Ш.Эрдэнэцэцэг: Монгол хурим билэгдлийн цогцолбор, гэтэл сүүлийн үед задгайрч байна 

2017-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ш.ОЮУНЖАРГАЛ Намрын дунд сарын шинийн 15 болон  17-ны өдрийг Монголчууд эрт дээр үеэс эхлэн билэгт сайн өдөр хэмээн билэгшээж,  хурим найраа хийж ирсэн  уламжлалтай. Бид энэ удаа  монголчуудын хуримын онцлог, уламжлал шинэчлэлийн талаар СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа. Монголчуудын хуримын зан үйлийн уламжлал болон олон зуун жил дамжиж ирсэн  өөрчлөлтийн  талаар мэдээлэл өгнө үү? Монголчуудын хуримын зан үйл гэдэг ерөнхийдөө Монгол хүн болж төрсөн бүх хүний зайлшгүй дамжиж гардаг зан үйл юм. Энэ зан үйл Монголын олон угсаатны бүлгүүдэд бүгдэд нь өөрийн өвөрмөц онцлогтойгоор хөгжиж ирсэн. Монголчууд нутаг, нутгийн онцлогоос хамааран 10, 14, 19 төрлийн найр хийдэг.  Монгол хурим бол нэг нь нэгнээсээ урган гарч байдаг бүхэл бүтэн бэлгэдлийн цогцолбор чуулбар юм. Гэтэл тэр бүтэц алдагдаж монгол хуримын зан үйл дэлхий дээрх олон үндэстэн угсаатны  хуримын зан үйлийн нийлмэл болж хувирч байна. Жишээлбэл, зарим угсаатны бүлэгт “ам хадаг тавих” гэдэг ёс байсан. Тэр нь хадаг тавих охинд өөр айл хадаг тавьж уу, үгүй юу гэдгийг мэдэх зорилготой. Өөр айл хадаг тавиагүй бол “Хадаг таьих” ёсыг гүйцэтгэдэг.  Дараа нь “Сүй тавих ёс “ хийнэ.Энэ нь хүүгийн тал  охины талд ирж сүй бэлгийн хэмжээг хэлэлцэн тохирох ёс юм.  Үүнд: охины хувцас хийхэд зориулагдсан мал, хатуу эдлэлийг  өгдөг. Охины тал охиндоо инж өгдөг. Хоёр талаас өгч байгаа зүйл адил байх ёстой. Тийм болохоор “Өрх үүд тэнцүүлэх” ёс гэдэг. Ер нь уламжлалт хуримын зан үйлд хүүгийн талын гэр орноо бэлтгэх, охины тал гэрийн зүүн талын эдлэл хэрэглэлийг  бэлдэх үүрэгтэй байсан.  Охин хүнтэй суухаасаа долоо  хоногийн өмнө өөрийнхөө ах дүүсээр явж цай уухаар үеийн охидын хамт /хүнтэй суугаагүй/ морины хурдаар уйлж, дуулан давхилдаж, найрлаж үдшийн цагаар “Цагаан мод” хаяж тоглодог байсан. Охидын дагаж хоёр вааданч /нас тогтсон хоёр эрэгтэй хүн явна/ Тоглоомд эхнэр аваагүй залуус оролцдог. Вааданч нар цагаан мод цохих үед  хэний хүү хэний  охиныг сонирхоод байна гэдгийг харж аав ээжид нь мэдэгддэг байсан. Аав ээж нь жил нас, таван махбодийн зохицол, удам судар, охины ерөнхий шинж байдал /Монголчууд эмэгтэй хүнийг 18 шинжээр шинждэг/  зэргээр шинждэг байсан. Хэрвээ шинж байдал нийцэж байвал “Ам хадаг тавих” хүнийг охиныд илгээж өөр айл хадаг тавьсан эсэхийг танддаг байж. -Бэр буулгаж авчрах ямар ёс заншил байв. Бас гэр бүлийг бат бөх байлгах талаар монгол ухаанд юу гэж сургадаг байсан бэ? -Бэрийг буулгаж  ирээд эхнэр хувцасыг нь өмсгөөд, үсийг нь хүүгийн гаансны сэтгүүрээр зааглаж, хоёр салаа сүлжин үсний гэрэнд хийдэг. /шивэргэл/ Энэ нь харь овгийн хүнийг өөрийн хүн болгож авч байна гэсэн бэлгэдэл утгатай байхаас гадна эхнэр хувцас өмсгөл зүүтгэл нь нөхөртэй гэдгийг илтгэдэг тэмдэг дохио юм. Дараа нь хадам эцгийн гэрийн баруун урд талд бэр, хүргэнийг цагаан эсгий дээр арвай будаагаар дүрсэлсэн нар, сарны дүрсний дэргэд суулгаж, шагайт чөмөгний бүдүүн талыг хүргэнд, нарийн талыг бэрд атгуулж “Шар наранд мөргөмүй, Шагай чөмөг атгамуй, Дөрвөн аав ээжийн заяа сахиусанд мөргөмүй” хэмээн нар, саранд мөргүүлдэг байсан. Энэ ёс бол тэнгэрт өргөж өргөж байгаа тангараг юм. Гэрт нь оруулж ирээд эцгийн гал голомтонд мөргүүлдэг.  Энэ нь тэр айлын удмын бүртгэлд бүртгэгдэлээ л гэсэн үг. Тиймээс “Хүүхэн хүн очсон талдаа, Чулуу шидсэн талдаа” хэмээн хэлэлцсээр иржээ. Хүргэн, бэр хоёрыг гурван хоног гэрээс нь гаргахгүй бэргэдүүд нь хянаж байдаг нь  ертөнцийн  жам ёсонд сургах үйл явц юм. Энэхүү ёс нь гэр бүл тогтвортой байх нөхцөлийг хангадаг байж.  Уламжлалт ёсонд бэр хадмын газар ирээд  3-5 жил төрсөн гэртээ очдоггүй ёстой байсан. Орчин үеийн залуучуудад харгис юм шиг санагдах байх, гэхдээ энэ нь хүнийг хүн болгодог, хатуу хүтүүг даах чадвар олгодог Монголчуудын сурган хүмүүжүүлэх ухааны нэг хэлбэр байсан гэж ойлгож болно. 3-5 жилийн дараа хүний хань, хүүхдийн эх болсгы дараа өөрийнхөө гэрт “Төрхөмчлөх найр”  гэж хийдэг байсан. Үүнээс үзвэл, нэг гэр бүлийг төлөвшүүлэхэд 3-5 жил шаардагдаж байсан гэж үзэж болох юм. Уламжлалт хуримд утга учир бүхий олон ёс ёслол гүйцэтгэдэг байсан учраас гэр бүл салалт бага байсан байх. -Монголчуудын хуримын ёс хам хум болж байна, ёс жаяг гээгдэж байна гэлцдэг. Энэ талаар? -Орчин үед хуримын зан үйлд хувирал өөрчлөлт ихээхэн өөрчлөлтүүд гарч байна. Нэгдүгээрт, Нүүдэлчин байсан ард түмэн суурьшмал байдалд шилжсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, Даяаршлын нөлөөгөөр Европ болон Азиийн улс орнуудын соёл хүчтэй нөлөөлөх болсон. Энэ цаг үед бид мэдээллийг  хурдтай хүлээж авах болсон. Жишээлбэл, орчин үеийн хотын хуримын ёслолд цагаан платье, цэцгэн эрх, хуримын гэрч бүсгүйчүүд, хуримын хөтлөгч гэх мэт  Европ маягийн хуримлах ёс дэлгэрэнгүй болж, Монгол хуримын ёс хэлбэрийн төдий болж хувирч байна.  Гэвч уламжлалт хуримын хадаг тавих, бэр буулгах, хурим хийх зэрэг ёс ёслолууд уламжлагдсаар байна. /хэлбэрийн төдий/ Мөн хуримын ахлагчийн үүргийг хөтлөгч гүйцэтгэх болсон байна.  Хуримын ахлагч гэдэг бол элэг бүтэн, ёс төртэй, ёс заншилаа мэддэг, уран цэцэн, нас тогтсон хүүгийн авга ахыг сонгодог. Тэр эр хүний хувцас өмсгөлийг бүрэн, зүй ёсоор нь өмссөн, буйр суурьтай, бүх хүний хүндэтгэл хүлээсэн хүн байх ёстой. Утга бэлгэдэл нь: шинээр гэр бүл болж байгаа хоёр залуугийн амьдрал бат бөх, сайн сайхан байхыг бэлгэдэж байгаа утга бүхий юм.  Одоо үеийн хуримын хөтлөгчийн гол зорилго зочдыг хөгжөөхөд  л чиглэгддэг. Саяхан би нэг найзынхаа хүүхдийн хуриманд очсон чинь хөтлөгч залуу “Ороо хөдөлгөөд охинтой болоорой, Хөнжлөө хөдөлгөөд хүүтэй болоорой” гэж байх юм. Энэ бол Монгол хуримын зан үйлийн гүн гүнзгий утга учрыг ойлгоогүй, ирсэн зочдыг юу ч гэж хэлээд хөгжөөж л байвал болно гэсэн ойлголт түгсэн, бид бусдын соёлыг сохроор хуулбарлан дууриадагтай холбоотой юм.  Хатуухан хэлбэл, замбараагүй задгай, талруугаа орж байгааг харуулж байна.
  • Үндэстэн ястны хуримын зан үйлийн ялгаа юу вэ?
Монгол хуримын зан үйлийг судалж үзэхэд нийтлэг тал ихтэй. Бараг 80-иад хувь нь адил төстэй. Гэвч нутаг нутгийн өвөрмөц онцлог бүхий зан үйл байна.
  1. Охидын найр: Тухайлбал, Баядууд “Сэвгэрүүдийн найр”, Буриадууд “Басган зайх наадам”, Халх, дөрвөд, захчин, урианхай, торгуудад “Охин цайлах” гэдэг. Баяд, буриад нар өргөн найр хийдгээрээ ялгарна.
  2. Үүдэн дарлагын үг: Баруун монголчуудад зан үйлийн хэлбэрээр, дарьганга, халхад бүрэн дайралцаа шүлгийн хэлбэрээр уламжлагдсан.
  3. Хурим найр эхлүүлэх хийгээд жаргаах дуу өөр өөр байна.
  4. Хурим найранд хэлэх ерөөл ялгаатай байна.
  5. Баядын “Сэвгэрмүүдийн найр”-анд дуулдаг тусгай 12 дуу байдаг нь бусад угсаатны бүлэгт байдаггүй.
  6. Баруун монголын охид үснээсээ “Боодог” зүүнэ. Бусад угсаатны бүлэгт байхгүй.
  7. Баруун монголын охид найранд явахдаа улаан цув өмсөнө.
  8. Хүргэн, бэрийг нар саранд мөргүүлдэг ёс баруун монголчуудын дунд үлдэж хоцорсон байна.
-Дээр үед хуримлах гэж байгаа хүмүүс ямар хувцас эд хэрэглэдэг байсан бэ? -Дээр үед хүнтэй суугаагүй охид дөрвөлжин энгэртэй, эргэдэг захтай дээл өмсдөг байсан. Энэхүү дээлийг буриадууд басган дээл, баядууд сэвгэр дээл, халхууд охидын дээл гэхчлэн нутаг нутгийн хүмүүс янз бүрээр нэрлэдэг. Өнгөний хувьд ч угсаатны бүлэг бүрт өөр өөр өнгөтэй байж. Өнгө гэдэг нь өөрөө тухайн угсаатныг тодорхойлдог таних тэмдэг болдог. Тухайлбал, баядад  ногоон, урианхайд улаан өнгийг хэрэглэдэг. Дээлийг нь хараад урианхай, баяд охидыг ялгаж мэддэг байсан. Ялангуяа баруун аймгийн угсаатны бүлгүүдийн охид олон салаа үстэй байсан. Тухайлбал, захчин 24 салаа, баядад 19 салаа, буриадад 8 салаа сүлждэг. Үснээсээ  хормойны үзүүр хүртэл “Боодог” зүүдэг байсан. “Сэвгэрүүдийн найр”-ын хамгийн сүүлийн айлд охины олон салаа үсийг 8 салаа болгодог.  Үүнийг “Гэзэг татах ёс” гэж нэрлэдэг. Энэ нь охин маргааш хүнтэй суух гэж байгаа утга бэлгэдлийг илэрхийлдэг. Өнөө үед сэвгэр дээл /охидын дээл/, боодог, цэгдэг тэрлэгийг /тэрлэг, ууж/ өмсөж хэрэглэх соёл байхгүй болж, дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон. Жинхэнэ Монгол дээл хувцас бол хадны зураг, ханын зураг, хүн чулуун хөшөөнд дүрслэгдсэнээс харвал ташуу энгэртэй дээл, дээл, цэгдэг тэрлэг /тэрлэг, ууж/ юм. Монголчуудын дээл хувцасны соёл гайхалтай. Бид Дундговь аймагт уртын дууны судалгаанд явж байхдаа нэрт уртын дуучин Дадьсүрэн гуайтай уулзахад тэрээр “...Монгол хүн монгол хувцсаа өмсөхөө больсон үедээ нэг зовно гэж сударт бичсэн байдаг гэнэлээ..” хэмээсэн нь нэгийг бодогдуулж байсан билээ. -Хуриманд дуулагдах дуу ямар байх ёстой вэ? Хуримын дуунууд замбараагаа алдсан. Урт аятай дуу бол юу ч хамаагүй нэг дуулна. Дундговьд уртын дууны судалгаагаар явж байхад нэг настан “Манай нутагт зуд болоод адуугүй болсон, адуугүй болсоноор айраггүй болсон, айраггүй болоод уртын дуугүй болсон. Орчин үеийн залуучууд шилтэй архиа уучихаад л зодолдоод байх юм” хэмээн  монгол найрын дэг ёс, уух соёл, суух соёл, дуулах соёлын талаар гүн гүнзгий утга учиртай үгийг хэлсэн билээ.  Тэгэхээр найран дээр айраг уугаад, сайхан дуулаад сууна гэдэг бол жинхэнэ Монгол найр.  Архи ууж согтуурах биш. Баядад “Уухын бахаас Суухын бах, Суухын бахаас Дуулахын бах” хэмээн найр хуриманд баримтлах зарчмыг ойлгуулдаг.   Уухаасаа илүү сууж сурах хэрэгтэй.  Сууж сураад дуулж сурах хэрэгтэй гэсэн үг. Монголчууд найр эхэлж, төгсгөдөг тогтсон дуутай. Тухайлбал, Халхчууд “Түмэн эх”, Захчингууд “Жаргалт хээр”,  Баядууд “Баян цагаан нутаг” гэх мэт найр эхлүүлдэг дуу угсаатны бүлэг бүрт өөр өөр байдаг. Орчин үеийн хурим найрыг ихэнхдээ  ямар ч хамаагүй уртын дуугаар нээж, зохиолын, эстрадын дуучид дуулж, найр хавтгайрах үед хамтлагууд ирж дуулдаг болжээ.  Зарим тохиолдолд хуримаа хийж байгаа бэр бүсгүй дуулж байх юм. Монголчууд “Уйлж ирсэн хүүхэн жаргадаг, Дуулж ирсэн хүүхэн зовдог” хэмээн хэлэлцэж эмэгтэй хүн айлд бэр болоод явахдаа заавал уйлж явах ёстой. Утга нь, нэг ёсондоо амьдралын хатуу хэцүү үед уйлахгүй байх гэсэн санаа юм.
  • Уламжлалт зан үйлээс орчин үед хадгалж үлдээсэй гэсэн ямар зан үйл байна вэ?
  1. Эхийн цагаан сүүний харамж гэдэг ёс байдаг. Тэр нь охины ээжид эхийн цагаан сүүний харамж гэж бэлэг өгдөг. Зарим газрууд морь өгдөг, зарим газар халуун хошуутай хонь бэлэглэдэг байсан
  2. Хадаг тавих ёс /Ерөөл бэлгийн үгийг дэлгэр сайхнаар хэлэх/
  3. Сүй тавих ёс /Хүүгийн тал охины бэлтгэл хангахад /хувцас, чимэг зүүсгэл/ туслах,
  4. Инж өгөх ёс /охиндоо хувь өмч өгөх
  5. “Охидоо цайлах ёс” /Одоо хийгдэж буй охидын баярыг монгол ёс уламжлалаар баяжуулах/
  6. Хүргэн, бэрдээ хэлдэг захиас сургамжийн үг
  7. Хуримын ерөөл
  8. Найр эхлэх, жаргаах дууг ном ёсоор нь дуулах
  9. Хуримын ахлагч найрыг удирддаг байх
  10. Бэргэчүүд уламжлалт үүргээ биелүүлдэг байх
  11. Бэрийн цай уух ёсыг сэргээх
  12. Угсаатны бүлэг бүрийн хувцасны соёлыг сэргээн хэрэглэх нь суурин соёлын нөхцөлд уламжлан хөгжүүлэж болох юм.
Эх сурвалж: www.polit.mn
Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар “улс төрийн уулзалтууд” хийж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаасаа хойш чим

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” банкны нэрийг Төрийн банканд “шилжүүлэх” үү?

“Чингис хаан” банк бараг таван жилийн турш дампуурсан банкны “жагсаалт”-д бичигд

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын Ипотекийн Корпораци болон Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Монголын Ипотекийн Корпораци (МИК) болон Японы Орон сууц санхүүжилтийн агентлаг (JHF) нь

Уржигдар 14 цаг 48 мин
Долларын нөөц дундарвал нөхөх орлого байна уу?

Дэлхийн улс орнууд дор хаяж гурван сарын импортын хэрэглээгээ хангах, аль эсвэл бүтэн жилий

Уржигдар 06 цаг 00 мин
Тэрбум доллараар 25 км зам барьж түгжрэл бууруулна гэв үү?!

Хаврын чуулганыг хаасан өдөр буюу 2025 оны долдугаар сарын 9-ний УИХ-ын

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Даваадалай Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллана

Б.Даваадалай Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллана

2025-07-30
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Га

2025-07-30
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд илтгэл тавина

УИХ-ын дарга парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд илтгэл тавина

2025-07-30
Ази, Европыг холбосон тээврийн гүүр: Манай улсын эзлэх байр суурь

Энэ оны 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо

2025-07-30
Жагсаалтын гишүүдийн ХОМ

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршуулаад байна.   ХОМ-ээс УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хөрөнгийг хүргэе. 

2025-07-30