
Ц.БАЯР
Дундговь аймгийн удирдлагууд болон иргэдийн хүсэн хүлээсэн “Жорлонгоо өөрчлөх” сургалт энэ сарын 21-нд Мандалговь хотод боллоо. Жорлонгоо өөрчлөх хүсэлтэй 126 иргэн ЗДТГ-ын танхимдаа цугларчээ. Жорлонгоо өөрчлөх олон технологи дэлхийд байдаг тухай сонсоод жорлонгоо хэрхэн өөрчлөхөө мэдэхгүй байсан тэдний хувьд чухал байв. Зөвхөн гэр хорооллын айлуудын хашааны өнцөгт байдаг нүхэн жорлонг өөрчлөх, эсвэл шинэ жорлон өгөх болов уу гэсэн хүлээлт сургалтын эхэнд байсан. Гэвч сургалтын явцад тэдний өнгөцхөн ойлголт үгүй болсон. Энэ нь аймаг, сумаараа жорлонгоо нэг зэрэг өөрчилбөл хөрсний бохирдлоос үүдэлтэй халдварт өвчингүй болно гэдгийг “Нутгийн шийдэл сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, судлаач Б.Цолмонбаяр багш ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөнд байгаа юм. Гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин нүхэн жорлонгоос үүдэлтэй. Жорлонгийн нүхийг гүн ухах тусам газрын гадаргууны болон гүний ус, өтгөн, ялгадсаар бохирдож хэдэн зуун сая нян бактерийг агуулж байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн багууллагын судалгаагаар нэг грамм өтгөнд 16 сая вирус буюу халдвар тээгч байгааг тогтоожээ. Уг вирус агаараар халдварлагдахаас гадна бохирдсон баас, шээсэн дээр суусан ялаа, шумуулаар дамжин халдварладаг. Сүүлийн үед өтгөн мөрийн өвчин буюу гар, хөл, амны өвчлөл газар авчээ. Бүтэн нэг зуун жил хэрэглэж ирсэн нүхэн жорлон нь насны өвчинг үе удамд нь дамжуулсаар ирсэн гэж судлаач, багш Б.Цолмонбаяр онцолсон.
Учир нь Монгол Улс элэгний хорт хавдараар өвчилж нас барагсадын тоогоор дэлхийд нэгдүгээрт явж байгаа юм байна. Жилдээ 2600 орчим хүн нас барж эмчилгээний зардал, элэг шилжүүлэн суулгах мэс засалд 4.0-200 сая төгрөг зарцуулсан тоо баримтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Өөрөөр хэлбэл бохироос үүдэлтэй халдварт шар өвчнөөр өвчилсөн хүний элэг насан туршдаа эмгэгтэй байсаар сүүлдээ хорт хавдар болдог байна. Тиймээс жорлонгоо өөрчилбөл энэ өвчнөөс үүрд ангижрах ажээ. Дундговь аймагт анхны жорлон 1940-оод оны үед баригдсан. Одоо сууршмал газартаа нүхэн жорлон барих газаргүй болжээ. Аймгийн төвийн хэмжээнд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламж баригдаж байгаа аж.
Жорлонгоо өөрчлөх нь тулгамдсан асуудал болжээ
Дундговь аймаг 43 мянган хүн амтай. Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, “Жорлонгоо өөрчилье” төслийн орон нутаг дахь зөвлөх Ц.Батбилэг сургалтын үйл ажиллагааг дэмжиж, бэлтгэл ажлыг сайн хангаж, иргэдээ идэвхитэй хамруулсан байв. Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Жорлонгоо өөрчилье” төслийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр тэрээр хэлэхдээ “ Жорлонгоо өөрчлөх нь манай аймгийн тулгамдсан асуудал.Тиймээс бүх талаар дэмжиж ажиллана. Энэ жилийг аймгийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүний дагуу бүх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж ажиллах болно” гэв. Аймгаас бодлогын хэмжээнд дэмжлэг авч жорлонгоо өөрчлөнө гэдэг хамгийн том давуу тал юм. Нөгөө талаар иргэд гудамж, баг, сум, хороо, аймгаараа нэгдэж өөрчлөх хэрэгтэй гэдгийг хатуу ойлгож авсан.
Жорлонгийн ипотекийн зээлийн хэрэгцээ нийгэмд бий болсон
Мөн өрх бүр хашаан дахь жорлонгоо өөрчилхөд санхүүгийн боломжоо хэрхэн бий болгох тухай Худалдаа хөгжлийн банкны эдийн засагч Л.Ганхуяг багшийн хичээл сонирхол татаж байв. Л.Ганхуяг жорлонгоо өөрчлөхөөр зорьсон өрхүүдэд санхүүгийн сахилга баттай байх нь чухал гэдгийг зөвлөсөн. Тухайлбал, өрхийнхөө орлого, зарлагыг өдөр бүр тэмдэглэж дэмий зардлуудаа илрүүлэн хэмнэж, хуримтлал үүсгэх замаар жорлонгоо өөрчлөх зардлыг босгох боломж байгааг ярьсан. Тэрээр “Жорлонгоо өөрчлөх” сургалтад зориулж өөрийн зохиосон “ Санхүүгийн эмх цэгц” дэвтрийг оролцогчдод санал болгож байв. Энэхүү дэвтэр нь бүтэн жилийн орлого, зарлага болон ажил хэргээ хөтөлж хуримтлалаа өсгөх, зуршил болгоход зориулагджээ. Түүнчлэн хэсэг бүлгээрээ хоршоо байгуулан нэгдсэн зохион байгуулалттайгаар жорлонгийнхоо материалыг бөөндөж хямдралтай үнээр авах боломж байгааг ч сануулсан. Жорлонгоо хурдан өөрчилье гэвэл ногоон зээлээс гадна цалингийн,тэтгэврийн, хэрэглээний зээлүүдэд хамрагдаж болох аж. Түүнээс гадна арилжааны банкууд жорлонд зориулсан ипотекийн зээлийг ч гаргах хэрэгцээ нийгэмд бий болж байгааг тодотгож байлаа.
Жорлонгоо өөрчилснөөр бизнесээ цэцэглүүлэх боломжтой
Аймгаараа нэг зэрэг жорлонгоо өөрчлөхөөр зорьсон тохиолдолд бизнесийн том боломж байгааг “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан, “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэлийн “Жорлон бизнесийн боломж” сэдэвт сонирхолтой хичээл онцолж байгаа вм. Аймаг бүрт болж буй сургалтын төгсгөлд явагддаг энэхүү хичээлээр жорлонгоо өөрчилснөөр ядуурлаас гарч аз жаргалтай, эрүүл амьдрах нууцыг нээж өгдөг. Тэрээр хичээлийнхээ эхэнд төрөл бүрийн шахалттай, үнэ өртөгийн хувьд ялгаатай бяслага танилцуулдаг. Дэлхийд бяслагны бизнес яагаад цэцэглэж буйг тэрээр тодотгож өгдөг.Тэгвэл жорлонгийн бизнесийг бяслагны бизнесийн зарчмаар явуулж болохыг онцолдог. Нөгөө талаар бяслага нь ашигтай элемент агуулсан биологийн бүтээгдэхүүн юм байна. Хүүхэд гүйлгэхэд бяслага өгдөг нь ийм учиртай. Өөрөөр хэлбэл, бяслага өөрөө өөрийгөө цэвэрлэдэг бүтээгдэхүүн. Тэгэхээр жорлонг ч өөрөөр нь цэвэрлэдэг технологи олон бий. Жорлондоо хэрхэн хөрөнгө оруулалт босгох, иргэн бүхний оролцоотойгоор санхүүжилтэд шаардагдах мэдээллийн бааз бүрдүүлэх, нөлөөллийн схем гаргах гээд олон чухал санааг энэ сэдвээр олгодог. Аливаа бизнесийг эхлүүлэхэд хэрэглэгч, буюу худалдан авагч нь бэлэн байх ёстой. Тэгвэл Дундговь аймгийн тухайд сургалтад суусан 126 хүний нэг хүн, арван хүнд энэ сургалтын тухай мэдээлэл өглөө гэхэд нийтдээ1200 гаруй хүнд мэдээлэл түгээх боломж байна гэж тооцож буй.Тэд бүгд соруулдаг жорлонтой боллоо гэхэд ийм хэмжээний хэрэглэгчтэй газар ариун цэврийн бизнес цэцэглэх нь тодорхой гэж Ц.Оюунгэрэл багш зөвлөж байна. Төв суурин газарт соруулдаг жорлон тохиромжтой үүнийгээ дагаад цэвэрлэдэг, султгадаг, соруулдаг үйлчилгээ үзүүлдэг компаниуд бий болохоос гадна сэлбэг хэрэгсэл, материалын дэлгүүр нээж ажилуулах зэрэг бизнесүүд бий болно. Мөн үйлчилгээний төлбөр хямд байх тусам жорлонгийн бизнес томордог. Жорлонгийн бизнес мөнхийн үргэлжилж байх, ёс зүйтэй хүмүүсийн хийдэг бизнес. Түүнчлэн Дундговь аймгийнхан өөрийнхөө орон нутагт тохирсон шинэ шийдэлтэй жорлон зохиож болно. Тэгвэл энэ бүтээлээ оюуны өмчид бүртгүүлж баталгажуулах хэрэгтэй гэдгийг багш анхааруулж байлаа. Байнгийн ажиллагаатай бизнестэй жорлонтой байх уу нэг удаагийн бэлгэний цоожтой жорлонтой байх уу гэдэг нутгийн иргэдээс л шалтгаалах юм. Үүнд л жорлонгоо өөрчлөх сургалтын ач холбогдол оршиж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn









