Сэтгэлгээ давамгайлсан шинэ төсөл

2018-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Бид тохилог орчинд амьдарч, тухлаг гоё оронд унтаж, төрөл бүрийн хоол амтархан идэж, тансаг бүхнийг хэрэглэдэг хэрнээ ариун цэврийн байгууламж, жорлонгоо хэзээ ч гоё байлгах тухай ярьдаггүй. Жорлон гэдэг үгнээс ичиж, хэлэхээс ч цэрвэсээр ирсэн ард түмэн. Гэтэл дэлхийн бусад орон жорлонгийн асуудлаа аль хэдийнэ шийдсэн байх юм. Монголчууд нүүдэл хийхдээ хамгийн түрүүнд  гэрээ хаана барихаа боддог бол  гадаадынхан жорлонгоо хаана байгуулах тухай ярилцдаг гэсэн. 100 жилийн өмнө буюу XX зууны эхэнд ялангуяа, Ази тивийнхэн  хүн өөрийнхөө биеэс ялгарч байгаа ялгадсаа “миний биеэс гадагшилж л байвал хаана ч бие зассан яахав” гэсэн сэтгэлгээтэй байсан байна. Өөрөөр хэлбэл, тэр хүний биеэс гарсан л бол өөрт нь хамаагүй гэсэн сэтгэлгээ ноёлж байжээ гэсэн үг юм. Монголын хамгийн анхны бүтээсэн “XX зууны эхэнд монголчуудын амьдрал” хэмээх баримтат кинонд нэг хүн гудамжинд явж байгаад л  шууд бие засдаг хэсгээс харж болно. Харин XX зууны дунд үеэс бие засахдаа халхавч хийж эхэлсэн нь одоогийн нүхэн жорлонгийн үүсэл юм. Харин монголчууд XXI зууны эхэнд бүхэл бүтэн 100 жил өөрчилж чадаагүй жорлонгоо өөрчлөхөд юуны түрүүнд сэтгэлгээгээ өөрчилснөөр  соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхах нэгэн шалгуур нь болох юм. Тиймээс сайхан жорлонтой байх нь хүнийг эрхэмсэг бөгөөд хүндтэй нэгэн болгодог бас нэг хүчин зүйл юм. Бидний хэрэглэдэг жорлон эх дэлхийгээ бохирдуулахгүй байвал уух ус, амьдрах орчин маань эрүүл байна. 1000 айл зөв жорлонтой байвч, 1001 дэх нь буруу жорлонтой бол уг суурин газрын ус тэр чигээрээ бохирдох аюултай. Иймд аль болох богино хугацаанд олон жорлонг шинэчлэх нь уух усныхаа эрүүл ахуйн төлөө хийж буй тэмцэл юм. Бид байгаль орчинд ээлгүй уул уурхай эрхэлж буй компаниуд,  баялгаа зараад идсэн оффшоруудтай тэмцдэг шигээ хөрс, усыг бохирдуулсаар байгаа нүхэн жорлонтой тэмцэхгүй байгаа нь бидний сэтгэлгээнд л байгаа юм. Тиймдээ ч өнөөдөр муухай үнэртэй нүхэн жорлонгоос салж чадахгүй XXI зууны эхэнд амьдарсаар л байна. Гэтэл ариун цэврийн байгууламж, жорлонгоо байгуулахдаа хамгийн түрүүнд хөрс бохирдуулахгүй, тохилог, стандартад нийцсэн  тансаг орчин байх ёстой гэдгийг дэлхийн олон орон харуулсаар ирсэн. Тухайлбал, бидний хөрш  БНХАУ-ын дарга Си Зиньпин  жорлонгийн хувьсгалыг өөрөө манлайлан эхлүүлсэн. Тэр Хятад улсыг насаараа удирдах эрхээ бүх нутаг  дэвсгэр, жалга дов бүрийг дэд бүтцэд холбож жорлонгоо өөрчилнө гэсэн амлалтыг өгснөөр сонгогдсон гэдэг. Тэгэхээр удирдлагуудаасаа эхлээд бүгд сэтгэлгээ, хандлагаа өөрчилж байж үүнийг өөрчилнө.  Дэлхийд хамгийн олон хүнтэй Энэтхэг улс мөн ялгаагүй жорлонгоо өөрчилж буй орны нэг. Хэдийгээр дэлхий дээр 100 гаруй  технологи байдаг ч бүх улс оронд шууд нэвтрүүлж болох жорлонгийн нэг цогц шийдэл одоогоор байхгүй. Энэ тухай  гэр хорооллын жорлонг байгальд ээлтэйгээр шийдэх боломжийн талаар 20 гаруй жил судалгаа хийж буй судлаач  Б.Дашням ярьдаг. Энэ нь улс орон бүр байгаль  цаг уурын болон бусад хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй газар нутагт  амьдарч байгаатай холбоотой. Тэгэхээр уг шийдлийг зөвхөн тухайн орон нутгийн иргэд өөрсдөө бодож олох ёстой юм.   СУРГАЛТААР СЭТГЭЛГЭЭ ӨӨРЧЛӨГДДӨГ Мэдлэг, мэдээлэлгүй иргэд жорлонгоо яаж өөрчлөх талаар мэдэхгүй. Тухайлбал, орон сууцанд амьдардаг иргэд зөвхөн гэр хорооллынхон л өөрчлөх юм шигээр сэтгэж байна. Гэтэл тэд нэг удаа ялгадсаа урсгахад л 5-10 литр ус хэрэглэдэг гэдгээ сонсохоороо усаа гамнах, саарал ус болгох, гар угаасан усаа жорлонгийн усандаа хэрэглэе гэх мэтээр сэтгэлгээ нь өөрчлөгддөг. Харин үүнийг  төрөөс нэгдсэн бодлогоор шийдэх л гарц байгаа юм. Үүнийг өөрчлөх сэтгэлгээ, хандлагыг бий болгоход иргэдийг мэдээллээр хангах  нь  чухал аж. Мэдээлэлтэй, сэтгэлгээ нь өөрчлөгдсөн иргэд  өөрийнхөө нутагт тохирсон жорлонгийн технологийг зохиоход  дөхөмтэй. Иргэд үнэргүй, ялаагүй, агааржуулагчтай, тав тухтай, гэрэлтэй, соруулдаг  жорлон хүсдэг. Энэ нь ялгадсаа дүүрэхээр бөглөөд хаядаг нүх биш. Харин байнга эргэлтэд орж байх ёстой материал үйлдвэрлэгч юм. Ийм газар ариун цэврийн бизнес цэцэглэдэг тухай “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэл номынхоо эхэнд тэмдэглэжээ. Тэрээр сүүлийн долоон жил жорлонгоо өөрчлөх арга, технологийн талаар олон оронд явж судалсан аж. Ингэснээр 17 төрлийн технологийг уг номондоо сонгон оруулжээ. Тэрээр  номоо номын дэлгүүрүүдээр  борлуулж буй ч иргэдэд газар дээр нь таниулж жорлонгоо өөрчлөх сургалт хийх нь илүү үр дүнтэй байгаа ажээ. Энэ ажлыг санаачилан эхлүүлсэн “Нутгийн шийдэл сан”-гаас улс орон даяр хэрэгжүүлж буй “Жорлонгоо өөрчилье” сургалтыг аймаг бүрт зохион байгуулж буй нь ийм учиртай. Б.Номинзул захиралтай тус ТББ одоогоор төв болон  зүүн 10 гаруй  аймгийн 1500 хүнд “Жорлонгоо өөрчилье” сургалтыг зохион байгуулаад байна. Орон нутагт бэлтгэсэн зөвлөхүүд  энэ сургалтад сумын иргэдийн төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, аялал жуулчлалын компанийн захирлууд, сургууль,  цэцэрлэгийн дарга гээд жорлонгоо өөрчлөх чин хүсэлтэй иргэдийг урьж оролцуулдаг юм. Сургалт бүрт жорлонгоо өөрчилье гэсэн 50-160 иргэн оролцдог. Нэг хөтөлбөрөөр явагддаг тус сургалтад жорлонгоо өөрчлөх шалтгааны нэг  гэдэсний халдварт өвчин түүнээс үүдэлтэй хорт хавдрын тухай сэтгэл эмзэглүүлсэн тоо баримтыг судлаач Б.Цолмонбаяр танилцуулдаг. Түүнчлэн Монгол Улсын ариун цэврийн байгууламж, жорлонгийн стандарт, хууль дүрмийн талаар цэгцтэй ойлголт өгдөг. Мөн хүн өдөрт жин, өндрөөс хамааран  150-250 грамм өтгөн, шээс ялгаруулдаг. Түүний 97 хувь нь ус. Тэгэхээр өтгөн, шингэнийг саарал ус болгох боломжтой технологи олон  байна. Нэг өрх дунджаар 650 мянган төгрөгт багтаан жорлонгоо өөрчлөх боломжтой гэж судлаач Б.Дашням ярьдаг. Төслийн санаачлагч “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл дэлхийн улс оронд туршсан 17 технологийг оролцогчдод энгийн сонирхол татахуйцаар тайлбарладаг. Тэрээр том жорлон буюу аймаг сумын хэмжээнд байгуулах цэвэрлэх байгууламж, мөн хөдөө, хээр, аялал жуулчлалын бааз, малчин өрхөд тохиромжтой дунд жорлон болох септик танк, жижиг жорлон хэмээх гэр хорооллын жорлонг хэрхэн өөрчлөх тухай тус бүрт нь тохирох технологийг танилцуулж хийх аргуудаас нь заадаг.Түүнчлэн жорлонгийн бизнесийг хэрхэн хийх  тухай ч хэлж  өгдөг. Харин ШУТИС-ийн багш доктор Д. Басандорж Монголд туршсан олон төрлийн жорлонгийн шийдлийг санал болгодог. Тэр Монголын нөхцөлд тохируулж бүтээсэн “Хөвсгөл-1” брэндээ танилцуулахын зэрэгцээ нэг бүр нь 650 мянгаас нэг сая 250 мянган төгрөгийн үнэтэй бордоожуулж хатаадаг,  өтгөн шингэнийг тусад нь тусгаарлаж саарал ус гаргах зэрэг төрөл бүрийн технологио танилцуулдаг. Хуримтлал үүсгэн жорлонгоо өөрчилж болох талаар Худалдаа хөгжлийн банкны эдийн засагч Л.Ганхуяг зөвлөдөг. Мөн гэр хорооллын айл өрх, албан байгууллагыг  инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг 15 жил хийж буй “Атмор” компанийн залуу удирдагч С.Цэнгүүн иргэдэд хийсэн ажлаа танилцуулж, хамтарч ажиллах санал тавьдаг. Тухайлбал, Хөвсгөл аймагт өөрийн албан ёсны салбараа нээсэн  амжилтаас  дурдаж болно. Түүнээс гадна сургалтыг нэг өдөржин  эмх цэгцтэйгээр зохион байгуулж  удирдан чиглүүлдэг  боловсролын доктор Б.Насанбаяр, МҮОНРТ-ийн захирал асан, сэтгүүлч Ц.Оюундарь болон төслийн бэлтгэл ажлыг хангадаг төслийн багийнхан бүгд  жорлонгоо өөрчлөх хувьсгалын манлайлагчид юм. Орон нутагт сургалтыг зохион байгуулснаар тухайн аймгийнхан өөрийн орон нутгийн онцлогт тохирсон технологийг сонгох учиртай. Тухайлбал, хангайн аймгийн төлөөлөл болох Хөвсгөлийн хөрс нь мөнх цэвдэгтэй, нар бага тусдаг ар газар ихтэй, хүйтэн сэрүүн, чийглэг уур амьсгалтай. Тэгвэл энэ газарт хуурайшуулж бордоо болгодог технологи хэрэгтэй. Харин нар байнга тусдаг говийн аймаг тухайлбал, Дундговь, Өмнөговь аймагт агааржуулж хатаадаг эсвэл ялзмагшуулж бордоо болгодог технологи  хэрэгтэй гэж байв. Харин суурин газарт соруулдаг, султгадаг, үнэргүй шийдлүүд чухал. Гэхдээ Монгол орны хаана ч хэрэглэж болох эрс тэс уур амьсгалд тохирсон жорлонгийн шийдлийг иргэд  өөрсдөө зохиох нь нээлттэй.  Газар бүрт жорлонгоо өөрчлөхөд улстөржилт хэрэггүй юм. Гагцхүү эв нэгдэл, иргэдийн оролцоо, хүсэл эрмэлзэл чухал. Мөнгөгүй ч  иргэд нь  хүсэл эрмэлзэлтэй  бол  өөрчлөлтийг хийж  чаддаг гэдгийг Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумын жишээ харуулж байна. Өмнөговь аймгийнхан мөнгө асуудал биш гэж байгаа ч удирдлагууд нь дэмжихгүй бол мөн л өөрчлөлт дутуу болох жишээтэй. Энэ жил тус аймгийн төсөвт  уул уурхайгаас 312 тэрбум төгрөг орж ирэх төлөвлөгөөтэй. Харин жорлон болон ариун цэврийн байгууламжид зориулж мөнгө төсөвлөөгүй  гэж иргэд нь ярьж байв. Гэхдээ иргэд нь удирдлагууддаа хандахад өөрчлөлт болно гэсэн найдвар төрч байв.   ГУРАВХАН САРД ӨӨРЧЛӨГДСӨН ДУНДГОВИЙН ГУРВАНСАЙХАН “Жорлонгоо өөрчилье”  сургалтад  “Сумаа шинэчлэе” хөтөл­бөр нэмэгдсэн нь илүү сонирхолтой бодитой зүйл болсон байлаа.  Энэ хөтөлбөрийг Дундговь аймгийн Гурвансайхан сум амжилттай хэрэгжүүлсэн талаар   УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга, Гурвансайхан сумын нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн даргатай  “Сумаа шинэчлэе” багийнхан танилцуулж байв. Тус багийн гишүүн Б.Загдсүрэнгийн танилцуулсан  иргэд сумаараа нэгдэж чадвал хэнээс ч гуйхгүйгээр сумаа өөрчилж чаддагийг харуулсан бодит жишээг оролцогчид хараад бахархаж байсан. 30 жил биш гуравхан сарын хугацаанд хэрэгжүүлж чадсан нь тэд нэгдэж ханд­лагаа өөрчилж чадсанд л байгаа юм. Сумын иргэд нь  малчдынхаа хувцсыг  өөрсдийн байгуулсан угаалгын газартаа угааж цэвэрлээд  дээлийнх нь тасарсан товч шилбийг  хадаж,  уранхай цоорхойг нь оёж өгдөг гэв. Манай улсын 330 сумын ганцхан суманд ч болов ийм үйлчилгээ бий болсон гэхээр бахархмаар байв. Тэд өөрсдийн нэгдсэн санаа зорилгынхоо хүчээр хандивлагч байгууллагуудын тус дэм болох дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумаа бүрэн шинэчилж дэд бүтцэд холбосон анхны сум. Зүлэггүй говь нутагт зүлэг ногоо, мод бут ургуулж анх удаа зүлэгтэй селби хийсэн залуучууд бол Гурвансайхан сумынх. Тэд нийт гурван км авто болон явган хүний зам барьсан. 50 метр куб багтаамжтай цэвэрлэх байгууламж барьж бохир усыг 98 хувь хүртэл цэвэрлэж саарал ус гаргадаг. Нарны энергиэр ажилладаг гэрэлтүүлгийг бүх гудамжиндаа байр­луулсан. Эднийх ирээдүйд инженерийн шугам сүлжээнд холбогдсон нэг ч  нүхэн жорлонгүй анхны сум болно гэсэн зорилго тавьжээ.   БИЕ БИЕЭ ДЭМЖСЭН ХОЁР ТӨСӨЛ Монголд орон даяар хэрэгжиж буй цөөхөн төслүүдийн нэг “Мөнхчулуун” сангаас хэрэгжүүлж буй “Бидний цөөхөн монголчууд”, “Нутгийн шийдэл сан” ТББ-аас   хэрэгжүүлж буй “Жорлонгоо өөрчилье” төсөл юм. Дөрвөн жил үргэлжлэх “Бидний цөөхөн монголчууд” төсөл XXI зууны эхэнд амьдарч байгаа монголчуудын ахуй соёлын тухай 330 сумаас телевизийн нэвтрүүлэг бэлтгэхээс гадна музейд тавигдаагүй айлын авдарт хадгалагдаж байгаа түүхийн ховор нандин зүйлийг архивлаж олны хүртээл болгох зорилготой. Тэг­вэл  “Жорлонгоо өөр­чилье”  төсөл тэдний хувьд XXI  зууны эхэнд монголчууд 100 жилийн түүхтэй нүхэн жорлонгоо нураахаар явж байсан одоо үеийн бидний ман­лай­лагчдыг түүхэнд үлдээн мөнхжүүлэх юм. Хоёр төслийн багийн­хан Өмнөговь аймагт энэ сарын 19- нд уул­заж  олон нийтийн сүл­жээгээр видео лайв хийж орон даяар цацсан. УИХ-ын гишүүн асан М.Зоригт, Ц.Оюунгэрэл нарын санаачлан хэрэгжүүлж буй  төслүүд олон нийтэд таалагдаж  олон хүн дэмжсэн сэтгэгдлээ илэрхийлж байв. Үүний дараагаар жорлонгоо өөрчлөх хүсэлтэй олон хүн цахим орчинд жиргэж дэмжиж эхэлсэн. “Жорлонгоо өөрчилье” төслийн сур­галтад хамрагдсан бүх хүнд гэрчилгээ олгодог. Магадгүй 50 жилийн дараа XXI зууны эхэнд  монголчууд нүхэн жорлонгоо өөрчлөхөөр явж байсан тухай хэн нэгэн хүний авдарнаас  гарч ирэх  гэрчилгээ бат­лах байх хэмээн төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл он­цолсон. Ийнхүү түүхэнд бичигдэн үлдэх үйл бүтээж байгаа хоёр төслийн багийнхан энэ зууны бахархал болж хойч үедээ үнэлэгдэх нь дамжиггүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

50 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04