
- Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд ямар бэрхшээл байна вэ?
- Манай улс жендерийн хуультай, энэ хуулийн үнэ цэнэ юу вэ?
- Эмэгтэйчүүд улстөрд олноор орсноор улс орны хөгжил, нийгмийн асуудалд ямар ахиц гарах вэ?
А.Эрдэнэбаяр: ТЭД ӨӨРТӨӨ ИТГЭДЭГГҮЙ

- Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь нэг талаар сайн мэт боловч асуудал нь их бэрхшээлтэй. Яагаад гэвэл монголчуудын дундэм хүн гэдэг гэрийн түшиг багана, хоёрдугаарт улс орны залгамж үр удмын санг арвижуулагч, гуравтэрдэм мэдлэгээр тийм их төгс биш гэсэн уламжлалт ойлголт явж ирсэн. Манай улсын хувьд, миний бодлоор эмэгтэйчүүдийн улс төрийн идэвхийг сайжруулах, боловсрол олгох нь нэн чухал. Цөөхөн хүрээний эмэгтэйчүүд өөрсдийн идэвх, сурсан мэдсэн боловсролын үр нөлөөгөөр улс төрд орж санаа, бодлоо ард түмэн ирээдүйнхээ төлөө зориулж байгаа хэдий ч тэднийг улс төрд ороход хууль эрхзүй, орчин, санхүүгийн асуудал хүндээр тусдаг нь тэдний оролцоог нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Бас нэг зүйл нь эмэгтэйчүүд өөрсдөө идэвх муу, өөртөө итгэх, итгэл дутуу дулимаг хувирамтгай байдал нь улс төрд хүний нөлөөнд автах идэш болдог.
- Манай улсад хэрэгжиж буй Жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль нь дутуу дулимаг, битүү хаалттай тийм л хууль. Харин дахин өөрчлөлт хийж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэдний улс төр болон бусад үйл ажиллагаанд оролцох хүсэлтийг хангасан, хувь хэмжээг нэмэгдүүлсэн тийм орчин нөхцлийг бүрдүүлж сайжруулах хэрэгтэй. Жендерийн хуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог 30 хувьд хүргэх, УИХ-д нэр дэвшигчдийн 30 хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар заасан хэдий ч квотын асуудлыг шийдвэрлэхэд бэрх байдаг. Ер нь иргэн бүрийг хэрхэн хөгжүүлэх талаар ямар арга хэмжээ авах асуудлыг хамгийн түрүүнд ярих ёстой.
- Бидний өмнө хүүхдүүдийн хүмүүжил, залуучуудын төлөвшил мөн гэр бүлийн үнэ цэнэтэй холбоотой олон асуудал тулгараад байгаа. Үүнд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал. Эмэгтэйчүүд улстөрд олноор орсноор хууль дахь хүнээ дээдлэх ёс чанар сайжирна. Мөн гэр бүлийн харилцааны болон бусад хууль тогтоомжууд нь амьдралд илүү их нийцсэн ач холбогдолтой, хууль хүнийг хохироох биш хуулиа дээдэлдэг шинэ шийдлүүд бий болгож чадах болов уу. Эмэгтэйчүүдийг улс төрд шийдвэр гаргах түвшинд бага хувь хэмжээгээр оруулж байгаа нь хүндээ чиглэсэн /үйлчилсэн/ эрх тэгш байдлын хуулийг гаргуулахгүй байх , бас эвлэрэн нэгдэж хуулийн цоорхой ашиглаж төрийн өмчийг шамшигдуулах нуун далдлах хуулиар халхавч хийж хэсэг бүлэг нөхөд баяжих, асуудалд тээр тушаа болно гэж үздэг учраас квотын хувийг багаар тавьдаг. Амьдралд, тулгамдаж буй асуудлууд ар араасаа хөвөрч буй учир эмэгтэйчүүдийг улс төрд шийдвэр гаргах түвшинд оруулж дорвитой асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
Мэргэжил: Хуульч-эрх зүйч, Төрийн удирдлагын мастер Боловсрол: 2010 онд БНСУ-ын Олон улсын их сургууль 2016 онд “Их засаг” хуулийн сургууль 1996-1997 он МУИС авай студийг байгуулсан 2006-2009 онд United Pictures продакшны захирал продюсер 2010-2014 онд ТЕГ 2014 -2016 онд УИХ гишүүний зөвлөх 2016 оноос Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга, Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга
Г.Байгалмаа:БИДЭНД БЭРХШЭЭЛ БАЙНА

- Эмэгтэйчүүд улстөрд оролцож, нийгэмд тодорхой байр суурь эзэлж, шийдвэр гаргах түвшинд удирдах албан тушаал хашаад явахад ахуй хангамж, дэмжлэг, өөрөөр хэлбэл, орчин нөхцлөөсөө өөрийгөө авч гарах, дээр нь мөнгө санхүүгийн хувьд бэрхшээлтэй байдаг. Мэдээж тодорхой хэмжээнд ажилтай, орлоготой байж гэр бүлээ авч явах, үр хүүхдээ асрах хэрэгтэй болно. Үүний хажуугаар өөрийн улс төрийн үйл ажиллагаа, нийгэмд хандсан бусад ажилд зарцуулах хөрөнгө мөнгөний хувьд манай эмэгтэйчүүд төдийлөн зоригтой, шийдэмгий байж хүртээмжтэй ажиллаж чаддаггүй тал бий. Нөгөөтэйгүүр, эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл дутмаг байгаад байдаг. Магадгүй хийх гэж байгаа ажил, арга хэмжээнд эрчүүд эмэгтэйчүүдээс илүү байх юм болов уу гэсэн сэтгэлзүйн хандлага байдаг. Энэ нөхцөл байдлыг даван туулж, мөн үүнд нөлөөлөхүйц өөрийн чадвар чадавхитай байж л улстөрд оролцох оролцоо, нийгэмд эзлэх байр суурь нь өндөрсөж ирнэ.
- Төрийн бодлогын тухайд Жендерийн тухай хууль батлагдаад хэрэгжиж байна. Бүх шатанд эмэгтэйчүүдийг улс төрд хэрхэн яаж оролцуулах талаар квотлоод заагаад өгчихсөн байгаа. Эмэгтэйчүүдийн байгууллагууд тэдний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ олон бий. Үүний зэрэгцээ бас нэг шийдвэрлэх хүчин зүйл нь Сонгуулийн тухай хууль юм. Сонгуулийн тухай хуульд жендерийн эрх тэгш байдлын тухай заасанчлан эмэгтэйчүүдийн улстөрд оролцох оролцоог квотоор зааж өгсөн нь олзуурхууштай. Гэвч үүний дүнд эмэгтэйчүүд яг хуульчилсан шиг, квотоор тогтоосон шиг санал авч гарч ирэх боломж нь бүрэлдэхгүй байна. Тэгэхээр бидний хамтын ажиллагаа, эмэгтэйчүүд биеэ биеэ ойлгох ойлголцлыг нийгэмд төлөвшүүлэх ёстой. 3. Мэдээж, бүхий л нийгмийн амьдралд эрэгтэйчүүдийн оролцоо, үүрэг роль маш их өндөр байдаг. Эмэгтэй хүн бол байгалиасаа бүхий л талд идэвхтэй оролцдог, жижиг зүйлийг ч жижиг гэхгүй оролцдог, шийдвэрлэхийг хүсч, анхаарлынхаа төвд авч байдаг. Энэ утгаар өнөөдөр нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг байгааг бид бэлхэнээ харж байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд, хүүхэд гэр бүл, нийгмийн үндсэн суурь давхарга болсон гэр бүлд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо маш чухал. Агаар, хөрсний бохирдол, орчин нөхцөл, ажлын байрны асуудал гээд энэ бүхэнд эмэгтэйчүүд жижиг гэлтгүй асуудалд оролцож, шийдвэрлэх талд цаг заваа гаргаж, идэвхийлэн оролцож ажилладаг. Эрчүүд маань шийдвэрлэх томоохон ажлууд дээр нухацтай, шийдвэрлэх түвшинд оролцдог. Тэгэхээр аль аль нь хосолж байж ,аль алиных нь оролцоо, шийдвэр тэгш байж нийгмийн амьдралд, тулгамдаж буй асуудлууд цогцоороо шийдэгдэж явах ёстой.
Мэргэжил: Олон улсын эрхзүйч, Төрийн удирдлагын мастер Боловсрол: 1999 онд “Отгонтэнгэр” их сургууль, 2011 онд Нийгмийн ухааны “ Либерти” дээд сургуулийг тус, тус төгссөн. Ажлын туршлага: 2002-2006 ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газар ахлах байцаагч 2006 оноос МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга 2012-2016 онд Барилга, хот байгуулалтын дэд сайд 2017 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга.Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин