Монгол өмгөөлөгч

2016-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЧИР

Түүнийг Цэрэнгийн Монгол гэдэг. Монгол өмгөөлөгч гэхээр хүмүүс андахгүй. Тэрээр хаана хүний эрх зөрчигдөж, ардчилал гажуудаж байна, тэнд л “гүйж” явдаг цөөн хэдэн өмгөөлөгчийн нэг.

Ц.Монгол өмгөөлөгч сүүлийн арваад жилийн турш стратегийн өмгөөллийн хүрээнд ажилласан байдаг.  Улсын хэмжээнд эмх замбараагүй тархсан цианит, мөнгөн усны хор хөнөөл буюу Хонгор сумын асуудал, “Да хүрээ” захын автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, Баянзүрх дүүргийн нутаг дахь “Оросын” гэх орон сууцанд амьдарч байгаа иргэд, ГССҮТ болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, албан хаагчдын эрх ашгийг хамгаалан тэмцэж байгааг нийтээрээ л мэднэ.

Хамгийн сүүлд зээлийн хүүг бууруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандаад байгаа. Тэрээр энэ талаар “... Монголд хувийн хэвшлийн банкны эрхийг өндөр төвшинд баталгаажуулж өгсөн байдаг. Тэгш эрхийн зарчим буюу Иргэний хуулийн маш чухал зарчим зөрчигдсөн. Аливаа гэрээ хэлэлцээрийн хугацаа дууссан нөхцөлд гэрээнээс үүссэн үр дагаврыг хүү, анз, торгууль, алданги гэдэг байдлаар төлдөг. Энэ нь нийт өрийн 50 хувиас хэтэрдэггүй. Гэтэл банкны зээлийн хүү зогсдоггүй, нийт зээлээ хэд нугалах тохиолдол гардаг. Гэрээ хүчингүй болсон тохиолдолд торгууль тооцохын оронд хүү нь мөн л эцэс төгсгөлгүй үргэлжилж байхаар зохицуулсан байгаа юм. Энэ бол Үндсэн хуульд заасан аж ахуйн нэгж, иргэдийн эрхийг зөрчсөн, банкинд давуу эрх олгосон заалт. Шуудхан хэлэхэд энэ бол “хуульчлагдсан” луйвар. Энэ луйврыг зогсоохын төлөө би хуульч хүний хувьд тууштай тэмцэх болно” гэж ярьсан нь бий. Гэхдээ тэр гэв гэнэт энэ асуудлыг сөхөж тавин хөөцөлдөөд эхэлсэн юм биш.  Яг энэ зүйл заалтаас болж амьдрал ахуй, эд хөрөнгөөрөө хохироод Ц.Монгол өмгөөлөгчөөс тусламж эрж ирсэн хүмүүс олширсон үеэс буюу 2008 оноос энэ асуудлыг хөндөж төвийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярьж бичиж, шүүхээр шийдвэрлүүлж иржээ.

Энэ мэтчилэн хүний эрхийг хангах талаар ажиллаж байгаа “хэрэг”-үүдийг нь бичвэл нэлээд урт жагсаалт болно.

 Өмгөөлөгч Ц.Монгол хуульч, улс төр судлаач, барилгын техникч мэргэжилтэй. Энэ гурван мэргэжлээ ОХУ, ХБНГУ-д суралцаж эзэмшжээ. Тэрээр 1978-1980 онд НААҮГ-т барилгын техникч, 1985-1991 онд Увс аймгийн Хуулийн хэлтсийн дарга, Хууль зүй, арбитрийн хэлтсийн дарга, 1991-1994 онд Увс аймгийн шүүхийн шүүгч, 1994-1996 онд УИХ-ын дэргэдэх нийгмийн ухааны академид багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1996-2000 онд Монгол Улсад Олон улсын хүний эрхийн “Эмнэсти интернэшнл” байгууллагыг үүсгэн байгуулалцаж, хуульчдын бүлгийн даргаар нь ажилласан. Дараа нь 2006-2008 онд хүний эрхийн “Эмнэсти интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, 1996 оноос МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч хуульч, 2006 оноос өмгөөллийн “Монголын хуулийн корпорац”-ын Ерөнхий захирал, үүний зэрэгцээ  2015 оноос МХЭАХН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр давхар ажиллаж буй ажээ.

Энэ эрхэм Увс аймгийн Малчин сумын нутагт Баянхайрхан хэмээх газарт мэндэлжээ. Төрсөн газар нь Увс, Хяргас нуурын дунд байдаг. Энэ тухай дурсахаараа “..Сайхан нутаг даа, Хан Хөхийн нурууны үргэлжлэл” хэмээн шүүрс алдах...

Ц.Монгол эцэг эхээс гурвуулаа. Гурван хүүгийн дундах хүүхэд. Түүний аав Цэрэн гэж нутаг усандаа нэр алдартай малын эмч байж. Аавыг нь малын эмч Цэрэн, доктор Цэрэн гэж нутгийнхан нь авгайлан дууддаг байжээ. Цэрэн гуай малын бүх төрлийн өвчнийг анагаан эмчилж чаддаг ёстой л нутаг усандаа доктор нь байсан гэдэг. “Алтангадас” одонг хоёр удаа, бас “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртэж явжээ. Мөн Х.Чойбалсан, Ж.Самбуу дарга нарын гарын үсэг бүхий медалиудтай хүн байлаа хэмээн Ц.Монгол өмгөөлөгч дурссан. Харин ээжийг нь Цэгмид гэдэг сувилагч хүн байжээ.

Ц.Монгол өмгөөлөгчөөс хүмүүс их асуудаг нэг зүйл бий. “Танд яагаад Монгол гэдэг нэр өгсөн юм бэ” гэж. Цэрэн гуайнх гурван ч хүүтэй болоод хүн болгож чадаагүй аж. Тэр үед нялхсын эндэгдэл их байсан. Ийм зовлон амссан монгол өрх олон байсан гэдэг. Харин дөрөв дэх хүү нь Ц.Монгол өмгөөлөгчийн ах байжээ. Ахыгаа гурван настайд төрсөн удаах хүүдээ аав нь Мягмаржав гэдэг нэр хайрлажээ. Төрсний гэрчилгээг нь ч анх ийм нэртэй авсан байдаг гэнэ. Гэхдээ аав ээж нь Монхор хэмээн хочилж дууддаг байж. Харин гуравхан настай ах нь дүүгээ өхөөрдөн Монхор хэмээн дуудахдаа Монгол гэдэг байсан учир албан ёсны нэрийг нь Мягмаржав биш Монгол болгосон түүхтэй гэнэ.

Ц.Монгол гуайн ханийг Т.Намсрай гэдэг. Уг нь холбооны мэргэжилтэй ч, давхар хуульч мэргэжил эзэмшээд Хууль зүйн яаманд Төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр цөөнгүй жил ажиллажээ. Одоо нэгэн компанид хуулийн зөвлөхөөр ажилладаг. Тэд хоёр хүү, хоёр охинтой. Нэг хүү нь хуульч болжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Монгол гуайн гэр бүл гурван хуульчтай гэсэн үг.

Тэрээр хүүхдүүдийнхээ боловсролд ихээхэн анхаардаг. Тиймээс 2000-2005 онд гэр бүлээрээ ХБНГУ-д амьдарч, энэ хугацаанд хүүхдүүддээ герман боловсрол олгосон аж. Ингэж явсан нь учиртай. ХБНГУ-ын Фрайбургийн Альберт-Людвигийн нэрэмжит Улсын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан нь тэр. Хамгаалсан сэдэв нь өнөөдөр Монгол Улсад ихээхэн чухал асуудал болсныг тэр онцолсон. Нутгийн өөрөө удирдлага болон ардчилсан зарчим гэдэг сэдэв. Хоёр жилийн өмнө Багануур, Налайх дүүргүүдийг хотын статустай болгоно гээд иргэдээс Хотын захирагчийг томилуулсан. Өнөөдөр Дүүргийн дарга, Хотын захирагч гэсэн хоёр “толгой”-той дүүргүүд бий болоод байгаа. Мөн баг, хороо гэж чухам ямар нэгж байх ёстой вэ, яаж бие даасан баг хороог жинхэнэ утгаар нь цогцлоох вэ гэдгийг тэнд л үзэж судалж, зэрэг хамгаалаад иржээ. Тиймээс Ц.Монгол өмгөөлөгч ийм сэдвээр ярина гэвэл хэдэн цагийн лекц ч уншиж чадахаар юм байна билээ. Энэ эрхэм “...Нэг жишээ авъя. Герман улс дайны дараа том өөрчлөлт хийсэн. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулаад засаг захиргааны нэгжийн бүтцийг хийсэн. Энэ хэлэлцүүлгийг бүх ард нийтээсээ санал асуулга байдлаар авч, олон эрдэмтэн мэргэд хуульчдыг цуглуулж судлуулсан. Тэгээд бүх тосгон суурин газруудад өөрийн удирдлагын эрхийг нь 100 хувь өгсөн. Төр өөрөө стратегийнхаа зүйлээ авч үлдсэн байдаг. Хотуудыг бас бие даасан болгож өгсөн. Бүтцийг нь өөр болгож, статусыг нь өөрчлөхөөр өөр өөрийгөө санхүүжүүлээд явчихдаг. Манайх бол ашигтай ажилласан аймаг, сумдаасаа татаас аваад алдагдалтай ажилласан орон нутагт тараагаад өгчихдөг. Тэгшитгэх замаар ингэж асуудлыг шийдэж буй юм. Энэ зарчим одоо ч байна. Тэгэхээр яаж орон нутаг хөгжих вэ. Цаашлаад улс орон хөгжих боломжгүй болж байгаа юм. Их энгийн харагдаж байгаа зүйл шүү дээ. Үнэхээр энэ хоёр дүүргийг хот болголоо гэхэд бие даасан өөр өөрийгөө удирдах эрх зүйн үндэс бий болж байгаа учир хотоо хөгжүүлэх үндэс нь болж байгаа юм. Багануур, Налайх хөгжинө гэдэг бол Улаанбаатар хотын ачаа багасч буй хэрэг” гэж ярьсан. Гагцхүү түүнийг ажил хэрэг болгох боломж бололцоо олговол ч...

Ц.Монголын гэр бүл Германд зүгээр л сураад байсангүй. Өөрийнх нь ч, хүүхдүүдийнх нь ч амьдралд эргэн дурсах дурсамж дүүрэн он жилүүд тэнд үлджээ. “...Би чинь Беларусьт дөрвөн жил, ОХУ-д таван жил, Германд таван жил сурсан хүн. Германд гэр бүлээрээ амьдарч байхдаа, сурахын хажуугаар янз бүрийн л ажил хийж байлаа. Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голдоггүй гэж үнэн шүү. Би хүүхдийн цэцэрлэгт цэвэрлэгээ хийдэг байлаа. Оюутнуудаас энэ ажилд шалгаруулж авахад нь тэнцсэн хэрэг. Орой бүр хоёр цаг ажиллана. Би тэгж ажиллахдаа нэг удаа гал тогоог нь гял цал болтол нь цэвэрлээд өгчихсөн юм. Уг нь миний ажил үүргийн хуваарьт байгаагүй л дээ. Тэгсэн чинь галд тогоогоо нэмж цэвэрлүүлдэг болсон. Хажуугаар нь надаар сантехникийн ажил хийлгэнэ. Мэдээж, авах цалин нэмэгдэнэ шүү дээ. Мөн намартаа усан үзмийн талбайд очиж усан үзэм хураадаг байлаа. Бас мебелийн дэлгүүрт тавилга угсрах ажил хийнэ. Тэнд бүх зүйлийг хуулийн дагуу, ажил хийхэд хүртэл стандартаар нь л хийнэ. Дэлгүүрийн хуучин барилгыг нарийхан дөрвөн трубагаар холбож бэхлэх ажил хийсэн юм. Тэр трубаг би хүүтэйгээ хамт 25 өдрийн турш өдөр бүр давхарлаж будсан. Галын аюулаас сэргийлэхийн тулд нэг см зузаан болтол будах ёстой юм байна л даа. Энэ мэтийн маш сайн туршлагуудыг Монголдоо бий болгомоор л байдаг юм” хэмээн дурссан.

Түүнтэй хуучилж суухад яриа хөөрөө яаж ийгээд л хүний эрхийн гажуудал, ардчиллын буруу тогтолцоо руу шилжчихнэ. Байнга толгойд нь явдаг учраас арга ч үгүй биз. Бас байсгээд л утсаар ярихаараа нөгөө л хэн нэгний эрхийг өмгөөлөх хамгаалах талаар л ярина. Ц.Монгол өмгөөлөгч үндсэндээ 1985 оноос хойш энэ салбарт ажиллаж байгаа аж. 1995 онд болсон Багш нарын ажил хаялтын үеэр багш нарыг өмгөөлөөд явж байжээ. 31 жилийн өмнө гэсэн үг. Хотын цагдаагийн газар ажил хаялтын үйл явцыг тагнахаар тэдний өрөөнд сонсох төхөөрөмж тавьж, тэр нь баригдаж нэлээд юм болж байсан. Ажил хаялтыг удирдаж байсан багшид зохиомлоор хэрэг тулган Төв аймагт аваачиж хорьж байгаад дарамталсан. Арваад жилийн өмнө Хонгор сумын иргэд хордож мань эр тэндхийн иргэдийн эрх ашгийг хангахаар явахдаа Ерөнхий сайд С.Баярт хатуухан үгтэй нээлттэй ил захидал хаяглаж явсан гээд л Ц.Монгол өмгөөлөгч хүний эрхийг Монголд ямар байсныг, ямар болсныг ярих хэмжээний амьд түүх юм.

Түүний хамгийн ихээр санааг нь зовоож ихээхэн анхаарал тавин тэмцэж байгаа асуудал зээлийн хүүг бууруулах, үүнээс болж хохирч байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалан авч үлдэх гэсэн. Тэрээр “...Хэдэн жилийн өмнө дөө, надаас өмгөөлөл хүссэн нэг иргэн манай томоохон банкуудын нэгтэй зургаан сарын хугацаатай гэрээ байгуулж, 30 сая төгрөгийг гурван жилийн өмнө зээлсэн байгаа юм. Харин тухайн иргэнд банк зээлийг нь олгохдоо гэрээ байгуулснаас хойш нэг сарын дараа 20 сая төгрөгийг өгч, үлдсэн 10 саяыг банкинд барьцаалагдсан байсан өөр хүний эд хөрөнгийг зээлдэгчээр заруулах замаар нэг жилийн дараа олгосон байсан. Үүнээс үүдэн маргаан үүсч, улмаар зээлдэгч тухайн банкинд хүүгээ төлөхөө зогсоосон.

Гэтэл зээлийн хугацаатай гэрээ дууссан боловч хүү нь зогсоогүй үргэлжилсээр гурван жилийн дараа уг банк 86 сая төгрөгийг тухайн иргэнээс гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүгээр ч тогтохгүй энэ хугацаанд барьцаа хөрөнгийг нь банк дур мэдээд бусдад худалдаж тухайн зээлдэгчийн иргэний эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, банк зээлээ хугацаанд нь өгөлгүй хариуцлагагүй хандсан хэрнээ эргээд иргэнээс нэхэх болохоороо хүүг нь нарийн тооцоолон шүүхэд хандаж байгаа нь банкинд хуулиар давуу эрх олгосонтой холбоотой юм.

Ер нь энэ асуудлыг яг одоо хохироод байгаа хүмүүсийн хүрээнд биш томоор нь авч үзэх ёстой болчихоод байгаа юм. Өдөр тутам ингэж хохирсон хүмүүс надад хандаж, тусламж эрж байна. Тэд энэ хуулийн заалтын улмаас хугацаа хэтэрсэн зээлээс эцэс төгсгөлгүйгээр хүү тооцдог банк, зээл олгодог байгууллагуудын хохирогч болоод байгаа юм. Тиймээс л миний бие иргэнийхээ хувьд, хүний эрхийн төлөө ажилладаг хүнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандсан хэрэг” гэсэн юм.

Ц.Монгол өмгөөлөгч “Оросын” хэмээх орон сууцны оршин суугчдын эрх ашгийн төлөө ажиллаж эхлээд олон жил болж байгаа ажээ. “...1971 онд ЗХУ, БНМАУ хоёр улсын хооронд барилга барих зориулалтаар газар олгох хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээр нь 1992 оны Үндсэн хууль батлагдсанаар хүчингүй болсон байдаг. Хэлэлцээрийг хүчингүй болсоныг Үндсэн хуулийн цэцээс ч тогтоосон байдаг. Гэтэл хүчингүй болсон хэлэлцээрийг хоёр тал нот бичиг өгч авалцан баталгаажуулаагүйгээс Монголын тал буюу манай Засгийн газар, Төрийн өмчийн хороо энэ байруудыг Оросынх гэж хүлээн зөвшөөрдөг. Үндсэн хуулийн цэц нь 1971 оны хэлэлцээр хүчингүй болчихсон байна гээд байхад УИХ-ын хэмжээнд асуудлыг шийдвэрлээгүй байгаа юм. Албан тушаалтнууд нь ч байнга солигдож, өөрчлөгдөж байдгаас энэ байруудыг оросын өмч гэдэг. Бүр эдгээр обьектуудын гэрчилгээн дээр ОХУ-ын өмч гээд биччихсэн байдаг. Аливаа улсад өөр улс орны өмч гэж бичсэн орон сууц байдаггүй. Гэтэл манайд байгаа учраас үүн дээр нь дөрөөлж иргэдийн хохироодог тал байна.

Оросын гэх байрны оршин суугчдын хамт. 2016.4.6

 

Оросын тал бол гэрээ хэлэлцээрээ хүчингүй болгоод үүнийг нэг талдаа өгч авья гэвэл шууд хүлээн авч шийднэ. Уулзалт хийгээд шийдэхэд болохгүй юм байхгүй. Найман байр байна гэхэд хүлээн зөвшөөрч байсан. Хүчингүй хэлэлцээрээ хүлээн зөвшөөрөөд энэ 56 обьектийг өгчих гэсэн бол тэг л гэнэ шүү дээ. Би гадны улсыг буруутгахгүй байна. Манайхан өөрсдөө өгөөд байгаа учраас ийм байдалд хүрсэн. Ингэхээр энэ улсад шударга ёс байна уу, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг төр засаг гэж байна уу гэдэгт би эргэлзэж байна.

Манай улс Оросын талд буюу ерөнхийлөгч Путинтай уулзах үеэрээ найман байрны асуудал тавьсан байдаг. Түүнийг нь ч Оросын тал өгсөн. Гэхдээ тухайн үед манай улс 56 обьектоо бүгдийг нь авна гэдэг хүсэлт тавьсан бол ОХУ бас л зөвшөөрөх байсан байх. Тэгээгүйгээс иргэд 26 жилийн хугацаанд үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй, түрээсийн мөнгөнд дарлуулсан. Энэ бол хэсэг бүлэг хүмүүс иргэдийн зовлонгоор тоглож их хэмжээний орлого олж байгаа асуудал. Ийм маягаар иргэдээ шулуулж байгаа нь буруу. Мөн 2010 онд энэ асуудлыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж байлаа. Гэтэл тухайн үед Гадаад харилцааны сайд байсан С.Оюун гэж хүн “Бид энэ асуудлыг яамныхаа хүрээнд шийднэ” гэж хэлээд буцаасан. Энэ хугацаанд юу ч хийсэнгүй” хэмээн ярьж сууна. Түүнчлэн “Да хүрээ” захыг нүүлгэх асуудлаар “...Нийслэлийн эрх бүхий зарим албан тушаалтан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамжийг хуулийн дагуу хэрэгжүүлэхийн оронд уг эрх зүйн баримт бичгүүдийн утга санааг мушгин гуйвуулж муйхарлан захиргаадалтын аргаар, арга заль, хүч хэрэглэх замаар өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн автомашин, автотехникийн сэлбэг хэрэгсэл худалдаалж байгаа олон мянган иргэд, хуулийн этгээд, компанийн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчиж Шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчин хууль бусаар нүүлгэхээр санаархаж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн гуравт “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл худалдаалах үйл ажиллагааг 20 гаруй жил эрхэлж байгаа 10 орчим мянган бизнес эрхлэгч, тэдгээрт үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн хоол, худалдаа үйлчилгээний газруудын эзэд, тэдгээрийн тэжээн тэтгэж байгаа гэр бүл үр хүүхэд гээд 30 орчим мянган хүний Үндсэн хуулиар баталгаажсан эрх нь ноцтойгоор зөрчигдөөд байна” гэж мэдэгдсэн.

Хэдхэн хоногийн өмнө Ц.Монгол өмгөөлөгчийн “Бодит ардчилал” онол, судалгааны бүтээл болон “Үнэний эрэлд...” товхимлынхоо нээлт “Аз хур” номын их дэлгүүрт боллоо. Тэрээр “Бодит ардчилал” бүтээлээ манай ардчилсан тогтолцооны гажуудал, түүнээс гарах арга зам хийгээд бодит ардчилсан нийгмийн бүтэц, зохион байгуулалт, үндсэн хэлбэр, түүний төлөвшлийн талаар судалгаанд үндэслэн, өөрийн орны болон өрнөдийн сонгодог онол, практикт тулгуурлан бичжээ.Монгол Улсын Үндсэн хуулиар тунхаглаж, хэрэгжүүлэхээр тодорхойлсон ардчилсан зарчим гажуудсан, ардчиллын үнэт зүйлс аажмаар үгүй болж дарангуйллаас дор үр дагаварт хүргэх болсон шалтгаан, нөхцөл, түүнээс гарах арга замын талаар номд өгүүлдэг аж. Харин “Үнэний эрэлд...” товхимолдоо сүүлийн арваад жилийн турш стратегийн өмгөөллийн хүрээнд ажилласан иргэд, хуулийн этгээдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын төлөөх асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага, нийтэлсэн мэдээ материалуудаас түүвэрлэн багтаажээ.

Номын нээлтэд оролцсон иргэн Д.Ламжав “...Ц.Монгол бол сайн хуульч гэдгийг мэднэ. Бичсэн номдоо Монголын өнөөгийн ардчиллын үнэн нүүр царай ямар байгааг, энэ нь Үндсэн хуулийг яаж зөрчиж байгааг тодорхой тусгасан байна. Энэ номыг уншихад өнөө цагт нэгэнт бий болсон дүр үзүүлсэн ардчиллаас бодит ардчилал руу хэрхэн шилжих ёстой вэ гэсэн гарцыг олох юм байна” гэсэн юм.

Ер нь хуульч, өмгөөлөгч Ц.Монголыг  “...Эх орныхоо газар нутаг, нийтийн эрх ашиг, байгаль орчин, хүний эрхийг хамгаалж олон зуун өмгөөлөл явуулсан, хууль дээдлэх үзэл, шударга ёсны төлөө тэмцдэг хуульч” хэмээн дүгнэхийг олон хүний амнаас сонсож болно. Өөрөө ч үүндээ үнэнч гэж жигтэйхэн. “...Одоо бол улс төрийн, эдийн засгийн, Үндсэн хуулийн, тэр байтугай сонгуулийн хямралаас хэрхэн тайван замаар гарах тухай ярих ёстой. Гарахын тулд ардчиллын үнэт зүйлсийг хамгаалсан, ардчилсан төрийн тогтолцооны талаарх онол, практикийг судалсан, хэрэгжүүлсэн  эрдэмтэд, иргэдийн санааг тусгасан зөв хуулиудыг боловсруулж гаргах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан дордохын долоон өөрчлөлтийг нэн даруй өөрчлөх ёстой. 2012 онд үүнийг өөрчилнө гэж гарч ирсэн шүү дээ, хэсэг гишүүд. Тэгээд сураггүй. Мөн хоёр толгойг ашигтай ажиллуулна гэж бас хэсэг хүмүүс гарч ирсэн. Гэтэл хоёуланг нь хийсэнгүй. Монголын өнөөдрийн улс төр-эдийн засгийн хямралын гол зангилаа нь энд л байгаа. Үндсэн хуульд бол өөрчлөлт оруулахдаа нийгмийн харилцаанд тулгуурлаж, үнэнд ойр бодитой заалт оруулах ёстой. Хамгийн гол нь Үндсэн хуульд өөрт нь халдахгүй байх ёстой баталгааг бий болгох, Үндсэн хуулийн Цэцийг бүрэн утгаар нь манаач байлгах, хараат бус байлгах, хуучин нийгмийн үеийн засаг захиргааны тогтолцоог өөрчлөх, эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгох заалтыг оруулж өгөх ёстой юм. Үндсэн хуулийн үг нэг бүр нь хууль болж задрах ёстой. Одоо хийх гэж байгаа өөрчлөлтөөр Үндсэн хууль маань жирийн нэг хууль шиг болох гээд байгаа юм. Түүнд би их шүүмжлэлтэй хандаж байгаа. 26 жилийн дотор бий болсон 600 гаруй хуулийг цэгцлэх шаардлагатай байгаа” гээд л ярих жишээтэй.

Ийн түүний амьдрал 30 гаруй жилийн тэртээгээс хувь заяагаа “холбосон” хүний эрхийг  хангах, үүний төлөө тэмцдэг тойргийнхоо дагуу үргэлжилсээр... Албан өрөөнд нь удтал ярилцаж суусан намайг гарах үед гар утас нь дахиад л хангинаж байна. “...Монгол өмгөөлөгч сонсож байна” гээд хэн нэгэн эрх нь зөрчигдөж, өмгөөлөл хүссэн эрхэмтэй ярьсаар үлдэв.

Оюутан байхдаа аавтайгаа хамт.

Оюутан байхдаа ээжтэйгээ хамт.

5 настай Ц.Монгол.

Эрүүгийн хууль эмч, сэтгүүлчдэд “халгаатай” болсон талаар хүний эрхийн хуульчид болон ажил олгогч эздийн холбооныхон мэдээлэл хийв. 2016.5.4

“Да хүрээ трэйд” компанийн менежер, түрээслэгчдийн хамт. 2015.12.10

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

1 цаг 6 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

2 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

5 цаг 57 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

14 цаг 17 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

14 цаг 17 мин
“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

Өчигдөр 19 цаг 12 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Өчигдөр 18 цаг 18 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

Өчигдөр 18 цаг 07 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Өчигдөр 17 цаг 55 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

Өчигдөр 17 цаг 35 мин