Хууль төрөхийн өмнө
Ч.Олдох
МАХН-аас орон даяар зохион байгуулж буй Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг батлуулах гарын үсэг цуглуулах аян өчигдөр Сүхбаатар аймагт үргэлжлэв. Ажлын хэсгийг тус намын дарга Н.Энхбаяр ахалж, Гүйцэтгэх товчооны гишүүд, Мянгатын дарга нар орон нутагт ажилласан юм. Дээд хуулийн төслийг сурталчлах, санал солилцох, батлахыг дэмжсэн иргэдээс гарын үсэг цуглуулах аян аймгийн төвд нээлтээ хийж, төрийн зарим байгууллагад танилцуулга хийлээ.

Сүхбаатар аймагт засаглалын хямрал нүүрлэж, улстөржилт газар авсан. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа. Учир нь 2016 оны орон нутгийн сонгуулийн маргаан одоо хүртэл үргэлжилж, ИТХ-д сонгосон төлөөлөгчид нь намаар талцан хурлаа хийж чадахгүй, асуудал шүүхийн шатанд удаашралтай явж ирсэн. Иймд Засаг дарга З.Энхтөрийг огцруулж, түүний оронд МАН-аас дэвшүүлсэн Р.Эрдэнэцогтыг батламжлуулахаар Засгийн газарт өргөн барьсан ч шийдвэр гараагүй. Аймаг маань “Эзэнгүй айл” шиг байна хэмээн иргэд бухимдан ярьж байна. Дээд хуулийг батлах санал асуулга, гарын үсэг цуглуулах аянд оролцогчид өөрсдөдөө учирсан байдлыг ярьж, тэр нь намууд муу байгаагийнх уу, муу улстөрчидтэй холбоотой юу хэмээн дор дороо дүгнэлт хийцгээж байв. Тэдний олонх нь Сүхбаатар аймагт төдийгүй улс орон даяар газар авсан хямрал нь тогтолцоонд байна гэж үзэж, Үндсэн хуулиас эхлээд өөрчлөх ёстой хэмээн МАХН-аас дэвшүүлсэн Дээд хуулийг батлахыг дэмжиж байлаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзахдаа “Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хууль ба Монгол Улсын тусгаар тогтнол-Ард түмэн бол бурхан юм” сэдэвт лекц уншсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр ард түмний амьдрал ядуу, тарчиг байгаа нь үнэн. Цөөн хүн баяжиж, Оюутолгой гэх мэт үндэсний баялаг цөөн хүний гарт орж, залуус ажилгүй, орлогогүй амьдрал маш хүнд байна. Гадаадад гарсан залуус айл нүүлгэн зөөх, аяга таваг угаах гэх мэт хар бор ажил хийж яваа. Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байна. Ажил хаяхаа ч байн байна мэдэгдэх болсон. Тэднийг шүүмжлэх аргагүй. Гадаадад ажиллаж, амьдарч яваа залуусаа ч буруутгах аргагүй. Өнөөдөр Монголд өндөр боловсрол үнэгүйдсэн. Улсын хэмжээнд 100 гаруй их, дээд сургууль байгаа ч сургалт чанаргүй болжээ. Эрүүл мэнд, боловсролын асуудал хүнд байна. Ипотекийн зээл олгоно, орон сууцжуулна гэж байгаа ч түүнийг дор хаяж нэг сая төгрөгийн цалинтай хүн авах боломжтой. Гэтэл 500-600 төгрөгийн цалин авч ар гэр, амьдралаа авч явах гэж ядаж буй хүмүүс тийшээ орж чадахгүй. Иймээс гэр хороололд утаа гаргаж суухаас өөр арга алга. Энэ бүхнийг өөрчлөхөд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй юм. Үндсэн хуулийг сайн, муу хууль гэж дотор нь хувааж үзвэл, ард түмнээ нэгдүгээрт тавьсан хууль л сайн. Хувь хүн, компанийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан нь муу хууль юм. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хууль маань хувь хүн, компанийн эрх ашгийг нэгдүгээрт, тавьж төрд шургалсан хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалж, ард түмнээ хаячихсан. Иймд хүн төвтэй нийгмийг байгуулъя. Хяналт, хариуцлагыг бий болгоё. Монгол төрийг ард түмнээс хараат болгоё. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчилье Төрийн сүлд өршөө гэхийн оронд ард түмэн минь өршөө гэж залбирдаг болъё. Ард түмэн бол бурхан юм. Иймд бид монгол хүнээ төрийн хамгаалалтад авъя, сайхан амьдруулъя гэж Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийг санаачлан эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулсан. Үүнийгээ орон даяар хэлэлцүүлж, улмаар энэ хуулиа батлуулах санал асуулга-гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлэн өнөөдөр хэнтийчүүдтэй уулзаж байна” хэмээн онцлов. Сүхбаатар аймгийн МАХН-ын мянгатын дарга Г.Тамирбаатар Дээд хуулийг баталж хэрэгжүүлсээр 10 жилийн дараа буюу 2028 онд иргэдийн амьдрал ямар байх вэ сэдвээр илтгэл тавьсан юм.
Хэрэв Монголын ард түмэн Дээд хуулийг батлуулахад санал нэгдэж чадвал, дээд боловсролыг үнэгүй эзэмших, эмнэлгийн үйлчилгээг төлбөргүй авах, тогтмол орлоготой болох, зээлийн дарамт арилах гэхчлэн боломжууд нээлттэй болно. Мал биш монгол хүн өөрөө төрийнхөө хамгаалалтад түвшин сайхан амьдрах үүд хаалга нээгдэнэ гэдгийг тэрээр илтгэлдээ онцоллоо. Сүхбаатар аймагт нээлтээ хийсэн Дээд хуулийг батлах гарын үсэг цуглуулах аян МАХН-ын мянгат, зуутын гишүүдээр дамжин тус аймгийн 13 суманд төдийгүй бүх аймаг, сумд үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn