
Ч.ЗОТОЛ
МАХН-аас санаачлан орон даяар зохион байгуулж буй Дээд хуулийг батлах гарын үсэг цуглуулах аян өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүрэгт үргэлжиллээ. Энэ удаагийн иргэдийн уулзалтыг МАХН,МҮАН,Ногоон нам, ИЗНН хамтран зохион байгуулж, “Өргүй Монгол үндэсний хөдөлгөөн”, “Дээд хуулийг батлуулах иргэдийн хөдөлгөөн” дэмжин оролцлоо. Хамгийн гол нь Дээд хуулийг батлах гарын үсгийн аян нэг намын гишүүд, дэмжигчдийн хүрээнээс хальж иргэдийн дэмжлэгийг авснаар Үндэсний хөдөлгөөн болж өргөжсөнөөрөө онцлог болов.
Аяныг зохион байгуулагчид Хан-Уул дүүргийн зарим айл өрхөөр орж, хамт мод тарьж, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүдийн байр суурийг сонссон. Дараа нь Хан-Уул дүүргийн Соёлын ордонд иргэдийн нэгдсэн уулзалтыг хийсэн юм. Уулзалт, хэлэлцүүлэг зургаан үндсэн илтгэлийн хүрээнд явагдсан. Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Байгалийн баялаг ард түмний өмч” сэдвээр илтгэсэн. Тэрээр “Бид шинэ Үндсэн хууль боловсруулж буй үйл явцыг анхааралтай ажиглаж байсан. Манай намын хувьд дордуулсан долоон өөрчлөлтийг буцааж, дараа нь Монголын нийгэмд нийцсэн шинэ хууль боловсруулахыг дэмжье гэсэн байр суурьтай явж ирсэн. Яагаад шинэ үзэл санаатай Үндсэн хуулийг дэмжиж байв гэвэл, 1992 оны хуулийн нэг дутагдал нь хөндлөгийн хяналт байхгүй болсон. Нийгэм хяналтгүй болсон учраас нийгмийн баялаг шударга бус хуваарилагдаж цөөн хүн баяжиж байна. Үүнд намууд нэг байр суурьт хүрч Үндсэн хуулиа шинээр хийе. Ингэхдээ Монголынхоо уламжлалыг баримталж Дээд хууль гэж нэрлэе, түүнийг дагаж дагалдах хуулиуд гарна гэж нэрээ тогтсон. Манай намын энэ хуульд оруулсан санаа нь байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой гэсэн атлаа төрийн өмч гэж хуульчилсан байдгийг ард түмний өмч гэж тодорхой заах санал юм” хэмээн байр сууриа тодотгов.
МҮАН-ын дарга, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл “Үндэсний эрх ашгаар төрөө бэрхжүүлэх нь” сэдвээр илтгэсэн. Тэрээр илтгэлдээ “Өнөөгийн үйлчилж буй Үндсэн хууль Монгол төрийн болоод нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэж чадахгүй байна. Хэдийгээр өнөөдөр УИХ-ын түвшинд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж буй боловч, энд эдийн засгийн асуудал бүхэлдээ орхигдож, улсын төсөв, гадаадын зээл, баялгийн сан, Төвбанк, төгрөгийн ханш, зээлийн бодлогын талаар алга. Нөгөө талаас, газар, байгалийн баялгийнхаа хяналтыг төр гартаа авахгүй бол олон орны туршлагаас харахад зөвхөн үүнээс болж улстөрчид талцдаг, мөн дотоодын зөрчилдөөн, гадны сонирхлын бай болдгоос улс орон хямардаг. Иймээс эрдэс баялгаа, газраа цаашид одоо болоод ирээдүй үе, Монгол Улс цаг мөнхөд эзэн нь байх зарчмаа зохицуулах нь чухал. Монгол Улс социалист Үндсэн хуулиар явсан. Дараа нь капиталист Үндсэн хуулиар явлаа. Одоо Үндэсний Үндсэн хуулиар явах цаг болсон”-ыг онцлов. Үүний дараа “МУИС-ийн Улс төр, нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор Ч.Өлзийсайхан “Дээд хуулийн дээжис” илтгэлдээ монголчуудын эрхэмлэж явах зүйлүүд, Үндсэн хуулийн амин сүнс болсон асуудлууд, түүний үнэ цэнийг тэмдэглэв. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Ардын эрхэт төрөө байгуулах цаг дор” сэдвээр илтгэхдээ “Ард түмэн байхгүй бол төр гэж үгүй, улс гэж үгүй. Монгол хүн үгүй бол Монгол төр гэж үгүй. Монгол Улс гэж үгүй. Тиймээс улсын үндэс бол монгол хүн юм. Монгол хүн бүр төрийн зүтгэлтэн байх ёстой. Энэ үүднээс бид улс орныхоо эрх ашгийн төлөө хандах аваас улс орон маань амархан босно. Үндсэн хуулиа шинэчлэх асуудал аяндаа үүнээс урган гарч байгаа юм” гэв.
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Ард түмэн бурхан” сэдэвт илтгэлийг 21 аймаг, есөн дүүргийн иргэдээр хэлэлцүүлж ирсэн. “Өнөөдөр ард түмний амьдрал ядуу, цөөн хүн баяжиж, Оюутолгой гэх мэт үндэсний баялаг хэдхэн хүний гарт орж, залуус ажилгүй, орлогогүй амьдрал хүнд байна. Энэ бүхнийг өөрчлөхөд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй. Хүн төвтэй нийгмийг байгуулъя. Хяналт, хариуцлагыг бий болгоё. Монгол төрийг ард түмнээс хараат болгоё. Төрийн сүлд өршөө гэхийн оронд ард түмэн минь өршөө гэж залбирдаг болъё. Ард түмэн бол бурхан юм. Бид монгол хүнээ төрийн хамгаалалтад авъя, сайхан амьдруулъя гэж Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг санаачлан эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулсан. Үүнийгээ орон даяар хэлэлцүүлж, улмаар энэ хуулиа батлуулах санал асуулга-гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлэн та бүхэнтэйгээ уулзаж байна. Энэ бол бидний зүгээс ард түмэндээ дуулгах “Сайн мэдээ” юм” хэмээн онцлон тэмдэглэв.
Уулзалт-хэлэлцүүлгийн төгсгөлд “Өргүй Монгол үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү “Дээд хууль ба өрнөөс чөлөөлөх хувьсгал” сэдэвт илтгэл тавьж гарц, шийдлийн талаар иргэдээр хэлэлцүүлсэн юм. Тэрээр “Дөрвөн нам нэгдэхдээ гэртээ сууж байгаад тайван замаар хувьсгал хийе гэсэн учраас бид Дээд хуулийг дэмжигчдийн холбоог санаачилсан. Аль болох тайван замаар өнөөдрийн хямралаас гарах гарц, гаргалгаа,онош-эмчилгээний арга, дараа нь амар сайхан жаргах цогц төлөвлөгөө байгаа учраас үүнийгээ хувьсгал гэж нэрлэсэн. Нэг өдөр, нэг цагийн өмнө ч болтугай сэрж, ярилцаж эвлэлдэн нэгдэж чадах аваас үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой. Өөрсдөдөө шалгуур тавьж, нэгдэж чадах аваас энэ бүхэн боломжтой. Өнөөдөр 27 тэрбум гэж буй улсын маань өр ирэх намар 30 болоод явчихна. Дээр нь ханш нь унаж байгаа төгрөгийг харахад ам.долларын ханш 3000 болох төлөвтэй. Өрөнд оруулж буй мэхтнүүдийн савраас гарч, амьдралынхаа төлөө тэмцэж, ирээдүйнхээ эзэн болъё гэвэл энэ хувьсгалыг хийхээс аргагүй” гээд энэ хувьсгалыг Дээд хуулиа баталж хийцгээе хэмээн уриаллаа.
-Та Австралиас анх удаагаа Монголд ирсэн гэсэн. Монголд өрнөсөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар гадны хүний нүдээр харахад юу ажиглагдав?
-Монголд өрнөсөн энэ үйл явцад ганц би ч биш олон улс анхаарал хандуулах ёстой. Дөрвөн нам хамтран зохион байгуулж байгаа Дээд хуулийн уулзалт-хэлэлцүүлгээс харахад гайхалтай үр дүн авчирна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Дээр нь хиллэж байгаа хөрш орнуудтай нь харьцуулахад Монгол огт өөр дүр зургийг харуулж байна. Монгол Улс ардчилал амьд, түүнийг хамгаалж чадаж байна гэдгээ харууллаа.
-Та Австралийн Ногоон намын гишүүн. Танай улсад байгалийн баялгийн хуваарилалт ямар байдаг вэ?
-Австралид Монголтой адил нөхцөл байдалтай байдаг. Эдийн засаг нь аль эрт улс төртэй холбогдчихсон, хүчтэй чадалтай улс төрийн хүчнүүдийг өөрийн талдаа оруулж, хэвлэл мэдээллийг гартаа авсан байх жишээтэй. Бид тэднээр татварыг нь төлүүлэх, үйл ажиллагааг нь зогсоох гэхчлэн олон чиглэлд анхаарч ажилладаг. Монгол энэ бүхний эсрэг үндэсний хөдөлгөөн өрнүүлж, Үндсэн хуулиа өөрчлөхөөр санал нэгдээд явж байгаа нь гайхалтай санагдлаа.
-Дээд хуулийн төслөөс та юу олж харав?
-БНМУ-ын Дээд хууль гэж нэрлэсэн төсөлд Монгол Улсад тулгамдсан асуудлуудыг тусгаж, улс төрийн бодлого нь түүний соёлын асуудлуудыг шингээх үндсэн талбар болж чадна гэж үзжээ. Үндсэн хуулийн ямар нэг өөрчлөлт нь тохиолдлоор гэнэт гарч ирдэг зүйл биш. Үндсэн хууль бол тухайн улсын ард иргэдэд үйлчилдэг байнгын ажиллагаатай хөдөлгүүр байх ёстой. Үндсэн хуулийн асуудал, түүний хүчирхэг байдал, нөлөө, түүнд оруулах өөрчлөлт аль ч улсад яригддаг. Тэр нь бүрэн нээлттэй байх ёстой. Өнгөрснөө харахад агуу суутнууд нээлт хийсэн байдаг. Түүнийг дэлхий даяар өөр өөрсдийн амьдралд ашиглаж ирдэг. Үүнтэй адил монголчуудын эхлүүлсэн аян, үндэсний хөдөлгөөн зөвхөн монголчуудын бахархал биш, дэлхий даяар түгэх ёстой, дэлхий дахин бахархал байх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хэн, юу хэлэв?
Скот Лүдман: ХӨРШҮҮДТЭЙ НЬ ХАРЬЦУУЛАХАД МОНГОЛ ӨӨР ЮМ Монголд түр ирээд буй дэлхийн улсуудын Үндсэн хуулийг судлагч, Австралийн Конгрессийн гишүүн асан Скот Лүдманы байр суурийг сонирхлоо. Тэрээр Хан-Уул дүүрэгт болсон Дээд хуулийн уулзалт-хэлэлцүүлэгт ажиглагчаар оролцсон юм.