Цагдаагийн байгууллагын амьд архив

2015-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Цагдаагийн газрын байнгын “зочин” нь сэтгүүлчид байдаг. Завгүй, очих онцын ажилгүй  байсан ч Цагдаагийн ерөнхий газрыг  өдөртөө тогтмол нэгээс хоёр удаа эргэнэ. Энд тэнд гэмт хэрэг юмуу, онц ноцтой зүйл гарах юм бол тэнд хэдэн цаг болж, тус байгууллагын хэвлэл мэдээллийн төвийнхөнийг ёстой нэг  “хашраах” шиг болно. Тэр болгонд бид камерны дөрвөлжин хар хайрцаг барин зөрдөг, хааяа ширээнийхээ ард налайж суудаг эрхэм хүнтэй заавал мэндэлдэг юм. Түүнтэй хамт  хөдөө орон нутаг руу томилолтоор явсан сэтгүүлчид ч цөөнгүй. Томилолтоор хамт явахад мэдэхгүйгээ асууж, хариуд нь бидэнд зааж сургасаар ирсэн. Хэдийгээр гавьяаныхаа амралтад гарах дөхсөн ч цагдаагийн байгууллагадаа хүчин зүтгэж,  эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээ зориулж яваа  нэгэн. Тиймээс  “Монгол Улсын төлөө” булангийнхаа урилгыг түүнд өгөв. Энэ хүнийг цагдаагийн байгууллагын түүхийг хальсанд буулгаж архивласан анхны хүн гэхэд хэлсдэхгүй.

 

ЗУРАГЛААЧ БОЛ НҮД ГЭСЭН ҮГ 

 

Энэ удаагийн зочин Цагдаагийн ерөнхий  газрын зураглаач Ц. Бухаа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн. Тэрээр уугуул нутаг Сүхбаатартаа мэндэлж дунд сургуулиа Хэнтий аймагт  дүүргэжээ. Сургуульд сурч байхын л зураглаачийн ажлыг сонирхон судалсаар 18 насандаа монгол кино үйлдвэрт туслахаар ажилд орсон байна. Тухайн үед зураглаач оператор хийж хөдөө гадаа их явжээ. Тэрээр “Одоо бодоход баримтат кино хийж явсаар очиж үзээгүй газар, зургийг нь аваагүй ан амьтан байгалийн үзэсгэлэнт газар байхгүй” хэмээн хуучилсан юм.

Багаасаа сонирхсон мэргэжил учраас тэрээр зураглаачийн ажилдаа дуртай. Ийнхүү Монгол кино үйлдвэрт  30 гаруй жил  ажиллахдаа “Их говийн дархан газар” гээд зургаан бүлэгтэй кино, хавтгай, аргаль, угалз, цагаан зээр, бөхөн, хулан зэрэг амьтадын дөрвөн улиралд хэрхэн зохицон амьдардаг тухай кинонуудын зураглаачаар ажиллажээ. Говиор явна, ам цангана, машин техник ховор, жолооч багштайгаа гурвуулаа олон хоногоор явна гээд мундахгүй олон бэрхшээлийг даван туулж,  бүтээсэн дээрх кинонууд нь монгол кино үйлдвэрийн архивт хадгалагдаж байна.

Энэ хугацаанд 30-40 баримтат кино , “Хойлогийн мөрөөр”, “Түгшүүрчин”, “Шадар ван”  зэрэг уран сайхны найман кинон дээр ажилласан нь түүнд арвин туршлага хуримтлуулжээ. Ц.Бухаа гуайг ид ажиллаж байх үед хальсаар зураг авдаг байсан учраас одоогийнхийг бодвол нарийн чимхлүүр ажиллагаатайгаас гадна мэдрэмж их шаарддаг байсан гэнэ. Учир нь амьтны тухай баримтат кинонд  45 хоног явлаа гэхэд хоёр өдөрт нь нөгөө амьтантайгаа таарч зураг авах тохиолдол их байдаг байжээ. Мөн 200-300 метр хальсан дээр буулгасан зургаа үзэх боломжгүй байсан учраас кино үйлдвэрт авчирч угаалгана, эвлүүлнэ гээд ажиллагаа ихтэй байсан гэнэ.  Тиймээс одоо бол зураг авах, зураглаач хийх мэдрэмжтэй ур чадвар сайтай бол амархан болсон гэв. 1989 онд Монгол телевиз буюу одоогийн МҮОНРТ-д боловсон хүчин хэрэгтэй байна хэмээн Монгол кино үйлдвэрээс гурван хүнийг сонгон шалгаруулж  авснаас хойш зургаан жил тэнд телеоператороор  ажиллажээ. Ц.Бухаа гуай “Зураглаач хүн мэдрэмжтэй байхаас гадна техниктэйгээ ажиллах чадвартай байх учиртай. Нэг үгээр хэлбэл зураглаач бол нүд гэсэн үг” хэмээсэн.

 

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БАРИМТАТ КИНО Ц.БУХАА ГУАЙН УР ЧАДВАРААР БҮТЖЭЭ

 

1996 оноос хойш одоо болтол цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа энэ хүн  цагдаагийн мөрдөс зүүж,  цол чимгээр шагнуулаагүй ч Монголын цагдаагийн түүхийг бичилцэж буй мөрдэстнүүдийн нэг. Тэр ч утгаараа цагдаагийнхан ч Ц.Бухаа гуайг хүндэлдэг юм билээ.

Түүний энэ байгууллагатай холбогдсон үе 1996 оноос эхтэй. “Түгшүүрчин” гээд цагдаагийн байгууллагын тухай кино хийснээр цагдаагийн газраас мэргэжлийн хүн хэмээн үнэлж студид ажиллах санал тавьж. Энэ талаараа Ц.Бухаа гуай “Урлагийн байгууллагын хүн тэс өөр цагдаагийн байгууллагад ороход анх сонин санагдаж байлаа. Одоо бол дасчихсан. Залуучуудад бол бодож сэтгэхэд жаахан хязгаарлагдмал газар юм уу” хэмээсэн. Түүний нэг өдөр бидний л адил өглөө ажилдаа ирээд төлөвлөсөн  сурвалжлагандаа   явахаар эхэлнэ.

Өрөөнийхөө төмөр сефенд дүүрэн хальс, бичлэг хадгалсан энэ эрхэмийн “нүд”-ээр  хот, хөдөөгийн цагдаагийн байгууллагын ой гээд цагдаатай холбоотой түүхэн үйл явдлууд бүгд дамжин архивлагдсан. Мөн шүүх, прокурор, өмгөөлөгч гээд хуулийн байгууллагуудын тухай баримтат кино бүгд Ц.Бухаа гуайн зүтгэл, ур чадвараар бүтжээ. Дээр үед цагдаагийн түүхийг тэр бүр  архивлаж хадгалдаггүй байж. Харин одоо орчин үеийн цагдаагийн түүхийг Ц.Бухаа гуай дуу дүрстэй нь баримтжуулж үлдээж байна. Энэ хугацааг цаг минутаар тооцвол хэр хугацаа гарахыг мэдэхгүй. 

Хаана л цагдаагийн тухай баримтат кино, нэвтрүүлэг, сурвалжлага хийнэ тэнд л камераа үүрээд зогсож байна. Өөрөө ч энэ ажлаараа бахархдаг юм билээ. Тэрээр  “Одоо бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  гээд дүрэм журам цагдаагийн байгууллагын талаар сайн мэддэг болсон. Ярихдаа их муу. Надаас өөр хүн байсан бол ярилцлага  өгөх хэмжээний байгаа. Аппаратны ард байсаар байгаад ярьж чаддаггүй болчихсон” хэмээн хошигносон юм.  “Шинэ” ажилд ороод анх хэргийн газар задлан хийх зэрэгт  очиход эвгүй санагддаг байсан гэнэ. Харин одоо бол тийм юмыг тоохоо ч больж. Жагсаал цуглаанд ч камераа үүрээд чулуугаар шидүүлээд явж байсан удаатай. Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх “Хэвлэл мэдээллийн төв”  анх байгуулагдахад “Цагдаагийн дуудлага” нэвтрүүлгийг санаачлан хийж байсан бөгөөд одоо “Амрыг эрье”, “Цагдаагийн мэдээлэл” гээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг  бэлтгэн олон нийтэд хүргэж байна. 

Амьдралынхаа ихэнх цаг хугацааг  зураглаач хэмээх албанд зориулж бидний хэлдгээр мэргэшсэн энэ хүнд шавь нар олон бий. Цагдаа нарын тухай зарим нэг сөрөг зүйл асуувал “Манайхан сайхан хүмүүс бий. Тулаад харьцах юм бол зүгээр шүү” хэмээн өмөөрнө. Арга ч үгүй биз. Цагдаагийн байгууллага хэмээх энэ их айлын үүх түүхийг бичилцэж яваагийнх тэднийг дотор нь орсон юм шиг л мэдэх биз.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

1 цаг 55 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

16 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

16 цаг 0 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Өчигдөр 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Өчигдөр 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12