Өглөөний сувдан шүүдрийн орныг эргэн дурсахад... 

2018-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Сэтгүүлч Я.СУМЪЯА Ким Чен Ун, Дональд Трамп нарын уулзалт хийх газар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар байж болох тухай хэвлэлийн мэдээлэл хөвөрч, олон улсын хэвлэлүүдийн онцлох сэдэв БНАСАУ болсныг хэн ч анзаарахгүй өнгөрөх аргагүй. Магадгүй, Монгол, БНАСАУ гэдэг хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны түүх нь өнөөдөр дэлхий ертөнцийн анхаарлын төвд байгаа том уулзалтыг Улаанбаатар хотод хийе гэж хэлэх нэг сэжүүр ч болж байгаа юм билүү. Энэ цаг үед өглөөний сувдан шүүдрийн орон гэгддэг Ардчилсан Солонгосын тухай дурсамжаасаа хуваалцаж байна. Монголчууд мянга сонсохоор нэг үз гэж хэлдэг. Миний үзсэн бүхэн хоёр улсын тухайн цаг үеийн харилцааны нэгээхэн хэсэг байсан гэдгийг өнөөдрийн уншигчид ойлгоно буй за.  

*      *      *

  Бидний багад хөдөөх айлын жаазанд нам төр, цэрэг армийн удирдагч томчуулын зураг хөрөг бишгүй байдагсан. Манайд Ж.Самбуу гуайтай хамт сууж байгаа нэгэн эрхмийн зураг байх, эмээ минь тэр хүнийг “Хийморсан гуай, солонгос улсын том дарга, улсаа удирдан дайснаа дарсан баатар” гэдэг байсансан. Тэр хүний дүр хийгээд нэр усыг  хүүхэд бид хар багаасаа андахгүй мэддэг байсан нь хоёр орны ард түмний элгэмсүү харилцааны илэрхийлэл гэж хэлж болно. Сурагч ахуйд Д.Сэнгээ зохиолчийн “Солонгосын Зоя” найраглалыг бид уншдаг, Монголын пионер сурагчдын анхны урлагийн үзлэгээс  тэр шүлгээр медаль хүртэл авч байлаа. ...Зо Ок Хи минь би чамдаа захидал бичиж байна Зоригт чамайгаа үхээгүй гэж бодож байна Сайхан солонгос орноо бүрэн чөлөөлөхийн төлөө Салшгүй ариун амьдралаа дахин сэргээхийн төлөө Чамтай адил амь хайргүй тэмцэгч Чамтай адил ариун үүргээ биелүүлэгч Эх оронч солонгос хүн бүрийн сэтгэлд Эрэлхэг тэмцлийн ид шид болон хувирсан...чи...гээд л хөвөрч өгнө. Тэр үед медаль гэдэг  өдрийн од шиг ховор, “Пионерийн үнэн”, “Архангайн үнэн” сонин дээр зураг  хөрөгтэйгээ гарч  бишгүй нэг мандав. Өөр шүлэг уншвал үзэгчид  солонгос Зоягаа...гээд дахиулдагсан.   Арван жил төгсөөд дээд сургуульд орох монгол хэл уран зохиолын шалгалтад зохиолч Д.Сэнгээ гуайн уран бүтээлээс ирж конкурсийн өндөр даваагаар “Солонгосын Зоя” л намайг үүрээд гарах шиг болсон. Гэрийн минь  хойморт зураг хөрөг нь заларч байсан Ким Ир Сен дарга, түүний солонгос орон, ард түмнийг манай үеийн олон хүүхэд тийнхүү Зоя буюу найраглалд Зо Ок Хи гэж нэрийг нь дурдсан эрэлхэг бүсгүйн дүрээр төсөөлж,  ахан дүүс мэт бодож ирээ болов уу. 1988 онд манай улсад социалист орны нам төрийн удирдагчид шил даран айлчлахад Солонгосын Ким Ир Сен дарга ирсэн ирсэн. Одоогоос яг гучин жилийн өмнө 1988 оны зуны эхэн сард эрхэм зочныг Монголын пионер сурагчдын шинэхэн ордонд хүлээн авч байлаа.  Ким дарга манай хүүхэд багачуудтай найрсгаар ярилцаж, хамт  дурсгалын зураг татуулахад  хөдөөх багын гэр орон, эмээ ээж, сум, сургуулийн “өндөр” тайз, Архангай аймгийн Шивэртийн пионерийн зуслан гээд “Солонгосын Зоя”-тай өнгөрүүлсэн сурагч ахуй үеийн олон сайхан дурсамж сэтгэлд хөвөрч байсансан. “Сайн санааны үзүүрт шар тос, сайхан сэтгэлийн үзүүрт сүү” гэх монгол хүний ерөөл биелж ”Солонгосын Зоя”-д чухамхүү “өөрт нь”  чин сэтгэлээсээ талархал илэрхийлэх мөч бас ирдэг юм байна. БНАСАУ-д болох гэж байсан Дэлхийн залуучууд оюутны XIII их наадмын бэлтгэл ажлыг сурвалжлуулахаар Ким Ир Сен даргын айлчлалын дараах тэр нэгэн намар  МХЗЭ-ийн төв хорооноос “Пионерийн үнэн” сонины сэтгүүлч намайг томилон явуулав. Бээжингээр дайран тав дахь хоног дээрээ зорьсон газартаа хүрэхэд Пхеньяны галт тэрэгний буудалд БНАСАУ-ын хүүхдийн байгууллагын төв  хэвлэл “Сонен Синьмунь” сонины нөхөд халуун дотно угтан авч сүрлэг тансаг Пёнган зочид буудалдаа буулгаж, бүх талаар хүндэтгэн үйлчилсэн билээ. Залуучуудын “Кымсонское” хэвлэлийн газрын редактор Хан Хё Нам сэтгүүлч  биднийг угтахдаа  “Өглөөний сувдан шүүдрийн оронд тавтай морил” хэмээн хэлж байсан юм. Түүний хэлсэн үгийг батлах мэт Солонгос орны  намар цаг гоёмсог, үзэсгэлэнт Пхеньян хот уран байгальтайгаа уусан зохицсон үзэмж,  өнгө тунамал нам гүмийн ертөнц угтсансан. “Жилийн өмнө манай хоёр сэтгүүлч монголд очсон, нааш нь нэг хүн явуулсан байна, тиймээс та манай оронд долоо биш  14 хоног байна, тэгэхгүй бол бидний сэтгэл  амрахгүй” гэж “Сонен Синьмунь” сонины эрхлэгчийн  хэлсэн үгийг орчуулагч бүсгүй Ча Гён Хи хичээнгүйлэн хэлмэрчилж өгөв. ”Томилолтын хугацаандаа багтаж буцахгүй бол горигүй” гэж хэлмээр байсан ч нөхдийн сэтгэлийг бодож, бас ч учраа хэлэх боломж олдоно хэмээн тэр удаад дуугүйхэн толгой дохисонсон. “Бидний сэтгэл амрахгүй” гэсэн үг нь “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэх дорнын  их ёс төртэй, нөгөө талаар аливаад нэрээхичээдэг ард түмэн болохыг илтгэнэ. [caption id="attachment_36194" align="aligncenter" width="645"] Орчуулагч Ча Ген Хи-ийн хамт[/caption] “Сонён синмунь” сонины редакци, Пхеньян хотын пионер сурагчдын ордон, Нэгдүгээр бүрэн дунд сургууль, Ман Ген дэ пионерийн зуслан, Ким Ир Сений Ардын ордон, ДЗО-ны XIII их наадамд зориулан цоо шинээр бүтээн босгож буй Квонбок иж бүрэн цогцолбор хотхон, Азид төдийгүй дэлхийд нэрд гарсан  эмэгтэйчүүдийн амаржих газар, Долоо хоногийн хүүхдийн цэцэрлэг, Аугаа их хувьсгалчдынцогцолбор, их удирдагч Ким Ир Сений мэндэлсэн гэр музей бүхий Манганде тосгон, Хүүхэд залуучуудын цэнгэлдэх хүрээлэн, Угсаатны музей, Зоопарк, Улсын номын сан, Ким Ир Сений нэрэмжит улсын их сургууль гээд  олон газраар оруулж, нэг их том зочин ирсэн мэт надад улсынхаа бахархал болсон хамаг сайхан бүхнээ үзүүлж, Пхеньян хотын иргэн, жирийн нэг айлд хүртэл оруулжнайрсгаар зочилсон.Тэр бүхнийг  үл тоочин энэ олон жилд  сэтгэлд хоногшин үлдсэнүзсэн хийгээд дуулсан зарим нэг  онцгой содон дурсамжаас өгүүлье. Аль хэдийнэ ургацаа хураасан тариа, ногооны талбайд нуруу нь хоёрын тоо шиг бөгтөр болсон настан буурлууд, сургуулийн хүүхдүүд шувуу мэт тонголзон ширхэг үргээхгүйн төлөө уйгагүй ажиллаж байх юм. Монголынхоо тийм нэг ургацын аянаас дөнгөж дөрөө мултлаад гарсан болохоор солонгос орны намар сэтгэлд нийцтэй, дэлхий ертөнцийн хаана ч ав адилхан, тарьж ургуулах, ургуулснаа бүрэн хураан авах гэж хүн ард нь нуруугаа бөгтийтөл хөдөлмөрлөдгийг харж бахархаж явлаа. Тэр үед манай “Пионерийн үнэн” сонин уншигчдынхаа дунд “Төл”, “Ургац”  аян өрнүүлж хөдөө орон нутгаар явж газар дээр нь очиж сурвалжилна. Нэг тийм томилолтоор сонины маань эрхлэгч, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог шүлэг бичиж, хамт явсан хөгжмийн зохиолч Д.Баттөмөр Борнуурын сангийн аж ахуйн дунд сургуулийн төгөлдөр хуур хөгжим дээр ая хийснээр “Алтан түрүү” дуу төрж, манай сонины ургацын аян сүлд дуутай болж, тэр намар “Алтан түрүү” нэртэй медаль хүртэл бий болгож билээ. Тэр дуу: ...Ширхэг үр минь Шижир юм шүү Шинэхэн талхны Дээж нь юм шүү Атга үр минь Алт юм шүү Амтат талхны Дээж нь юм шүү Наашаа наашаа ирээрэй Намайг битгий орхиорой... гэсэн мөр, дахилттай.Тариа будааны ширхэг үрийг  үнэхээр шижир алтгэж үнэлж цэгнэдэг ард түмэн бол солонгосчууд юм байна. Газар шороо, хүнс хоол,  эд хэрэглээ, ахуй амьдралын бүхий л зүйлдтийнхүү арвич, хямгачбайж, хэзээ ч хэний ч гар харахгүй амь амжиргаагаа өөрсдөө үүрч ирсэн  солонгос түмний аж төрөхүйн сайхан уламжлал эдүгээх хэрэглээ хэтэрсэн  дэлхий ертөнцийн хаана ч үлгэр дууриал болох хэвээр. Солонгос хүн тийнхүү ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, хүүхэд ахуйгаасаа чармайн суралцдаг гайхмаар сайхан зүйл олныг үзсэн юм. Тэр бүхнийг үзэж, сонсож явахад надад хэлмэрчилсэн, Ким Ир Сений нэрэмжит Улсын их сургуулийн орос хэлний төгсөх ангийн оюутан Ча Ген Хи бүсгүй гэхэд л гадны олон зочин, томоохон хурал, зөвлөгөөнд орчуулагчаар ажиллаж, оросын алдарт зохиолчдын бүтээлээс эх хэл дээрээ, мөн өөрийн орны урлаг, утга зохиолын томоохон бүтээлийг орос хэлнээ орчуулж аман болон бичгийн орчуулгын ихээхэн дадлагатай болсон нэгэн байсан. Тэрээр “Манай сургуулийн гадаад хэлний салбарын төгсөх  оюутнууд сурч буй хэлээрээ ДЗО-ны их наадамд ирэх улс орны төлөөлөгчдөд чөлөөтэй орчуулга хийх хэмжээнд бэлтгэгдсэн, одоо бид тухайн ард түмний ёс заншаас   суралцахад илүү их анхаарч байгаа” гэж ярьж байсан. Ча Ген Хи охин цаг зав л гарвал монголын тухай асууж лавлан, надтай аль болох хамт байхыг хичээж байсан нь тийм учиртай байсан билээ. Өнөөдөр цөмийн технологийн учрыг олж, гартаа хийн их гүрнүүдийн зүгээс умард солонгосыг дэлхий ертөнцөд ганцаардуулах бодлогыг тогтоон барьж, төр улсынхаа бодлогыг хүн төрөлхтний анхаарлын төвд аваачиж чадаж байгаа нь гучин жилийн өмнө миний нүдээр үзэж ойлгосон “сургууль бол заавал сургадаг, сурагч, оюутан нь яс сурдаг” боловсролын тогтолцоо, сургалтын чанар өнөөдөр улам бүр чамбайрсныг илтгэх том илэрхийлэл. Академич Б.Чадраа гуай нэгэнтээ “толгой хэдэн эрдэмтнийг сонгон цөмийн зэвсэг хийх хэмжээнд бэлтгэх нь ойлгомжтой ч энэ бол тухайн улс орны боловсрол, шинжлэх ухаан асар их дэвшил, ахиц ололтод  хүрсний үндсэн дээр бүтэх ажил” гэсэн утгатай үг хэлж байсансан. Үүнийг батлах энгийн жишээг бас дурдъя. [caption id="attachment_36195" align="aligncenter" width="645"] Пхеньян хотод[/caption] Манай улсад жил бүр зохион байгуулдаг залуу монгол судлаачдын саяхны нэг зуны сургалтад арав гаруй орны хориод их сургууль, судалгааны төвийн гуч гаруй залуу судлаач хүрэлцэн ирсэн юм. Тэдний нэг БНАСАУ-ын залуу монгол судлаач Ким Хи Гё бүсгүй монгол хэлийг бараг л төрөлх хэл шигээ эзэмшсэн, монгол ёс заншлыг өөрийн болгосноороо онцгой ялгарчүнэхээр гайхуулсан билээ. Төвийн сургалт хийгээд хөдөөмалчны хотонд хүртэл эвлэгхэн яриа хөөрөө, сүү самрах, зууханд аргал зэрэглэх аар саархнаас эхлээд олон зүйлээр малчин хүний магнайг тэнийлгэн баясгаж, эрдэмтэн багш нарын талархал хүлээж, гадаадын залуу монгол судлаачдын нэр хүндийг өргөн, үе тэнгийн залуу нөхдөдөө цагаан атаархал төрүүлж байсан. Мэдлэг чадвараараа онцгой ялгарсан залуу монгол судлаач Ким Хи Гёохин ШУА-ийн хэвлэл “Эх хэл бичиг” сэтгүүлд “Босоо монгол бичгийг би кириллээс хавьгүй илүү сурсан, бичихэд урамтай, хамгийн сайхан бичиг” гэж ярьсан байх юм. Чю Жужок толгодын орой дахь солонгосын хувьсгалчдын цогцолборт очиж Зоятай “уулзсан” тэр мөч сэтгэлд  илүү тод үлджээ. Солонгосын дайнд баатарлагаар амь үрэгдсэн партизан цэргүүдийн дурсгалд зориулан ялалтын 30 жилийн ойгоор буюу  1975 онд уг цогцолборыг байгуулсан байна. Уран гоёмсог хүрэл хөшөө, сүрлэг чулуун дурсгал дөнгөж сая хүний гараас гарсан мэт шив шинэхэн, өглөөний наранд өлөн тоос ч үгүй гялалзана. Амьд цэцэгсийн хүрээлэл дунд хөшөөнд мөнхөрсөн баатруудын дуу хоолой болон “Хувьсгалын замаар” гэдэг сүрлэг хөгжмийн аялгуу мөнхөд дуурсаастай. Энэ толгойг хамгаалж хоёр жил амь хайргүй тулалдсан  110 партизан цэргийн 12 нь эмэгтэй байсан билээ. Тэдэн дунд  солонгосын Зоя буюу Зо Ок Хи нэртийн хөшөө олдоогүй. Гэвч тэнд нойрсож буй баатрууд бүгдээрээ баатарлаг солонгос Зоя мөн гэж бодогдож байсансан. 1950-1953 онд болсон дайн солонгос орныг  хоёр хувааж ард түмнийх нь элгийг харлуулан салгаж, гашуун зовлонд унагасан. Монгол, солонгосын ард түмний тэр цагаас эхлүүлсэн анд нөхдийн элэгсэг харилцааны тухайд дурдахгүй байх аргагүй домог мэт олон сайхан яриа хөөрөө бий. Тэр хүнд үед манай хоёр орон ЭСЯ-аа харилцан нээж Ж.Самбуу гуай 1951 онд БНАСАУ-д анхны Элчин сайдаар суужээ. Тэрээр БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сентэй их ойр дотно нөхөрлөж байсан гэдэг. Пхеньян дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газруудыг дайны дарь утаан дундуур аюулгүй газар нүүлгэж шилжүүлэхэд Ж.Самбуу дарга “Би нөхөр Ким Ир Сенд хань болоод эндээ байж байя” гээд нуувчинд шатар нүүж суусан гэх. Солонгосчууд ч мөн монгол төрийн тулх нуруутай тэр сайхан эрхмийн буй төрхөөр   төсөөлөн  монголчуудад цагийн цагт  элгэмсдэг буй за. Дайнд өнчирсөн олон хүүхдийг монголд ирүүлж тусгай цэцэрлэг байгуулан, өсгөж хүмүүжүүлэн эх оронд нь буцаасан, тэд очоод монголыг их санасан, одоо ч монгол хүнтэй уулзахын мөрөөсөл дүүрэн байдаг гэдэг. Өгүүлэн буй тэр цагаас хойш юм их өөрчлөгдсөн, ялангуяа манай улс ардчиллын замыг сонгож улс дотроо төдийгүй гадагшаа харах харц, харилцах  хандлагадаа асар их өөрчлөлт хийсэн. БНАСАУ-тай гэхэд дэлхийн том гүрнүүдийн чиг баримжаанд нийцэх өнгө аястай бодлогыг илүүд үзэх. Харин Умардынхан хөгжлийн ямар чиг мөр сонгосон түүн дээрээ бат нут зогсож, олон юм анх ямар байсан тэр хэвээрээ, гэхдээ хөгжсөөр байгаа. БНАСАУ-ын иргэд нь төр улсаа хүндэтгэх уламжлалт өндөр соёлтой, тэрхүү хүндэтгэлээ чухамхүү хөдөлмөрөөр,  сурагч, оюутан нь сурлага хичээлээрээ  нотлон харуулдаг, хувийн сахилга бат, ёс журмыг онцгой эрхэмлэдэг ард түмэн. Цээжинд нь нэгэн хүнд юм бий, тэр юу вэ гэвэл улс орон, ард түмэн хуваагдмал байхын бэрхшээлийг бие сэтгэлээрээ эдэлж яваа. Тэр хэрээр солонгос хүн бүрийн зүрх сэтгэлд нэгэн их омогшил буй, тэр юу вэ гэвэл хөдөлмөрч хичээнгүй, тууштай эх оронч, эв нэгдэлтэй байж хоёр орон, ард түмнээ нэгтгэн бүтэн нэг солонгос болохын туйлын хүслэн гэдэгт итгэлтэй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

10 цаг 28 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

15 цаг 18 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

2025-06-06
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

2025-06-06
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

2025-06-06
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

2025-06-06
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

2025-06-06
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05