
Б.УРАН
Нийслэлийн иргэд гэртээ харихдаа гудамж, орцоо арай хийн олж байна. Хэтрүүлсэн ч юм биш. Харанхуйлж, дээрээс нь хоолой ам гашуу оргих хар утаан дунд амьдарч байгаа нь үнэн билээ. Агаарын бохирдлыг ихэсгэхэд, ялангуяа агуулагдах хорт бодисын хэмжээг бууруулахад нэмэр болохоор “Хуучин дугуйны импортыг хориглоё” сэдвийг манай сонин хөндсөн билээ. Түлшний оронд хэрэглэж, агаарт түм буман хорт бодис цацаж байгаа хаягдал дугуйны асуудал өнөөдөр хурцаар тавигдаж байна. Хэдийгээр шинэ дугуй ч гэсэн хуучрахаараа хог болдог ч, импортын хуучин дугуйг бодвол эдэлгээ урт, аюулгүй байдаг. Тиймээс импортын хуучин дугуйг багасгавал хэдэн мянгаараа хаягдал болж буй резиний тоог цөөрүүлж, тэр хэрээр автозамын осол буурч, иргэдийн хэтэвчинд хэмнэлт гарч, эрүүл мэндээ хамгаалах боломжтой гэсэн санааг бид дэвшүүлсэн билээ. Бидний хөндсөн энэ асуудал УИХ-ын төвшинд хүчтэй яригдаж эхэлсэн төдийгүй, энэ талаар анхаарч ажиллах үүргийг Засгийн газар хүлээгээд байгаа юм. Дугуй болон бусад хаягдал зүйлсийг шатааж байгаа айл өрх, аж ахуй нэгжийг илрүүлбэл гар утсаараа ч болов зургийг нь дарж холбогдох байгууллагуудад илгээхийг албаныхан уриалсан. Гэвч гомдол мэдүүлж, гомдлын дагуу шалгаж, арга хэмжээ авах тогтолцоо нь ямар байх нь тун ойлгомжгүй байгаа юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн агаарын чанарын албанд гэр хорооллын айлууд болон 100 айл орчмоор амьдардаг хүмүүс дугуй засварын газрууд дугуй түлээд байгаа талаар гомдол ирүүлжээ. Гомдлын дагуу ажлын хэсэг гарч шалгалт хийсэн байна. Нийслэлийн агаарын чанарын албанаас шалгалтын дүн ямар гарсан тухай лавлахад “Иргэдийн гомдлын мөрөөр шалгасан. Гэхдээ дугуй түлж байсан зөрчил бараг илрээгүй. Шалгалтын дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулсны дараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэх ёстой” гэдгээс өөр зүйлийг хэлсэнгүй. Ер нь бол жил бүрийн өдийд Нийслэлийн агаарын чанарын албанаас сар тутам ийм шалгалтыг хийдэг гэнэ. Шалгалтыг ямар байдлаар хийдэг, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явдаг, нэг газарт хэдэн удаа очдог, ажлын цагаар очдог уу, эсвэл утааны оргил үе буюу оройн цагаар очдог уу гээд хэр бодит дүн гардаг талаар багагүй шалгаав. Гэвч зөрчлөө арилгасан буюу цахилгаан халаагуур тавьсан аж ахуйн нэгжид дахин очдоггүй, нэг газарт 1-2 удаа очиж шалгадаг, энэ удаагийн шалгалтыг ажлын цагаар л хийсэн гэх мэт бүдэг бадаг мэдээллийг өглөө. Ийм шалгалтаар зөрчил арилах нь битгий хэл зөрчлийг бодитоор илрүүлж чадсан эсэх нь ч эргэлзээ төрүүлж байгааг нуух юун. Нийслэлийн агаарын чанарын алба нь агаарт байгаа хорт бодисын хэмжээг хэмжихээс өөр дорвитой ажил хийдэггүй гэж байнга шүүмжлүүлдэг. Өөрсдөө ч бидний үндсэн үүрэг хэмжих гэдэг юм билээ. Гэвч үнэнийг хэлэхэд иргэдийг хуучин дугуй түлэхийг болиулах, сэрэмжлүүлэх үүднээс тус байгууллагаас мэдээлэл авахаар очих бүрт элдэв тайлбараар хаалт хийж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Дугуй түлж байгаагаас агаарт ямар хорт бодис ялгардаг талаар судалсан судалгаа тус байгууллагад байдаггүй гэсэн. Түүний дараа дугуй болон хаягдал шатааж байгаа хүмүүст арга хэмжээ тооцох журмыг боловсруулж байгаа талаар лавлахад ч мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүн олдоогүй. Энэ удаад ч иргэдийн гомдлын мөрөөр хийсэн шалгалтын дүнг өгсөнгүй. Угтаа бол агаарын бохирдлыг бууруулахад иргэдийг уриалж, хаягдал дугуй болон бусад зүйлсийг түлэхэд хэчнээн хор уршигтай болохыг бид биш тэд сануулж, сэрэмжлүүлж байх үүрэгтэй биш билүү. Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан жилд хэдэн мянгаараа хотод шилжин ирж байгаа айлууд машины дугуй түлж байна гэж нэгэн ярилцлагадаа өөрөө хэлсэн байсан. Тэгсэн хэрнээ энэ жил агаарын бохирдол нэмэгдээгүй. Угаар л үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан гэсэн ярилцлага өгч олныг гайхуулж байсан нь саяхан юм.
Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан:
Өнөөдөр жилд хөдөөнөөс 10-15 мянган айл хотод шилжин ирж, уулын орой дээр буудаг. Юу түлдэг вэ гэхээр машины дугуй.
Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил агаарын бохирдол нэмэгдээгүй. Хүмүүст угаар л үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан. Удахгүй манай албаны хэмжилтийн баг 35 цэгтээ хэмжилт хийхээр тодорхой болох байх аа.
mass.mn 2013.11.24