
С.УЯНГА
Хотын хөгжил дэвшил нүдэн дээр ил, ямар бодлого шийдвэр гарч хэрэгжиж байгаа эсэх нь бидний амьдралд өдөр бүр, цаг тутам мэдрэгдэж байдаг. Нэг үгээр хэлэхэд энгийн иргэдийн амьдралаар энэ хүмүүсийн ажил хэмжигдэж, үнэлэгддэг юм. Хотын бүтээн байгуулалт, нийслэлийнхний хөгжлийн зүг чигийг тодорхойлох цаг наргүй ч хариуцлагатай ажил хашдаг нэгэн эрхмийг нэлээд эртнээс "Зууны мэдээ" сонин “Амьдралын тойрог” буландаа урьсан ч “Ажилтай явна” гэж хойшлуулсаар өчигдөрхөн цаг товлосон юм. Ингээд Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга С.Очирбатын амьдралын хүрдэнд зочилсноо хүргэе.
Улс орны чухал салбарыг хариуцан ажиллаж байгаа хүнтэй уулзсаных бидний яриа ажил, алба тал руу түлхүү орсон байж магадгүй. Гэхдээ зочны маань хийх дуртай ажил, бидний сонирхсон сэдэв байсан учраас уншигчдад сонирхолтой байх болов уу.
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ИХ САЛБАРТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДОВ
С.Очирбат Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах нөр их ажил эхэлж байсан 1996 оноос Улаанбаатарын хот байгуулалтын салбарт ажиллаж эхэлжээ. Энэ талаараа тэрээр “1992 онд Рио Де Жанеро хотод дэлхийн 178 орны төрийн тэргүүн оролцсон “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн бодлого” гэсэн том баримт бичиг батлагдсан. Улс орнууд даян дэлхийн үзэл баримтлалын хүрээнд өөрсдийн орны тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэх том зорилтод бодлогыг дэвшүүлсэн байдаг.
Харин энэ ажил манай улсад 1996 он хүртэл хийгдээгүй байсан. Намар нь шинэ Засгийн газар байгуулагдсан үеэс л надад хот байгуулалтын салбарт ажиллах завшаан тохиосон” гэж байна. Тухайн үеийн хотын шинэ удирдлагуудад нийслэл хотын нэрийн өмнөөс хоёр жил ажиллах шинжлэх ухааны чиглэлээр тодорхой судалгаа хийсэн хүн хэрэгтэй болж С.Очирбатад санал тавьснаар Нийслэлийн тогтвортой хөгжлийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагч нартай уулзаж ярилцав.
Түүнээс хойш хот байгуулалтын төлөвлөлтөндөө анхаарч эхэлжээ. Өмнө нь мэргэжлийн хот төлөвлөлтийн байгууллагагүй, тархай бутархай жижиг аж ахуйн нэгжүүд байсныг цэгцэлж 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулсан гэдэг. Түүний хэлснээр хот байгуулалт судалгаа шинжилгээ олон салбарын нарийн шинжлэх ухааны уялдаа холбоон дээр бий болдог чухал ажил. Хот байгуулалтын хүрээлэнг 1998 онд байгуулахад, тэрээр хүрээлэнгийн секторыг удирдаж хот байгуулалтын салбартай ажил амьдралаа холбосон түүхтэй аж. Ингэж л энэ том салбарын тогоонд чанагдан даруй 20 жил сэтгэл зүрхээ зориулан яваа юм.
С.Очирбатын эзэмшсэн мэргэжил, мэргэшсэн салбар хийж хэрэгжүүлж ирсэн ажлын бүхий л цаг үе хот байгуулалт хэмээх их салбартай гүн гүнзгий сэжмээр холбогдсон байдаг. 2012 онд Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалт хариуцсан орлогчоор томилогдохын өмнө 2006-2012 он хүртэл Барилга хот байгуулалтын яаманд Хот байгуулалтын газрын дарга, Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд Зам тээвэр хот байгуулалтын газрын орлогч даргын ажлыг хийснээс нь харахад энэ салбарт ажиллахаар бэлтгэгдсэн боловсон хүчин юм. Салбарын яаманд ажиллаж байхдаа бодлого тодорхойлох, хот байгуулалтын салбарын эрхзүйн үндсийг бэхжүүлэх, Монгол Улсын хот байгуулалтын салбар дэлхийн түвшний хаана явааг гадны мэргэжилтнүүдэд харуулах ажлыг хийж байжээ. Тухайлбал, Хот байгуулалтын тухай хуулийг 2008 онд бүрэн шинэчилсэн найруулгаар нь батлуулсан байна. Ингэснээр нийслэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч 2009 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч байжээ.
Түүнээс хойш нийслэлийн хот байгуулалтын зураг төслийн хүрээлэн шинэ төлөвлөгөөгөөр тодотгол хийх ажилдаа орсон байна. С.Очирбат яаманд ажиллаж байсан тухайгаа “”Жайка” ОУБ-ын мэргэжилтнүүд хотын ерөнхий төлөвлөгөөний нийгэм эдийн засаг, байгаль экологи, дэд бүтэц зэрэг салбар бүрээр судалгаа хийж зөвлөмж гаргаж өгсөн. Гэхдээ тэд ганцхан зүйлийг л захисан. Та нар төлөвлөлтийг хийж чаддаг юм байна. Хэрэгжүүлэхдээ маш том алдагдал гаргаж, хойрго хандсан байна. Засгийн газар чинь хот байгуулалтын төлөвлөгөөг баталж өгчихөөд нэг ч төгрөг гаргаж өгөөгүй юм чинь яаж хэрэгжих юм гэсэн. Үүний дагуу Засгийн газраар хэлэлцүүлж холбогдох шийдвэрүүдийг гаргуулж ажилласан. Энэ бүхэнд гар бие оролцож, тэрхүү нөр их ажлыг Засгийн газраар хэд хэдэн удаа хэлэлцүүлж бодит үр дүнг нь мэдэрч явдагтаа баяртай байдаг” гэсэн юм.
“ЯМАР Ч АЖЛЫГ ХҮНДРЭЛТЭЙ ТАЛААС НЬ БУС ШУУРХАЙ ХИЙХ, БОЛОМЖТОЙ ТАЛЫГ ХАРДАГ”
Нийслэлийн АН-аас 2016 оны НИТХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авч байгаа нь.
Хот байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг хүлээн авч, гардан хийхэд мэдээж олон талын хүндрэл саад бэрхшээл тулгарсан нь лавтай. Гэхдээ Ч.Очирбат дарга “Ажлын хүндрэлтэй талыг бодохоос илүү хаанаас нь эхэлбэл шуурхай хийх боломжтой, бүтэц зохион байгуулалт, харъяа байгууллагуудын уялдаа холбоо ямар байна гэдэг талаас нь ханддаг. Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын ажилд анх томилогдож ирэхэд 20 гаруй хувьтай байсан ч ханцуй шамлан орсон доо. Ер нь ажлыг авч явахад маш нарийн уялдаатай бүтэц байх хэрэгтэй. Энэ салбарт 20 жил ажиллахдаа хүмүүсийн хандлагыг их мэдэрсэн. Нэг л их өөртөө эрх мэдэл хураах гэсэн хүмүүс, яаж ажиллах арга механизмаа мэддэггүй учраас ажил гацаагаад байдаг. Засаг дарга салбар бүртээ хариуцсан олон орлогчтой гэж хэлж магадгүй. Энэ бол ажлыг хариуцсан эзэнтэй болгох гэсэн хэрэг. Хариуцлага хүлээх, ажил үүргээ чанартай гүйцэтгэх эзэнтэй ч болсон. Хот байгуулалт, газрын харилцаа, гэр хорооллын дахин төлөвлөлт, зураг төсөл боловсруулах гэх мэтээр олон ажлыг ганц хоёр хүнд хариуцуулаад үзэх өөр хэрэг” гэж байр сууриа товчхон илэрхийлэв.
Тэрээр ажлыг аль талаас нь харвал шуурхай, чанартай гүйцэтгэх боломжтой юм байна гэдэг эрэл хайгуул хийж иржээ. Манайхан өвлийн хэдэн сар барилгын салбарыг зогсоож, налайж явж байгаад гуравдугаар сар өнгөрөнгүүт бужигнаад эхэлдэг. Мөн тендерийг нь зарлах гэсээр байтал намартай золгодог. Ийм сунжирсан бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхийн төлөө тэрээр ажиллаж ирсэн байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулж бэлтгэл ажлыг хангадаг болсноос гадна хууль эрхзүйн хувьд ямар байна. Нутаг дэвсгэр дээр энэ ажлыг авч явдаг хурлын эрх мэдэл зэрэг газрын харилцаа барилгажилтад гарч байгаа томоохон асуудлуудыг зоригтой барьж авчээ. Улмаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж зохих дүрэм журмыг гаргаж эмх цэгцтэй, эрэмбэ дараатайгаар ажлаа эхлүүлжээ. Гэхдээ С.Очирбат дарга “ИТХ-аар хэлэлцүүлж хууль журам гаргаад явж байгаагийн хүчинд томоохон ажлууд урагшилж байгаа ч амжаагүй нь ч бий” гэв. Мөн тэрээр олон жилийн бугшсан асуудлыг өнгөн талаас нь гаргасан ч гүн рүү нь хараахан орж чадаагүй гэх эмзэглэл байдгаа нуусангүй. С.Очирбат дарга ажилд хойрго хандаж, саатуулах гэсэн хүмүүст хатуу ханддаг нэгэн.
ИРГЭДИЙГ СОНСЧ, МӨРӨӨР НЬ АЖЛАА ХИЙДЭГ БОЛСОН
Нийслэл хотод хийж хэрэгжүүлсэн ажлыг бүгдийг нь дурьдана гэвэл цаг хугацаа, сонины зай талбай их шаардах учраас нийтлэлийнхээ баатрын гар бие оролцож, өөрөө гардан хийсэн цөөн ажлын талаар ярилцсан нь энэ. С.Очирбатын Мөрийн хөтөлбөртөө тусгасан хамгийн том ажил нь гэр хорооллын дахин төлөвлөлт. Дахин төлөвлөлтийн ажлыг өмнө нь мэр сэр хийх гэж оролдож байсан ч төдийлөн үр дүнтэй болж чадаагүй. Тиймээс тэдний багийнхан хамгийн эхэнд “Жайка” ОУБ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж ажлаа хаанаас нь хэрхэн эхлэх талаар зөвлөмж авчээ. “Жайка”-гийн хэдэн зөвлөмжөөс өөр гартаа барих зүйл тэдэнд байсангүй. Хамгийн эхэнд иргэн, аж ахуйн нэгжтэй хэрхэн харилцах зэрэг асуудлыг олон талаас нь судалж үзсэний үндсэнд тохиролцох ёстой юм байна. Харин иргэний эрх ашгийг хамгаалахад хот оролцох ёстой юм байна гэдэг нэгдсэн шийдэлд хүрчээ. Энэ асуудал наанаа иргэн, аж ахуйн нэгжийг хооронд нь холбож өгч байгаа мэт харагдавч өмнө нь аж ахуйн нэгжүүд иргэнтэй ажилладаггүй байсан, хотын газрыг үнэгүй аваад барилга бариад ашигтай ажиллаад байдаг. Өөрөөр хэлбэл, нийслэл хот иргэн хоёр их төлбөр төлж өрөнд ордог асуудлыг халж чадсан маш том шинэтгэлийн ажил болжээ. Нөгөөтэйгүүр энэ ажил зураг төсөл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газар олгож байгаа явдлыг халсан, хууль журмыг хэрэгжүүлэхэд маш том түлхэц болж өгсөн амжилтад хүрсэн ажлуудын нэг болсон байдаг. Энэ бүхнийг цэгцтэйгээр үе шаттайгаар хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд иргэд ямар орон сууцтай болохыг хүсч байгаа юм бол, ер нь иргэдийн саналыг асуух ёстой юм байна гэж үзэж одоо дүүрэг, хороо бүрт үйл ажиллагаа явуулж байгаа “Иргэний танхим”-ыг байгуулж хэлэлцүүлэг хийж эхэлжээ. Ингэж л иргэдийг сонсч ус, дулаантай тохилог орон сууцанд амьдрах хүслийг нь биелүүлэхийн тулд эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам гаргаж аж ахуйн нэгжүүдээ сонгон шалгаруулсан байна. Энэ ажлаа тэрээр “Журмаа гаргаад эхний 12 аж ахуйн нэгжийг сонгож авсан. Зарим нь жаахан туршлагагүйтсэн байх. Зарим нь их сайн ажилласан. 3000 шахам айл өрхийн орон сууц баригдсан. Газраа чөлөөлсөн 1000 гаруй айл орон сууцанд орлоо. Энэ жил хөрөнгөөр нь дэмжээд өгөх юм бол 4000 айлын орон сууцыг төлөвлөөд явж байна. Манай багийн нэг том ололт бол иргэдтэйгээ ажиллах явдлыг шинэ шатанд гаргаж чадсан. Иргэд дүүрэг хорооныхоо “Иргэний танхим”-д цуглачихаад орчноо, замаа хэрхэн сайжруулах, мод мөөг тарих, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг юунд зарцуулах асуудлаа ярьдаг болсон. Нөгөө талаар иргэдтэй ойр ажилласны үр дүнд иргэд бүлгийн ахлагчаа сонгоод хот төлөвлөлтийн загвар төслийн санал гаргаж ирээд ярьдаг. Түүн дээр нь хот төлөвлөлтийн байгууллагын мэргэжилтнүүд мэргэжлийн нүдээр харж засвар хийгээд батлуулдаг болсон. Ийм есөн газрыг бэлэн болгосон. Иргэд бүлгүүдээ байгуулж хоорондоо ойлголцох хүртлээ хугацаа авсан” гэсэн юм.
С.Очирбатын гардан гүйцэтгэсэн ажлуудын нэг нь “Хөгжлийн төлөө хамтдаа” арга хэмжээг зохион байгуулж иргэд аж ахуйн нэгжүүд ихээхэн дэмжиж оролцсон явдал. Мөн Улаанбаатар худалдан авалт арга хэмжээ. Дараа нь хотын засаглалыг сайжруулах талаар иргэдээс асууж байж шийддэг болж, албан тушаалтны гаргасан шийдвэрийг олон нийтэд гурав хоногийн дотор мэдээлээгүй бол хүчингүй болгодог дэвшлүүд гарсан юм. Энэ бүхнээс иргэдийн амьдралд хамгийн ойр мэдрэгдсэн зүйл бол хүүхдэд зориулан хэрэгжүүлсэн“Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор”-ийн төсөл. Өөрөөр хэлбэл, аав ээжүүд нэг хүүхдээ бага сургуульд, нөгөө хүүхдээ цэцэрлэг рүү авч явж цаг алдаж, чирэгдэл учирдаг байсныг 16 дугаар хороонд шийдвэрлэж өгсөн юм. Түүнээс гадна ард түмний дунд “алдартай”, хүсэн хүлээдэг болсон нэг ажил бол цахим газар өмчлөл. Гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг 10 хүрэхгүй хувьтай байхад нь гардан авч гүйцэтгэсэн багийнхан өнөөдөр 80 гаруй мянган хүнийг ажил чирэгдэл болж ар, өврийн хаалга татахгүйгээр шударгаар газартай болгочихсон сууна. Энэ ажлыг дүгнэхдээ “Цэцэрлэг, сургуулийн багш хичээлээ заах уу, газар өмчлөлөө хөөцөлдөөд явах уу гэсэн сорилтын өмнө иргэд байсан. Цахим газар өмчлөлийг эхлүүлсэнээр хүний оролцоог багасгасан олон талын ач холбогдолтой ажил болсон гэж боддог” гэж байв.
Мөн иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн хямд чанартай орон сууцтай болгох асуудлыг нийслэлээс олон хувилбараар ярьсан. Ингэснээр нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг боловсруулан, батлуулаад дахин төлөвлөлтөөр орон сууцтай болох боломжийг бий болгожээ. Шинэ хороолол барих, түрээсийн орон сууц, иргэд газраараа нэгдэж орон сууцтай болох зэрэг олон хувилбартай болгосон. Энэ хөтөлбөрийг иргэдийн амьдралд өгөөжтэй, эрүүл хөрсөн дээр буухаар хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын төлбөрийн чадварт нийцсэн бодлогын баримт бичгийн стратегийн холбогдох газруудтай нь хамтран ажиллажээ. Ингэснээр өрхийн орлогынхоо 45 хувийг орон сууцанд зарцуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Цаашид иргэнтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээ хөрөнгөөр дэмжин 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй компанид банк зээл олгох замаар хамтран ажиллаж байгаа аж. Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг батлан НОСК байгуулсны үндсэнд НОСК компани болоод үнэт цаас гаргах эрхтэй болж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэхүү ажил нь бодитойгоор хэрэгжсэн учраас хурдан урагшлах байх гэсэн итгэл, хүлээлттэй буйгаа тэрээр онцолж байв.
БОДЛОГО ТОДОРХОЙ БАЙХАД ХӨРӨНГӨ ОЛДДОГ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай НИТХ-ын дарга Д.Баттулга болон бусад хүмүүстэй танилцав.
С.Очирбат дарга хотын их бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил ажиллахдаа, бодлого тодорхой байхад хөрөнгө олддог гэдгийг олон зүйлээс харж, ажил хэрэг болгож иржээ. Үүний нэг илрэл нь УИХ-аар батлуулсан хот төлөвлөлтийн хэтийн төлөвлөгөөнд тусгасан найман дэд төвийн хоёрыг нь Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн явдал юм. Цаашлаад 2024 он хүртэл 6-7 дэд төвийг байгуулахаар зорьж байгаа аж. “Жайка” ОУ байгууллагатай хамтарч төлөвлөлтөө хийн, Азийн хөгжлийн банктай техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлыг эхэлсэн бөгөөд хамтран санхүүжүүлэгч байгууллагууд өөрсдөө санал тавьж байгаа гэнэ. Тухайлбал, Европын хөрөнгө оруулалтын банк бохир ус ариутгал татуургын ажлыг хийхээр хандаж төслийн нэгжээ байгуулаад ажлаа эхлүүлжээ.
Ийнхүү бодлого нь зөв байхад хөрөнгө оруулалт олох гэж зовохгүй юм байна гэдгийг харуулсан туршлагынхаа талаар “Төр дэд бүтцээ хийгээд өгчихөд хувийн хэвшлийнхэн бусдыг нь хийж чаддаг юм байна. Цаашид Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд МСҮТ, цэцэрлэг, сургуулиуд баригдана. Мөн бичил бизнесийн зээлийг шийдэх зэргээр цогцоор нь хөгжүүлдэг юм байна. Энэ гайхамшигтай ажлын үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа” гэсэн юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлт зэргээр зарим ажил дээр хэл ам их гардаг. Үнэхээр иргэдийг бухимдуулах зүйл хийгээд байна уу гэхэд С.Очирбат дарга “Хэл ам гарах асуудал олон талтай. Дөч гаруй байршил 75 талбар дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Бүгд нэг хэвэнд цутгасан юм шиг явагдана гэж байхгүй. Зарим нь ойлголцохгүйгээс, өдөөн хатгалга хэлбэрээр хэл ам гаргасан зүйл ч бий. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдарч, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж Үндсэн хуулинд заасан. Энэ Үндсэн хуулийн заалтыг хангаж өгөх үүрэг нь засаг захиргаанд л байдаг. Тэгэхээр энэ үүргээ биелүүлж байна. Өмнө нь биелүүлээгүй явж байсан юм болов уу гэж боддог. Иргэдийн хүсэн хүлээсэн ажил болсон учраас үргэлжлээд явах нь дамжиггүй” гэж тэр хариулав.
Иргэдийн амьдралд хэрэгтэй, үр өгөөжөө өгөх олон ажлыг төр засаг дэмжээд хөдөлгөөд өгч байгаагийн нэг жишээ саяхан батлагдсан “Сайн хашаа” хөтөлбөр. Хашаагаа тохижуулж, дэд бүтцийг нь шийдвэрлэх замаар иргэн бүр 10 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч болох хөтөлбөр батлагдсан. Энэ талаар С.Очирбат даргаас асуухад “Зусланд гараад очиход айл бүр нүхэн жорлонтой. Үнэндээ цэвэр агаарт гараад байна уу, үгүй юу гэдгээ ойлгодоггүй. 15-16 талбарыг сонгоод дэд бүтцээ татах, хашаагаа тохижуулах байдлаар “Сайн хашаа” хөтөлбөр эхэлнэ. Хөтөлбөрийг батлуулсан учраас мэргэжилтнүүд ажиллаж байна. Гэр хорооллын байшин бүр муу биш. Бохирыг зайлуулах шугам сүлжээг нь татаад өгөхөд бусад асуудлыг шийдээд байж болно. Нэг өрхөд 60 сарын хугацаатайгаар 10 сая төгрөгийн зээл өгнө. Сарын зээлийн хүүгийн талыг нь төр, талыг нь орон нутгийн засаг захиргаа даах боломжийг бүрдүүлж өгсөн. Загвар төслүүдийг хийгээд мэргэжлийн аж ахуйн нэгжүүдийг сонгоод явуулна. Засгийн газар эхний ээлжинд 200-аад тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгнө гэсэн. 70 шахам мянган айлыг “Сайн хашаа” хөтөлбөрт хамруулж чадвал хотын агаарын бохирдол, хөрсний бохирдлоос ангижрах бололцоотой гэсэн зорилго тавьсан” гэсэн юм.
СОНГОГЧИЙН ҮГ
Бидний яриа энэ маягаар олон төсөл хөтөлбөр, ажлын талаар ярьж болох байсан ч энд хүрээд өндөрлөсөн юм. Учир нь хэн ч ийм, тийм олон ажил хийсэн гэж ярьж чадна. Тиймээс бид Ч.Очирбат даргын нийслэлд төлөөлөн суудаг Сүхбаатар дүүргийн зарим хороодоор явж ам, ажил нь зөрж байгаа эсэхийг сонирхсон юм. Тэрээр НИТХ-д Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны иргэдийн дуу хоолой нь болж суудгийн хувьд сонгуульт дөрвөн жилийнхээ хугацаанд юу хийж амжуулав, иргэдэд амласан ямар ажлаа орхив гэдгийг “Сонгогчийн үг” хэлэх учиртай.
Иргэдэд хамгийн ойр ажилладаг нэгж бол хороо. Тус хороонд хийсэн ажил хүн бүрийн алган дээр тавьсан мэт тод харагдана. Бидний эхлээд очсон хороо бол Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо. Хорооны Засаг дарга Ц.Сарантуяа уулзалтын явцад “Хамгийн гол нь хороогоо хэр эргэж тойрч, бидний хүсэлтийг сонсч байгаа нь чухал гэж боддог. Манай хороонд бохирын шугам тавьж, хоёр дулааны станц суурилуулснаар төрийн болон төрийн бус байгууллагууд дулаанаа авах боломжтой болсон. Цэцэрлэгийн өргөтгөл хийлээ. Гэр хорооололд орон сууцны барилга баригдаж, бохирын шугам татаж болдог гэж төсөөлөө ч үгүй байсан. Дамбадаржаагийн 13 га газар дахин төлөвлөлтөд орж таван давхар гурван орон сууц баригдаж байна. Цахилгааны асуудалтай зургаан амыг шийдэж дэд станц барилаа. Нийтийн тээврийн хэрэгсэл явдаг боллоо. Мөн зуслангийн газраа иргэд өмчлөх боломжтой болсон” гэв. Энэ хорооны 1-24 дүгээр гудамжны айлууд ойр хавьдаа цэцэрлэггүй байсан нь мөн шийдэгджээ. Өмнө нь барьсан цэвэрлэх байгууламж ажилладаггүйн улмаас бохир нь хальж дахин төлөвлөлтийг саатуулсан гэдгийг хэсгийн ахлагч нар нуусангүй.
Хавар, намартаа цас борооны ус тогтож иргэдийг өндрийн харайлт хийхэд хүргэдэг замыг иргэдийн оролцоотойгоор орон нутгийн хөгжлийн сангаар хайрган зам тавиулаад шийджээ. Энэ санаачлага нь олны талархлыг хүртэн иргэдтэйгээ хамтран ажиллаж болдгын тод жишээ болжээ. Мөн Архустайн зуслангийн 100 модын рашааныг тохижуулж, залуусын чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх сагсны талбайг Сэлбэ голын харалдаа байгуулж өгсөн гэдгийг ахмадууд хэлж байна.
Харин 16 дугаар хорооны Засаг дарга Л.Оюунчимэгийн ярьснаар 12000 мянган хүнтэй тус хороонд жилдээ 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг гэнэ. Тухайлбал, дүүргийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн цэцэрлэг, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 130 хүүхдийн цэцэрлэг барьжээ. Мөн хуучин цэцэрлэгийг ашиглалтад оруулж гэрээр хүмүүжиж байсан 750 хүүхдийн 500 гаруйг нь цэцэрлэгт хамруулах боломж бүрджээ. Гэр хорооллынхны нэн тэргүүнд тавигддаг замын асуудал, цахилгааны хүрэлцээ муу байсныг жижиг гэлтгүй шийдсэн гээд тэрээр олон ажил амжуулжээ. Биднийг очиход 16 дугаар хорооныхон төлөөлөгчдөө Дамбардаржаагийн эцсээс Тоосгоны эцэс хүртэл явган хүний зам. Намагтай газар буусан айлууд сайжруулсан зам тавиулъя гэсэн хүсэлтээ давхар дайж байлаа.
МИНИЙ ХИЙЕ ГЭЖ ЗОРЬСОН АЖИЛ ГАРААНААСАА БҮРЭН ГАРСАН
Хотын дэд төвийн ажлын явцтай танилцаж байна.
Ийнхүү С.Очирбат даргыг гэр хорооллын дундуур дараагийн хийх ажил, хот төлөвлөлтийнхөө талаар ярилцаж явах зуур “Гэр хорооллыг орон сууцжуулах ажилд яагаад ингэж их анхаарч ажиллаж байгааг нь асуухад: “Би хүүхэд насаа гэр хороололд өнгөрөөсөн. Манай сумын төвд ганцхан орон сууц байдаг байлаа. Тэнд сумын төвийн дарга нар л амьдардаг байсан. Нэг хэсэг нь яагаад тохилог орон сууцанд амьдарч байхад нөгөө хэсэг нь усаа зөөгөөд, түлшээ түлээд амьдарч байгаа юм бол гэж боддог байлаа. Тэгээд аймгийн төв, цаашлаад сумын төвийг хэрхэн төлөвлөж, хөгжүүлэх вэ гэж бодож эхэлсэн. Хотод ирээд 8-9 жил байр түрээслэн амьдарч байсан болохоор өөрийн гэсэн орон сууцтай болохыг хүсдэг байлаа. Иргэдийг төлбөрийн чадварт нийцсэн орон сууцтай болох асуудлыг ажил хэрэг болгохоор зориод байгаа нь байр түрээсэлж амьдрахын зовлонг биеээрээ мэдэрснийх байх. Энгийн иргэд хэдэн арван жил хөдөлмөрлөөд ч байртай болж чадахгүй байна. Энэ мэт нийгмийн шударга бус, бугшсан асуудлыг гаргаж ирэхийн тулд хот төлөвлөлтийн салбарыг амьдралынхаа гол зорилго болгон зүтгэж байна. Миний хийе гэж зорьсон ажил гараанаасаа бүрэн гарсан. Гэхдээ нийслэлийн том нутаг дэвсгэрийн ажил барагдахгүй. Нэг хэсгийг нь шинэчилж дуусахад дахиад л ундраад байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил маань хаана хүрч бариандаа орохыг хэлж мэдэхгүй. Хэлэхэд эрт байна. Цаашид хийхийн төлөө байдаг чадлаараа зүтгэнэ гэж ойлгож явдаг. Хөрөнгө мөнгө нь байдаг бол зуслангийнхаа бохирыг замаа дагуулаад тавьж цэгцэлчихвэл сайханаа гэж хотын даргад хэлж байлаа. Сэлбэ, Дамбадаржааг хотын дагуул хот болгох, үндэс суурийг нь одооноос тавьж байна. Уул уурхайн салбараас ажилгүй болсон олон мянган хүнийг зөөлөн газардуулж, нийслэл ажлын байртай болгосон. Хотын бүтээн байгуулалтын ажилд 70-аад мянган ажлын байрыг хадгалж байна. Энэ дашрамд бидэнтэй олон жил хамтран ажиллаж байгаа “Жайка” ОУБ-ын мэргэжилтнүүддээ талархаж явдагаа илэрхийлмээр байна. Зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэх боломжийг тэд бидэнд нээж өгсөн. Хүссэн зүйлээ ажил болгох таатай орчинд боломжиндоо тулгуурлан бид гар нийлэн хамтран ажилласан” гэж С.Очирбат дарга дурсав.
Ийнхүү гемарафологич мэргэжилтэй, газрын харилцаа, газрын менежер чиглэлээр мэргэшсэн олон мянган хүний амьдралд гэрэл гэгээ авчирч буй энэ эрхэмтэй ярилцахад таатай байлаа. Газрын харилцаа хот төлөвлөлтийн чиглэлээр 20 гаруй жил амжилттай ажиллаж эрдмийн зэрэг цол хамгаалсан, газрын хөрсний бүтэц чулуулгын тогтоцыг геологитой нь судлан нарийн ухааныг нь салбартаа шингээж яваа С.Очирбат дарга шиг мэргэжлийн хүн манай улсад тун цөөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин