
С.САРУУЛ
АТГ-аас өнөөдөр /2018.03.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй авлига албан тушаалын томоохон хэргүүдийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар сэтгүүлчдийн асуултад хариулсныг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Эрдэнэтийн 51 хувийн асуудалтай холбогдуулан АТГ-аас Д.Сугарыг шалгаж байгаа юу?
-Прокурорын газраас шалгагдаж байгаа хэргийн талаар зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар одоо болон цаашид ч нэлээдгүй асуудал сөхөгдөх байх. Эрдэнэт үйлдвэр, Жаст компанитай холбоотой, Эрдэнэт үйлдвэр батлан даалт гаргаж, зээл авсан асуудал мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг нарийвчлан шалгаж байна. Энэ асуудал дээр анхаарал татахуйц хэд хэдэн асуудал байгаа учраас С.Баяр болон холбогдох хүмүүсээс гэрчээр байцаалт авсан. Шалгалтын явцад Ш.Батхүүгийн компани болон бизнесийн талаарх мэдээллийг нэг бүрчлэн шалгаж байна. Энэ ажиллагаанд эдийн засгийн тусгай мэдлэгтэй, аудитын байгууллагын хүмүүс оролцсон нарийвчилсан шалгалт үргэлжилж байна. Ш.Батхүүтэй холбоотой хамаарал бүхий өмч хөрөнгө, сэжиг бүхий хөрөнгийг бага үнээр худалдсан, бэлэглэсэн сэжигтэй үйлдлүүдийг илрүүлж, шалгаж байна. Тухайн үед төрийн өмчийн хорооны дарга Д.Сугараас байцаалт авч, гарын үсгийг хуурамч эсэхийг шалгаж, шинжээчээр судлуулсан. Шаардлагатай бол нэмж, тайлбар байцаалт авна. ТЭЦ-4-ийн захирал С.Анхбаярыг нийтийн албан тушаалтны хувьд бусдаас авлига авсан байж болзошгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна.
-Элчин сайд М.Энхсайханыг ирж байцаалт өгөхийг хүссэн байсан. Ирж байцаалт өгсөн үү?
-Шадар сайдаар ажиллаж байсан Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудал дээр төслийн Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа энэ гэрээний төслийг боловсруулсан асуудал дээр албан тушаалаа урвуулан ашигласан эсэх талаар нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, дуудсан. Өнөөдөр М.Энхсайхан дуудах хуудасны дагуу АТГ-т гэрчийн мэдүүлэг өгч байна.
-Жаст-ын Ш.Батхүүтэй холбоотой хэргийн талаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн мэдээлэл байдаг. Энэ талаар тайлбар өгнө үү?
-“Жаст” групптэй холбоотой асуудлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудал яригдаж байгаа. Одоо шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 17.1.2 дах зүйл ангиар яллагдагчаар татаж, шалгаж байгаа. Энэ зүйл ангийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, дуусах болоогүй.
-УИХ-ын гишүүн асан С.Баярцогттой холбоотой Оюутолгойн асуудлаар мэдээлэл гарсан. С.Баярцогтод мөнгө зээлсэн этгээдийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа. Тус гэрээ болон хэрэгжилтийн талаар нарийвчлан шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ асуудал дээр Сангийн сайд асан С.Баярцогтоос тайлбар, байцаалт авсан. Мөн олон албан хаагчидтай холбоотой анхаарал татахаар асуудал байгаа. Нухацтай шалгана. Түүнээс гадна далд уурхайтай холбоотой Дубайн гэрээний асуудлыг шалгаж байгаа.
“Жаст” болон Алтжин компани нарын хооронд Г.Алтанг өмнө нь дуудаж байцаалт авсан. Шаардлагатай бол дахин дуудаж, мэдүүлэг авна.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Увс аймгийн нутагт “Хотгор шанагын” уурхайн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцаа худалдсан эсэх асуудал дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байна. Энэ асуудал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гэрчээр тайлбар мэдүүлэг авсан.
-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлыг шалгуулахаар өөрийн биечлэн ирж албан тоот өгч байсан. Одоо Тавантолгойг шалгаж байгаа гэдэг мэдээлэл гарч байна. Х.Баттулга гишүүн байхдаа хүсэлт өгөхөд нь шалгаагүй мөртлөө одоо Ерөнхийлөгч болчихоор нь шалгаж байгаа юм шиг сонин зураглал харагдаад байна л даа.с Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлыг өмнө нь яагаад шалгаагүй, одоо яагаад шалгаж байгаа юм?
-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 оны гуравдугаар сарын 22-ны өдөр АТГ-т Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлаар шалгуулах хүсэлт гаргасан байдаг. АТГ шалгаад хуулийн дагуу мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж тодорхой хэмжээнд үзлэг хийхийг прокуророор батлуулж бичиг баримтыг хурааж авч ажиллагаа явуулаад 2012 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар шилжүүлсэн байдаг. Прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан байсныг энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэл нээж прокурорт шилжүүллээ. Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шалгаж байна. Тухайн үеийн албан тушаалтнуудын оролцоог нягталж байна.
-Сайд Фортуна Батбаяр, Сономпил, Баянсэлэнгэ гээд өмнөх Засгийн үед ажиллаж байсан олон хүнтэй холбоотой асуудлыг АТГ шалгаж байна. Эрх мэдэлгүй болчихсоныг нь шалгаад харин эсрэгээрээ эрх мэдэлтэй нөхдийг шалгаж чадахгүй байгаа юм биш үү? МАН-ын эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой шалгагдаж байгаа хэрэг байгаа юу?
-2016 оны сонгуулийн дараа Хөгжлийн банкны үйл ажиллагаанд УИХ, Засгийн газраас орсон удаа дараагийн шалгалтын хүрээнд зургаан орчим их наяд төгрөгийн зөрчил дутагдал илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг хэргийг нэг бүрчлэн шалгаж эрүүгийн хэргийн шинжтэй, албан тушаалаа хэтрүүлсэн тогтоогдсоныг нь прокурорт шилжүүлсэн. Эхнээсээ шүүхээр шийдвэрлэгдэж байна. Энэ дотор тухайн үеийн Засгийн газрын сайд нар бий. АТГ ямар нэг намаар ялгаварласан асуудал байхгүй. Прокурорын хяналтад үйл ажиллагаа явуулж байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт эрх баригч намаас холбогдон шалгагдаж байгаа хүмүүс бий.
-С.Баярцогттой холбоотой асуудлыг хэзээнээс шалгаж эхэлсэн бэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга АНУ явж ирсэний дараа мэдээлэл гарч ирсэн болохоор ингэж асууж байна л даа?
-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Сангийн сайд асан С.Баярцогтоос байцаалт авсан. Ерөнхий сайд асан С.Баяраас мөн байцаалт мэдүүлэг авсан. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ асуудалд тухайн үеийн шийдвэр гаргагчдын буруутай үйлдэл тогтоогдвол прокурорт хандана. Нарийвчлах, нягтлах ажил бий. С.Баярцогтод 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэж 2014 онд хэрэгсэхгүй болсон. Байгаль орчны төлөөх Туяацэцэг гэх эмэгтэй Швейцарьт асуудал тавьж Швейцарийн талаас бидэнтэй харилцан хамтран ажиллаж тодруулга авсан. Ирэх сард Швейцарийн талаас тодорхой хариултууд ирнэ. Энэ мэтээр хамтарч ажиллаж байна.
-Олон нийтийн зөвлөлийн гишүүд хууль журмандаа АТГ-ыг дэмжиж ажиллах ёстой юу, хяналт тавих үүрэгтэй юу. Шинээр байгуулагдсан олон нийтийн зөвлөл эрх хэмжээндээ, хууль журмын дагуу ажиллаж чадаж байна уу?
-Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл хэрэг бүртгэл мөрдөн байцаалтаас бусад үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй. Одоогийн байдлаар зөвлөмж өгсөн асуудал алга. Харин эсрэгээрээ шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа эрүүгийн хэргүүдийг яриад байгаа нь зохимжгүй. Магадгүй зарим тохиолдолд ярьж байгаа зүйлүүд нь хууль зөрчсөн үйлдэл болохыг үгүйсгэхгүй. Нэр нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл боловч улс төрийн намын тодорхой албан тушаал хашиж байгаа хүмүүс байгаа.
-АТГ орон нутагт салбаргүй. Тоолоод үзвэл 30 гаруй мөрдөн байцаагчтай гэдэг. Авлига албан тушаалын томоохон хэргүүдтэй тэмцэхэд хүн хүч хүрэлцдэг үү?
-АТГ-т ирж буй өргөдөл гомдол мэдээлэл, АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг сүүлийн гурван жилийг харьцуулахад сүүлийн жилд мөрдөн шалгах хэргийн ачаалал тав дахин өссөн гэж хэлж болно. 2017 онд 114 хэрэг шалгагдаж байсан бол энэ жил 300 гаруй байна. Мөрдөн байцаагчдын ачаалал нэмэгдсэнээс хэрэг бүртгэл мөрдөн байцаалттай холбоотой зарим хүндрэлүүд гарч байгаа.
-Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудал юу болж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Д,Гантулгатай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Хэрэг дээр ажилласан цагдаагийн албан хаагч, шинжээчид дээр албан тушаалын гэмт хэрэг байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Ажлын хэсэг Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. Мөн шинжээч томилж хэргийн дүгнэлт гарсны дагуу прокурорын байгууллага яллагдагчаар татах санал ирүүлсэн. Тогтоолыг танилцуулахаар Д.Гантулгад 18 удаа хандаад байна. Өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүмүүст ханддаг. Гишүүн хуралтай, гадаадад томилолттой гэх шалтгаанаар прокурорын дуудах хуудсыг хүлээж авдаггүй. Хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол баривчилна гэсний дагуу шүүхэд хандсан ч үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Шалгалтын ажил үргэлжилж байна.
-Оффшорын хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо нэмэгдсэн үү?
-АТГ-т аж ахуйн нэгжээ бусдад шилжүүлсэн гурван албан тушаалтан оффшор дахь хөрөнгөө мэдүүлсэн байдгийн хоёр нь УИХ-ын гишүүн, нэг Монгол банкны ажилтан. Оффшор бүсэд эмчлэх, суралцахдаа данс үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн тухайгаа 18 албан тушаалтан мэдэгдсэн.
-Авлига албан тушгаалын томоохон хэргүүд дээр төрийн өндөр албан тушаалтнуудаас дарамт шахалт хэр ирдэг вэ?
-Аль нэг хувь хүн хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. АТГ-ын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй боловч сүүлийн үед зарим нэг эрх бүхий албан тушаалтнуудаас хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан нөлөөлөх оролдлого гарч байна. Гэхдээ АТГ хуулийн дагуу хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно.
-Монголбанкны Золжаргалын хэрэг юу болсон бэ?
-Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Золжаргалтай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна. Монголбанкны аудитын шалгалтын дүн удахгүй гарна. Нэлээд зөрчил дутагдалтай байгаа.
Төмөрзамтай холбоотой хэрэгт Ганбат, Бат-Эрдэнэ нар гадаад руу явсан байдаг. Шалгаж байна. Солонгосын иргэнтэй холбоотой асуудлыг шүүхэд шилжүүлж байгаа.
Эх сурвалж: www.polit.mn