
С.УЯНГА
МҮЭХ-ын Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эдийн засаг хүндэрч цалин нэмэх ямар ч бололцоогүй байгааг шат шатандаа ярьж байгаа. Энэ үед цалин тэтгэвэрийг 60 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа нь хэр бодитой вэ?
- Эдийн засаг хүнд байгаа үед учир мэдэхгүй тооцоололгүй буруу зорилготой хүмүүс шаардлага тавиад байна гэж зарим хүмүүс ойлгоод байна. Эдийн засаг хүндэрсэн эсэхээс үл шалтгаалан хүний орлогыг нэмэгдүүлэх бол олон улсын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тулгуур зорилт. Засгийн газрын үйл ажиллагаа тасалдахгүй байх ёстой гэсэн үүднээс бид хуулийн дагуу зургаан удаа шаардлага хүргүүлсний эцэст гурван талт хэлэлцээрийг эхлүүлээд явж байна. Ерөнхийдөө гурван талаас 53 асуудал тавьсанаас 52 асуудал дээр санал нэгдсэн. Энэ асуудлууд дотор олон чиглэлийн асуудал байгаа нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллага зөвхөн цалин шаарддаг биш нийгмийн бусад асуудалд анхаардаг гэдгийг харууллаа. Цорын ганц тохиролцоонд хүрэхгүй байгаа асуудал бол цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гэнэт сэрээд цалин тэтгэвэр нэмнэ гээд байгаа юм биш өнгөрсөн долдугаар сард төсвийн тухай хуулинд бид цалин тэтгэврийг нэмэгдүүлэх саналаа хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл 60-аас доошгүй хувь нэмэгдүүлэх бодит шаардлага байгааг тавьсан. Засгийн газар, ажил олгогчид 60-аас доошгүй хувь гэсэн хатуу байр суурин дээрээ байгаа хэмээн олон нийтэд буруу ойлголт өгөөд байна. Манай санал дээр нөгөө хоёр тал маань хувилбар, гарц гаргаж ирэх хэрэгтэй. Өнгөрсөн хоёр жилийн инфляцийн өсөлт, цалингийн 2015 оны хүлээгдэж байгаа инфляцийг тооцож 60- хувийг гаргаж байгаа. Харин энэ нөхцөл байдлыг эдийн засгийн бололцоон дээр ярилцая гэсэн шаардлага тавьж байна. Ингэхээр Засгийн газар, 30, 20-иар нэмэгдүүье төсвийн байдал ийм байна гэсэн хувилбарыг гаргаж өгөх ёстой. Тэгэхгүй байгаа учраас эдний саналыг хүлээж байна. Мөн өмнөх хэлэлцээр дээр Үйлдвэрчний эвлэлийн холбоо инфляци, бараа бүтээгдэхүүн, эдийн засаг өсвөл цалин нэмэгдүүлнэ гэсэн хатуу болзлыг суулгасан. Тиймээс иргэдэд цалин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна.
-Өнгөрсөн онд цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөг төсөвлөсөн нь хаачсан юм бэ?
Энэ олон нам засагт гарахдаа юу гэж хэлснээ санах хэрэгтэй. МАН-ын бүлгийн дарга тэвчиж болох зардлыг танаж цалин тэтгэвэрийг 30-аас доошгүй хувиар нэмнэ хэмээн хамтран ажиллах саналтайгаа манай байгууллагад хүргүүлсэн. Мөн УИХ-ын олон гишүүн дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Тэгвэл одоо яагаад шийдвэр гаргагчид хэлснээсээ буцаад байна. Шинэ засгийн газар өмнөх Засгийн газрын бодлогыг хүндэтгэж, ард иргэдйинхээ нурууг тэнийлгэнэ гэж гарч ирсэн тэрийгээ санах хэрэгтэй. 2015 оны Улсын Төсвийн хууль 2014 оны арваннэгдүгээр сарын 15 нд батлагдсан. Төсвийн хууль нэг ч өдөр хэрэгжээгүй байж төсвийн тодотгол оруулж ирж байгаа нь хууль зөрчиж байна. Төсвийн тухай хууль хэрэгжээд болохгүй бол төсвийн тодотгол оруулж ирэх ёстой. Цалин тэтгэвэр нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөг суулгана гэж Сангийн сайд нь хэлсэн мөртлөө төсвийн тодотгол дээр нойл болж орж ирж байна. Иргэдийн төлөөлөл болсон ҮЭХ 10-12 хувиар нэмэгдүүлнэ гэж үзэж байсан цалин тэтгэвэр тэг болчихоор яаж хүлээж авах бэ. Жилийн эцсээр байсан бол ойлгоно. Тэгэхээр хэрэгжиж эхлээгүй байхдаа ингэж орж ирж байгаа нь хаанаа хариуцлагагүй байгааг харуулж байна. Төсвийн таналтыг доороосоо биш боломжит зардлаа, орлогынхоо эх үүсвэрийг нэмэх хэрэгтэй.
-Зардлаа танаж, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх ямар боломж байна вэ.
-Үйлдвэрчний эвлэлийнхэн жагсаал хийснийхээ дараа Ерөнхий сайдтай уулзсан. Ерөнхий сайд орлого талыг нэмэгдүүлэх талаас анхаарч, тодорхой санал оруулж ирээч гэсэн саналыг тавьсан. Тиймээс бидний зүгээс тодорхой 13 саналыг уулзалтынхаа маргааш нь тавьсан байгаа. Тухайлбал, алт, зэс, нүүрс цайранд гаалийн татвар тооцох, уул уурхайн бүтээгдэхүүний нөөц ашигласны татвар, гадаадын хөрөнгө оруулалтаас орж ирэх орлогыг бүрэн тооцох, төсвөөс гадуур тусгай сангуудын үлдэгдэл мөнгийг жилийн эцсээр татах хэрэгтэй гэсэн санал гаргасан. Мөн далд эдийн засгийг гаргаж ирээд татвар авах хэрэгтэй ингээд тооцоод байвал маш их орлогыг төвлөрүүлэх боломжтой. УИХ, Засгийн гишүүд өөрсдийн зардлаа танах хэрэгтэй.
-Төрийн байгууллагынхны цалин нэмэгдвэл хувийн хэвшлийнхэн чирэгдэнэ гээд сөрөг үр дагавар гарах юм бишүү?
МҮЭХ эдийн засгийн үндэслэлгүй, тооцоогүй үйлдэл хийгээгүй. Хүний орлого нэмэгдэхээр барааны үнэ нэмэгдэхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Цалин нэмэгдвэл юмны үнэ нэмэгдэнэ гэсэн буруу ойлголттой 25 жил явсан учраас бизнес эрхлэгчид автоматаар барааныхаа үнийг нэмдэг болж. Зах зээл цэврээр явагдахгүй байгаа энэ гажигийг засах хэрэгтэй. Ийм буруу ойлголтой учраас ард иргэдийнхээ цалингийн хэмжээг хүчээр бариад байна. Эдийн засгийн онолоор бол нйилүүлэлт нэмэгдээд эхэлбэл барааны үнэ буурах ёстой. Энэ байдлыг хүний орлогыг нэмэгдүүлж засна. Цалин нэмэгдвэл барааны үнэ нэмэгдэнэ гэсэн айдаснаас болж цалинг барих ёсгүй. Төрийн байгууллагынхны цалин нэмэгдвэл хувийн хэвшлийнхэн чадварлаг ажилтнаа төрд алдахгүйн тулд цалингийн шинэчлэл хийнэ. Өөрөөр хэлбэл төр өөрөө үлгэр жишээ байх хэрэгтэй. Энэ бол аль ч улс оронд бий. Харин ч хувйин хэвшлийнхний дунд цалингаа нэмэгдүүлсэн газар болон бий.
-Хэрэв Үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг хүлээж авахгүй байсаар төсөв батлагдвал яах вэ?
-Төсвийг эргэн авч хэлэлцэх шаардлага тавина. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс жагсаал зохион байгуулах, ажил хаях гээд хор хохирол учруулахгүй үүрэгтэй хэмээн үзэж зөвшилцлөөр шийдэх санал тавьсан. Хэрэв төсөв энэ чигээрээ батлагдах юм бол жагсаал цуглаан, ажил хаялтын байдал руу орох байх. Энд нэг зүйлийг онцлоход Үйлдвэрний эвлэлийн байгууллагыг улс төржүүлэх сонирхол байдаг ч хэзээ ч улстөрждөггүй.
Эх сурвалж: www.polit.mn