
Ч.ҮЛ-ОЛДОХ
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн амьдралын тойрог буландаа МУИС-ийн улс төр судлалын тэнхмийн багш, улс төр судлаач, доктор Ч.Өлзийсайханыг урьсан юм.
Төрийн тогтолцоон дахь гажуудал, төр засгийн олон чухал шийдвэр улс орны эрх ашиг, ард түмний хүсэл сонирхолд нийцэхгүй байгааг шүүмжилж, Тавантолгойн 1072 хувьцааг ард иргэдэд тэгш хуваарилах тухай асуудал, төрийн үйлчилгээний албан хаагчдын сонгох, сонгогдох эрхийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж нийгмийнхээ дуу хоолой болон дуугарч,үр дүнд хүрч байснаар нь уншигчид эрдэмтэн багш Ч.Өлзийсайханыг андахгүй бизээ. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний хувьд дэвшүүлсэн асуудлаас нь шинэ санаа, шинэ байр суурь олж харж байдаг болохоор түүнтэй үргэлж ойр байдаг билээ.МУИС-тай 16 наснаасаа эхлэн ажил, амьдралаа холбож, амьдралын гэрэл гэгээтэй сайхан бүхнээ энэ эрдмийн өргөөнд залбирч явдаг багш, сурган хүмүүжүүлэгч гээд Ч.Өлзийсайхан багш олон талтай, олон түмэнтэй, олон мянган шавь нартай нэгэн ажээ.
Нийтлэлийн баатартайгаа өнгөрсөн пүрэв гаригт уулзах цаг тохирч гэрээр нь зочиллоо. Цонхныхоо доор ногоон төгөл бий болгож аквариумд аз жаргалын билэгдэл болсон алтан загас хөвөх нь амьдралд өөдрөг бүхнийг урин, тайван амгалан орчинг бүрдүүлэх ажээ. Эднийд номын хорхойтнууд үзвэл хэдэн өдөр байтугай сар, жилээр ухаад дуусамгүй зузаан ботиуд дүүргэсэн номын том тавиур анхаарал татаж үнэхээр эрдэм номын мөр хөөсөн гэр бүлийн онцлогийг илтгэнэ.Өлзийсайхан багшийн хань Ц.Ганцогийг одоогоос 30 гаруй жилийн өмнө Монголын физикийн шинжлэх ухааныг дэлхийн түвшинд хүргэж, гайхшруулж байсан онолын физикч, эрдэмтэн судлаачийнх нь хувьд, мөн МУИС-ийн захирлаар 13 жил ажилласан удирдан зохион байгуулагч гэдгээр нь танихгүй хүн бас ховор байх. МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтад орж байх 1996 онд л гэхэд түүний эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэлхийн физикийн шинжлэх ухааны тэргүүн эгнээнд явдаг олон орны эрдэмтэн судлаачид 700 гаруй удаа иш татсан тоо гаргаж байжээ. Түүнээс хойш хичнээн болж нэмэгдсэнийг тоолох зав зай муутай байдаг учраас тодорхой хэлж чадахгүй болжээ. Харин сүүлийн үед тэрээр Монгол улсын шатахууны хэрэгцээг хангах эрчим хүчний шинэ эх үүсвэр эрэлхийлж, томоохон хайгуул судалгааны ажлыг удирдаж байна.
МОНГОЛЫН АНХНЫ ЗУРГААН НАСТАЙ СУРАГЧДЫН НЭГ
Ч.Өлзийсайхан багшийн аав Алтан гадас одонгоор шагнуулав
Ч.Өлзийсайханы аав Лавдангийн Чулуун нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул, БНМАУ-ын анхны “саятан бригад”-ын гишүүн, олон таван хошуу хаалган дээрээ зурсан тээврийн машины жолооч, эх орныхоо өнцөг булан бүрт ачаа бараа хүргэж их бүтээн байгуулалтад хүч хөдөлмөр, алив сайхан бүхнээ зориулсан хамт олны нэг, улс даяар нэр алдраа цууриатуулж явсан нэгэн байжээ. Ээж Ч.Долгорсүрэн нь аймгийн олон удаагийн аварга худалдагчаар шалгарч явсан ааш зан сайтай, сайхан бүсгүй байсныг нутаг усныхан нь хэлдэг юм билээ. Нийтлэлийн баатар маань тэдний таван хүүхдийн дороосоо хоёр дахь нь. 1969 онд эгч Өлзий-Оршихыгоо сургуульд ороход нь уйлж дагасаар байгаад зургаан настай сурагч болсон гэдэг. Хоёр насаар дутуу суусан болохоор жагссан хүүхдүүдийн хамгийн сүүлд зогсдог байсан балчирхан охин харин оюун ухааны хувьд дутсан зүйл огтхон ч үгүй, харин ч ангийнхаа онц сурлагатан нь болжээ. Аравдугаар ангийг 16 настайдаа онц төгсч,улмаар МУИС-ийн философийн ангид элсэн орж 1984 онд төгсөөд 21-хэн настайдаа МУИС-ийн багшаар шалгаран үлджээ. Тэр үед их сургуулийн багш болох гэдэг өндөр шалгууртай ховорхон олдох хувь заяа байв. Оюутан байхдаа Москвагийн радиогоос зарласан асуулт хариултын уралдаанд шалгарч Москва, Ленинград, Рига хотуудаар аялж явсан нь анхны гайхамшигтай дурсамжуудынх нь нэг сэжүүр ажээ.
Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсантай гурван жил нэг тэнхимд багшаар ажиллаж байж. Ч.Өлзийсайхан “Ардчилсан шилжилтийн үеийн Монголын улс төрийн элитийн бүрдэл, төлөвшил” сэдвээр судалгаа хийж, улс төр судлалын ухаанаар докторын зэрэг хамгаалсан. Харин сүүлийн жилүүдэд Монголын улс төрийн системийн юу нь болж, юу нь болохгүй байгааг тасралтгүй ажиглаж, судалж, “нийгмийн хөгжлийн зогсонги байдлын учир шалтгаан нь улс төртэй л холбоотой. Монголын нийгмийн шинэчлэл улс төрийн шинэчлэлээс л эхлэх ёстой” гэж баттай итгэх болжээ. Улс орнуудын улс төрийн тогтолцоог харьцуулан судлаж хариуцлага хүлээх эзэн байдаггүй энэ байдал нь бусад улс орнуудад ч зогсонги байдал, ядуурал, өр зээлд хүргэж байгааг олж харж байгаа нь түүнийг улс төрд өөрийн биеэр оролцож асуудлыг шийдэхэд гарцаагүй түлхсэн тухайгаа ярьж байна. Надаас өөр хэн ч байсан гэсэн ийм судалгаан дээр ажиллаж ийм итгэл үнэмшилтэй болсон цагт үр хойч үеийнхээ ирээдүй, улс орныхоо хувь заяаны төлөө улс төрд орохоос өөр аргагүй байдалд гарцаагүй хүрнэ гэж бодох болсон ажээ.
ХОВОРХОН ТҮҮХТЭЙ, СОДОН ДАВХЦАЛ ОЛОНТОЙ ГЭР БҮЛ
Хүүхдүүдтэйгээ Альпийн нуруун дахь гайхамшигтай шилтгээнийг үзлээ.
Тэдний гэр бүлийн түүхэнд сонин тохиол, сонирхолтой дурсамж цөөнгүйг гэрийн эзэгтэйтэй хуучлах зуур олж мэдсэн юм. Тэд МУИС-д нэг нь физикийн, нөгөө нь философийн ангид таван жил суралцахдаа нэг нэгнийхээ ангийн хүүхдүүдийг бараг бүгдийг нь таньдаг мөртлөө хоорондоо огт тааралдаж яваагүй нь гайхмаар. Харин 1984 онд хоёулаа МУИС-ийг төгсч хэн хэн нь сургуульдаа багшаар үлдэхээр болж зөвлөлийн хурлаар орохоор очихдоо Дээд боловсролын хорооны үүдэнд анх танилцжээ. Тэр үеийн яамны ажил бас л хүнд сурталтай маргааш ир, нөгөөдөр ир гэж олон дахин дууддаг байсан нь шинэхэн танилцсан хоёр насан туршдаа ханилан суухад хүргэсэн гэх бас хөөрхөн дурсамжтай.
Гэрийн эзний намтар түүхэнд ч бас сонин зүйл байх. Профессор Ц.Ганцогийн төрсөн газар нь одоогийн ШУА-ийн тэргүүлэгчдийн газар байгаа тэр газар юм байна. Харин Ганцог, Өлзийсайхан нар айл гэр болон амьдрахдаа тухайн үед МУИС-ийн захирал байсан Шагдарсүрэн багшийн хүү нь Москва руу хэдэн сараар явсан тул тэдний орон байрыг харж хандаж нэг өрөөнд нь амьдрах болсноор эхэлсэн ажээ. Амьдралын эхлэлийн энэ сонин тохиолдлууд нь Ганцогийн гэр бүл ямар нэг байдлаар МУИС, шинжлэх ухаантай л холбоотой байх учир жанцанг билэгдсэн байх гэмээр.
Ганцогийн аав нь насаараа шинжлэх ухааны байгууллагад ажилласан газар зүйч эрдэмтэн Ж.Цэрэнсодном агсан юм. Арван настайдаа Монголын шилдэг сэхээтнүүдийг бэлтгэн гаргаж байсан ЗХУ-ын Рабфакт суралцан, эх орны дайн эхлэхэд нутагтаа буцан ирж, УБДС-ийн тоо, физикийн ангид суралцаж төгсөөд төрж өссөн Булган аймгийнхаа Хантай суманд багшаар, хожим аймгийнхаа Гэгээрлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. МУИС-д газарзүйн анги нээгдэхэд анхны оюутан нь болж төгсөөд ШУА-д ажилласан. Анхны нуур судлаач, Монгол Улсын нуурын катологийг зохиосон эрдэмтэн хүн юм. Хожим тэрхүү каталогийг гарын авлага болгон манай оронд судалгаа хийсэн олон улсын судлаачид шинэ төрлийн сам хорхой нээж олсноо Цэрэнсодном гуайн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж мөнхжүүлэхээр түүний нэрээр нэрлэж дэлхийд бүртгүүлсэн ажээ. Өдгөө хүү Ц.Ганцог, Ц.Ганбат нар нь шинжлэх ухааны салбарт удам залган ажиллаж байна. Ж.Цэрэнсодном гуай Монгол Улсын хилийн шугамыг тогтоох ажилд хүчин зүтгэж улсынхаа хилийн алтан баганын байршлыг гарцаагүй баталгаажуулж өгөхөд хүчин зүтгэж явсан монголчууд бидний бахархан хүндлэх ёстой хүмүүсийн нэг билээ.
Аав нь улсын хилээ баталгаажуулах ажилд хүчин зүтгэж олон сар жилээр хилээ даган алхсан эрдэмтний үр хүүхдүүд бас л ард түмэндээ буянаа өгсөн үйлийг үргэлжлүүлэх хувь заяатай байсан гэлтэй. Ц.Ганцогийн гэр бүл монголчууддаа, монгол түмэндээ томоохон хийгээд ихээхэн онцлог хэд хэдэн хувь нэмрийг оруулсан байдаг. Гэхдээ хүмүүс тэр болгон мэдэхгүй. Монголчуудад нэг хэсэг эмнэлэгт хандаж өвчний учир шалтгаан, оношоо тодруулахад ихээхэн хэцүү байсан үе бий. Энэ үед иргэд өвчний оношоо тодруулах зорилгоор замын зардал, зочид буудал, эмнэлэг, хэлмэрч гэх мэт олон зардал чирэгдэл гарган гадаад улс руу, ихэнхдээ Хятад, Солонгос улс руу зорчдог байсныг олон иргэд мэдэх байх.Энэ үед Солонгосоос нэгэн эмч Монголд эмнэлэг байгуулахаар ирсэн байсан бөгөөд энэ ажилд нь туслах хүн эмнэлгийн байгууллагаар яваад олж чадсангүй та туслаач гэж МУИС-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Ганцогт ханджээ. Солонгосын их дээд сургуулиудын захирлууд нь түүнд хандахыг зөвлөсөн байсан ажээ. Ганцог захирал энэ ажлыг нь хийх боломжгүй ачаалал ихтэй байсан тул гэр бүлийнхэн эхнэр, хүүхдүүдээ бүх зөвшөөрөл, лиценз авах ажилд дайчилснаар ажил нь урагштай явж, удалгүй шинэ эмнэлэг сууриа тавиад зогсохгүй үүдээ нээсэн байна. Үүний дүнд нэг талаас Солонгосын “Сонгдо” эмнэлэг Монголд салбараа байгуулж, нөгөө талаас оношилгоо, шинжилгээ хийлгэхээс өгсүүлээд гадагшаа явдал чирэгдэл болдог байсан монголчуудад эх орондоо хамгийн орчин үеийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болсон байна. Улаанбаатар Сонгдо эмнэлэг нь тухайн үедээ нотолгоонд суурилсан эмнэл зүйн практикийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн нэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шилдэг эмнэлэгт тооцогдож байв. Тус эмнэлгийг байгуулсан хүмүүс нь монголчуудад эмнэлэгээ зараад буцсан ч “Гранд мед”, “Интермед”, Люкс мед” гэхчлэн оношилгоо, эмчилгээний чанар, хурдаар уралдсан орчин үеийн шинэ эмнэлгүүд байгуулагдах жишиг, үлгэр жишээ болж өгсөн.
Ц.Ганцогийн үед МУИС багш нарынхаа нийгмийн асуудлыг хамгийн сайн шийдсэн гэж ч яригддаг юм билээ. Хичээлийн VI байр, цөмийн судалгааны төвийн байр, Олон улсын харилцааны сургууль хичээллэж буй хичээлийн V байрны шинэ барилга, Экологийн боловсролын төвийн барилга, цэцэрлэг гэх мэт үл хөдлөх хөрөнгөөр МУИС-ийн хөрөнгийг арвижуулж, Хонин нуга, Батсүмбэр, Өвөр зайсанд судалгааны полигонуудыг байгуулж, багш ажилчдаа Гацуурт, Сэлбэ, Найрамдалд зусланд газартай болгож явсанаа дурсах юм билээ. МУИС-ийг хөрөнгө, газраар бэхжүүлж явахад Ганцог захирал болон түүний багт дэд захирлууд болох Даваа, Самъяа, Болдсүх, Гончиг, Моломжамц, Ганзориг, Равжир гэх мэт сургуулийнхаа төлөө ажил амьдралаа зориулсан олон сайхан хүмүүс, сайхан хамт олон байсан билээ.
Монгол улсын эрдэм оюуны өлгий МУИС гэдэг айлыг удирдах тийм ч амар ажил биш байх. Учир нь, тэнд өндөр боловсролтой эрдэмтэн багш, чухамдаа Монголын оюуны сорууд ажилладаг болохоор. Тэднийг өөрсдөөс нь аль ч талаар дутуугүй хүн л удирдаж чадна. Тэгж чадсан хүн, тийм байлгахад арын албанд зүтгэсэн хүн хэн бэ гэвэл ярих, бичих зүйл бас арвин санж. Гэвч энэ бүхнийг товчлон гэр бүлийн тухай өгүүлсэн хэсэг рүүгээ эргэж ороход залуу хос сургуульдаа дөрвөн жил багшилчихаад ЗХУ-ын Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийг зорьсон байдаг. Гэрийн эзэн тэнд судлаачаар ажиллах болсон учраас тэр. Тэндээсээ Словакийн ШУА-ийн физикийн хүрээлэн, Германы Макс Планкийн институтэд 1995 оныг хүртэл ажиллаж байгаад Монголдоо ирж, МУИС-даа үргэлжлүүлэн ажиллажээ. Тэднийх хоёр охин, нэг хүүтэй. Охид нь ээж, аавынхаа мэргэжлээс тэс өөр эдийн засаг, хуулийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, харин хүү нь дунд сургуульд сурдаг юм байна.
Ч.ӨЛЗИЙСАЙХАН БАГШ ТАВАНТОЛГОЙН 20 ХУВИЙГ АРД ТҮМЭНД ҮЛДЭЭЖ, 116 МЯНГАН ХҮНД СОНГОГДОХ ЭРХИЙГ НЬ ОЛЖ ӨГӨВ
2010 оны VII сарын долоонд УИХ “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” 39-р тогтоолоо батлаж 10хувийг нь ард түмэндээ, 10 хувийг 2010-6-30-наас өмнө байгуулагдсан аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдахаар шийджээ. Харин Ч.Өлзийсайхан багш оюутнуудынхаа хамт төсвийн байгууллагын ажилчид, малчид, хүүхэд, залуучууд, хувиараа хөдөлмөр эрхлэгсэд хувийн компанид ажилладаг жирийн иргэд, тэтгэврийн насныхан, ажилгүйчүүд, цэргийн албан хаагчид зэрэг нийгмийн бүх давхрааны хүмүүс Тавантолгойн ордоос нэрлэсэн үнээр авах эрхийг нь зөрчиж ялгаварлан гадуурхаж үндсэн хууль зөрчсөн байна гэсэн өргөдлийг Үндсэн хуулийн цэцэд хандан гаргажээ. Энэ маргааныг цэцээр хэлэлцэхээр болоход УИХ тогтоолоо татаж авахад гарцаагүй хүрсэн бөгөөд энэ нь монголын ард түмэнд ашигтайгаар шийдэгдэж компанитай хүмүүст “нэрлэсэн үнээр” худалдах гэж байсан хувьцааг ард түмэнд нэмж өгөхөөр болсноор Ч.Өлзийсайхан багшийн шавь нарынхаа хамтаар тэмцсэн тэмцэл үр дүнд хүрч, ард түмэн хожиж байв. Одоо ч шавь нар нь бид ард түмэндээ Тавантолгойн хувьцааг өгүүлэхэд гарцаагүй чухал үүрэг гүйцэтгэсэн шүү гэж бахархан ярьцгаадаг билээ. Ард түмэн хувьцаа хэлбэрээр баталгаажуулж авсан энэ баялаг бол одоо ямар ч олигархи бүлэглэл авах гэж хичээсэн гарцаагүй байдлаар ард түмэн өөртөө хадгалж чадаж байгаа их хөрөнгө, их баялаг билээ.
Түүний Цэц дээр байгуулсан бас нэг ялалт нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийн тухай асуудал. Сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагчид сонгуульд орох бол зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэж өгсөн байх гэсэн заалт оруулсан нь томоохон яам, агентлагийн даргын албан тушаалтай хүн, өөрөөр хэлбэл захиргааны эсвэл тусгай албан хаагч тухайн байгууллага, хамт олныг сонгуульд ашиглаж мэдэх нөхцөл байдлаас сэргийлснээрээ дэвшилттэй ч нөгөө талаас төрийн үйлчилгээнд ажилладаг эмч, багш нарт халгаатай, эрхийг нь зөрчсөн явдал болсон. Тухайлбал, улсын сургууль, эмнэлэгт ажилладаг хүмүүс нэр дэвших бол зургаан сарын өмнөөс ажлаасаа гарах, хувийн сургууль, эмнэлэгт ажилладаг нь ажлаа хийж, цалингаа авахын сацуу нэр дэвшин өрсөлдөөд явах боломжтой байхаар хуульчлагдсан байв. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрх, тэгш эрхийг зөрчсөнийг Ч.Өлзийсайхан доктор гарган тавьж, Цэцийн их суудлын хуралдаан хүртэл явсан асуудал түүний талд шийдэгдсэнээр нийтдээ 116 000 хүн сонгогдох эрхээ олж авчээ. Хуулийн энэ заалтыг үндсэн хуульд нийцүүлснээр УИХ, аймаг, дүүрэг, сумын ИТХ-д өмнө нь мөнгөтэй хүмүүс ордог байсан бол мөнгөгүй ч чадварлаг боловсон хүчин орж ирэх боломжийг нээснээрээ чухал алхам болсон юм.
Ч.Өлзийсайхан: АСУУДЛЫН ГОЛ НЬ УЛС ТӨР. МОНГОЛЫН ШИНЭЧЛЭЛ УЛС ТӨРИЙН ШИНЭЧЛЭЛЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ
Нийтлэлийн баатар маань улс төр судлаачийнхаа үүднээс Монголд тулгамдаж буй асуудлыг ийнхүү тодорхойлсон. Тэрээр эрх баригчдын баримталж буй бодлого, шийдвэрүүдэд санаа зовох болсон. Баялгийн хуваарилалт бүр ч ноцтой байгаа тул сүүлийн үед энэ чиглэл рүү судалгаагаа хандуулаад байгаа гэдгээ хэлж байв.
Багш хүн аливаа асуудалд өнгөц хандах эрхгүй байдаг. Тэр тусмаа өөрийн зааж буй хичээлүүд нь улс төр-эдийн засаг, олон улсын харилцаатай холбоотой байхад асуудлыг өнгөц авч үзэж, биеийн амрыг харж лекцээ уншчихаад явах бодол түүнд байсангүй. Эхэндээ улс төрчид, улс төрийн намуудад гаднаас нь хэлж, чамгүй ярьж, сэтгэл гаргажээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтэд хандан байдал ямар байгаа талаар байр сууриа илэрхийлсэн ч эрдэмтэн, судлаачдын үгийг төр засаг нэгэнт сонсохоо байсан болох нь дэндүү тодорхой байлаа. Эцэст нь шийдвэр гаргаж буй хүмүүс энэ бүх байдлыг мэддэг ч сэтгэл нь байдаггүй юм байна гэж итгэх болсон нь Ч.Өлзийсайхан докторын улс төрд орох гол шалтгаан болжээ. Шийдвэр гаргах түвшинд очиж ярьж хэлбэл яасан юм гэдэг үүднээс тэрээр улс төрийн хүчнийг сонгож, МАХН-д элссэн байна.
МАХН-ЫГ ЯАГААД СОНГОВ?
Улс төр эдийн засгийн ухааны хичээл дээр баялгийн хуваарилалт ямар байхыг заадаг. Олон улсын харилцааны хичээлүүд дээр ч энэ сэдэв ордог. Энэ чиглэлд улс орнууд байнга өөрийгөө хамгаалсан бодлогыг явуулж ирсэн түүхтэй. Манай улс шиг зах зээлийн эдийн засгийн бүгдийг зохицуулна, гадаадын хөрөнгө оруулалт чөлөөтэй орж ирэх ёстой, тэд монголчуудтай зэрэг өсөх ёстой гэсэн зарчмыг дэлхийн аль ч улс баримталдаггүй. Манайд л ийм. Тиймээс Ч.Өлзийсайхан одоогоос зургаан жилийн өмнөөс яг энэ сэдвээр олон улсын хурал, семинарт илтгэл тавьж байжээ. Эрдэмтэд хурал, зөвлөгөөн дээрээ л ярьдаг. Улстөрчдөд ярьж өгье гээд Ардын намд хандахад нь хүлээж авсангүй. Сонсчихвол тэрийг нь ярих хэрэг болно гэж зугтсан уу, ямартай ч хаалттай байж. Ардчилсан намынхан, зарим найз нөхөддөө хандтал “Үгүй шүү дээ” гээд дайраад огт хүлээж аваагүй аж. Тэндээс олигархжсан ийм дүр төрх харагдаад зогсохгүй тийм бүтэц байгаа нь мэдрэгджээ. Гэтэл жирийн хүн байраа олоод дуугарах, үзэл бодлоо илэрхийлж болох тийм газар ганцхан байсан нь МАХН байж таарчээ. Монголд шударга үнэний талд дуу хоолойгоо хүргэж болох, чадах тэр л талбар нь ганц МАХН хэмээн тэрээр ярьж байна. Намд орсноор үзэл бодлоо хуваалцаж, байр сууриа илэрхийлж, түүнийхээ төлөө хамтарч, нэгдэж, зохион байгуулалтад орж болж байгаа учраас илүү үр дүнтэй гэдгийг тэрээр тэмдэглээд өөрийгөө зөв сонголт хийсэн хэмээн тодотгосон юм.
УЛС ТӨРИЙН УНАЛТААС ГАРАХ ГАРЦ: ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХҮН ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ
Бусад улс орныг анзаарч ажиглаж байхад аливаа буруутай асуудлын мөрөөр Ерөнхий сайд, салбарын сайд гэхчлэн уучлал хүсч, албан тушаалаа хүлээлгэж өгөх, огцрох явдал улс төрийн соёл болж хэвшсэн байдаг. Тэгвэл манайд ийм зүйл байдаггүй. Хэн ч хариуцлага хүлээдэггүй. Нэгэнт төрийн толгойд гарсан хүмүүс тийм л байх ёстой юм шигээр ханддаг, харилцдаг. Тэгвэл Монголын улс төрийн орчныг сайжруулахад хариуцлага хүлээх чадвар маш чухал. Хариуцлага хүлээх бие хүн заавал байх ёстой гэж Ч.Өлзийсайхан доктор үзэж байна. Хариуцлагагүй тогтолцоо нэгэнт байгаа тохиолдолд яах вэ гэж асуухад “энэ асуудлыг бас бодож үзсэн. Энэ тохиолдолд үндэснийэрх ашиг, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний том асуудлуудаа ард нийтийн санал асуулгаар шийдэж болох ч энэ нь манайд бас эрсдэлтэй юм билээ.Уг нь бол ард нийтийн санал асуулга маш чухал зүйл мөн боловч манай одоогийн эрх баригчдад итгэх арга байхгүй. Тэд “Асуучихсан” гээд өөрсдийн дур зоргоор шийдэх, шийдвэр гаргах нөхцөл үүсч мэдэх осолтой. Ийм байгаа учраас энэ бүхнээс сэрэмжлүүлэх, ард түмэндээ ухааруулж хэлж ярихыг өөр аргагүй байгаа” хэмээн хариулж байна.
“Амьдралын тойрог” булангийн маань зочин, МУИС-ийн улс төр судлалын тэнхмийн багш, судлаач, доктор Ч.Өлзийсайхан амьдрал замнал, үзэл бодол, хичээл зүтгэл, үг бүр нь үнэний төлөө, шударга зарчмын төлөө, хүмүүсийн төлөө ийм л хүн юм билээ. Түүний амьдралын зарчим, утга учир ерөөс энэ, тэр ийм л байж иржээ. Нийтлэл, сурвалжлагынхаа төгсгөлд чөлөөт цагаараа юу сонирхдогийг нь асуухад тэрээр бидэнд “Завгүй байх юм даа. Хоббигоор оролдох ч зав алга” хэмээн инээж суусан. Үнэндээ улс орон хүнд хэцүү байгаа үед зугаацах цэнгэхэд цаг гаргах нь бас хаашаа ч юм бэ дээ. Хүмүүст үнэнийг мэдрүүлж, үйлсийг нь дээшлүүлэх гэсэн түүний зорилгод амжилт хүсье.
Массачусетсийн их сургуулийнхаа найзуудтайгаа
Улс төр судлалын тэнхмийн хамт олон МУИС-ийн захиралтай хамт
БНСУ-ын Донгсёо их сургуулийн ойд оролцжээ.
Харвардын их сургууль дээр
Тавантолгойн хувьцааг ард түмэндээ тэгш хүртээх асуудлаар Цэцэд өргөдөл гаргахдаа хэвлэл мэдээллээр олонтаа сурталчилсан нь ард түмний талд ашигтайгаар шийдэгдэхэд ихээхэн ач холбогдолтой болсон билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин