“Эх орноо хөгжүүлэхэд намчирхал, талцал хэрэггүй”

2018-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Монголчууд эх орныхоо эзэн болж, газар шороогоо хамгаалж, хөгжлийг  цогцлоож явсан  түүхээрээ бахархдаг. Бас ахмад буурлуудынхаа үгийг сонсч, туршлагаас нь мэдлэгээ арвижуулж байдаг билээ. “Зууны мэдээ” сонин,  TV-9 телевиз  “Эх орончдын баяр”-ыг тохиолдуулан Монгол Улсын үе үеийн аймгийн дарга, Засаг даргаар ажиллаж байсан ахмадуудыг урьж “Эх орноо хэрхэн хөгжүүлэв, цаашид ямар бодлого хэрэгтэй байна”  сэдвээр тэдний  байр суурийг сонирхсон юм.   Ж.Гомбожав: НӨХЦӨЛ БАЙДЛАА МЭДЭРЧ АЖИЛЛАХ НЬ ЧУХАЛ   -“Аймгийн ахмад дарга  нарын холбоо” ТББ 1999 онд байгуулагдсан. Үйл ажиллагаа нь 1960-1970 оноос эхэлсэн. Одоогоор миний бие холбооны тэргүүнээр нь ажилладаг. Бид  үе үе цуглаж, Монгол орныхоо хөгжил, дэвшлийн талаар санал солилцож,  залуустаа өнгөрсөн түүхийн сайн мууг ярьж, илтгэл лекц хэлэлцүүлдэг уламжлалтай. Миний хувьд Дорноговь аймагт 10, Сүхбаатар аймагт  гурав, Төв аймагт зургаан жил даргаар ажилласан. Дараа нь Засгийн газарт аймгуудыг хариуцсан хэлтсийн даргаар томилогдож байлаа. Одоогийн залуус, 40 эргэм насныхан социализмын үе, бидний ажиллаж байсан үеийг сайн мэдэхгүй. Олон аймгийн талаар ярихад цаг, сонины талбай хүрэлцэхгүй. Иймд өнөөдөр эх орны байдал ямар байна вэ гэдэгт ганцхан жишээ хэлье. Дорноговь аймаг төмөр зам, геологийн хоёр экспедиц, Зөвлөлт-Монголын 2-3 дивиз, хороодтой,  ихэнх сум нь өндөр  хүчдэлд холбогдсон. Манай орны улс төр, эдийн засгийн нөхцөл одоогийнхтой харьцуулшгүй. Жишээлбэл, намайг Дорноговь аймгийн даргаар томилогдон 1974 онд очиход манай урд хил маш хүнд байсан. Хятадтай харилцаа муудсан, худалдаа наймаа гэж хүн явдаггүй байсан үе. Тиймээс төр, засгийн бодлого ХЦ, Ардын армийг бэхжүүлэхэд анхаарч байлаа. Иймд Зүүнбаянгийн цэргийн дивиз орон тоо, материаллаг байдлын хувьд их бэхжсэн байв. Бүх социалист орны батлан хамгаалахын сайд айлчилж, зочилж ирдэг байсан. Тэр үед урд хилийг бүхэлд нь тортой болгосон. Шалгах зурвас, олон хилийн суман байгуулсан. 1979 оны хавар Хятад Вьетнамын хил рүү цөмрөн орсноос үүдэн манай улс, ЗХУ-ын цэргүүдтэй  хамтран  хилийн дагуу хээрийн  сургууль хийж байлаа. Аажмаар Хятад цэргээ татаж, дайны ажиллагаа ч дууссан. Хилийн байдал тэр үед сайн байгаагүй. Дээр нь малын өвчин гарлаа гэхэд ариутгалын ажлыг чанартай хийдэг байлаа. Одоо энэ ажлыг нүд хуурсан байдалд оромдоод өнгөрдөг болжээ. Аймгийн дарга хүн цаг үеэ, нөхцөл байдлаа мэдэрч ажиллах ёстой.   Ч.Дашдэмбэрэл: ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ   -Би Төв аймгийн даргаар 12, орлогч даргаар зургаан жил, Хэнтий аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар таван жил, сүүлд АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Шинэ Үндсэн хууль баталсны дараа анхны Ерөнхийлөгчийн Тамгын хэлтсийн даргын албыг хашиж, сүүлд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан. Төв аймаг 28 сумтай, засаг захиргааны нэгж олонтой. Хэнтий аймаг 26 сумтай. Улсын хэмжээнд хоёулаа олон сумтайд тооцогддог. Монгол Улсад ямар л салбар байна, бүх аймагт бий. Төв аймаг мал аж ахуйгаас гадна, гахай, шувуу, тахиа, зөгий үржүүлдэг бараг найман төрлийн аж ахуйтай гэж тэр үед ярьдаг байв. Үр тариагаар улсдаа Сэлэнгэ аймгийн дараа ордог. Сэлэнгээс 30 мянган га тариагаар л дутуу, төмс, хүнсний ногоо, сүүгээр улсад тэргүүлдэг. Нийслэлийн ар тал гэж нэрлэгддэг, их ч үүрэг хүлээдэг байсан. Нэг сумаас л гэхэд 12 Хөдөлмөрийн баатар, есөн гавьяат төрсөн  нь Жаргалант  сум. Хэнтий, Төв аймаг байгалийн тогтоцоороо төстэй. Араараа хангай, урд тал нь тал хээр. Хэнтийн онцлог нь төвөө хөгжүүлэх гэж олон ажил хийж ирсэн. Үүний үр дүн ч гарсан. Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл ч анхаарсан. Аймгийн ард түмэн ажилсаг, хөдөлмөрч байгаа нь их амжилтын үндэс юм. Анх аймгийн даргаар томилогдоход нийслэлийн иргэд сүү, цагаан идээгээр дутмаг байгааг анхаарах чиглэл өгсөн. Нөгөө талаас, шилжилт хөдөлгөөнд анхаарахыг хэлсэн. Төв аймаг хот тойрсон учраас тэр. Иймд бид шилжүүлэггүй хот руу нүүсэн айлуудыг жилдээ буцаадаг байсан. Хэдийгээр Үндсэн хуульд иргэн хүн амьдрах газраа өөрөө сонгох заалттай ч шилжилт хөдөлгөөнийг журамлах хэрэгтэй. Өнөөгийн Улаанбаатарыг хараад ийм бодол төрдөг. Сүүлдээ бид хот улс болох тийшээ хандлаа. Монгол орны өргөн уудам нутгаа орхиж, зах хязгаараасаа төв рүүгээ хэт төвлөрч болохгүй. Хотын бүх үйлчилгээний даац ч хэтэрлээ, ямар янзтай байгааг бид бүгд харж байна шүү дээ. “Төр задарсанаа захирч, ядарснаа тэтгэдэг байх ёстой” гэдэг үг бидний үед лоозон байлаа. Одоо ч засаг захиргаа, төрийн байгууллагуудын ажилд энэ дутмаг байна.   Б.Чойжилсүрэн: БОЛОВСОН ХҮЧНИЙГ НАМААР ЯЛГАВАРЛАХ УТГАГҮЙ    -Миний бие  1985-1990 онд Баянхонгор аймгийн  Намын хорооны дарга, 1990-1993 онд МАХН-ын Хянан шалгах хорооны дарга, Хянан шалгах төв комиссын даргаар, 1993-1996 онд Сүхбаатар аймгийн Ардын депутатын гүйцэтгэх хорооны дарга, аймгийн Засаг даргаар, 2000-2004 онд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажилласан. Социализмын  болон зах зээлд шилжсэн цаг үе таарсан. Баянхонгор миний төрсөн нутаг, Сүхбаатар аймаг удам угсаа хөөвөл манай дээдсийн нутаг. Иймээс хоёр аймагт ажиллахдаа жаахан бодитой ажил хийчих юмсан, ард түмэнд нь үлдэцтэй хэрэгтэй зүйл бүтээхсэн гэж хүчээ дайчилсан. Хагас, бүтэн сайн өдөр амарч үзээгүй. Сүүлийн үед Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Засгийн газар хагас, бүтэн сайнд амралтгүй ажилладаг байсан. Манай аймгийн захиргаа ч тэгж ажилладаг байлаа. Боловсон хүчин, мэргэжлийн хүмүүст тулгуурлаж ажиллахгүй бол аймгийн даргын ажил оролцохгүй зүйл гэж үгүй. Одоо ч тийм байгаа. Хүч хуримтлуулж байж ажил хийхгүй бол бүтэхгүй. Иймд Намын хорооны ч, Тамгын газрын ч бүх ажилтныг өөрийн  удирдлагад  ажлын байрны тодорхойлолтын дагуу ажилладаг мэргэшсэн байдалд хамтарч ажилладаг байсан. Мэргэжлийн бүлгүүдийг бас байгуулж ажиллана. Ардчилал ялсан 1990 оноос хойш миний  удирдлагад МАХН-ын ч, АН-ын ч хүмүүс байсан. Намаар ялгаварладаг байдлыг алба хаших хугацаандаа би огт гаргаж үзээгүй. Ажлаа сайн хийдэг байхыг  л үүрэгддэг. Ингэхэд ажлаа ч сайн хийдэг,  нөгөө талаас тогтвор суурьшилтай ажилладаг байлаа. Одоо харж байхад намын харъяаллаар төрийн албан хаагч, боловсон хүчнүүдийг халж, солих юм. Энэ байдалд цэг тавьж, аймаг орон нутгаа, улсаа хөгжүүлье гэвэл эв нэгдэл хэрэгтэй.   Ц.Балдандорж: УСТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ШИЙДЭЛ ГАРГАЯ   -Миний  хувьд усны аж ахуйн салбарын хүн. Усны аж ахуйн яам гэж байхад орлогч сайд, Хөнгөн хүнс, хөдөө аж ахуйн яамны орлогч сайд, хүрээлэнгийн захирлаар ажиллаж, сүүлд нутгийнхаа дуудлагаар Хэнтий аймгийн даргаар ажилласан. Өнөөдөр би БОАЖ-ын сайдын усны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх хийдэг. Аймгийн хөгжлийн төлөө, орон нутгийн удирдлагаар ажиллахад бүтцээ бүрдүүлэх, шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хэцүүхэн үе тулгарсан. Дөрвөн жил, төр, орон нутгийн ажлыг хамтад нь барьсан. Хөдөө аж ахуй, усны салбарын хүний хувьд тэр үеийн болоод одоогийн байдал, цаашид яах вэ гэдэгт хэдэн зүйл хэлье. Намайг ид ажиллаж байхад Усны аж ахуйн салбар усжуулалтад хамаг  анхаарлаа чиглүүлдэг үе байв. Түүний хүчээр улсын хэмжээнд 1990-ээд оны эхээр хөдөө орон нутагт инженерийн шийдэл бүхий худаг олноор бий болж, 32 мянган инжерийн хийцийн, 15 мянга гаруй ардын худаг,  150 мянган га усалгаатай газар тариалан услалтын системтэй болж чадсан. Гэтэл өнөөдөр  тэр үеийн 32  мянган худгийн ихэнх нь буюу 3-4 мянга нь л ажилтай, усалгааны байгууламжийг бараг бүгдийг төмөр тушаах нэрээр Хятад руу гаргачихсан. Дараа нь өөрсдийн хүчээр юм хийхээ болиод гадны төсөл хөтөлбөр оруулж ирэх болов. Тэгээд ч гүйцэхгүй байна. Гэтэл мал маань 20 гаруй сая толгой байснаа 70 орчим сая толгой болж өслөө. Иймээс усгүй болж, бэлчээр ч талхлагдав.Энэ тохиолдолд малын ашиг шим муудна, тоо толгой хорогдоно, нэг газар олноор бөөгнөхөөр халдварт өвчин тархаж байна. Цаашид усны аж ахуйн салбарыг бие даалгаж, өөрсдөө юмаа хийдэг болгомоор байна. Хоёрдугаарт, малчин түүний туслах малчны асуудлыг анхаармаар байна. Улсын хэмжээнд 320 мянган мянгат малчин байна. Нэг мянгат малчин 2-3 туслах малчинтай байна. Тэд төрийн хяналтаас гадуур сайн дураараа явж байна. Ямар ч гэрээ, даатгал тэнд алга. Үүнийг төр анхааралдаа авах цаг болжээ.   Д.Дагвасүрэн: УДИРДАГЧИД ӨӨРСДӨӨ МАНЛАЙЛАХ ЁСТОЙ   Социализмын  үе буюу 1983-1987 онд Дорноговь аймгийн удирдлагад, 1990-1992 онд Дорнод аймгийн Засаг даргаар  ажиллаж байв. Аль ч аймаг нь иргэд нь хөдөлмөрч, хичээнгүй нутаг байлаа.  Дорноговьд ядуурал огт байгаагүй, бүх хүүхэд сургуульд хамрагддаг. Хүүхэд, залуусынхаа хүмүүжилд анхаардаг байв. Нэг намын тогтолцоотой байсан учраас хүмүүсийн санаа нэг чигт,эх орныхоо төлөө бүтээе, хийе гэсэн бодолтой. Тал тал тийш харж маргаад суух зүйл байгаагүй. Ийм үед аймгийн  даргын хувьд иргэдээ нэг зүгт чиглүүлж, улсын төлөвлөгөөг биелүүлэх ажлыг нэгдүгээрт тавьж байлаа. Ажиллаж явсан үеийнхээ онцлогоос хэлбэл, шинжлэх ухаанд анхаарч, удирдах арга барилд шинжлэх ухаанч байдлыг нэвтрүүлэхийг чухалчилж, ШУА-тай гэрээ байгуулж хамтран ажилладаг байсан. Хүрээлэнгүүдтэй ч гэрээтэй, сэргээгдэх эрчим хүч ашиглах, нарны гэрлээр ажилладаг эрчим хүч зэргийг нэвтрүүлэхийг оролдож эхлүүлж байв. Тухайн үед хүнсний программыг хэрэгжүүлэх үе таарсан юм. Цаашлаад орон сууцжуулах, бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Хамгийн гол нь бид хүүхэд, залуучуудаа хүмүүжүүлэх, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэхийг нэгдүгээрт тавьж байлаа. Хувийн сонирхол гэж байхгүй, бүгд өглөө ажилдаа гараад орой ирэхэд ар гэрийн амьдрал жаахан орхигддог байлаа. Дарга хүн тухайн үед биеэр үлгэрлэх ёстой гэж үздэг. Дарга  хүн цаг баримтлахгүй байж болохгүй,  худалч байж болохгүй, ажлаас хойш сууж болохгүй, хариуцлагагүй байж болохгүй гэдэг байлаа. Одоо харж байхад цаг баримтлахаас эхлээд зөрчигдөж байна. Удирдах хүн сайнаар үлгэрлэхгүй, муугаар үлгэрлэвэл бусад хүн салан задгай байж болно гэж буруу ойлгож уруугаа явах болно. Дорнод аймагт ажиллахад зах зээлийн үе таарсан. Зөвлөлтийн зээл, тусламж алга болж, аймаг өөрийн хүч чадалд тулгуурлах болсон онцлог үе байлаа. Иймд хилийн худалдааг хөгжүүлсэн. Өмч хувьчлалыг эхлүүлсэн.   Н.Дамба: НУТГИЙН ОНЦЛОГ  БОЛ ХӨГЖЛИЙН  ТУЛГУУР   -Би Ховд аймгийн захиргаа, Тамгын газарт 30-аад жил, аймгийн нэгдүгээр орлогч, төлөвлөгөөний хэлтсийн даргаар 10 жил, Засаг даргаар гурван жил ажилласан. Нутгийн хувьд онцлогтой. Нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд нөлөө бүхий, эх орны тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн өлгий нутаг. Бүхэлдээ баруун бүсийн хөгжлийн болоод шинжлэх ухаан соёлын гол тулгуур төв нь байв. Байгаль цаг уур ч онцлог. Бага дэлхий ч гэж хэлж болно, өндөр уулс, ус гол, тал хөндий, говь хээр бүс нутагтай.  Хүн ард нь онцлог, 14 ястан, хоёр үндэстэн эв найртай оршин амьдардаг, бүгд  хөдөлмөрч, зоригтой, шулуун шударга. Хүнд хэцүү нөхцөлд өөрсдийгөө авч явах, амьдрах чадвартай ард түмэн. 1992-1996 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үе таарсан. Гэхдээ эдийн засаг нь тарж бутарсан, зах зээл нь бүрэлдэж тогтоогүй үед  бид аймгийг удирдсан. Бүх үйлдвэр, аж ахуйн газрууд алга болсон. Оновчтой арга хэмжээ авах шаардлага тулгарсан. Оросоос бараа таваар татдаг явдал хязгаарлагдсан. Энэ үүднээс хилийн худалдааг өргөжүүлж байлаа. Ингэснээр хүндрэлийг харьцангуй хөнгөн даван туулсан. Энэ үед улсын төсөв, аймгийн төсөв хаагдсан. Иймээс төсвийг гамтай зарцуулах орлогыг нэмэгдүүлэх үүрэг ногдсон. Цалин тавьж чадахгүй шилжилтийн хүнд үеийг монголчууд тэвчээртэй  туулж гарсан. Эргээд харахад энэ туршлагаас авах, санах юм их бий.   Л.Ишдорж: ЗАСАГ ДАРГА ТӨР, ЗАСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ БАЙХ ҮҮРЭГТЭЙ   -Дорноговь аймгийн даргаар ажилласан хүмүүсээс дөрөв нь Аймгийн ахмад дарга нарын холбоонд байна. Би сумын намын үүрийн даргаас ажлын гараагаа эхэлсэн. 1992 оны сонгуульд Ардчилсан эвсэл олонх болж, УИХ-д 50 суудалтай, Засгийн газрыг дангаараа бүрдүүлсэн. Тэр үед МАХН зургаан аймагт олонх болж, Засаг даргад нэр дэвшүүлснийг Ерөнхий сайд М.Энхсайхан татгалзаж хоёр сар гаруй батламжлахгүй байлаа. Дараа нь Цэцээс тайлбар гаргаж, хоёр дахь удаагаа нэр дэвшсэн хүмүүсийг шууд Засаг даргаар батламжилсан. Ардчилсан эвслийн үед МАХН-аас нэр дэвшсэн зургаан аймгийн дарга алба хашсан. Тэр үед аймгийн ажлыг Засгийн газар хагас, бүтэн жилээр байр эзлүүлж дүгнэдэг байсан. 1992-1996 онд эхний таван байрт бид ажил үйлсээрээ шалгарч байлаа. Дорноговь аймаг намайг ажиллаж байх үед дөрвөн жил эхний байруудад шалгарч байсан. Сүүлийн үед багаа бүрдүүлж ажиллах гэж их ярих юм. Би баг бүрдүүлж биш баг болж ажилласан. Энэ хоёр ялгаатай. Намайг Засаг дарга болоход төрийн байгууллагуудад ажиллаж байсан мэргэжилтэй, туршлагатай хүмүүс бүгд тэр ажлаа л хийж байсан. Би улс төрийн, намын шалтгаанаар хүмүүсийг халж солиогүй. Засаг дарга төр, засгийн шийдвэрийг биелүүлж ажиллах үүрэгтэй. Засгийн газрын орон нутаг дахь төлөөлөгч. Тиймээс манай суманд манай нам олонх, танайх цөөнх гэж ажиллах утгагүй.   Б.Мижид: ДЭЭРЭЭС ЗААДАГ ТОГТОЛЦООГООР ХӨГЖИХГҮЙ     Дорноговь аймгийн  хөгжлийн талаар орон нутгийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс тодорхой ярилаа. Намайг  даргаар томилогдож ажилласан 1987 он онцлог үе байв. Бүх салбар зогсонги байдалд орсон, нийгмийн сөрөг үзэгдлүүд бий болсон цаг. Намын төв хороо хуралдаж, намын ажил аж ахуйн ажлыг орлосон захиран тушаах арга барилтай байгааг шүүмжилж байсан үе. Тэр үеийн байдлыг одоотой харьцуулбал одоогийн УИХ их төстэй. Өөр дээрээ эрхийг төвлөрүүлж, бүхнийг мэддэг ийм л зохион байгуулалтаар яваад байна. Дорноговь шилжилтийн үед  хүнд байдалд орж, бэрхшээлтэй тулгарсан. Оросын цэргийн ангиуд гарах зөвшөөрлөө авчихсан. Манайд өөрчлөн байгуулалт эхэлсэн. Бид цаг үеэ мэдэрч ажиллах шаардлага тулгарсан. Үйлдвэр аж ахуйн бүх газар  байхгүй болсон хүнд үеийг бид туулсан.Тэгвэл  өнөөдөр , төр засгийн ажил нутгийн өөрийн чадамж, өөрийн удирдлагын тогтолцоогоор явахгүй  байна. Нам нь ч, засаг нь ч дээрээс нь шахдаг. Үндсэн хуулийн тогтолцоогоор асуудал шийдэгдэхгүй болчихсон. Иймээс хуучин систем амь бөхтэй байна. Цаашид энэ байдалд анхаарахгүй бол дээрээс зааж өгдөг тогтолцоогоор хөгжихгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04