
С.САРУУЛ
Монголчууд доод давхаргадаа утаатай тэмцэлдэж, тарчилж зовж байна. Эцэстээ дийлдэж эрүүл мэнд, эд хөрөнгө гээд бүхий л хэлбэр, бие махбодиороо хохирч хордож гүйцлээ. Тэгвэл улиг болтлоо ярьж байдаг утааны сэдэв өнөөдөр дахиад л ойн дээрээ шинэ жилийн баярын “хачир” болж ирлээ. Бүр тодорхой хэлбэл, улсын нийслэл Улаанбаатар утаанбаатар болсныг, иргэд нь эхийн хэвлийд байхаасаа эхлээд хордож, өвчилж бүр жилд хэдэн зуу, мянгаараа амь насандаа алдаж байгааг эрх баригчид маань зул сарын баярын өдрүүдэд л гэнэт мэдэх шиг боллоо. Өөрөөр хэлбэл, шинэ жилийн өдрүүдэд утааны асуудал “томчууд”-ын анхаарлыг ихээхэн татлаа.
Угтаа хавар, зун, намраас эхлээд л утаатай “тэмцэх” зэвсгээ агсах ёстой байтал өвлийн сар шувтарч, утаа хордуулдгаа хордуулаад, иргэд нь хордоод дуусч байхад л дөнгөж утаатай тэмцэх мэдэгдэл хийж байх ч гэж. Бүхэл бүтэн парламентын дарга нь хүртэл шинэ жилийн баярын өмнөх өдөр утаатай тэмцэх Ажлын хэсэг байгуулснаа гайхуулав. Нэг ёсондоо Ерөнхийлөгч нь утаатай тэмцэх онц байдал зарлах санал хүргүүлж, УИХ-ын дарга нь хэдэн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулснаа тав хоногийн өмнө зарлалаа. Харин Ерөнхий сайд нь маск зүүж бодит байдалтай танилцаад тун удаагүй байна.
Утааг гэнэт мэдсэн хүмүүсийн гэнэтийн бэлгийг задлая.
Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын асуудлаар /2017.12.28/ “Онц байдал зарлах” саналыг УИХ-ын даргад хүргүүлэв.
-Өнөөдөр утааны асуудал онцгой анхаарал татаж байна. Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гарч ирсэн. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан. 100 орчим сая ам.долларыг мөн утаагүй зуух зэрэгт хэрэглэсэн. Үндсэн хуулийн 25.2-т УИХ-д “Онц байдал” зарлах онцгой эрх байдаг. Асуудал гарах тусам мөнгө гардаг. Мөнгө нь бизнес болдог. Эрх мэдэлтэй хүмүүс, бизнесийнхэн нийлээд зовлон дээр тоглодог байдал дахиад давтагдаад байна. Иймд Улсын Их Хурлын бүрэн эрхийнхээ хүрээнд агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэж яаралтай шийдвэрлэхийг хүсье гэсэн санал өнөөдөр хүргүүллээ.Бүгдээрээ утааны асуудалд онцгой анхаарал хандуулъя. Жил бүр үүнийг ярьдаг. 2010 онд санаачилсан зүйл байгаа ч харамсалтай нь үүнийг бизнес болгосон. Дагуул хот байгуулах ёстой. Бусад улс орнууд ингэж шийдсэн байдаг. Куала Лампур байна. Нийслэл түгжирсэн, утаатай болсон. Тэгээд 40 км-ийн цаана засаг захиргааны шинэ хот байгуулсан. Казахстан байна. Сөүл, Турк зэрэгт бас ийм арга хэмжээ авсан. Засаг захиргааны нэгж, тодорхой хэлбэл, ЭСЯ, зарим яамд, их, дээд сургууль, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагыг хотоос гаргая. Энэ шийдвэрийг хурдан гаргаад ирэх хавраас ажилдаа оръё. Гэр хорооллын иргэдийг МСҮТ-тэй хамтарч насны ангиллаар нь орон сууц барих хөдөлгөөнд оруулъя. Орон сууцны зээлд хамруулъя. Нэн яаралтай 2018 онд баригдаж дуусах, 60 хувьтай байгаа 80 орчим мянган айлын орон сууц байна. Үүнээс 3680 нь дулаанаа авч, ашиглалтад орсон. Хөдөө бас 3600 орчим орон сууц байна. Бэлэн болсон орон сууцанд гэр хороололд амьдардаг төрийн үйлчилгээний ажилтан буюу тогтмол орлоготой эмч, багш, онцгойгийнхон, цагдаагийнханд цалингаар нь барьцаалаад оруулбал 10, 20, 30 мянгаар яндан багасна. Ийм шийдлүүд байгаа юм. Үүнийг сая бас амралтын өдрүүдээр Засгийн газар, яамд, сайд нар, Хэрэг эрхлэх газрынхантай ярьж хэлэлцээд ерөнхийдөө зөвшилцөлд хүрч байгаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
/2017 оны аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган-ын үеэр хэлсэн үг/
-Үе үеийн Засгийн газар утаа бууруулах олон ажил хийсэн боловч байдгаараа. Тиймээс Засгийн газраас хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлснээр бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглож, агаар орчны бохирдлыг 2025 он гэхэд 50-иас доошгүй хувь бууруулах зорилт тавин бүх талын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Яндангийн тоог цөөлөх, эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхөд цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх, тэглэх, сэргээгдэх эрчим хүчийг бодлогын хүрээнд дэмжин ажиллана. ҮАБЗ агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг өнгөрсөн жил хүлээн зөвшөөрсөн.
УИХ-ын дарга М.Энхболд утаатай тэмцэх Ажлын хэсэг байгуулав.
- УИХ-ын дарга М.Энхболд /2017.12.28) чуулганы хуралдааны үеэр утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж буй талаараа байр сууриа илэрхийлэхдээ “Утааны асуудал үнэхээр анхаарал татсан, онцгой асуудал байсаар байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН, АН, МАХН гэх мэтийн ялгаа байхгүй, нэгдмэл бодлого, зорилго, үйл ажиллагаа хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд иргэдээс санал хүсэлт, мессеж, утасны дуудлага маш их ирж байна. Иргэдийн бухимдах нь аргагүй. Утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон бусад өвчлөл эрс нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндийн салбарт нэлээд ачаалал үүсгэж байна. 2018 оны улсын төсөвт цахилгааны үнийн нөхөн төлбөрт 20 гаруй тэрбум төгрөг, агаар цэвэршүүлэх, утааг бууруулах тоног төхөөрөмжийн санхүүжилтэд тодорхой эх үүсвэр баталж өгсөн. 2016 оны намар УИХ утааны асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсож, тодорхой чиглэл үүрэг өгч байсан. Үүнийхээ хэрэгжилтийг авч үзмээр байна. Тиймээс энэ хуралдааны дараа УИХ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид юунд анхаарч, ямар арга хэмжээ авах ёстойг судлан, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулъя. Ажлын хэсэгт бүх Байнгын хороодын төлөөллийг оролцуулж, УИХ-ын аль нэг удирдлага ахлах нь зөв. Ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, утааны асуудлыг УИХ тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:
/2017 оны аравдугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган-ын үеэр хэлсэн үг/
-Биднийг хамгийн бухимдалтай улс орны жагсаалтад дээгүүр тавьсан гурван хүчин зүйлийн нэг бол агаарын бохирдол. Утаатай тэмцэхэд ямар алдаа дутагдал байв гэдгийг эхлээд зөв дүгнэх хэрэгтэй. Юуны өмнө хуулийн хэрэгжилт, хяналтын механизмын салангид байдал, агаарын бохирдлоос жил бүр улсын төсөвт 20-25 тэрбум төгрөг хуримтлагддаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа нь төр иргэдийнхээ аюулгүй амьдрах эрхийг хангаж чадахгүй байдалд хүргэж байна. Бодлогын залгамж халаа, тогтвортой байдал чухал. Мөн Утааны эх үүсвэрийн нэгдсэн суурь судалгааны дутагдалтай. Үндэсний үйлдвэрлэгчид дэмжлэг үзүүлдэггүй байдал нөлөөлж байна. Эдгээрийг шийдэх нь Агаарын орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр юм.
Эх сурвалж: www.polit.mn