
Б.ЭНХ
“Сэтгэл хөдлөлөөрөө сэлэм эргүүлээд давхиад байх нь прокурор хүний зан, араншин биш” хэмээн прокурорын албаны нэр хүндтэй нэгэн хуучилсан байдаг. Прокурор гэдэг төрийн нэрийн өмнөөс буруутныг гэсгээж, зөвийг дэнсэлдэг хүндхэн алба. Ийм л албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, прокурорын байгууллагынхаа үүх, түүхийг бичилцэж яваа олон сайхан эрхэм бий. Тэдний нэг бол Б.Өнөрмаа. Дайчин, зоригтой, тууштай, эршүүд гээд түүний тухай хамтран ажиллагсад, мөрдөн байцаагч нар бахархан ярих ажээ. Тэрээр прокурорын байгууллагад ажиллах хэдхэн жилийн хугацаандаа хилийн чанадад ур чадвараа харуулж, хууль зүйн ухааны доктор болтлоо өөрийгөө хөгжүүлсэн нь бахадмаар. Түүнтэй эцгийнхээ мэргэжлийг өвлөсөн ажил, амьдралын гараа, боловсролын мөр хөөсөн он жилүүдийн тухай, энэ мэргэжлийн сайхан, бас тэгээд тэнгэрлэг бурхад ижий, аавын тухай дурсамж дэлгэх үед хоолой чичрүүлэн ярьж, мэгштэл уйлах хором дийлэнх байв. Дэндүү дассан ээжээсээ хагацаад ахархан хугацаа өнгөрч байгаа учраас тэр гэж тэрээр тайлбарласан. Амьдрал дээр бусдын л адил хагацал амсч, уйлж, инээж явдаг ч төрийнхөө сүлдний өмнө цэх зогсч, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг прокурорын алба түүний гол мөрч юм билээ. Ингээд УЕПГ-ын Сургалтын төвийн хяналтын прокурор, сургагч багш, хуульзүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцсанаа хүргэе.
-Прокурорын алба зав, чөлөө муутай. Тийм албанаас ХБНГУ-руу докторын зэрэг хамгаалж суралцахаар болсон таны түүх их сонин юм билээ. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?
-Би ХБНГУ-ын Триерийн их сургуульд мөнгө угаах гэмт хэргээр 2010 онд магистраа хамгаалсан юм. Тэр үед онолыг судласан хэрнээ надад нэг л дутуу санагдаад байсан. Тухайн үед магистр хамгаалсан оюутнууд хаана ч дадлага хийж болдог. Түүний дагуу Рейнланд-Пфальц муж улсын Кобленцийн дээд прокурорын газар руу өргөдөл бичлээ. Манай улсад мөнгө угаах нь шинэ төрлийн гэмт хэрэг. Туршлага, практик байхгүй. Практик дээр хэрхэн ажилладгийг мэдмээр байна. Надад энэ боломжоор хангаж өгнө үү гэсэн утгатай өргөдлөө өгчихөөд Монголдоо ирээд ажилдаа орсон. Кобленцийн дээд прокурорын газрынхан хариу өгөх хугацаагаа товлоогүй. Бараг өргөдөл бичсэнээ ч мартчихсан байтал 4 сарын дараа Кобленцийн дээд прокурорын газрын дарга, ахлах прокурор Ханс Петер Ганднерээс мэйл ирсэн байв. “Хатагтай Б.Өнөрмааөө таны бичиг баримтыг шалгаж үзлээ. Та өөрийнхөө зардлаар манайд ирж 45 хоногийн практик дадлага хийхийг зөвшөөрч байна” гэсэн байсан. Би ч маш их баярлаж байлаа. Гэвч ажилдаа орчихсон, чөлөө өгдөггүй. Тэгэхээр нь ээлжийн амралтаа аваад яваад өгсөн.
-Зоригтой шийдвэр байна шүү?
-Тэгээд Кобленцийн дээд прокурорын газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт дадлага хийж эхэлсэн. Тэнд маш хатуу дэлгэмтэй, хэн нэгэнтэй ярьж болохгүй. Ганднер даргын өмнө сууж би хавтаст хэрэгтэй танилцах эрхтэй. Би асуулт асуувал товчхон хариулна, өөр зүйл ярихгүй. Дадлагаа эхлээд 10 гаруй хонож байтал тухайн үед Германд шуугиан тарьсан мөнгө угаах гэмт хэргийн шүүх хуралд ноён Ганднер улсын яллагчаар оролцох гэж байсан. Би тэр хэргийг уншиж байгаад ойлгогдохгүй зүйл нэлээд байсан учир даргад хандаж “Та надад нэг цаг 30 минут гаргаач. Би хангалттай ойлголт авч чадахгүй байна. Асуух зүйл их байна” гэтэл “Тийм их хугацаа юу” гэж билээ. Олон хоног хуримтуулсан асуултууд байсан. Тэгээд ч герман хэл төрөлх хэл минь биш, дээр нь мэргэжлийн хэллэг учраас хэцүү. Дарга ч зөвшөөрч “Яг нэг цаг шүү. Асуугаад байгаарай” гээд утсан дээрээ сэрүүлэг тавиад эхэлдэг юм байна. 10 гаруй хоногийн дараа анх удаа Ганднер даргатай нүүр тулж ярилцаж байгаа нь тэр. Би ч асуух ёстой зүйлээ хангалттай асууж, бидний ярилцлага халуун дулаан өрнөж сүүлд нь кофе уугаад төгсгөж билээ. Маргааш өглөө ажилдаа иртэл дарга надад кофе авчирч өгөөд “Чамтай ярилцаж үзлээ. Чи үнэхээр зоригтой байна. Герман хэлний мэдлэг чинь сайн байна. Хавтаст хэргээс олон зүйлийг олж харжээ. Би чамд нэг санал тавья. Чи ерөөсөө энд үргэлжлүүлэн судалгаа хий, чамд бүрэн боломж байна. Хэрэв чи докторантурт сурах юм бол онол, практик зэрэг судална. Гадаадын иргэн Германд үлдэж болох боломжийг би өнгөрсөн шөнө судаллаа. Докторантурт элссэн тохиолдолд та хүссэн хугацаагаар Германд сурч, зөвхөн мөнгө угаах гэмт хэрэг гэлтгүй авлигын талаар ч судалж болно. Танай улсад авлигын гэмт хэрэг өндөр байдгийг судалж мэдлээ” гэхэд би итгээгүй. Миний өмнөөс тийм том хүн бүх боломжийг судлаад надад итгэл үзүүлнэ чинээ санаагүй. Тэгж л би докторын зэргийг Германд хамгаалах боломж гарсан юм. Би ноён Ганднерт маш их талархаж явдаг. Дадлагын хугацаанд тэр прокурорын газрынхан “Монгол прокурор оо” гэж дуудна. Бид Монголын болон Германы хуульзүйн талаар хэлэлцүүлэг өрнүүлж харилцан ярилцдаг байсан нь миний эрдмийн ажлаа бичихэд маш их түлхэц болсон. Тусгай зөвшөөрөл авсны үндсэн дэр уншсан хэргүүдээсээ эрдмийн ажилдаа ишлэл болгон оруулж дүгнэлт хийж байлаа.
-Магистраа бас Германд хамгаалсан юм байна. Мөнгө угаах гэмт хэрэг таны хэлснээр тухайн үед шинэ төрлийнх байсан биз?
-Тэгэлгүй яахав. 2007, 2008 онд прокурорын байгууллагад Боловсролын яамнаас төрийн албан хаагчдыг гадаадад магистрт сургах хуваарь ирсэн юм. Хүмүүс англи хэл дээр шалгалт өгч байсан бол би ганцаараа герман хэл дээр шалгалт өгсөн. Тэгтэл англи хэлээр шалгалт өгсөн прокурор нэгээр гарсан ч сурах сургуулиа олоогүй байсан. Харин шалгалт өгөхөөс өмнө Германд сурахаар сургуулиа сонгоод байсан маань аз болсон доо. Тэгээд ХБНГУ-ын Триерийн их сургуульд мөнгө угаах гэмт хэргээр магистр хамгаалж байлаа. Манайд бол цоо шинэ ойлголт. Төгсч ирээд “Монголд мөнгө угааж байна уу” гэх нийтлэл бичсэн.
-Таныг хэрэг дээрээ ажиллахын хажуугаар герман хэлийг шамдан сурсан гэдэг. Германд суралцах хувь тохиол байжээ?
-Би их сургуулиа төгсчихөөд Монголд магистр хамгаалах боломж байсан. Харин 2000 онд прокурорын байгууллагад сургагч багш бэлдэх төсөл хэрэгжсэн. Уг төслийн шугамаар герман хэлний анхан шатны курст сууж 2 прокурорын хамт ХБНГУ-ын Бавари муж улсын Мьюнхен хотруу 45 хоногийн хугацаагаар явсан. Тэнд очоод том, том хуулийн тайлбаруудыг хараад “Хэлтэй бол унших юмсан” гэсэн бодол төрж байсан. Тэр үеэс л хэлээ үргэлжлүүлэн сурахаар сэтгэл шулуудсан. Сургалтад явж ирээд бид ажилдаа томилогдоод орчихсон. Би Нийслэлийн прокурорт ажиллаж байсан үе. Зав чөлөөгөөр хэлээ үзнэ. Герман хэл дээрх материалын тасархай олдсон ч орчуулна.
-Прокурорын алба өндөр хариуцлага нэхдэг, тэр хэрээр нэр хүндтэй. Энэ албаараа та бахархдаг болов уу?
-Бахархдаг, удам залгасан прокурор гэдгээрээ мөн энэ нэрийг сэвтүүлэхгүй яваадаа бахархдаг. Германд доктор хамгаална гэдэг хувь хүний минь ч бас прокурор хүний хувьд асар том зорилт шалгуур байсан. Сөхөрч шантармаар, буцахаар үе олон байсан. Гэхдээ прокурорын байгууллага хүнийг чанга хатуу болгож хүмүүжүүлдэг. Прокурор удамтай прокурор хүн, энэ байгууллагыг ажилтан хүн зорилгоосоо няцна, тууштай биш байна гэдэг байж боломгүй зүйл. Тэгж бодонгуут ичдэг. Магадгүй прокурор биш байсан бол чадах байсан болов уу гэсэн бодол хааяа орж ирдэг дээ.
-Нийслэлийн прокурорт та багагүй хугацаанд ажилласан. Ер нь прокурорын алба эмэгтэй хүнд бол хүнд алба. Гэтэл энэ албаны ажлыг нугалж буй хамт олны дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг гэдэг?
-Нийслэлийн прокурорт ажлын ачаалал асар хүнд, цөөхүүлээ боловч зангидсан гар шиг л санаа нэгтэй ажилладаг байсан. Мундаг хамт олны дунд орсон доо. Энэ хамт олны дундаас Герман руу сурахаар явж байхдаа уйлаад л явж байлаа. Нийслэлийн прокурорт л намайг жинхэнэ прокурор болгож хүмүүжүүлсэн. Прокурор хүн хэргийн газрын үзлэг хийхээс эхлээд бүх ажиллагаанд оролцоно. Өвлийн тэсгим хүйтэн, зуны халуун наранд цогцос ухаж гаргах, зөөх бол энүүхэнд. Маш олон залилангийн хэрэгт хяналт тавьж байлаа. Монголд анх удаа гарсан 100 хавтастай сүлжээний бизнесийн хэрэг гэх мэтээр. Олон өмгөөлөгч, өөрийгөө өмөөрсөн хэрэгтнүүдийн өмнө төрийг төлөөлж яллана гэдэг тийм амаргүй. Дараа нь ганцаараа л гэр рүүгээ харина. Эсвэл цагдаагийн ажилтнуудтай хүнд, онц хэрцгий аргаар үйлдэгдсэн хэргийн газрын үзлэгт оролцоод явна. Тэр тусмаа эмэгтэй хүний хувьд амаргүй ажил.
Ер нь хэрэг уншиж байж прокурор болдог. Мөрдөн байцаагчийн боогоод ирсэн хэрэг болгоны ард хэн нэгний хувь заяа, амьдрал байдаг, сайн муу, алуурчин, хулгайч байх нь хамаагүй. Энэ бол сэтгэл, мэдрэмж, ур чадварын асуудал. Хуулийг зөв ойлгож хэрэглэж, хөрвөж чаддаг, олон талаас нь дүгнэлт хийх чадвартай, ажилдаа сэтгэлтэй, мэтгэлцэх ур чадвартай байж л бодит үнэнийг тогтооно. Төмөр шиг хатуу байх асуудал нь хөндлөнгийн нөлөөллөөс хол байх тухай болохоос хувь хүний сэтгэлийн мэдрэмжийн тухай ойлголт биш юм.
-Сургагч багшаар хэдийнээс ажиллаж эхлэв. Прокурорын байгууллагын нэг том дэвшил сургагч багш бэлтгэдэг болсон явдал гэдэг шүү дээ?
-Сургагч багшаар 2002 оноос хойш ажиллаж байна. УЕПГ-ын дэргэд Сургалтын төв шинээр байгуулагдсан. Энэ төвдөө судалгааны ажил хийж байна, сургагч багшаар ажиллаж байна. Сургалтын төвд ажиллаж байгаа нь миний хувьд том шалгуур бас боломж юм. Баруунд боловсрол эзэмшээд ирсэн прокуророосоо эрх зүйн сургалт судалгааны чиглэлээр олон зүйлийг хийнэ гэсэн хүлээлт байгууллагад, бас өөрт минь байна. Прокурор, хуульчдад хэрэгцээтэй мэдээлэл, сургалт хүргэх нь хариуцлагатай ажил байдаг тул маш их зүйл судлах, боловсруулах хэрэгтэй байдаг. Прокурорын Сургалтын төв бол прокурор бусад хуульч, судлаачдын хувьд судалгааны том бааз суурь юм. Манай төв бусад мэргэжлийн байгууллага, судлаач нартай хамтран ажилладаг. Ирээдүйд төв маань Монгол Улсын хэмжээний хуульзүйн судалгаа, шинжилгээний хүрээлэн болохыг үгүйсгэхгүй.
-Аав тань бас прокурор хүн байсан. Завханы Бямбажав гэхэд прокурорынхон андахгүй. Аавынхаа мэргэжлийг өвлөхөд Бямбажав прокурор хэрхэн хүлээж авч байв?
-Намайг прокурор болоход хамгийн их баярласан хүн аав минь. Гэхдээ би анх прокурор болно гэж бодож байгаагүй. Ээж маань прокурорын ажил хатуу, прокурор хүний эхнэр байна гэдэг хэцүү гэдэг байсан. Арын албыг бүгдийг нь залгуулдаг. Амьдрал дээр бүхий л ачааг үүрдэг. Тиймээс намайг эмч болгоно гэдэг байлаа. Манай нэг ах эмч. Би хоёр ах, нэг эгчтэй. Эгчийг минь Б.Ичинхорлоо гэдэг. Багш мэргэжилтэй. Том ахыг минь Б.Пүрвээ гэдэг, эмч. Дараах ах маань эдийн засагч Б.Баяраа гэж хүн бий.
Сургуульдаа хэл нийгмийн ухааны хичээлдээ их сайн байсан. Хүний хувь заяа их сонин. Өөрийн эрхгүй л энэ мэргэжил рүү татагдсан. Завханд арван жилийн сургуулиа төгсч конкурс өгөөд МУИС-ийн хуулийн ангид орсон. 1998 онд их сургуулиа төгсөөд прокурор болно гэхэд аав маань анх удаа их баярлаж билээ. Ээж маань харин баярлаж ч чадахгүй уурлаж ч чадахгүй. Өөрийгөө прокурор хэмээх энэ их айлд орсон хувьтай хүн гэж боддог. Аавтайгаа хааяа мэргэжлийнхээ талаар хууч хөөрөхөд их д баярладаг, бахархаж байгаа нь мэдэгддэг.
Аав маань их ширүүн төрхтэй. Хүний өөдөөс шулуухан хэлдэг, цэх шулуун үгтэй хүн байсан. Хүмүүс ч их айдаг. Одоо ч хүмүүс хэлдэг юм. “Бямбажав прокурорыг номхруулдаг, харцыг нь зөөлрүүлдэг нэг л хүн байдаг” гэж. Тэр нь би. Би айлын отгон охин. Аав, ээждээ дэндүү эрхэлж өссөн. Аав маань надад шатар тоглохоос эхлээд амьдралын бүхий л зүйлийг зааж сургасан даа. Хонь хуулах, гэдэс дотор цэвэрлэх гээд л аавтайгаа өвлийн идшээ бэлдээд л ээж минь тас тас инээгээд л хамгийн жаргалтай үе минь. Аав маань маш нямбай хүн байсан. Өнгөтэй зүстэй хиймортой яваагаа сайхан аав, ээжийн буян гэж боддог.
Аав маань “Хүнд ухааны ур, нүдний ур, гарын ур гэж байдаг. Энэ гурван урыг эзэмшсэн хүн амьдралаа өөрөө урладаг” гэж хэлдэг байсан. Тухайн үед ойлгодоггүй. Сүүлд нь бодож байхад, алдаж онох үедээ аль нэг ур надад дутагджээ гэдгээ ухаардаг. Аавынхаа энэ үгийг би хэзээ хойно ойлгож мөрдөх зарчимаа болгосон, сэтгэл, мэдрэмж, ур чадварын нэгдэл аливаа хэргийг дэнслэх гол тулгуур нь юм. Сэтгэлгүй хүн хянаж байгаа хэргээ хавтаст хэрэг гэж л харах, мэдрэмжгүй хүн гартаа байгаа хууль дотроо хөрвөж чадахгүй, ур чадваргүй хүн мэтгэлцэж чадахгүй.
-Ээжийнхээ талаар дурсахгүй юу. Гадаадад олон жил суралцаж явахад ар талыг тань дааж үлдсэн буянтай буурал байсан гэлцдэг?
-Охин маань дөнгөж 10 настай байхад ээждээ үлдээгээд Германыг зорьж байлаа. Намайг хүний зэрэгт хүргэх гэж их зүтгэсэн хүн дээ. Энэ амьдралын эрч хүч, зовлон жаргалыг даван туулах чадлыг ээжээсээ л авсан. Миний ээж дөрвөн хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Аав бол төрийн албаны хүн. Зах зээлийн шилжилтийн үед бид сургууль төгсч, их дээд сургуульд элсч байсан. Тэр үе аав, ээжид маань хэцүүхэн байсан ч дөрвөн хүүхдээ боловсролтой хүн болгосон.
Ээж маань маш сайхан сургаалийн үг айлддаг. “Харц доогуур хүний хийморь дорой байдаг”, “Эдээ тордвол баяждаг, сэтгэлээ тордвол жаргадаг” гэж ирээд л сургана. Ээжтэйгээ дэндүү ижилссэндээ. Ийм сайхан прокурор хүний охин болж төрөөгүй, намайг хурцалж хайрлаж эрхлүүлдэг ээжтэй байгаагүй бол би зэрэг хамгаалж чадахгүй байсан. Мэдээж барууны оронд магистр, доктор хамгаална гэдэг хүнд ажил. Сайхан эцэг эхийн нэрийг сэвтээлгүй, энэ сайхан байгууллагын нэр хүндэд сэв суулгахгүй байх ёстой. Охиноо хүний газарт сурахад арыг нь дааж, амьдралаа зориулсан ээжийгээ бодоход муу явах эрхгүй шүү дээ, би. Одоо охин маань Германд эрхзүйчээр суралцаж байгаа. Ээж маань амьд сэрүүн байхдаа охиныг минь Германд сургана, хамт очиж, тогоог нь барьж өгнө гэдэг байлаа. Охин маань эмээгийнхээ хүсэл, өөрийнхөө зорилгыг биелүүлэхээр суралцаж байна. Гуравдахь үе бэлтгэгдэж байна. Энэ маш том хувь тавилан.
Би бас дэндүү сайхан найзуудтай. Ээж, аав маань өвчтэй байхад, тэднээсээ салаад хагацал дунд шаналж явахад, амьдралд алдаж онож явахад түшдэг намайг сайнтай муутай минь хайрладаг бүх найздаа танай сониноор дамжуулж баярлаж явдгаа хэлье. Түмэнтэй хүн жаргадаг гэж ээж минь хэлдэг байсан, үүний баталгаа нь миний хэдэн найзууд даа.
Эх сурвалж:” Зууны мэдээ” сонин