
Д.ОЮУНЧИМЭГ
“Аав, ээж минь Архангай аймгийн уугуул юм шүү дээ... Төвшрүүлэх сумынх гээд намтартаа бичсэн байдаг юм. Гэхдээ би Цэнхэр сумынх гэж боддог. Учир нь сүүлд Төвшрүүлэхийн сангийн аж ахуй байгуулагдан тэнд харъяалагддаг болсон юм билээ” хэмээн инээмсэглэн суугаа эрхмийг Ж.Бат-Орших гэдэг. Даатгалын салбарын шинэхэн гавьяатыг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. “Гавъяат эдийн засагч” Ж.Бат-Орших санхүүгийн салбарт 40 гаруй жил ажиллаж буй юм.
“ҮНЭГЭН ЗАЛЬ”-ТАЙ ОНЦ СУРЛАГАТАН
[caption id="attachment_33334" align="aligncenter" width="645"]
Санхүү, эдийн засгийн техникумыг хамт төгссөн ангийн андууд хамтдаа Сангийн яаманд хуваарилагдаж байлаа. Арын эгнээний зүүн гар талаас н.Болдбаатар, н.Махбал, н.Пүрвээ[/caption]
[caption id="attachment_33335" align="aligncenter" width="645"]
н.Махбал, н.Пүрвээ нарын хамт. Хожим[/caption]
Улсын нийслэл Улаанбаатарт төрж өссөн хүү Гандангийн дэнжид хүүхэд насаа үдсэн аж. Таван хүүхэдтэй айлын гурав дахь нь. Тэрээр гэрийн ажилд тааруухан нэгэн байв. Ус зөөж, мод түлээ бэлтгэж байсан түүх түүнд бараг л байхгүй. Хар бор ажилд маруухан түүнийг аав, ээж нь хичээлээ сайн хийхийг үүрэгдэнэ. Харин ах, эгч нар нь “Үнэгэн зальт” хэмээн хочилно. Гэрийн ажил хийхийн алдад “Хичээлээ хийж байгаа дүртэй” суучихдаг болохоор тэр шүү дээ. Том ах Ж.Очирбат нь “Гэрийн ажлаас дандаа хойш суудаг Ж.Бат-Оршихыг хар даа, ээжээ” гээд л хов зөөнө. Харин ээж нь “Хичээлээ давтаж байгаа хүүхэдтэй барьцахгүй шүү. Та нар хичээл хийхгүй байж өөрсдөө ажлаа хий” гээд л өмгөөлчихнө. Хамгаалалтад орсон Ж.Бат-Орших гэрийн ажлаас хойш суухын хэрээр хичээлдээ сүрхий, ангийн онц сурлагатай хүүхдийн нэг байжээ.
ГАР ХИЙЦИЙН ЦАСНЫ КОНЬКИ
[caption id="attachment_33333" align="aligncenter" width="645"]
ХБНГУ-д давхар даатгалаар мэргэшин суралцаж байсан үе.[/caption]
Эрдмийн мөр хөөсөн хүүгийн аавыг Жандав, ээжийг Дэжид гэдэг. Тэднийх 1948 онд нийслэлд шилжин ирж суурьшсан байна. Таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн тэдний амьдрал тухайн үеийн нийгмийн нэгэн толь юм. Гэр хороололд тэвэг өшиглөж, хашаа дамжин гүйж тоглодог хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө, улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан нь хүүгийнх нь бахархал болжээ. Аав Жандав нь Архангай аймийн Заяын хийдэд шавилж байсан гэдэг. Ингээд нийслэл хүрээ бараадсаны дараагаар Урт цагааны гудамд байрлах “Гутал захиалгын тасаг”-т гуталчин хийдэг байв. Харин түүний ээж Дэжид хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчин байжээ.
Аав, ээжийн минь нутаг сайхаан. Гэхдээ би чинь Гандангийн дэнжид төрж өссөн хүн шүү дээ. Нас ахихын зэрэгцээ төрсөн нутаг усаа бараадах юмсан гэх бодол сэтгэлд аргамжаатай явдаг бололтой хэмээн хуучилж суугаа Гавъяат маань “Хэдийгээр аавыгаа дагаад Архангай аймгийнх гэдэг ч миний төрсөн газар бол Гандангийн дэнж. Тиймээс төрсөн газартаа хөрвөөмөөр байвал, тэр цагт амьдарч байсан хашаандаа л очиж хөрвөөх байх” гээд инээж суув. Аав, ээжийнхээ амьдарч, өөрийнхөө өсч торнисон хашаагаа өдгөө ч хэвээр нь байлгадаг. Гандангийн хашаагаа хааяахан эргэж очиход бага насных нь дурсамж сэргээд сайхан санагдаж, эрч хүч авдаг тухайгаа нийтлэлийн баатар маань хуучлав. “Намайг бага байхад айлууд хашаагаа өндөр, өндөр шургаагаар барьдаг байсан юм. Хүүхдүүд л юм хойно, хашаа дамжин шургааг бүр дээр гишгээд уралдаад гүйчихдэг байсансан” гэв. Мэдээж унаж тусах үе бишгүй дээ л гарна. Гэхдээ эр хүн юм хойно шүд зуугаад өнгөрөөчихнө. Түүнчлэн гар хийцийн цасны конькиг эсгий гуталдаа бэхэлж байгаад гулгаж тоглодог байснаа дурсав. Эргээд санахад гудамжинд хөлдсөн “угаадас” дээр гулгаж өвлийн өдрийг өнгөрүүлдэг байсан юмдаг уу даа. Орчин цагийн хүүхдүүд “Арай ч дээ” гэх байх хэмээн бага насаа дурсан сэтгэл нь догдолж байв.
ӨӨРТӨӨ ЭРДСЭН “УНАЛТ”
Арван жилд сурч байх үеэсээ л хүүхдүүдээр өөрийгөө хүрээлүүлсэн хүү өдгөө ч олныхоо дунд явна. Түүнийг аав, ээж нь “Хүн цуглуулах увидастай сайн хүү шүү” гээд л онгирооно. Амны билгээс ашдын билэг гэж эцэг, эхийнх нь билэгдлээр хүүгийнх нь амьдралын зам дардан байсныг тэрээр ярилаа.
Эрдмийн их гараагаа нийслэлийн 23 дугаар дунд сургуулиас эхэлсэн жаал хүүг наймдугаар анги төгссөн жил нь онц дүнтэй төгсөгчдийг шигшин 24 дүгээр сургууль руу бодлогоор шилжүүлжээ. Ахлах ангийн хүүхдүүд мэргэжил сонгох учиртай. Хөдөө аж ахуйгаас аж үйлдвэр рүү шилжиж байгаа тухай багш нар нь ярьж өгдөг байсан тул аж үйлдвэрийн эдийн засагч, инженер болно хэмээн бодож явсан дэрчгэр шар хүү санасан хувиараа авчээ. Ингээд онц сурлагатан маань хүссэн сургуульдаа орно гэдэгтээ бат итгэлтэй байсан гэдэг. Конкурс гэдэг тэр өдрийн азийн тэнгэр мэднэ гэлцдэг. Харин Ж.Бат-Орших өөртөө эрдэн шалгалтаа ногоон гэрлээр давж, хүссэн хувиараа саадгүй авна гэдэгтээ итгэлтэй байсан аж. Гэвч тэр өдрийн тэнгэрийн араншин муухай байсан уу, хүү хэт эрдсэн үү шалтгалтдаа “үсэрчихжээ”. Нэг хэсэгтээ л сэтгэлээр унаж “хийх, байхаа” олж ядсан гэдэг. Үүнээс аливаад хэт эрдэж, бардамнаж болохгүй гэдгийг ухаарсан нь түүнд амьдралаас өгсөн нэгэн сургамж байв.
САНХҮҮЧ Ж.БАТ-ОРШИХЫН БҮЖГИЙН АВЪЯАС ТОДОРЧЭЭ
Санхүүгийн техниккумын 50 жилийн ойн тоглолт Драмын театрт болсон гэдэг. Урлагийн тоглолтод бүтэн жилийн турш бэлтгэж, урлагийн их мастеруудаар удирдуулан бүжиглэснээр театрын их тайзнаа гарч байсан түүхтэй.
Түүний нагац эгчийнх нь нөхөр Бараанасан хамаатан садны дунд ганц сэхээтэн нь. Тэрээр сэтгэлээр унасан хүүд “Миний дүү сургуульд сурахгүй бол өөрөөр амьдарч чадахгүй” хэмээн зөвлөжээ. Ингээд бичиг баримтаа хайтал Санхүү эдийн засгийн техникумд хүргэгдсэн байлаа. “Тэр үед манай сургуулийн 50 жилийн ой тохиож байсан. Тэгээд конкурст унасан ч сурлага сайтай хүүхдүүдийн материалуудыг авсан юм билээ” хэмээн залуу насаа дурслаа. Анхнаасаа өөр сургууль сонирхож байсан хүү санхүүгийн техникумд орохгүй гээд л даналзаж гарч. Гэтэл ээж нь “Чи ядаж гал ч түлж чадахгүй байж яажшуухан амьдрах гэж байгаа юм бэ. Ямартай ч сургууль номын мөр хөөж, амьдралаа залгуулсан нь дээр байх шүү хүү минь” гэсэн нь түүний эргэлзээг багасгасан аж. Харин тээнэгэлзэж суугаа хүүд Бараанасан ах ташуур өгч “Санхүүгийн мэргэжил сайхан шүү. Манай улсын томоохон сэхээтнүүд төгссөн сайн сургууль. Миний дүү голох хэрэггүй. Ю.Цэдэнбал дарга, Содном, Лувсан гээд дандаа томчууд, мундагчууд төгссөн юм шүү дээ” гэж ятгаснаар Төсвийн нягтлан бодогч мэргэжлээр Санхүү эдийн засгийн техникумыг 1975 онд төгсчээ.
АЖЛЫН АНХНЫ ГАРААГАА САНГИЙН ЯАМНААС ЭХЛЭВ
Онц сурлагатан маань сургуулиа амжилттай дүүргэж Сангийн яаманд хуваарилагдсанаар ажлын анхны гараагаа эхэлсэн аж. Гэхдээ түүнийг төгсөх үед Засгийн газрын авто бааз болон Хотын намын хороо нягтлан бодогчоор авах саналаа ирүүлсэн байлаа. Бас болоогүй түүндээ их л бардам “Аль нэгийг нь сонгоно доо” гэх маягтай их маадгар байсан юмсанж. Гэтэл онц төгссөн 10 хүүхдийг сонгож Сангийн яаманд хуваарилах болсон гэх мэдээ чих дэлсэв. Битүүхэн горьдсоор... Мэдээж онц сурлагатан маань сонгогдсон байлаа. Гэсэн хэдий ч дөнгөж сургууль төгссөн 20 нас шүргэж яваа залуу ямар сонголт хийхээ мэдэхгүй балмагдсан байна. Харин Бараанасан ах нь түүнд дахиад зөвлөжээ. “Миний дүү маш сайн байна. Чи Сангийн яаманд орох хэрэгтэй. Ажлын дадлага туршлага хуримтлуулах ховор боломж” гэснээр Сангийн яаманд найз нарын хамт ирсэн гэдэг.
Ингээд хоёр жилийн дараа буюу 1977 онд ОХУ-ын Эрхүү хот руу хэлний бэлтгэлд явж Новосибирскт Худалдааны дээд сургуульд элсэн суралцаж мэргэжил дээшлүүлсэн байна. Сангийн яамны Даатгалын ерөнхий газар улсын өмчит үйлдвэр болон “Монгол даатгал” компани үүсгэн байгуулагдаж өрх тусгаарласан жил буюу 1990 он хүртэл Сангийн яамандаа ажилладажээ.
ХБНГУ-ын Мьюнхен хотын “Мьюнхре” давхар даатгалын компани хөгжиж буй орнуудаас жил бүр нэг хүнийг даатгалын сургалтад хамруулдаг байж. Тэндээс Сангийн яаманд захидал ирж тухайн үеийн сайд Д.Моломжамц гуай Ж.Бат-Оршиход Германд суралцах санал тавьснаар даатгалын салбараар мэргэших эхлэл байсныг тэрээр дурсав. Сайдыг санал тавих үед “Би Латин хэл мэдэхгүй шүү дээ” гэж байжээ. Ийнхүү Германд давхар даатгалаар мэргэшсэн байна. Тэр цагаас хойш даатгалын салбарт ажиллаж байна. Өдгөө “МИГ” даатгал компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг.
ТАЙЛАН МЭДЭЭ АВАХ ДАЛИМААР ЭХНЭРЭЭ ЭРГҮҮЛСЭН НЬ
[caption id="attachment_33332" align="aligncenter" width="645"]
Эхнэр Ц.Эрдэнэчимэг, бага ач М.Агь-Аюурын хамт.[/caption]
Сангийн яамны мэргэжилтэн Ж.Бат-Орших 1985 онд гэр бүлийн амьдрал зохиожээ. Новосибиркт сургууль төгсч ирээд Сангийн яаманд худалдааны салбар хариуцсан мэргэжилтэн болсныхоо буянаар эхнэртэйгээ танилцсан аж. Түүний эхнэрийг Ц.Эрдэнэчимэг гэдэг. Тэрээр “Бөөний худалдааны нэгдэл”-д худалдааны эдийн засагчаар ажилладаг байжээ. Сард хоёр удаа харъяа байгууллагынхаа гүйлгээний татварын мэдээллийг авах далимаар эхнэртэйгээ танилцжээ. Хааяахан утсаар ярих далим гаргахад шалтаг нь бэлэн байдаг Ж.Бат-Орших цэвэрхэн шар охиныг эргүүлсээр 1985 онд хуримаа хийж 1986 онд ууган хүү Ж.Наранбаатар нь мэндэлсэн юм. Өдгөө хоёр хүү нь гэр бүл зохиож гурван ачтай болсон байна. Хөвгүүддээ өв хөрөнгө өвлүүлнэ гэхээс илүүтэй мэргэжил, боловсролд нь анхаарал хандуулжээ. Том хүү Б.Наранбаатар бизнесийн удирдлагын мэргэжилтэй бол бага хүү Б.Манлай “IT”-гийн инженер мэргэжилтэй. Хадмынхаа хажуу өрөөнд амьдардаг байсан тэрээр 1993 онд “Монгол даатгал” компанид ажиллаж байхдаа 1500 ам.доллараар гурван өрөө байр авснаар өөрийн гал голомтоо бадраасан юм.
[caption id="attachment_33366" align="aligncenter" width="430"]
Том хүү Б.Наранбаатар хүүхдүүдийн хамт.[/caption]
[caption id="attachment_33364" align="aligncenter" width="645"]
Бага хүү Б.Манлай гэр бүлийн хамт.[/caption]
АНДУУДЫН ХӨӨРӨЛДӨӨН
“Сайн найз нөхөд, хамт олныхоо дэмээр бишгүй сайхан амьдарч явна. Хүн олонтойгоо байж, зөв амьдрах нь хамгийн чухал. Үр минь үлдэх хорвоо юм хойно, зөв төвшин явж үр хойчдоо үлгэр дууриал болох хэрэгтэй” хэмээн үрсдээ сургадаг тэрээр хүний хайлан гэлтэй. Барагтай бол уурладаггүй болов уу гэмээр аядуухан ярьж суугаа нийтлэлийн баатар маань ач нарынхаа тухай ярихаар нүд нь гэрэлтэнэ. Хоёр хүүтэй тэрээр төрснөөс өөрцгүй хоёр сайхан бэртэй болсондоо туйлын баяртай явдаг тухайгаа хуучлав. Үр ач нараа тойруулан, тэднийхээ ирээдүйн сайн сайхны төлөө, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөрийн чадах бүхнээ зориулж яваа түүний ажил үйлс, амьдрал ахуй дардан байжээ. Хорвоогийн жаргал, зовлонг хань ижил, найз нөхдийнхөө дэмээр туулж яваа Ж.Бат-Орших андуудынхаа тухай ярьсан юм. Анх Сангийн яаманд хамт хуваарилагдан ажиллаж эхлэснээс хойш өдгөө ч хамтдаа байгаа Махбал, Пүрэв, Дашдорж, Рэнчинбазар гээд тоочвол тун чиг олон нөхөдтэй. Тэд найзуудын клубтэй. Байсхийгээд уулзалдан орчлонгийн бүхий л юмсын талаар ярилцана. Залуу нас, аж амьдрал гээд ярих сэдэв мундахгүй. Бас ч үгүй улстөржих нь ч бий.
ӨВӨӨГИЙН АТАМАНУУД
[caption id="attachment_33336" align="aligncenter" width="645"]
“Би ч хөвгүүдтэй болоод тэр үү, охид их эмзэг, турьхан байх юм. Чангахан дуугарч боломгүй тийм л уян зөөлөн байдаг даа. Өвөө, эмээгийнхээ хөлийг хучих охин бол Н.Оюу” гэв.[/caption]
Хөвгүүддээ ширүүхэн үг хэлэлгүй өсгөсөн ч амьдралын ухааныг үлгэрлэн үзүүлсэн сайн аав гэдгийг ууган хүү Наранбаатар ярив. Дан хөвгүүдтэй айлд ач охин мэндэлснээр тэр айлд өнгө нэмсэн байна. Ж.Бат-Оршихын том ач хүүг Н.Маргад, ач охиныг Н.Оюу гэдэг. Харин отгон ачыг нь Агь-Аюур гэнэ. “Хөгшин бид хоёрын хөлийг хучих охин бол Н.Оюу. Би ч хөвгүүдтэй болоод тэр үү, охид их эмзэг, турьхан байх юм. Чангахан дуугарч боломгүй тийм л уян зөөлөн байдаг даа. Өвөө, эмээгийнхээ хөлийг хучих охин доо” гээд ярьж суухдаа уярч байлаа. Харин түүний эхнэр Ц.Эрдэнэчимэг “Би чинь гурван залуугийн дунд ганцаараа эмэгтэй байлаа. Охин хүүхэдгүй байсан болоод тэр үү, ач охиныхоо эвийг олох хэцүү байсан шүү. Адаглаад үсийг нь самнах гэж мунгинана. Гэхдээ одоо алзахгүй ээ. Ая, данг нь олоод сурчихсан” гэх зуураа ач охин Н.Оюу руу харав. Намжиртай нь аргагүй шилбэлзэн суугаа охин өвөөтэйгөө эрхлээд тун завгүй. Өвөө нь “Миний охин хэдэн бууз идэх вэ” гэхэд нь тааз руу харж, гараа өргөж нэлээд бодож сууснаа “Гурав” гэв. Атаманы зарлигийг ёсчлон биелүүлсний дараа ач хүү Маргадаас бас асуув. Түүний том ач даруухан инээмсэглэж “Гурав” гэв. Хариуд нь өвөө нь “Та хэд төрсөн өдрийн урилгатай болохоор хоол идэхгүй байна уу” гэсээр тэднийг эрхлэлдэж байх зуур бага ач хүү аав, ээжийнхээ хамтаар гаднаас орж ирлээ. Амралтын өдрөөр ач нараа тойруулан бужигнах нь тэдний заншил бололтой. 10 сартай бяцхан хүү инээсээр... Бас ганганаж байхыг нь харвал ирээгүй өдрүүдийнхээ тухай өвөө, эмээдээ хуучилж байгаа бололтой. Олонтойгоо явсан, жирийн амьдралтай аав, ээжийн хүү Бат-Оршихийн амьдралын тойрог ийн эргэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин











Цэцээ
Ёстой сайхан хүн гэж бурхан бологчийг л хэлнэ, хүн ялгаварлахгүй, гүндүүгүй сайхан хүн байж дээ. Өвгөн бид хоёрт их сайхан ханддаг байсанд нь маш их баярладаг. Арай л эрт өнгөрч дөө зайлуул. Дээд тэнгэртээ оюун ухаан нь сайхан байгаа байхаа.