Наадам, АСЕМ хоёр

2016-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Нэг. НААДАМ

 

Амьд явбал улсын наадам үзнэ гэсэн үг бий. Эртнийх биш ч гэсэн дөнгөж саяхны үг бас биш. Монгол омогшил, амгалан тайвны бэлгэдэл гэдэг утгаараа монголчууд маань нааадамдаа дэндүү хайртай. Наадмаар барилддаг бөхчүүд, уралддаг морьд, унаач хүүхдүүд, хурц мэргэн харваачиддаа хайртай гэж жигтэйхэн. Тэдний талаар тэр жилдээ л муу үг унагана гэж үгүй.

Ийм уламжлалт наадам энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр гэсэн малгайн дор болно.  Өөрөөр хэлбэл, тэгш ой тохиож байгаа юм.

Жил жилийн наадмаар хамгийн их хүлээлт үүсгэдэг нь наадмын нээлтийн ажиллагаа. Энэ арга хэмжээг манайдаа нэртэй найруулагч, соёл урлагийн алдартай хүмүүс ээлжлэн найруулж ирсэн ч өнөө хэр нь наадамчдын сэтгэлд зуун хувь хүрсэн нээлт гараагүй гэхэд болно. Араасаа заавал нэг шүүмжлэл, хэл ам дагуулдаг нь үүний нотолгоо.

Тэгвэл энэ жилийн наадмын урлаг, соёлын үйл ажиллагааг найруулах найруулагчийг нээлттэй сонгон шалгаруулсан юм. Ингээд нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, Төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар ажиллахаар болсон. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолыг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар болсон.

Тэгвэл Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч нээлтийн үеэр Хүннү гүрэн, Их Монгол Улсын түүхээр үзэгчдийг хоромхон зуур аялуулж, 40 морьт цэргийг Төв цэнгэлдэх хүрээлэнд оруулж ирнэ.

Мөн “марзан” Шаравын “Монголын нэг өдөр” зургийн өгүүлэмжээс үзүүлж, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг толилуулна гэж төлөвлөөд байгаа ажээ.

Улсын баяр наадмыг эхлүүлдэг сур харваачид талбайгаа тохижуулж, бэлтгэл сургуулилтаа базаагаад эхэлжээ. Энэ жил 400 гаруй харваач халх сурын харваанд оролцох юм байна.

Тэгш ой давхцаж буй энэ наадмаар 1024 бөх зодоглоно.  Олон ланжгар бөх энэ жилийн наадмын тааварт багтаж буй. Хэн нь ч гараад ирж мэдэх хатуухан учраа даваа бүрт тохиохыг судлаачид, сонирхогчид ид ярьж байна. Түрүү бөхийн тааварт хэд хэдэн бөхийн нэр яригдаж байна. Өнгөрсөн наадмын түрүү бөх, улсын арслан Э.Оюунболд, мөн улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Ц.Содномдорж нарын нэр олон сонсогдож байна. Түүнчлэн гарьд Б.Гончигдамба, Н.Ганбаатар, заан Ч.Санжаадамба гээд түрүү, үзүүрт төвөггүй хүрэх бөхчүүд олон бий. Бас тэгээд улсын харцага Н.Батзаяа, улсын начин Т.Баасанхүү гээд цолны ах, биеийн томоор барилддаггүй гэдгийг харуулдаг бөхчүүд байна. Энэ утгаараа тэгш ойн 1024 хүчит бөхийн барилдаан уухайн дуу тасрахааргүй сонирхолтой болж таарна. Харин энэ наадамд улсын наадамд түрүүлээгүй бөх ес юм уу, арав давбал яах вэ, өмнө нь түрүүлээгүй арслан цолтон үзүүрлэвэл аварга цол олгох уу гэсэн асуултууд хариултгүй байгаа. Тэгвэл үүнийг нэгмөр болгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн бариад байгаа. Харин наадмын өмнө хэлэлцэх эсэх нь тун бүрхэг байгаа аж.

Баяр наадмыг зохион байгуулах комиссын мэдээлснээр энэ жилийн баяр наадмын төсвийг 2.9 тэрбум төгрөгөөр баталжээ. Гаднын зочид төлөөлөгчид олноор ирэх учраас Төв цэнгэлдэх хүрээлэнд томоохон урсгал засвар хийнэ гэж байна.  Нийслэлийн удирдлагууд Хүй долоон худаг орчмын ногоон хөрсийг эвдэхгүй байх үүднээс наадам хүртэл тэнд ямар нэг тэмцээн уралдаан зохион бай­гуулахгүй байхыг үүрэг бол­госон. Мөн Төв цэн­гэл­дэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй автомашины зог­соол гаргахаар бэлтгэж байна.

Харин наадмын нээлт, бөхийн барил­дааны тасалбарын үнэ өмнө оныхоос нэмэг­дээгүй байна. Суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Жуулчдын тасалбар ч 25 ам.доллар хэвээр байх гэнэ. Тасалбарыг дол­дугаар сарын 6-ны өд­рөөс эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кас­саар худалдаалах юм байна.

 

Хоёр. АСЕМ

 

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт наадмын дараа буюу ирэх сарын 15-16-нд Улаан­баатарт болно. Энэ уулзалтад одоогоор 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочин, төлөөлөгч оролцохоо мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилээс ширүүхэн бэлдэж эхлээд байгаа энэ уулзалтын буянд нийслэл хот маань хөөрхөн өнгө засаад хоцрох төлөвтэй. Гэхдээ зарцуулж буй төсөв хөрөнгийн тоо тогтвортой биш байгаа. Ерөнхийдөө олон нийт үүнд шүүмжлэлтэй хандаж байгааг хэлэх хэрэгтэй. 2016 оны улсын төсвийг батлахдаа 30-50 тэрбум төгрөгийг хурлын зардалд зарцуулахаар хуульчилсан. Сүүлд зочид буудлын засварт мөнгө төсөвлөсөн. Барилга, байшинд ч мөнгө нэмж зарцуулах сураг байсан. Нийт хичнээн төгрөгийг зарцуулж байна вэ гэж эрхэм гишүүд хүртэл чуулганы хуралдаан дээр асуугаад тоймтой хариулт сонсоогүй байдаг. Энэ оны хоёрдугаар сарын дундуур АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах ажилд нийт 47 тэрбум төгрөгийн зардал гарна гэж тооцоолсон ч энэ зардал хэд дахин өсөх төлөвтэй байна гэсэн мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тодорхой тоо баримттайгаар гаргаж тавьсан байдаг. Түүнд “...ГХЯ-ны төсвөөс  /2015.1.22/ АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд томилолтын зардалд нэг хүн 7 тэрбум 573 сая төгрөг, илтгэл тавих багш нарын  хөлсөнд есөн тэрбум гаруй төгрөг, хурлын  зардалд “Корпорейт Конвейншн” ХХК долоон тэрбум 680 сая, “Оюу толгой”-н захиалгат нислэгийн зардалд 26 тэрбум 755 сая гаруй төгрөг /2015.7.02/ “Аэромонголиа” ХХК-д /2015.8.21/ компьютер болон дагалдах хэрэгслийн төлбөрт 19 тэрбум 368 сая 640 мянган төгрөг, “Нью Терравокс” ХХК-д /2015.8.21/ хөшиг суурилуулалтын үнэ гэж  зургаан сая 400 мянган төгрөг,  “Даян Мебель” ХХК-д /2015.09.11/ тавилганы үнэ 12 сая 860 мянган төгрөг гэх хэдэн сая, тэрбумаар яригдах зардал гаргажээ.

Зөвхөн Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт “АСЕМ-ын 10 сарын түрээсийн төлбөр” нэрээр 14 гаруй сая төгрөг шилжүүлжээ.

ACEM-д зориулж Германаас захиалгаар авсан 50 ширхэг “Бенз Мэйбах С класс”-ын түрүүч болох машинууд гааль дээр буусан  гэнэ.  Харин манайх хэдээр авсныг мэдэхгүй юм” гэж бичжээ.

Зардал ийм. Яг хэд гэдэг нь тодорхойгүй ч замбараагүй тоо гарч байгаа нь тодорхой байгаа юм. Хямрал ягтаа тулсан энэ үед харамсч үхмээр зардал гаргаж байгаа нь нууц биш. Гэвч зохион байгуулагчдын зүгээс “...Сайн талаас нь хар” гэдэг “зөвлөмж”-ийг байнга өгч байгаа.

Өнөөдөр АСЕМ нь Ази тивийн 21, Европын 30 улс, хоёр олон улсын байгууллага /Европын Холбооны Комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар/-ыг нэгтгэсэн албан бус яриа хэлэлцээний үйл явц болж өргөжсөн. Өдгөө АСЕМ-ын орнуудад дэлхийн хүн амын 63 хувь нь амьдарч, тэд дэлхийн ДНБ-ний 50 орчим хувийг бүтээж, дэлхийн ху­дал­дааны эргэлтийн 60 ху­вийг гүйцэтгэж байгаа аж.

Монгол Улс 2008 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон АСЕМ-ын Дээд түвшний VII уулзалтын үеэр гишүүн орнуудын олонхийн дэмжлэг аван уг яриа хэлэлцээрийн механизмд албан ёсоор оролцох боломжтой болжээ. Түүнээс хойш болсон бүхий л Дээд түвшний уулзалтуудад манай улс Ерөнхийлөгчийн түвшинд оролцож ирсэн байна. Үүнийг зохион байгуулах нь улс төр, эдийн засгийн ач холбогдолтой. Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөх сайхан боломж хэмээн зохион байгуулагчид тайлбарлаж байгаа. “...Улс төрийн хувьд жижиг улс орны хувьд монголчууд бид хувьсал хөгжлийн эргүүлэгт татагдан орж урсгал даган явах бус харин олон улсын харилцаанд өөрийн гэсэн зам мөрөө гарган байнга идэвхтэй байх нь оршин тогтнохуйд маань нөлөөлнө.  

Энэ удаагийн Дээд түвшний уулзалт нь олон улсын харилцаа, хамтын ажиллагааны түүнээс гадна, Дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаар хоёр их гүрний дунд байрлалтай Монгол Улсын явуулж буй “гуравдагч хөрш”-ийн бодлого бодит агуулгаар баяжина. Ялангуяа хоёр их хөрш болон Япон, Өмнөд Солонгос, Европын орнууд зэрэг гуравдагч хөршүүдийн төлөөлөл бүхий АСЕМ-ын яриа хэлэлцээний механизмд оролцох нь дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд нэн тустай. Харин эдийн засгийн хувьд Европоос Ази руу чиглэсэн Оросын сонирхол, Азиас Европыг чиглэсэн Хятадын сонирхлын уулзвар дээр оршдогийн хувьд эдийн засаг, тээвэр, дэд бүтцийн төслүүдийн зангилаа болох боломж бидэнд бий. Харамсалтай нь, энэ хоёр урсгал биднийг тойрч гарах гэсэн хандлага сүүлийн үед илт анзаарагдах болов. Ийм учраас зөвхөн газарзүйн хувьд тохиромжтой байршилтай төдийгүй хамтын ажиллагааны таатай орчин байж чадна гэдгээ АСЕМ-ын чуулганы үеэр харуулж, хоёр хөршөө “гуравдагч хөршүүд”-ээр “ятгуулах” боломж бий. Түүнчлэн Улаанбаатарын АСЕМ-ыг сурвалжлахаар дэлхийн хэвлэл мэдээллийн 1200 гаруй ажилтан ирнэ гэсэн урьдчилсан тоо гарсан. Мянга гаруй хүн өөр өөрийн өнцгөөс Монгол орныг харж бичих учраас манай олон мянган жилийн түүх, зан заншил, соёл урлагийг урьд өмнөхөөс илүү гүнзгий сурталчлан таниулах, улс орныхоо хөгжил дэвшил, нийгэм улстөрийн тогтолцоо хийгээд ард түмнийхээ аж амьдралыг харуулах өргөн боломж нээгдэж байна гэсэн үг” хэмээн зохион байгуулагчид хэлж байгаа.

Юутай ч АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын дараа наад зах нь 4-5 мянган хүн нэг дор Улаанбаатарт ирэх учраас визний хураамжаас эхлээд зочид буудлуудын орлого нэмэгдэнэ. Нийслэлийн зочид буудлуудын үйлчилгээний чанар, соёл илт сайжрах учиртай. Түүнчлэн, дэд бүтэц, хил гааль, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын стандарт нэвтэрч, техник технологийн шинэчлэл хийгдэнэ. 13 гудамжийг шинэчлэн тохижуулснаар нийслэл хот маань “нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмссөнөөр” өнгө төрх нь улам сайжирна. Автозамын нэвтрүүлэх хүчин чадал сайжирна гэх мэтчилэн амьдрал ахуйд шууд өгөөжөө өгөх бүтээн байгуулалтууд өрнөнө. Түүний сацуу, жижиг үйлдвэрлэгчдээ дэмжиж, хийж урласан зүйлийг нь гадны зочид төлөөлөгчдөд гарын бэлэг болгон өгөх гэх мэтээр бага гэж чамлахааргүй олон боломж бий гэнэ.

Наадам, үргэлжлээд АСЕМ-ын хурал болохтой холбогдуулан Монгол Улсад долдугаар сарын 17-ныг дуустал амралтын өдрүүдийг товлоод байгаа. Зуны улирал учраас хүмүүс аль болох агаарт гарч амрахыг зорино. Зохион байгуулагчдын зүгээс ч ил, далдаар иймэрхүү зөвлөгөө өгөөд байна. Тэгэхээр монголчууд бид энэ жил Төв цэнгэлдэхдээ цуглаад тэгш ойгоо тэмдэглэж ганц сайхан наадчихаад 17-ныг дуустал хөдөө хээр гарч амарсан шигээ зуны өдрүүдийг өнгөрөөх нь. Тэгээд нийслэлдээ буцаж ирэхэд Монгол Улсад АСЕМ-аас улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдол үлдэж, улсаа тив дэлхийд сурталчилсан олон ашиг наалдаж хоцорсон байх биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

Ард нийтийн санал асуулгаар УИХ-ын гишүүдийг цөөлөх үү?

3 цаг 10 мин
“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт ор

7 цаг 37 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!

УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын б

7 цаг 37 мин
АН-ынхан рейтингээрээ МАН-ын дээр гарч, дотоод эв нэгдлээ ярьж эхэллээ

Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “.

7 цаг 37 мин
Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар томилогдоод ажилдаа орлоо. Шинэ сайд нарт олон нийт янз бүрийн л үнэлэлт, дүгнэлт өгч байна.

7 цаг 37 мин
Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

Гар утас авч орсон долоон хүүхдийн оноог тэглэжээ

22 цаг 30 мин
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх есдүгээр сард хийхээр тооцоолж байна

22 цаг 38 мин
МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

МАН: Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаар томиллоо

23 цаг 1 мин
АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

АН: УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын санаачилсан НДШ-ийг бууруулах хуулийн төслийг дэмжжээ

Өчигдөр 13 цаг 23 мин
Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Г.Гантуяа: Тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг, шалгалтын даалгавар задраагүй

Өчигдөр 13 цаг 08 мин