
С.ЗЭВСЭГ
Ахмад багш, сэтгүүлч
Сүүлийн үед социализм, коммунистуудын үлдэгдэлтэй тооцоо хийх, хорсол тайлах, өшөө авах үгүйсгэл устгалын туйлшрал гаарлаа. БНМАУ-ыг тунхаглаж, улс орныхоо тусгаар тогтнолыг даян дэлхийд зарласан өдрийг тэмдэглэдэг жинхэнэ бахархлын баярыг дарангуйлан хааж, кирилл монгол бичгийн зарим үсгийг хасч, дүрмийг өөрчилж монголын ард түмний бичгийн түүх соёлын нэгэн эриний арвин сан хөмрөгийг устгах санаархал, олхиогүй оролдлого сүрхий даамжирч байна. Харин хэнэггүй арчаагүй, номхон хүлцэнгүй монголчууд “Сүх далайтал үхэр амар” гэгчээр юу ч болоогүй юм шиг алмайран харж суух юм. Зарим нэг зөнгөр нь бүр “Идэх хоолтой бол үсэг бичиг ч яамай” гэх янзтай.
Хийх үүрэгтэй ажлаа хийдэггүй, мэддэггүй, чаддаггүй атлаа Монголын орчин нөхцөлд таарах, эс таарах тогтолцоо гадны сургалтын элдэв арга хэлбэртэй холин хутгаж, мянга мянган балчир үрсээрээ тоглож туршилтын туулай болгодог, ядарч зүдэрсэн олон түмнийг сургалтын төлбөрөөр мөлжүүлдэг болохоо байсан боловсролын салбарын сүүлийн хориод жилийн удирдлагууд Монголын соёл боловсролд ямар их гай гамшиг тарьж буйг үгээр илэрхийлэх аргагүй болсон. Дээр нь “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчээр өөрсдийгөө агуу их Ц.Дамдинсүрэнгээс том хүмүүс болгож түүхэнд үлдээхийг мөрөөдөгсдийн даварсан үйлдэл, мугуйд ажиллагаа олон хүний сэтгэлийг сэртхийлгэж айдас хүйдэс авчирч байна. Ардчиллын нэр баригчид эерээд оны эхээр мянгаад жилийн өмнө, тухайн үеийн хэл аялгуунд тааруулж зохиогдсон уйгаржин монгол бичгийг сэргээж төр, нийтийн бичиг болгоно хэмээн хийрхэж ядаж цөхсөн боловсролын салбарыг үймүүлэн самарч олон мянган хүүхдээр тоглож хохироосон. Түүнийгээ бүтэхгүй болохоор одоо кирилл монгол бичгээр оролдож эхэллээ. Энэ оролдого дундад зууны Манж хятадын түрэмгийллийн үеийн (Олон сайхан хот суурин, соёлын дурсгалыг газрын хөрснөөс арчиж хаясан) их сүйтгэл, 1930-аад онд үй олон сүм хийд, хэдэн мянган лам хуваргуудыг алж хядсан аймшигт хэлмэгдүүллээс юугаараа ялгаатай гэж...? Кирилл монгол бичгийг өөрчлөх хийрхэлийг санаачлагч, зохион байгуулагч нь хулхи ардчилагчид чухамдаа Шинэчлэлийн гэх Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, түүний далбаан дор толгой хорогдогсдын үйл ажил болох нь тодорхой.
Ер нь хэд хоноод л үсэг бичгээрээ оролддог, үсэг бичиг, түүх соёлоо устгах аргаар шинэчлэл хийж, хөгжиж дээшлэхийг оролддог улс үндэстэн монголчуудаас өөр байдаг болов уу. Бид бол XXI зууны шинжлэх ухаан, технологийн өндөр хөгжил, оюуны арвин их хуримтлал, соёл урлагийн үсрэнгүй дэвшилийн үед аж төрж буй азтай хүмүүс. Бас холын бодол, эх нутаг улс үндсээ гэх зүрх сэтгэлтэй, ухааалаг улс орнуудаас хэл соёл, үсэг бичиг, түүхэн уламжлалаа аврахын төлөө шаргуу тэмцэж байгаа өвөрмөц онцлог бүхий шинэ иргэншил, дэлхийг хамарсан даяаршил, дангааршлын зөрөлдөөний эрэн үед ажиллаж амьдарч байна. Гэвч яагаад аль тэртээ өнгөрсөн зууны гуч дөчөөд оны люмпен пролетариудын хэр хэмжээгээр сэтгэн бодож тэдний ухаан аргаар ажиллах болов. Энэ шинэчлэл мөн үү. Хэдэн жилийн өмнө улс төрийн нэгэн хэнээтэн “Сүхбаатарын хөшөөг устгана. Авч хаяна” хэмээн бахирч байсныг зарим хүн мартаагүй. Тэгвэл жанжин Сүхбаатарын хөшөөг нураахыг уриалагчтай дуу хоолой нийлүүлэгчид, хорсол тайлж өшөө авагчид, энэ цагийн “улаан хамгаалагчид” коммунист дарангуйлал, үзэл сурталжсан нийгмийн үлдэгдэлтэй тэмцэх, шинэчлэл хийх нэрээр Монголын ард түмний зуу шахам жилийн түүхийн ололт амжилтыг үгүйсгэж, урлаг соёлын зарим дурсгал болох Ленин, Сталины хөшөөг буулган устгаж Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын онгоныг онгичин зайлуулж, хөшөө дурсгалыг нь нурааж хаяхыг завдаж, Воршиловын болон Буянт-Ухаагийн Цагаан хаалга тэргүүтнийг газрын хөрснөөс арчиж хаялаа. Их жанжин Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон туйлширч ЗСБНХУ, Орос Улстай холбоотой, угшилтай бүхнийг устгаж дуусгахыг оролдож байна. Гэтэл бидний монголчууд Зөвлөлт Орос Улс, И.Сталин, Х.Чойбалсан нарын ач буянаар өнөөдөр тусгаар улсынхаа тооноор утаа гаргахтай, ололт амжилт, хөгжил дэвшлийн одоогийн энэ зэрэгт хүрсэн бус уу. Энэ бол маргашгүй үнэн. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.С.Черномырдин 1995 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Засгийн газрынхаа Цагаан ордонд Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайтай дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа олон улсын сэтгүүлчдэд хандан “Хөрш хөршөө сонгодоггүй юм. Хөршүүд найрсаг байх ёстой” хэмээн мэдэгдэж билээ. Энэ бол чухамдаа Монголын шинэ үеийн хэт даврагсад Засгийн эрхэнд гармагцаа Зөвлөлтийн цэргийг “Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд” нутгаасаа хөөн гаргаж хүний мөс жудаггүй үйлдэл хийсэн, зөвлөлтийн хүмүүс оросуудыг элдвээр хараан зүхэж, дайрч давшилж Зөвлөлт Холбоот Улс, түүнчлэн хоёр орны харилцааны гэрэл гэгээтэй бүхнийг үгүйсгэн харлуулагчдад хандаж хэлсэн үг байв. Тэгвэл одоогийн эрх баригчид Засгийн эрхийг аваад Орос Улстай холбоотой бүхний үлдэгдлийг устгахыг чармайж хоёр орны харилцааны уур амьсгалыг илт хүйтрүүлж байна. Бид агуу их хөрш Орос оронгүйгээр хаа холдохсон билээ. Байдал ийм байхад Монголын төр, засгийг сүүлийн хориод жил бараг халаа сэлгээгүй барьж улс орноо нохойн замаар оруулсан, одоо бол ялагдал гомдлынхоо шарханд халууран тарчилж буй өнөөгийн сөрөг хүчин гэх МАН-ынхан ч, өөрсдийгөө “Шударга ёс эвсэл”-ийнхэн хэмээн нэн гоёор өргөмжлөгч МАХН, МҮАН-ынхан ч таг чимээгүй дүлий дүмбэ царайлж, даврагсдыг давруулж байгаа нь хачирхалтай. Тэд хэнд ая тал засч, хувиан бодож хар амиа бөөцийлж сууна вэ?
Хорсол тайлж, өшөө авах, үгүйсгэл устгагалын энэ удаагийн хар шуурганд их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн кирилл монгол бичиг түүний дүрэм өртөж байна. Кирилл монгол бичгийг устгаж үгүй хийх бодлого, компанит ажил ид явж байна. Энэ бол Монголын ард түмнийг төдийгүй монголчуудын сүүлийн далаад жилд бүтээж бий болгосон бичгийн соёлын асар их баялгийг гишгэн дэвсэлж, басамжлан доромжилж байгаа хэрэг. Хэрвээ кирилл монгол бичгийн дүрмийг өөрчлөх, улмаар устган үгүй хийх аваас олон мянган хүний нэр өөрчлөгдөж, үндэсний болон гадаад паспорт солигдох, байгууллагуудын нэр хаяг, тамга тэмдэг, албан бичгийн хуудас өөрчлөгдөх зэрэг жижиг сажиг зардал чирэгдэл, техник ажиллагаа бол юу ч биш юм. Харин нэг талаар монголын түүх, бичиг соёл, улс төр, ард түмэнд нөхөж баршгүй, чухамдаа юун нөгөө өмч хувьчлал, “Алт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаагаас учирсан хор хөнөөлөөс долоон дор гай гамшиг, гарз хохирол авчирна. Наад зах нь төр, засгийн төдийгүй бусад бүх байгууллагуудын хэдэн мянган албан хаагчид, цаашилбал монголын нийт иргэд хөгшин залуугүй бүх нийтээрээ бичиг үсэгт дахин тайлагдах, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг өөрчлөх, хэвлэж үйлдвэрлэх гээд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан нүсэр ажил дэлгэх болно. Гэтэл өнөөдөр улс орны эдийн засаг элгээрээ хэвтэж, ард түмэн үгүйрэн хоосорч, цөөн тооны эрх баригчид хагартлаа цадсан ч гадаад, дотоодын өр өглөг өттэй нохой шиг болж, цалин тэтгэврээ тавьж чадах, үгүй дээ хүрээд байгаа. “Чингис” бонд хэмээх аварга том өрийг “бүтээсэн” эрх баригчдын сэтгэл ханалгүй одоо “Самурай” бонд хэмээн шуналтан тачьяадаж байна. Нөгөө тал нь гэвэл бичиг үсэг, түүх соёлын сүүлийн далаад жилд бий болсон баялгийг арав хорин жилийн дараа үеийнхэн “Мори баридаг, мод таридаг, нохоо хоридог...” хэмээн уншиж бичиж сурсан бичигтнүүд Б.Ринчин, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Л.Түдэв, Ч.Лодойдамба, С.Эрдэнэ, Б.Лхагвасүрэн нарын сонгодог бүтээл, түүнчлэн улс орны бараг нэгэн зууны их ололт амжитын түүхийг уншиж эс ойлгон, ухан ухаарч чадалгүй хаяхад хүрнэ. Энэ бол хамгийн том хохирол, жинхэнэ гамшиг. Тэгэхээр газрын баялгаа бодлогогүй ухаж төнхөж харийнхны хоол болгож, өтгөсийнхөө онгоныг хөндөн доромжилж, түүх соёлын эртний дурсгалыг устгаж, ард түмний өмч хөрөнгийг хулгайлан идэж ашиглаж болдог юм гэхэд бичиг үсгээрээ дахин дахин оролдож самармааргүй байна. Хоосон цэцэрхэгчдийн үйлдлээс болж эцсийн эцэст ард түмэн, улс орон, түүх уран бүтээл хохирдог. Нэг үе хэсэг нөхөд, Ц.Дамдинсүрэн, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нараас илүү том хүмүүс болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Монгол Улсын төрийн дууллыг өөрчлөх гэж оролдсон. Дийлээгүй. Арга ядахдаа дөрвөн мөрийг нь зэрэмдэглэж орхисон. Тэр нь өвөг дээдэс, их хүмүүсийн бүтээлийг хулгайлж, тонон дээрэмдэж, засч өөрчлөн сэглэж болдог муу ёрын жишиг болж түүхэнд үлдсэн. Тэрхүү сэглэгчид уг нь чаддагсан бол өөрсдөө Монгол Улсын төрийн шинэ дуулал зохиогоод мундаг өндөр шагнал, аварга том алдар хүнд олж авсан бол гоё байх сан. Харамсалтай нь “Санаа байвч, сачий нь хүрээгүй”. Түүнийг ардчиллын нэр баригчид аанайхан турхирч, үүрэгдэж хөөрөгдсөн. Монголчууд Ц.Дамдинсүрэн гуайн кирилл монгол бичигтэйгээ байхад болохгүй юм үгүй билээ. Гагцхүү өнгөрсөн нийгмийн үлдэгдэлтэй тооцоо хийгчид, хонзогногчдод “Айсан хүнд аргал хөдлөнө”, “Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэгчээр аймшигтай хэцүү, нэг л зэвүүн байдаг байх.
Манай хулхи ардчилагчид ард олныг талцуулан эвдэрэлцүүлэхийн төлөө хорь гаруй жилийн турш үхэн хатан тэмцэхдээ монголчуудыг улс төрийн нам нэрээр үзэл бодлоор нь хэд хэсэг хуваан сарниулж чадсан. Одоо бичиг үсгээр талцуулах нь. Энэ бусармаг үйлдэлдээ зарим эрдэмтдийг хөөргөн ашиглаж байна. Өнөөгийн төр, засгийнхан бичиг үсгийн нэгдмэл байх бодлогыг гараасаа алдсан хэрэг биш харин өөгшүүлэн дэвэргэж, санаачлан зохион байгуулагч болж буй нь саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, доктор Ц.Өнөрбаян нарын хийлгэсэн (2013 оны арван нэгдүгээр сарын 29-ний Баасан гаригийн орой) нэгэн телевизийн шууд нэвтрүүлгээс тов тодорхой харагдав. Тэрхүү нэвтрүүлэгт оролцогчид кирилл монгол бичгийн зарим үсгийг хасах шаардлага, дүрмийг өөрчлөх үндэслэлээ хангалттай нотлож, батлаж чадаагүй хэрнээ хий хоосон л “Шинэчлэнэ, өөрчлөнө” хэмээн ам уралдуулцгааж байгаа харагдсан. Хамгийн гол нь “Бичиг үсэг түүний дүрмийг өөрчлөнө гэдэг Бага нуураас нүүрс ачиж авчран шуудайлах, Улаанбаатарыг ураны (УИХ-ын гишүүн Я.Содбаатарын мэдэгдсэнчлэн) хольцтой утаагаар булахаас арай өөр ажил, асуудал юм” гэдгийг ухаарах өдөр Алтанхуяг сайдад ирэх байх.
Манай хэл шинжлэлийн өнөөгийн урдаа барьдаг эрдэмтдийн нэг биш юм гэхэд олон мянган шавь нарынхаа хүндэтгэлийг хүлээж явдаг, тохьтой тулхтай хүн шиг харагддаг Д.Төмөртогоо багш маань хулхи ардчилагчдын шилбүүрийн хуйв болчихсон кирилл монгол бичгийг өөчилж өөрчлөн устгахаар завдан Дамдинсүрэн багш уруугаа олхиогүй үг чулуудаж “Дөрвөн үсгийг хасах нь үсгийн дүрэмд оруулах өөрчлөлтийн өчүүхэн хэсэг нь. ...хуучин дүрэм Дамдинсүрэнгийн өмч биш. Үсгийн дүрэмд зохиогчийн эрх гэж байхгүй” (“ЗМ”. 2013.11.22.¹280,281) хэмээн мэдэмхийрч Ц.Өнөрбаян нар “Энэ өөрчлөлтийг хийхэд олон түмний саналыг авах шаардлагагүй” гэж сайрхан омгорхсон нь үсэг бичиг, түүх соёлоо доромжилж, ард түмнээ юу ч бичээгүй “цулгай цаас” мэтээр басамжилж байгаа мэт санагдана. Ингэснээр тэд өөрсдийгөө өндөрт тавьж, их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгээс илүү том, түүхэн хүмүүс болохыг мөрөөдлөө гэж үү. Д.Төмөртогоо, Ц.Өнөрбаян нарын ийнхүү эрэмшүү, дээрэнгүй дүр төрхийн цаана Ерөнхий сайд Алтанхуяг байгаа нь телевизийн дээрх нэвтрүүлгээс ойлгогдсон. Тэгэхээр энэ үйл ажиллагаа нь нөгөө хөшөө нураадаг, хаалга эвддэг эрх баригчдын үүрэг даалгавраар хийж, бас тэдний хамгаалалтад найдагчдын үйлдэл болохыг “Зууны мэдээ” сонин Ш.Чоймаа багшийн хэлснээс ишлэл аван тэмдэглэснийг батлаж өглөө. Насны намар чинь хэвийж яваа Төмөртогоо, Өнөрбаян нар минь өөд болсон багшийгаа боддоггүй юм гэхэд үр ач, хойч үеийнхнийгээ эрх биш бодвол өлзийтэй бус уу. Та бүхэнд чамлахааргүй нэр алдар, гавьяа шагнал байдаг байх. Та бүхэн эх сайхан монгол хэлээ, харийн хэлтэй хутгалдан эрлийз хурлийз болон ядуурч, улс орон хазгай хэлтэй дутуу бичигтэй, дулимаг боловсролтой хүмүүсээр дүүрч (Монгол Улс хазгай хэлтэн, дутуу бичигтэн, дулимаг боловсролтнуудаар дүүрсэн нь төр, засгийн буруу бодлого, боловсролын салбарынхны маруухан ажиллагаа, тогтолцооны гажигаас шалтгаалсан болохоос хүүхэд, залуучуудын буруу биш.) байхад таг дуугай суудаг атлаа хэвшиж тогтсон бичиг үсгээ холион бантан болгоход ханцуй шамлан орсны учир юу билээ? Ямар ашиг сонирхол, юу гээчийн ад зэтгэр та бүхнийг тойрон эргэлдэв. Та бүхэн шинэчлэлийн бус үгүйсгэн устгагчдын Засгийн газрын бодлого, нөгөө хуучин нийгмийн ул мөр, үлдэгдэлтэй хийж буй хорсол тайлж, өшөө авах туйлшралын золиос болж яваа юм биш биз? Үгүйсгэн устгагчдын гар хөл бологчид өнөөдөр “Кирилл монгол бичиг, төрийн дуулалд зохиогчийн эрхийн хууль хамаагүй” хэмээн эрээ цээрээ алдан ярьж байна. Гэтэл нөгөө хүний эрхийг эрхэмлэдэг, хуулийг дээдэлдэг ардчилсан төр, засгийн сонор чих хэрхэн дүлийрч, хурц мэлмий нь чухам хаана долийж сөлийж байна вэ... Ямар нэг бүтээлийг зохиогч нь үхэж, тэдний өвийг залгамжлан хадгалах, хамгаалах эзэнгүй болсноор нь далимдуулан хэн дуртай нь гар дүрж, засварлаж зэрэмдэглэж болно гэж үү. Д.Төмөртогоо, Ц.Өнөрбаян, Ж.Баянсан нар нэгэн цагт Ц.Дамдинсүрэнгийн кирилл монгол бичгийг өөрсдөө сурч ядан үсэглэж Дамдинсүрэн гуайг хараад залбирч “Ээ багш минь. Академич минь” хэмээн гүйж, кирилл монгол бичгийг шавь нартаа зааж сургаж байсан. Бас Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Я.Цэвэл нарын үсэг бичиг, онол сургаальд дулдуйдан эрдмийн зэрэг цол горилон зохиол бүтээлээ бичиж явсан баймаар даа. Гэтэл өнөөдөр төрөл арилжсан мэт авирлаж бурхан болоочдын бүтээлээр оролдон зэрэмдэглэж ясыг нь өндөлзүүлэх нь монгол зан заншил, эрхэм ёс жудагт хэр нийцэж байгаа юм бол... Түүх давтагддагийн адил Д.Төмөртогоо, Ц.Өнөрбаян, Ж.Баянсан нарыг өнгөрөхөөр бас ямар гээчийн цөөврүүд гарч ирж, тэдний бүтээлийг онгичин бужигнуулж орхих бол... Цаашид хэл соёл, бичиг үсэгтээ ийм маягаар бодлогогүй, хариуцлагагүй ханддаг ташуурын сур, хаврын тэнгэр шиг жишиг тогтвол яана. Одоогийн төр засаг Алтанхуяг мэт бол түр зуурын үзэгдэл. Харин эрдэмтэн мэргэд та бүхний эрдэм шинжилгээ судалгааны ажил, ном зохиол бол мөнхий бүтээл. Монголын ард түмний оюуны баялаг. Мөхөс бичээч надад үсэг бичиг, түүх соёлдоо бодлоготой, хариуцлагатай хандахын утга учир энд л байх шиг санагдах юм. Буруу бурсан байх аваас болгоон өршөөнө үү.
Ц.Дамдинсүрэнгийн буюу кирилл монгол бичигт байгаа дөрвөн үсэг, гээгдэх эгшгийн дүрэм тэргүүтэн нь манай ард түмнийг бичиг үсэг сурахад бэрхшээл зовлон болоогүй. Харин ч хоцрогдсон бүдүүлэг, бичиг үсэггүй монголчуудыг гэгээрүүлж, танигдашгүй хөгжил дэвшилд хүргэсний ачаар Монгол Улс тэртээ өнгөрсөн зууны жараад оны дундуур дэлхийд анх удаа бүх нийтээрээ бичигтэн болж дэлхийг гэгээрүүлэх яам лугаа ЮНЕСКО-гоос өндөр үнэлгээ авч байсныг мартах аргагүй. Энэ бол монголчууд бидний нэг бахархал, кирилл монгол бичгийн түүхэн гавьяа. Монголын үе үеийн шилдэг сэхээтнүүд кирилл цагаан толгойгоор эрдэм ном сурч судлаачдын хувьд эрийн цээнд хүрч дэлхийд данстай эрдэмтэд болсоор байгаа нь мөн л кирилл монгол бичгийн буян. Тэдний тоонд Төмөртогоо, Өнөрбаян, Баянсан нар багтдаг байх. Доктор Р.Нарантуяа “Хүний хийсэн юман дээр нэмж, хасаж байхаар өөрсдөө тэгвэл илүү гарахаар юм шинээр зохиол доо... Үнэхээр чадал ухаан нь хүрдэг, тийм мундаг юм бол Дамдинсүрэнгийн үсгийн дүрмээс тэс өөр үсгийн дүрэм зохиог л дээ” (“ӨС”.2013.11.18.¹278) гэж хэлсэн нь их оносон сануулга, анхааруулга юм. Яг үнэндээ бол өнөөгийн кирилл монгол бичиг маань биднийг дэлхийн соёлтой танилцуулж өгсөн, олон үндэстэн ястнуудыг хэл соёлоор ойртуулан нэгтгэсэн, гадаадын олон эрдэмтэн судлаачдыг монгол хэл сургаж, монголын түүх соёлтой танилцуулж өгсөн. Гэтэл одоо тэр олон судлаачдад хандан “Та бүхэн манай кирилл монгол бичгийг март. Бид өөр шинэ үсэг бичиг, дүрэм журамтай болсон” гэж зарлах уу. Түүнчлэн манай эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, судлаачдын кирилл монгол бичгээр бичсэн өдий төдий ном зохиол олон орны номын санд бий. Тэр бүхнийг тэндэхийн судлаачид уншдаг, судалдаг. Цаашилбал манай цөөнгүй иргэдийн олон улсын цахим сүлжээнд кирилл монгол бичгээр хадгалагдаж буй баримтууд, Монгол Улсын эрдэм оюуны сан, архивын баримт материалыг яах вэ? Энэ бүхнээс өнгөцхөн харахад дөрөвхөн үсэг өөрчлөгдөх мэт боловч Монгол Улсын дэлхий дахин дахь нэр хүнд, нийтийн бичиг үсгийн соёлд асар их хохирол учрах нь. Бид уйгаржин монгол бичгийг халж кирилл монгол бичигт шилжсэн коммунистуудын “гайг” хэлээ улдтал ярьж зүхдэг. Гэтэл өнөөдөр уйгаржин монгол бичгээр бүтээгдсэн бичиг соёлын дурсгал, түүхийн баримт аль хэр, харин кирилл монгол бичгийн бүтээл хэдий хэр байгаа бол... Тэгэхээр бичиг үсгээ сольсноос учирсан түрүүчийн хор хохирлыг арилгаж чадаагүй хэрнээ бас дахиад бантан хутгахын учир зорилго юу билээ. Энэ бүхний цаана нэгдүгээрт Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогнол, эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэсэн гадныхны явууллага, үсэг бичгээр дамжуулан дайсагнах бодлого явж байгааг үгүйсгэх аргагүй. Хоёрдугаарт тодорхой хүмүүсийн бизнес, нэр төр хөөцөлдөх ашиг сонирхол холилдон хүчирхэгжиж байгаа бололтой. Гуравдугаар монголын ард түмний социализмын дал гаруй жилийн амжилт, түүх соёл, утга зохиол төдийгүй нийгмийн оюун санааны амьдралд бий болсон хосгүй ололт, бүтээлүүдийг өнөөгийн залуучууд, улмаар хойч үеийнхэнд үзүүлэхгүй, мэдүүлэхгүй, ой тойнд хүргэхгүй байх гэсэн хорон далд санаа давхар явж байх шиг санагдана. Газрын баялгаа бодлогогүй ухаж төнхөж харийнхны хоол болгож, өтгөсийнхөө онгоныг хөндөн доромжилж, байгаль орчин, түүх соёлынхоо дурсгалыг устгаж, ард түмний өмч хөрөнгийг хулгайлан идэж ашиглаж болдог юм гэхэд бичиг үсгээрээ дахин дахин оролдож болохгүй шүү гэдгийг төр, засгийн сайд дарга нар, тэднийг даган баясагч, гар хөл бологчдод хандаж хэлье.