
Х.БАТБАЯРЧУЛУУН
Үлгэр ингэж эхэлжээ. Эхлэл үлгэрээс, үлгэрлэлээс эхэлдэг. Энэхүү парламент бүрэлдэн асан цаг. Нэг эмч гишүүнийг, Хэнтийн гурвын нэг дэлсэв дээ. Хэнийг нь ч зөвтгөх зүйл үгүй. Энэ явдлыг зөвшөөрөгдсөн нийтлэлч нийтлэлдээ дурдаад, эмчийг буруутгалаа. Гурвын нэгийн зөв, бүр ингэсэн нь “браво” гэлээ. Учир нь, шинэ ардчилагч эмч хуучин ардчилагч даргын эсрэг шинэ бяраар буруу ажиллаад удаагүй, хуучин ардчилагч шинэ ардчилагчийн өмчид (газар) эрх мэдлийн хүрээнд халдсанаас үүдэлтэй тийнхүү өгүүлбэрүүд түүхнээ бичигдсэнийг сонины хураангуйг ганцхан цаг арагш эргүүлж уншаад ойлгочих боломжтой.
Нэн шинээр өгүүлэх нь, Нийслэл хот өмнөх бүтээн байгуулалтуудаас илүү бүтээмжүүдийг өнгөрөгч гурван жилд хийлээ. Өмнөхүүд нь бодож чадавч, хийж үл чаддаг байлаа. Яагаад нь бүү мэд. Бүгдээрээ гоё, хүн шиг амьдрахаар болохгүй гэсэн шалтгаан ч байсан юм уу, ойлгогддоггүй. Ийн мугуйдалсаар он цаг бэдэрч атал, багаараа,бүгдээрээ ялна гэсээр баатар Үүл яллаа. Олон болов, нийслэлд. Ардчилагчдын түүхэнд анхны Улаанбаатар дахь орон нутгийн эрх мэдлийн төлөөх ялалт. Үнэ цэнтэй. Маргашгүй. Баатар Үүл ажилдаа орлоо. Дахин төлөвлөлт, инженерчлэл, хүн шиг амьдруулна. Гоё. Бүгд хүсч байгаа. Хийлээ. Чадаж байнаа. Гэр хороолллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь буюу, 1500 га гаруй газрыг чөлөөлөв. Үүнийгээ бүтээн байгуулалт, шинэ дэвшил, дэлхийн жишиг болгон гэр хорооллын 1000 айлыг орон сууцад оруулав.
2012-2014 онд орон сууцны хангамж (үндэстний язгуур зорилт) эрс нэмэгдэж, 1013 онд 14600, улирагч 2014 онд 20 гаруй мянган айлын орон сууц анх удаа ашиглалтад оров. Энэ бүхэн бол Үүл даргын багийнхны хийсэн ажил мөн, Үүл дарга үүнийг хэрэгжүүлэхдээ багаараа, цулаараа байсны хүч байв. Зорилт тодорхой, хэрэгжүүлэгч шижигнэсэн залуучууд. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн амин заалтууд энэ байсан. Үүнийг түүний удирдсан, түүнийг зассан, түүнийг түшсэн салбар хариуцсан орлогч нарын нөр зүтгэл, эвсэлцэл, нөхөлцөл, хамтрагч чанар бий болгосон нь тодорхой. Үүл үүл нь л байсан.
Түүнчлэн энэхүү нөхөрсөг, үлгэрлэл төгс зорилтот баг лавшруулан бага болон дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулах талаар томоос том дэвшил гаргаж, Банкны холбоотой хамтран тохиролцоонд хүрсэн байна. Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэхээр тэмцэж байна. Хуучин навтарсан орон сууцнуудаа шинэчлэх ажлыг шинээр журамлан хэрэгжүүлж эхэлсэн нь дэвшилд заагч хэнд ч хоёр гараа өргөм санаачлага, бодит ажил хэргүүд. Батаа, Очирбат, Бат-Эрдэнэ, Буяндалай, Энхцэнгэл, Гантөмөр...
Хөрөнгө оруулалтын чиглэлд гэхэд, түүхэндээ анх удаа Азийн хөгжлийн банкны дэмжлэг, харилцаатайгаар 320 сая долларыг босголоо. Энэ бага ажил уу, энэ жинхэнэ ахиц биш гэж үү. Эдийн засаг уруудсан, дотоодын сэтгэлгээ, улс төржилт гаарсан энэ цагуудад үүнийг зохицуулж дэмжлэг авах нь ур чадвар, ажил, ахуйгаа үнэнхүү мэддэг хүмүүсийн ажил нь эргэлзээгүй. Үргэлжлүүлэн, гудамж төсөл,замууд, хотын соёл гээд эдүгээн хотын удирдагчдын хийсэн ажил чухамдаа нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйцыг хэн эс зөвшөөрнө, тэр билэг, бэлгийн мэлмий харанхуйлсных биз ээ.
Энэ удаагийн хотын эрх баригчдын энэ том дэвшил, бодьтой ажлыг өнгөц төдий хэлэхэд ийм байна. Энэ дэвшиц, урагшлалуудын шалтгаан юунд байв. Хот анх удаагаа шинэчлэгч нүдээр, тэр дундаа залуусын нүдээр харагдсанд байв. Түүнийгээ хэрхэн ажил болгохов гэсэн залуусын сэтгэлгээнд байв. Түүнийхээ үрийг хүртэхийг хүссэн өрнүүн чин сэтгэлд байв. Эх орны өмнө хүлээсэн үүрэгт байв. Залуус бүгд илүү ихийг хийх эрмэлзэл үүссэнд байлаа. Цуцалтгүй хийхийг хүссэн сэтгэл оволзсоор байгаад байв. Гэтэл...,
Дахин өгүүлэх нь, Төр үлэмжлэн барихуйн зовлон ихсэв, сайн зүйлд эзэн бологч олон болов, өш хорсол өрнөв, үйлсээ мартав, өр ширийг зөв эс тооцов, бүхэлдээ хямрав. Оршихын дээд нь оюун санаа боловч, бядан явагч Монголын амьдралд материаллаг өртөг, хэрэг дээрээ мөнгө л бүгдийн хаанчлалыг буй болгов. Цээж баян шинэ өвчтэй, шинэ хаан суудлын хорхойтоон үлгэрээр ардчилагчид, ардчиллын аваргууд бүхэлдээ ганхав. Бурууг чихэх хүн эс олдоно. Буурин дээрээ тонгочиж эхлэв дээ. Мөнхийн хөрш гэгдэх намаа мөрний эрэг дээрээ хэсэг хаяад аргагүй буцаан аргадав. Аргадуулагдагсдадаа амь оромж өгөх хэрэгтэй еэ дээ. Дээр нь бэл угаас байдаггүй. Аргагүйн эрхэнд амь хаяа нэгтнээ хадарч эхлэв. Товчхондоо анхнаас зүтгэж, амь нэг гэж тунхагласаар ирсэн журмын нөхөд өө шүү дээ. Энэ нь л хотын дэлгэц дээр өрнөж байна.
Дахин өгүүлэх нь, Саяхан Засгийн газраас Монгол Улсын Засаг захиргаа,, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрслөлт оруулахаар “30,1,2, аймгийн Засаг дарга нь нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн, томилох” гэсэн заалт бүхий төсөл УИХ-д өргөн барьжээ. Энэхүү төсөл болбоос “үлгэр ингэж эхэлжээ”-д өгүүлэгдсэн эмч гишүүн, хуучин ардчилагч, хотыг засаглагч нарын эрх ашиг огтлолцоогүйгээс хамааралтайгаар хэрэгжиж байгаа нь хоржоонтой, эмгэнэлтэй. Эмчтэй, Баянхонгорын хүмүүстэй суувал ухаантан төрнө хэмээн “гайхамшигтай” урайлал хэлсэн нэг хүн хамтарчээ. Гүйцэтгэх засаглалын сэнтийд ч нэр дэвшиж үзсэн. Дэвшүүлсэн нь эмч. Гайхалтай хослол. Баянхонгорын хүнтэй хотын засаглалд боломжийн суудалтай бас нэг Баянхонгорын хүн хавсарчээ. Эдгээр эрх ашгууд эдүгээн Засаглалын (хармай улаан хоосон) арга ядарсан нөхцөл байдал, бас хуучин ардчилагчдын хотын бүтээн байгуулалтыг өөрсдийнхөө нэр дээр бүхэлд нь авах гэсэн, ажил хийж, улс төр, эрх мэдэлд бодьтой ажил хөдөлмөрөөрөө эрэмбээ тодорхойлох гэсэн залуусыг хавчин гадуурхаж, гудамжинд гаргах гэсэн арга замаар хэрэгжиж байна. Маш товчдоо бол, Эмч, Үүл хоёрын эрх мэдэл, хөрөнгөөс үүдэлтэй зодоон эдүгээ хотын орлогчдыг хоморголох урт удаан хугацааны, олон үе шаттай, эрх ашиг хамаарсан зөрчил ажээ. Одоо томъёолсон хууль хэрэгжвэл ажил хийсэн албатууд будаа. Харин зодолдогсод зодооноо улам нарийсган хийх зам руу л орох нь. Үр дүн нь, ардчилагчид, ардчилсан нам, түүний ажил үйлс будаан замаар.
Эцэст нь өгүүлэх нь, Өргөн баригдсан хуулийн зүйлчлэл Үндсэн хуулийн олон заалтыг нэн тодорхой зөрчжээ. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж болно.Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын дээд шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж Үндсэн Хуулийн 62-ын 2-т тодорхой өгүүлжээ. Хотыг хот нь өөрөө Үндсэн Хуульд нийцүүлээд л явах бүрэн боломж байна бус уу. Ийм л учраас энэхүү хөндсөн асуудлын цаана сэтгэлгүй, завхарсан, арчаагүй, дорой, ярьсныхаа эсрэг ардчилагч нөхдийн үнэн царай тодорч буй билээ. Улс шиг хөгжүүлж, хүн шиг амьдруулна гэсэн Н.Алтанхуягаа ч аваад хаячихсан. Хотынхны үлгэр, ардчиллынхны үлгэрлэл ингэж үргэлжилж байна. Цаашаа зөндөө үргэлжилнэ. Хараад л, сонсоод л байгаарай.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин