкийн хөшөө босох байлгүй. Түүх соёлын нарийн утга учрыг мэдэхгүй байж, Монголын түүхтэй холбоотой барилга байгууламж, хөшөө дурсгалыг дур мэдэн битгий арилгаж устгахыг урьтал болгооч. Э.Бат-Үүл танд хийх ажил их бий. Та хөшөө дурсгалын түүхэн ач холбогдлыг мэдэхгүй бол эрдэмтэн мэргэд, ард олноосоо асууж хэвлэл мэдээллээр хэлэлцүүлж шийдвэл өлзийтэй. Нийслэл хотын түүхэн дурсгалт өвийг хотын захиргаа ганцаар шийддэг тогтолцоо буруу. Үүнийг Засгийн газар, хөрөнгө мөнгө их гарах том шийдлийг УИХ-аар хэлэлцэж шийдэх хэрэгтэй. Жанжин Сүхбаатарын талбайн нэрийг солих, хөшөөг буулгах асуудлыг дахин ард түмэн, Засгийн газраар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг ард олны олонхийн саналд тулгуурлаж Засгийн газрын тогтоолоор хүчин төгөлдөр болгох учиртай. Улс орны эрх ашгийн төлөө Монголын ард түмэн идэвхтэй тэмцэж, дуу хоолойгоо хүргэж, үүргээ биелүүлэх цаг болсон байна. Монгол улсын түүхтэй холбоотой соёлын өв болох хөшөө дурсгал, барилга байгууламжийг хамгаалах төрийн бус байгууллага байгуулж хамгаалахгүй бол ардчиллын дарга нар түүхийг гуйвуулах ажилд эрчимтэй орох боллоо. Бид дуугаа хурааж, дотроо бухимдаж, хүлцэнгүй байгаад байвал аяга хоол дундрахаас илүү түүх соёлын баримтат зүйл устаж байна. Ард түмэн бидний зүрхэнд эх орон минь байгаа түүх соёлтой гэдгийг санах цаг болжээ.