Ц.Баярмаа: Бид шинэ үеийн инженер, технологчдийг бэлтгэх CDIO системийг нэвтрүүлнэ

2016-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Их, дээд сургуулиуд элсэлтээ авч байгаа энэ үед оюутан залуустаа нэгэн чансаатай сургуулийг танилцуулъя. Автозам, барилгын салбарт жишиг сургуулиар тодорсон Техник технологийн дээд сургууль нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг, төгсөгчдийн 80 хувь нь ажлын байраар хангагддаг. Ажиллахын зэрэгцээ сурах боломжтой зэрэг олон давуу талтай  сургууль юм. Тиймээс тус сургуулийн  Дээд боловсролын Сургалтын менежер Ц.Баярмаатай ярилцсанаа хүргэе.

- Техник технологийн дээд сургууль 30 гаруй жилийн түүхтэй, арвин туршлагатай арвин сургууль. Жил ирэх тусам энэ сургуулийн амжилтын түүх зузаарсаар байдаг.  Ирэх хичээлийн жилд хэд дэх элсэлтээ авч байна вэ?

-Барилгын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор манай сургууль 1984 онд Барилгын техник мэргэжлийн тавдугаар дунд сургууль нэртэйгээр үндэс сууриа тавьсан байдаг. 1995 оноос Монгол-Туркийн хамтарсан барилга техникийн коллеж, 2000 оноос Техник технологийн коллеж, 2012 оноос хойш Техник технологийн дээд сургууль болон өргөжиж, өдгөө бид  33 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид сургуулийнхаа түүхэн товчоогоор их бахархдаг. Барилгын мэргэжилтэй ажилтан бэлтгэж түүхэн замналаа эхэлж байсан бол өдгөө дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй инженерүүдийг бэлтгэж, шинэ хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлж магистрын сургалт эрхлэх зөвшөөрлөө авсан. Энэ намар бид 33 дахь хичээлийн жилтэйгээ золгож байна. Тэр дундаа 17 дахь жилдээ бакалаврын сургалтын элсэлтээ авч байна.

- Танай сургууль шаталсан хэлбэрээр сургалтаа явуулдаг. Үүгээрээ бусад сургуулиас ялгардаг.  Байгуулагдсан цагаасаа хойш хэчнээн мэргэжилтэнг бэлтгэн гаргасан байдаг вэ. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал ямар байна? 

-Бид 1984 оноос хойш 14.000 гаруй мэргэжилтэй ажилтныг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн байна. Үүний дотор дээд боловсролтой 1300 гаруй инженер бэлтгэсэн. Энэ хичээлийн жилд л гэхэд дөрвөн мэргэжлийн чиглэлээр 175 оюутан төгсөхөд эхний ээлжинд 36 хувь нь ажилтай болжээ. Манай сургууль төгсөгчидтэйгөө, байнга эргэх холбоотой ажилладаг. Мөн мөшгих судалгаануудыг хийдэг. Ийм судалгаануудад үндэслэн гаргасан мэдээллээс үзэхэд манай төгсөгчдийн ажил эрхлэлт улсын дунджаас дээгүүр буюу 86 хувьтай байдаг.  Төгсөгчдөөсөө ажилд ороход ямар ур чадвар, чадамж, онолын мэдлэг, хувь хүний хандлага дутагдалтайг мөшгих, тандах сэтгэл ханамжийн судалгаануудыг  авдаг. Түүнийхээ дүн мэдээлэлд үндэслэн сургалтын хөтөлбөрөө байнга шинэчилдэг. Чанартай сургалт явуулах гол хөшүүрэг бол хөтөлбөрийн шинэчлэл юм.

-ТТДС-ийг  нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг мэргэжилтэй ажилчин, инженер, техникчдийг бэлтгэн гаргадаг гэдгийг ажил олгогчид андахгүй сайн мэддэг. Шинэ хичээлийн жилд хэдэн хөтөлбөрөөр, ямар мэргэжлээр элсэлтээ авч байгаа вэ?

-ЮНЕСКО-гийн индексээр саяхан бүх мэргэжлийг цэгцлээд хөтөлбөр болгосон. Энэ жишгийн дагуу манай сургууль зургаан хөтөлбөр, долоон мэргэжлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Жишээлбэл, барилгын инженер гэж хөтөлбөр бий. Уг хөтөлбөрт бидний бэлтгэдэг иргэний ба үйлдвэрлэлийн, авто замын барилгын инженер гэсэн хоёр мэргэжил хамаарч байна. Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрт манай сантехник, инженерийн байгууламжийн инженер багтаж буй. Мөн хүнсний инженерчлэл гэж хөтөлбөр бий. Уг хөтөлбөрт манай хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич гэдэг мэргэжил хамрагдаж байна. 2014 оноос бид шинэ мэргэжил нээсэн нь цахилгаан хангамжийн инженер. Энэ нь цахилгаан хангамж гэсэн хөтөлбөрт багтаж буй. Автомашины инженер гэсэн хөтөлбөрт авто­машин ашиглалт, авто аж ахуй гэсэн мэргэжил хамрагдаж байна. Мөн барилгын инженерчлэл гэдэг хөтөлбөрт архитектур гэсэн мэргэжлээр элсэлт авч байна.

-Хоёр дахь удаагаа дээд боловсрол эзэмших гэж байгаа хүмүүс  танай эчнээ сургалтыг нэлээд сонирхдог. Энэ ангидаа нэмэлт элсэлт авч байгаа юу?

-Манай сургууль өдрийн болон эчнээгээр сургалт явуулдаг. Барилгын инженерчлэл хөтөлбөрийн хоёр мэргэжил, хүрээлэн буй орчны инженерчлэл буюу сантехник, инженерийн байгууламж гэсэн гурван чиглэлээр эчнээ сургалт явуулахаар элсэлт авч байна. Бид ажил олгогч нартай нягт харилцаатай ажилладаг, тэдний эрэлт, хүсэлтээр дээрх ангиудыг нээсэн. Инженерийн дээд боловсрол эзэмшээгүй ч техникийн мэргэжилтэй, нэлээд удаан ажилласан хэрнээ бакалаврын дипломгүй хүн олон бий. Ийм иргэдэд зориулж бид эчнээ анги нээсэн. Эчнээ сургалт маань 2.5 жилийн хугацаатай.

-Техник технологийн дээд сургууль шаталсан сургалтаар дөрвөн төрлийн боловсрол олгодог.  Суурь боловсрол буюу есдүгээр ангиа төгссөн сурагчдад 2.5 жилийн хугацаатай мэргэжлийн боловсрол олгож, ажилтай, мэргэжилтэй болох боломжийг олгодог. Тиймээс та сургалтын хөтөлбөр болон бусад сургуулиас ялгарах онцлогоо товчхон танилцуулаач?

-Нэгдүгээрт, хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байдаг мэргэжлийн чиглэл, хөтөлбөрүүдээр мэргэжлийн сургалт, техникийн болон мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгох сургалтуудыг шатлан насан туршийн боловсролыг хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Хоёрдугаарт, сургуулийн засаглал, менежментийн залуур зөв зүгт нэг баг болж чаддаг. Тиймдээ ч Монгол Улсын “Барилгын мэргэжлийн жишиг сургууль” болж, гадаад болон дотоодод сургалтын байгууллагын шалгуур үзүүлэлтийг ханган магадлан итгэмжлэгдэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Манайх шаталсан сургалт явуулдаг. 12 дугаар анги төгссөн хүүхдүүд, элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд их, дээд сургуульд элсдэг систем манай улсад бий. Харин манай сургуулийн хувьд мэргэжлийн сургалтаас эхлээд техникийн боловсролын сургалт, дээд боловсрол буюу бакалавр, магистр гэсэн шатлалтай. Мэргэжлийн болон техникийн боловсрол, мэргэжлийн сургалт нь ур чадвартай ажилтан, техникчид бэлтгэхэд чиглэдэг учраас дадлага давамгайлсан хичээлүүдтэй. Ингээд дараачийн шатанд дээд боловсрол эзэмшихдээ дадлагаа онолын түвшинд нь баталгаажуулдаг. Ур чадвартай ажилтан бакалаврын түвшинд шатлан суралцах боломж нээлттэй байдаг онцлогтой. Манай сургалтын дэвшилтэт арга зүй, санаачилгыг үйл ажиллагаандаа туршин нэвтрүүлэхэд аль ч шатлалдаа манлайлдаг. Тухайлбал, техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын шатлалдаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэх “Чадамжид суурилсан сургалтын тогтолцоо”-г амжилттай нэвтрүүлсэн. Дээд боловсролын сургалтын шатлалдаа орчин үеийн инженерийн сургалтын дэвшилт, үр дүнтэй тогтолцоо гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн CDIO сургалтын арга зүйг нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. Сургалтын шинэ тогтолцоог гадаадаас шууд аваад хуулбарлахгүй монгол хүний сэтгэлгээ, хэрэгцээ, сургуулийнхаа онцлогт тохируулан хөтөлбөрийн цогц шинэчлэл хийнэ. Үүнийгээ дагаад сургалтын орчин, багшийн хөгжил, арга зүй хөгждөг жамтай.

- ШУТИС  улсын хэмжээнд инженер, техникчдийг бэлтгэдэг том сургууль.  Ирэх хичээлийн жилд CDIO сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлнэ гэж ярьж байсан. Чиг үүргийн хувьд танай сургууль адил төстэй мэргэжилтэнг бэлтгэдэг учраас энэ сургалтын тогтолцоог бас нэвтрүүлж байгаа юм уу. Таныг сургагч багшаар ажиллаж байгаа гэж сонссон? 

-Манай сургууль удирдлагын менежмент сайтай. Боловсролын системд нэвтэрч байгаа зүйлсийг олж харж, ирээдүйд юу хэрэгтэй, бид юун дээр ажиллах вэ гэдгээ мэдэрч чаддаг. 2010 онд мэргэжлийн, техникийн боловсрол дээр чадамжид суурилсан сургалтын тогтолцооны төсөл хэрэгжүүлээд “Монгол Улсын барилгын мэргэжлийн жишиг сургууль” болсон. Дээд боловсролын сургалтын тогтолцоог зайлшгүй шинэчлэх, ялангуяа инженер бэлтгэж байгаа сургуулиудын хувьд дотоод сургалтын агуулга, сургалтын арга зүй технологио нэлээд шинэчлэх цаг болжээ гэж үзсэн учраас бид олон улсад хүчээ авч байгаа CDIO санаачилгад нэгдсэн. Ингээд бакалаврын болон магистрын сургалтын арга, технологидоо CDIO сургалтын аргазүйг хэрэгжүүлье гээд үндэсний хэмжээний сургагч багшаар би өөрөө бэлтгэгдээд  явж байна. Зөвхөн би биш, улсын хэмжээнд 20 гаруй сургагч багш бэлтгэгдсэн юм. Миний хувьд хувийн хэвшлийн сургуулиуд дотроос анхны бөгөөд цорын ганц сургагч багш юм. Ирэх арваннэгдүгээр сараас бид улсын хэмжээнд энэ арга зүй технологийг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалтуудыг үе шаттай явуулна. Аливаа улс орны хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадвар нь сургалтын бодлого, инженерийн боловсролын түвшин, түүний үр дүнтэй шууд хамааралтай байдаг. Монгол Улсын боловсролыг 2021 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичигт “Олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй болох” гэж тусгасан байдаг. 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын сургалтын агуулга, арга зүй, технологийн шинэчлэлийн сайн туршлагыг судлан “Орчин үеийн инженерийн сургалтын дэвшилт, үр дүнтэй CDIO загварыг хэрэгжүүлэх”-ээр заасан. Монгол Улс бодлогын баримт бичигтээ тусгасан томоохон шинэчлэлээ 2012 оноос эхлүүлж 2014 оноос эрчимтэй хэрэгжүүлж байна. .

-Дэлхийн 130 гаруй их, дээд сургууль энэ CDIO буюу сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж сонссон. ТТДС дээр ч бас ийм шинэлэг ажил хэрэгжих гэж байгаад баяртай байна. Энэ сургалтыг хэрэгжүүлснээр  бид ямар үр дүнд хүрэх вэ?

-1997 онд Масачусетын технологийн сургуулийн Агаар-сансрын тэнхимийн профессор Эдвард Кроули инженерийн чиглэлийн сургалтын үр дүнг сайжруулах, онолын сургалтыг үйлдвэрлэлд илүү ойртуулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор сургалтын шинэ зохион байгуулалтын хувилбарыг санаачилсан. Энэхүү санаачилгаа CDIO (Conceive, Design, Implement, Operate буюу Бодож сэтгэх-Төлөвлөж загварчлах-Туршин хэрэгжүүлэх-Ажиллуулан ашиглах) хөтөлбөр. Тус санаачилга хүрээгээ улам тэлж 2014 онд дэлхийн томоохон сургуулиудыг эгнээндээ нэгтгэж CDIO холбоо байгуулсан. Энэ оны гуравдугаар сарын байдлаар CDIO холбоонд дэлхийн 129 их, дээд сургууль гишүүнчлэлтэй болсон байна.

Дэлхийн олон оронд CDIO санаачилгыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжтай, шилдэг инженер бэлтгэх тогтолцоо, нөгөө талаас нь өөрийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчилж болох сургалтын нээлттэй, уян хатан, шинэ загвар гэж үздэг. Өмнө нь манай дээд боловсролын сургалт онол дээр тулгуурлаж явагддаг байсан. Тэгвэл CDIO арга технологийн хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээр ямар технологи мэдлэг, юу хийж чаддаг инженерүүд хэрэгтэй байгаа вэ гэдгийг ажил олгогч, төгсөгч нараас судалж, тэдгээрт үндэслээд сургалтын хөтөлбөрөө шинэчилдэг. Дөрвөн жилийн дараа барилгын инженер бэлтгэх гэж байгаа бол ямар инженерүүд бэлтгэх вэ гэдэг үр дүнг нь урьдчилаад суулгаад өгчихсөн байдаг гэсэн үг. Ямар арга зүй технологиор сургалт явуулах вэ, багш нар яаж бэлтгэгдэж, ямар шалгуур хангасан байх вэ зэрэг бүх зүйлийг хөтөлбөртөө шингээдэг юм. Энэ арга зүйн ач холбогдол давуу тал нь үүнд оршиж байгаа юм.

-Боловсролын салбарт шинэчлэл эрчимтэй хийгдэж байна. Дээрээс нь шинэ сургалтын аргазүйг нэвтрүүлэх гэж байна. Үүнд  сургагч багшийн үүрэг их чухал.  Тиймээс та цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа сонирхуулаач?

-Монгол Улсад дээд боловсролын тогтолцоог олон талаас нь шинэчлэх ажил ойрын жилүүдэд эрчимтэй хийгдэж байгаагаас сургалтын хөтөлбөрийн нэр, индексийг ЮНЕСКО-ийн ангилалын дагуу хөрвүүлэх, хүн төвтэй сургалтын хөтөлбөрийг иж бүрэн цогц байдлаар шинэчлэн боловсруулахад шаардлагатай судалгаануудыг үе шаттайгаар хийх томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Тухайлбал БСШУЯ, “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуулийн багш нарыг системтэй бэлтгэх зорилгоор таван бүрэлдэхүүн сургалтыг тодорхой хугацаанд зохион байгуулж үндэсний хэмжээнд 20 сургагч багш сонгож бэлтгэсний нэг нь би. Сургагч багш бэлтгэх голлох практик сургалт энэ оны тавдугаар сард Сингапур улсад болсон. Ирэх хичээлийн жилээс Монгол Улсын инженер бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нарт түгээн дэлгэрүүлэх сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

-Энэ ажлын ард их, дээд сургуулийн багш, оюутнууд улам чанаржиж, сайжрах нь гарцаагүй. Тухайлбал, танай сургууль CDIO сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлснээр оюутнуудаа хэрхэн чадваржуулна гэж харж байгаа вэ?

-Бид төсөлт хичээлүүд явуулдаг. Хонконгоос ирсэн оюутнууд манай сургуулийн оюутнуудтай хамтраад “Гэр” төсөл хэрэгжүүлж байгаа. Инженерүүд өөрсдөө эхлээд бодож сэтгэж санаагаа олно. Түүнийгээ цаасан дээр буулгаад дизайныг нь гаргана. Үүнийхээ дараа хэрэгжүүлж, цаашлаад амьдралд ашиглах зарчмаар л сургалт явагддаг. Дөрвөн жил сурсны дараа оюутнууд дипломын төсөл гэж хийж хамгаалдаг байсан бол одоо хичээлүүд нийлээд бүхэл цогц болдог болсон. Жишээ нь, оюутны ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор үзэж буй бүх хичээлийг нь уялдаа холбоотой болгож, цогцоор нь оюутанд төсөлт хичээл болгоод өгдөг. Түүнийгээ улиралд, жилд хамгаалдаг. Ингээд оюутнууд төслүүд хамгаалаад ирэхээрээ ур чадвар нь нэмэгдэж, дөрөвдүгээр курс төгсөхөд тухайн оюутан дипломын төслийг торох зүйлгүй хийж чадна. Дээр нь инженер хүнд байх ёстой чадваруудаа бүрэн эзэмшээд гарна гэсэн арга зүйгээр бид сургалтаа явуулаад байгаа. Хонконг оюутнууд маань гэрт амьдраад “Гэр” төслийнхөө хүрээнд өөрсдөө дизайнаа гаргаад, янз бүрийн гарын доорх материал ашиглан үйлдвэрлэж, түүнийгээ амьдралд ашиглах төсөл хэрэгжүүлж байна.

- Танай сургуулийн сургалтын орчин, материаллаг бааз, багшлах боловсон хүчин бусад сургуулиудтай харьцуулахад харьцангуй сайн. Тиймээс  та элсэгчдэд энэ талаарх мэдээллийг дуулгаач?

-Сайн инженер бэлтгэхэд хамгийн чухал зүйлсийн нэг нь сургалтын орчин. Мөн багшлах боловсон хүчин, удирдлага буюу сургалтын менежмент их чухал байдаг. Манай сургалтын орчин маш сайн. Манай сургууль 2.6 га эзэмшил газартай. Түүн дээрээ хичээлийн байр, 400 оюутан хүлээн авах байр, дэргэдээ Техник, технологийн коллеж, Технологийн ахлах сургууль гэсэн бүрэлдэхүүн сургуультай. 2.6 га газраа кампус маягаар төлөвлөсөн төлөвлөгөөт ажлууд бий. Хичээлийн байр, талбай, дадлагын газар, утасгүй интернэтийн орчинтой төв, лабораторийн хүчин чадал сайтай. Сургалтын тоног төхөөрөмжийн хувьд Монгол Улсад ганцхан байдаг лаборатори ч бий. Сургалтын орчинтой танилцахыг хүссэн хүн бүрт манай үүд хаалга үргэлж нээлттэй, хөтөч хүртэл ажиллуулж байгаа. Эцэг, эх, оюутан залуус сургууль сонгохдоо нэ­лээд анхаардаг болсон тул бид биечилж үзээд сонголтоо хийх бо­ломжийг бүрдүүлсэн юм. 

-Ярилцлагынхаа төгсгөлд элсэгчдэд хэрэгтэй хэдэн мэдээлэл тодруулъя. Элсэгчид маань чанартай сургалт, сайн сургуулийг хайж байгаа учраас та ТТДС цаашид  ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаар товчхон мэдээлэл өгөөч?

-Бид 17 жил бакалавр бэлдчихлээ. Энэ хичээлийн жилээс барилгын инженер хөтөлбөртөө магистрын сургалт эрхлэх зөвшөөрлөө боловсролын асуудал эрхэлсэн холбогдох байгууллагуудаас авлаа. Барилгын инженер хөтөлбөрийн иргэний ба үйлдвэрлэлийн, авто замын барилга гэсэн мэргэжлээр магистрын сургалт явуулахаар элсэлтээ авч байгаа. Иргэний ба үйлдвэрлэлийн, авто замын барилгын бакалавр зэрэгтэй бол давуу тал болно. Гэхдээ ийм мэргэжлээр төгсөөгүй байсан ч манай магистрын сургалтад  элсэх боломжтой. Эхний ээлжинд үзэх ёстой суурь хичээлүүдээ заавал судалж байж магистрын сургалт руугаа орно. Магистрын сургалтын хугацааг 1.5 жилээр төлөвлөсөн. Ирэх аравдугаар сарын 1-нээс хичээл эхэлнэ. Олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцэхүйц сургалтын хөтөлбөрөөр сургалтаа явуулна.

-Ирэх хичээлийн жилд танай сургууль нийт хэдэн мэргэжлээр хэчнээн оюутан элсүүлэх вэ. Мөн бүртгэлээ хэрхэн яаж зохион байгуулж байгаа вэ?

-Дээд боловсролын сургалтын шатлалдаа магистрын сургалтыг “Барилгын инженер” хөтөлбөрөөр, бакалаврын сургалтыг өдөр ба эчнээ хэлбэрээр “Барилгын инженер” (тус хөтөлбөрт иргэний ба үйлдвэрийн барилга, авто замын барилгын мэргэжил хамаарна), “Архитектур”, “Хүрээлэн буй орчин” (тус хөтөлбөрт сантехник инженерийн байгууламж мэргэжил хамаарна), “Цахилгаан хангамж”, “Авто инженер”, “Хүнсний инженерчлэл” хөтөлбөрөөр тус бүр элсэлтээ авч байна. Бид элсэлтийн үйл ажиллагаагаа “ТТДС-д 2016 онд оюутан элсүүлэх журам”-ын хүрээнд зохион байгуулж байна. Элсэлтийн мэдээллийг манай сургуулийн цахим хаяг www.iet.mn болон сургууль дээр өөрийн биеээр ирж бүртгүүлж болно. Сургууль, мэргэжлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн орчинтой биечлэн танилцаж авахаас гадна ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төвийн ажилтан, сургалтын менежер, багш, оюутан хэн бүхнээс авч болно. Элсэгчдээ бид өдөр бүр сургуулийн байранд болон онлайнаар бүртгэж байгаа. Та бүхнийг сонголтоо зөв хийж хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа мэргэжлүүдээр суралцна гэдэгт итгэлтэй байна.

Бид чанартай боловсролыг олгож, чадварлаг боловсон хүчинг бэлтгэнэ.  Элсэлтийн талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг www.iet.mn сайт болон7000-7630  дугаарын утсаар авах боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

4 цаг 23 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

4 цаг 23 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

4 цаг 23 мин
Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар томилогдоод ажилдаа орлоо. Шинэ сайд нарт олон нийт янз бүрийн л үнэлэлт, дүгнэлт өгч байна.

4 цаг 23 мин
Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

19 цаг 17 мин
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

19 цаг 24 мин
МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

19 цаг 47 мин
АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

21 цаг 0 мин
Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

21 цаг 15 мин
Улстөрчид УИХ-ын сонсголоор “байлдах” уу?!

Ер нь бол, УИХ дээр болдог сонсголд анхаарал тавих хэрэгтэй цаг ирсэн шиг байна. Ө

Өчигдөр 06 цаг 00 мин