
Т.БАТСАЙХАН
Энэ удаагийн “Амьдралын тойрог” буланд “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Бямбажаргалыг урилаа. Түүнтэй уулзахаар ардын урлагийн түүчээ болсон “Түмэн эх” чуулгыг зорин очсон юм. Чуулгын хаалганаас нь эхлээд хана, шат гээд бүхий л эд зүйл нь монголчуудын түүхийг харуулах ур хийц, өнгө, өгүүлэмжтэй нь сэтгэлд дотно санагдана. Дуучин Г.Бямбажаргал ирэх сарын 4-нд үзэгч түмэндээ тоглолтоо хүргэхээр бэлтгэлээ хийж байна. Ардын дууны ая данг нь сэтгэл гэгэлзтэл эгшиглүүлдэг энэ дуучин бүсгүйтэй уулзах нь нэр төрийн хэрэг байлаа.
Г.БЯМБАЖАРГАЛ ЕСӨН ЭМЭГТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫН ДӨРӨВ ДЭХ НЬ ЮМ
Түүний аав Л.Гомбодорж нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүн гэнэ. Харин ээж нь Увс аймгийн Тэс сумын баяд бүсгүй. Тэд Увсын Өмнөговь суманд төвхнөн амьдарчээ. Хоёулаа багш хүн байсан бөгөөд тэднийх есөн эмэгтэй хүүхэдтэй айл байв. Дөрөв дэх охин нь Г.Бямбажаргал юм. Дуучин бүсгүй маань “Дандаа эмэгтэй хүүхэдтэй айл гэдэг сайхан. Эгч дүү нарынхаа өмөг түшиг хайр энэрэл дунд өссөн дөө. Одоо ч миний амьдралд эгч дүүсийн маань түшиг тулгуур их нэмэр болдог. Намайг ээж маань хүйн ээжээ их дуурайсан гэж ярьдаг байлаа. Эх үрийн нандин холбоог тасалдаг гэдэг утгаараа их чухал хүн л дээ. Миний хүйн ээж сайхан дуулдаг авьяастай хүн байсан” гэв. Г.Бямбажаргал хоёрдугаар ангийн сурагч байхаасаа дуулдаг байжээ. Дуу хөгжмийн багш Чингис нь түүнийг урлагт хайртай болж өсөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Багш нь “Залгамжлагч” нэртэй чуулга байгуулж Улаанбаатар, аймгийнхаа бүх сумдаар явж аялан тоглодог байв.
Тухайн үедээ Г.Бямбажаргал “Зүлэг байвал тойроорой
Зөрөөд битгий гишгээрэй
Аав ээж минь хэлсэн юм шүү
Ах эгч минь тарьсан юм шүү” хэмээн дуулдаг жаахан бор охин байсан гэдэг. Мөн “Бор шувуу, бор шувуу бум бумаараа нисэн буугаад нисэн буугаад наадан цэнгэнэ” гээд л аймаг сумандаа ямар л урлагийн тэмцээн уралдаан болно бүгдэд нь оролцдог байсан гэнэ. Ийнхүү урлагт хайртай, цээлхэн хоолойтой сэргэлэн охиныг Увс аймгийнхан багаас нь анддаггүй байжээ.
“ЗУУНЫ МАНЛАЙ” УРТЫН ДУУЧИН Н.НОРОВБАНЗАД ГУАЙН ШАВЬ НАРЫН НЭГ
“Манай нутагт Туулайн хар гэж нэрлэдэг сайхан уул бий. Тэр уул намайг очиход дээрээ малгай өмссөн юм шиг үүлтэй угтдаг”
Багаасаа урлагаар явсан тэрээр аравдугаар ангиа төгсөөд ч энэ замаасаа хазайхыг хүссэнгүй. Тэргүүний сурагч алтан медальтай төгссөн болохоор түүнд Түүхч пионерийн удирдагчийн ангид суралцах урилга ирсэн байдаг. Гэсэн ч тэрээр энэ чиглэлээр суралцсангүй. Эхний жилдээ СУИС-ийн драмын ангид шалгалт өгч тэнцээгүй ч дараа нь дуурийн дуулаачийн ангид тэнцэж, ийнхүү баруун хязгаарын хөөрхөн бор бүсгүйн мөрөөдөл биелсэн байдаг. “Тэгээд та яагаад дуурийн дуулаач болоогүй юм бэ” гэхэд “СУИС бол угаасаа миний баруун хязгаараас тээж ирсэн мөрөөдөл байсан. Харин дуурийн анги надад ерөөсөө тохирохгүй байсан. Дуурийн дасгалууд нь хөдөөний эрх дураараа охин миний ой тоймд байсангүй. Тэгээд нэг сар сураад Н.Норовбанзад багш дээр очоод “Багшаа би уртын дууны ангид орж сурмаар байна” гэсэн чинь намайг харснаа “Сайхан дуулдаг, сэргэлэн охин байна. Чамайг авахад дургүйлхэх юм алга” гээд авч байлаа. Өнөөдрийн энэ хэмжээнд хүрсэн дуучин болох тэр хүслийг маань “Зууны манлай”, Хөдөлмөрийн баатар, уртын дуучин Н.Норовбанзад багш маань бадрааж өгсөн. Би Норовоо багшийнхаа дөрвөн отгон шавийн нэг нь. Багш маань надад уртын дуучин хүн ямар нугалааг хаана оруулж, яаж дуулах ёстойг заадаг байлаа. Багштайгаа гурван жил ажилласан. Түүний дараа Ц.Дэлгэр багшаараа гурван жил уртын дууны гайхамшгийг заалгасан. Надад дуурийн дуунаас уртын дуу нь илүү ойр байлаа. Дүү нар болон хань маань “Дуурийн дууны анги нь зүгээр юм байна. Уртын дуугаар яах вэ” гэж байлаа. Гэхдээ би зөрсөөр байгаад л орж байсан. Дурлаж орсон болоод ч тэр үү би уртын дууг их хурдан сурсан байдаг” гэв.
“БИ ТАВАН ЖИЛ О.БАЗАРБАТ ГАВЬЯАТААС САЛААГҮЙ ДЭЭ”
Г.Бямбажаргалыг сургуулиа төгсөхөд нь “Түмэн эх” чуулгын хамт олон тосон авчээ. “СУИС-ийг онц төгссөн, мундаг дуучин боллоо” гэсэн бахдалтайгаа чуулгын хаалгаар алхан оржээ. Тэгээд анхныхаа тоглолтод ороод л дуучин гэсэн алдрыг зөвхөн сургуулиас олж авдаггүй гэдгийг мэдэрсэн хэмээн дурсамжаа хуваалцсан.
“Уяхан замбуутивийн наран” дуугаар гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, О.Базарбат нартай хамт тоглолтыг нээх байв. Гэтэл Г.Бямбажаргалын амьсгаа дуусчихаад болохгүй байжээ. Энэ тухайгаа тэрээр “Нөгөө хоёр маань амьсгаагаа зөв хуваарилаад бариад л байгаад байдаг. Миний амьсгаа хүрдэггүй бүлтэгнээд л байлаа. Тэгээд би ер нь юу сурсан юм бэ. Юундаа онц дүн авдаг байна аа гэж өөрийгөө “голж” байлаа. Түүнээс хойш 4-5 жил би О.Базарбат гавьяатаас салаагүй дээ. Ах минь надад амьсгаа зөв авч хуваарилахыг зааж өг” гээд л суудаг байлаа. Гэдсээрээ нарийн бүс бүсэлчихээд Базараа ах хаана байна тэнд нь дасгал хийгээд явдаг байлаа. Уухай уншиж, 32 цагаан лонх тоолуулна. Уухайлахдаа уртын дууны цохилт, шигшилт, шуранхай гээд бүх чимгийг хийж, хоёр октавын хооронд дуулдаг. Тэгж байж амьсгаа сууж, хоолойн цараа өргөсдөг. Шуранхайг хүмүүс буруу ойлгодог шиг санагддаг. Энэ нь хамар, нармайгаар дуугарахыг хэлдэг. Хоолойгоо амрааж, хамар, нармайгаар дуугарч байгаа хэрэг. Тэгэхээр шуранхай орсон дуунд хоолой их амардаг юм” гэсэн юм. Ийнхүү түүнийг сайн дуучин болоход чуулгынх нь алдартай уран бүтээлчид үлгэр дуурайлал үзүүлж байсан гэв. “Би гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Ц.Үенч эгч нарыг тоглолтод орохоор хаалганы завсраар хараад л зогсдог байлаа. Яаж зогсож байна, хөдөлгөөнөө хэрхэн хийж байна гээд тэднээс цаг үргэлж суралцахыг хүсдэг байв. Тэр надад маш их сургууль болсон. Үенч гавьяат маань 60 настай байхдаа л 20 гарантай юм шиг биеэ авч явдаг байсан. Хүн амьдралаас сурдаг гэдэг нь яг эндээс харагддаг байсан. Хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Зүгээр нэг ширээний ард суугаад хүн бараг юм сурахгүй дээ” хэмээн дуучин бүсгүй өгүүлж байна. “Түмэн эх” чуулгын дуучин О.Базарбат амьсгааны уртыг дэндүү сайн эзэмшсэн хүн. Харин Ц.Үенч ардын дууны хатгалт, цохилт, чимэглэлийг яаж шаглаж дуулах вэ гэдгийг алтан үеийн дуучин Сүглэгмаа багшаасаа авч үлдэж чадсан хүн. Ц.Чулуунцэцэг гавьяатын хувьд дуулна гэдэг нь яг л ярьж байгаа юм шиг. Мөн монгол эр хүний хамгийн сайхан хоолой, царай зүсээрээ гайхагдсан Юндэн Гөөгөө гэдгээрээ алдартай Батжаргал тухайн үед “Түмэн эх” чуулгад ажиллаж байв. Энэ л дөрвөн эрхмээс ардын болон уртын дууны арга техник, дуучин хүний биеэ авч явах соёлыг Г.Бямбажаргал үлгэрлэн сурч авсан байна.
“ХӨХ ТОРГОН ЦАМЦ”, “ДӨРВӨН УУЛ” ЗЭРЭГ ДУУГ АНХ ДУУЛЖ СУРСАН
Тэрээр “Түмэн эх” чуулгын босгыг алхсанаасаа хойш 1999 онд анхны “Урьхан хонгор салхи” цомгоо өлгийджээ. Цомгоо бүтээх гэж сар гаруй хоолойны бичлэг хийлгэж сүүлдээ хоолойноос нь ямар ч дуу гарахгүй болсон гэдэг. Тэрээр “Миний хоолой бүр таг болсон. Би түүнээс хойш дуучин хүн хоолойгоо хайрлахгүй юм бол болохгүй гэдгийг ойлгож билээ. Мөн ардын дуу, уртын дуу хоёрын нийлэмж маш хэцүү. Ц.Дэлгэр багш маань уртын дуугаа л дуул гэдэг байсан. Харин чуулгын зүгээс намайг хоёуланг нь дуул гэсэн. Тэгээд би чуулгадаа ирээд “Хөх торгон цамц”, “Дөрвөн уул” зэрэг дууг дуулж сурсан. Мөн одоо баруун монгол ардын дууг илүү дуулах хүсэлтэй байгаа” гэсэн юм. Одоогоор дуучин бүсгүй маань дөрвөд ардын дуу “Гишгэдэл сайтай хээр”, баяд ардын дуу “Баян цагаан нутаг”, Сартуулын “Улаан торгон уут” гэдэг дууг дуулж сураад байгаа гэнэ. “Баян цагаан нутаг” дууны тухай түүхийг тэрээр ярилаа. “Энэ баяд ардын уртын дуу. Баядууд нутгаасаа нүүдэллэж, одоогийн Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хяргас суманд суурьшсан. Ингэхдээ өөрсдийн нутаг усаа санан дурсаж, тэр нутаг усныхаа хайрхануудыг шүтэж, энэ дууг зохиосон түүхтэй. Тухайлбал, Зүүнговь сумынхан Өгөөмөр гээд хайрханаа, Тэсийнхэн Тэс голоо гээд л ер нь ардын дуу хүний сэтгэлээс төрсөн байдаг учраас хүний сэтгэлд хүрэх нь амархан байдаг” гэв.
“ХАНЬ МИНЬ МАЛ АЖ АХУЙ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР БИЗНЕС ЭРХЭЛЖ БАЙНА”
Урлагийн хүний нөр их хөдөлмөр, амжилтын цаана ханийнх нь нөмөр түшиг байдаг. Г.Бямбажаргал ханьтайгаа их сургуульд орохын өмнө өмнө ханилжээ. Түүний нөхрийг Энхбаяр гэдэг бөгөөд мал аж ахуй газар тариалангийн чиглэлээр бизнес эрхэлж байна. Энхбаярынх хоёр хүү, нэг охинтой. Том хүү маань Токиогийн их сургуульд сурдаг, дунд охин “Сант” сургууль төгссөн бөгөөд гадаадад суралцахаар бэлтгэж байна. Харин бага хүү “Сант” сургуулийн дөрөвдүгээр ангид суралцдаг. Хань маань Увсын Завхан сумынх. Тухайн үед тэдний сум найман жилийн сургалттай байсан болохоор үлдсэн хоёр жилээ манай суманд ирж сурсан. Түүнээс хойш өдий хүртэл хамтдаа сайхан амьдарч байна” гэсэн юм. Ардын дууч бүсгүй жил бүр гэр бүлээрээ нутагтаа очихыг хичээнэ. “Миний нутаг араараа сайхан уултай. Сумынхаа хажуугаар Намирын гол урсдаг. Маш гоё тунгалаг. Бороо орсон үед доороо их шавартай учир улаан бор өнгөтэй болдог. Манай нутагт Туулайн хар гэж нэрлэдэг сайхан уул бий. Тэр уул намайг очиход дээрээ малгай өмссөн юм шиг үүлтэй угтдаг” гэж байв. Мөн тэрээр “Би одоо баруун монгол ардын болон уртын дуугаар дорвитойхон уран бүтээл хийна. Мөн хэдэн жил дуулж байгаад багшилна. Өөрийн гэсэн үндсэн шавь, тэр тусмаа баруун монгол ардын дуу дуулдаг шавьтай болохыг хүсдэг. Зүгээр нэг урлагийн хүн гэсэн нэр зүүгээд амьдралаа дуусгамааргүй байна л даа. Урлаг их хатуу. Залуу насыг нь авчихаад хөгшрөөд ирэхээр шууд л голдог. Хориод жил урлагт зүтгэжээ. Тэгэхээр үлдсэн хугацаандаа эрчимтэй ажиллахыг л бодож байна даа” гэсэн юм.
Ийнхүү баруун хязгаарын дуучин бүсгүй “Түмэн эх” чуулга, ардын болон уртын дуундаа 25 жил үнэнчээр зүтгэж байна. Энэ хугацаанд хоёр бие даасан тоглолтоор үзэгч түмнийхээ сонорыг мялаажээ. Харин 20 гаруй жилийн хүч хөдөлмөр шингэсэн гурав дахь тоглолтоо удахгүй хүргэх гэж байна. Ярих нь хүртэл дуулж байгаа мэт санагдах гал, цогтой энэ бүсгүйгээс маш их эрч хүчийг мэдрэв.