
“Хог хийж хаядаг ногоон уут мөнгийг ёстой ууж байна, хэчнээн тэрбумаар нь аваад явчихлаа. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьчих мөнгийг гялгар уут болгоод хийсгэчихлээ. Энэ бизнесийн цаана хэн байна вэ, ямар эрх мэдэлтэй, хэн гээч нууц ноёнтон ийм дархан эрх эдэлдэг юм бол” хэмээн нийслэлчүүд халагласаар гурав дахь жилтэйгээ золгов. Сэтгүүлчид ч ногоон уутны мөрөөр асуудал бишгүй хөндөв. Холбогдох газар, удирдаж чиглүүлдэг дарга нар нь “Хот цэвэрхэн байх ёстой, хотыг цэвэр байлгахын тулд хогийн уутыг тараах учиртай” хэмээн еэвэнгийн хоёр тал үзүүлж байгаа юм шиг тайлбарлаж ирэв. Энэ зуур дээрх далд бизнес ид цэцэглэж, үнс нурам, хатуу хог хаягдал хийх боломжгүй гарын аясаар хунирч урагдсан ногоон уут гэр хорооллын бохирдлыг нэмэгдүүлж буй. Мөн орон сууцны зарим хороололд ногоон уут хүрч очихгүй, зарим нь тоож авахгүй өнөөг хүрлээ.
ЗУРГААН ЭМНЭЛЭГ БАРИХ МӨНГӨӨР ХОГИЙН УУТ ҮЙЛДВЭРЛЭНЭ
Э.Бат-Үүл дарга “Хогийн уутны оронд цэцэрлэг, сургууль бариач гэсэн иргэдийн санал гарч байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Уут тараах ажлыг цаашид ч үргэлжлүүлнэ. Иргэд хогоо ил хаяж байгаа тохиолдолд хотын хогийн асуудал шийдэгдэх ямар ч боломжгүй” хэмээн хариулж байв. Өнөөдөр тэр л мэхээ хэрэглэж, ногоон уутанд 6.7 тэрбумыг зарцуулахаар 2015 оны төсөвт оруулжээ. Энэ наад тал нь хоёр эмнэлэг, хоёр цэцэрлэг, хоёр сургууль барьчих мөнгө. Цаашилбал томоохон бүтээн байгуулалт хийх хөрөнгө оруулалт. Ядаж л есөн дүүргийнхээ зургаад нь хүүхдийн эмнэлэг бариад өгчихөд хүрэлцэхүйц хэмжээний төсөв. Гэтэл энэ мөнгө хогийн уут гэх далд бизнесийн ард нуугдаж байгаа улсынхаа эрх ашгаас давсан эрх мэдэлтэй, цадиггүй шуналтай этгээдүүдийн халаас руу урсах боллоо.
Үүнээс өмнө ч тэд шаггүй мөнгө цохьсон. Хамгийн гол нь амташсан хэрээ 13 дахих гэгчийн үлгэр үргэлжилж байна. Хамгийн анх нийслэлийн өрх бүрт хогийн уут тарааж мөнгө хийх “мэргэн санаа” хотын дарга нарын хорхойг хүргэж, нойргүй хонуулж эхэлсэн 2013 оны аравдугаар сараас 2014 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд нийт 33.3 сая ширхэг ногоон уут үйлдвэрлэхэд 3.1 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Сонирхолтой нь иргэд хэчнээн эсэргүүцсэн ч эрх мэдэлтнүүд “Иргэдийн санал асуулгаар хогийн уутыг үргэлжлүүлэн тараахаар боллоо” гэсэн үлгэр зохион тархи угаав. Ингэж нийслэлийн 2014 оны төсвийн тодотголоор дахиад л айл өрхөд олгох 5-6 сарын хэрэглээний уутны зардалд 2.7 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэчихсэн. Нэг үгээр хэлбэл, нийслэлчүүд энэ хугацаанд нийт 5.8 тэрбум төгрөгийн уутанд хогоо хийгээд хаячихжээ. Тэгвэл жилд 3.1 тэрбум төгрөг зарцуулж байсан ногоон уутны зардал энэ онд 6.7 тэрбум болж өсөв. Гэхдээ уутны хэмжээ багассан. 80х45 хэмжээтэй байсан уут энэ жил 60х45-ын хэмжээгээр үйлдвэрлэгдэхээр болов. Хэмжээ нь багасахаар үнэ нь нэмэгддэг зах зээлийн ямар гээч тогтолцоо юм, бүү мэд. Энэ тухай нийслэлийн холбогдох газрын дарга нараас асуувал мэдэн будилж, ам нь зөрж байна. Зөрүүтэй олон тайлбарын аль нь зөв, буруу болох нь тодорхойгүй байсаар шинэ онтой золголоо. НИТХ-ын дарга Д.Баттулгаас шинэ жилийн баярын өмнөхөн тодруулахад “6.7 тэрбум төгрөгийг хогийн менежментэд зарцуулахаар болж байна. Үүл даргыг ирэхээр ойрын хугацаанд ногоон уутанд хэдэн төгрөг зарцуулахаа шийднэ. Тэгээд мэдээлэл хийнэ” гэсэн бол Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа хоёр оны заагт /2014.12.30-нд/ хэвлэлийнхэнд мэдээлэхдээ “Хогийн уутны зардал өссөн нь ангилан ялгах зориулалт бүхий төрөлжсөн уут нэвтрүүлэхээр төлөвлөсөнтэй холбоотой” гэв. Гэтэл Хотын дарга Э.Бат-Үүл “Хогийн уут тараах өрхийн тоо нэмэгдсэн учраас төсөв нь нэмэгдсэн” гэх тайлбарыг өгч байгаа. Үүнтэй ижил хариултыг Хотын ерөнхий менежер Б.Бадрал ч мөн хэлдэг. Тэгвэл хотын зарим газрын дарга бидэнд “Хог боловсруулах үйлдвэр барих гэж байгаа учраас төсөв нэмэгдсэн” гэхчлэн чулуу хөөлгөсөн тайлбарыг тус тус өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хотын удирдлагууд айл өрхүүдэд хогийн уут тараах нэрээр их мөнгө төсөвлүүлж ирснээ тайлбарлах гэж арга ядсан үгээр ам таглацгаасан нь энэ.
ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ, ТӨСӨВ ТАНАХ НЬ “НОГООН УУТ”-НД ХАМААГҮЙ
Өнгөрсөн хугацаанд хогийн уут үйлдвэрлэгчээр “ОБ пластик” ХХК, “Мультипак” ХХК, “Мөнгөн пластик” ХХК, “Монгол хэвлэл” ХХК-уудыг шалгаруулжээ. Ийн гэрийн болон орон сууцны хорооллын айл өрхөд олгох уутны хэмжээ, хийцийн хувьд дөрвөн төрлөөр төрөлжүүлж нийт 26.890.716 ширхэг уут үйлдвэрлэх гэрээ байгуулан ажиллажээ. Ингэхдээ нэг ширхэг уутны үнийг 90-95 төгрөгөөр тооцсон байна. Тэгэхээр өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ширхэг уутны нийт зардал 1425-1575 төгрөг гэсэн үг. Үүнийгээ ихэвчлэн “Айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа нь энэ” гэж тайлбарладаг. Яс юман дээр бол бөөрөн дээрээ “Хоггүй Улаанбаатар -Азийн цагаан дагина” хэмээх бичээстэй уут хэчнээн тараасан ч, иргэдийн сэтгэхүй хэвээрээ бол ямар ч өөрчлөлт гарахгүй. Гоё бичигтэй уут Улаанбаатарыг цэвэрхэн болгочихгүй. Харин ч ногоон уут өөрөө хог болж, хотыг бохирдуулахад багагүй хувь нэмэр оруулж байгаа юм. Дээр нь улсын хэмжээнд тэвчиж болох бүх зардлаа танаж, орон тоогоо цомхотгож, эмнэлэг, сургуулийн барилгаас эхлэн бүтээн байгуулалтуудаа царцаан эдийн засгийн хямралыг хэрхэн туулах вэ хэмээн тархиа гашилгаж байна. Гэтэл тэр дотор хогийн ногоон уут л дархан эрхтэй, ланжгар төсөвтэй, намайг хэн ч хориглохгүй гэсэн шиг байна. Тэгвэл энэ хэний бизнес вэ?
Энэ асуултыг сэтгүүлчид Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаад цөөнгүй тавьдаг. Харин тэрээр “Мэдэхгүй, мэдээд эргээд хэлье” хэмээн бултаж, булзаж байсан нь олонтаа. Зарим нь уут үйлдвэрлэгч “ОБ пластик” ХХК, “Мультипак” ХХК, “Мөнгөн пластик” ХХК, “Монгол хэвлэл” ХХК –ийг энэ чиглэлд лобби хийж, бизнесийн эрх авсан хэмээн харддаг. Бас эрх авсан компаниуд Монголд уутны үйлдвэрлэл явуулдаггүй, урд хөршид хямдхан захиалж авчраад өндөр үнээр шахдаг гэсэн мэдээлэл ч дуулддаг.
Т.Батбаяр: ДИЙЛЭНХ НЬ ХЯТАДААС НОГООН УУТЫГ ОРУУЛЖ ИРДЭГ ЮМ БАЙНА
Урд хөршөөс хямдхан оруулж ирж болдог уутыг яагаад дээрх дөрвөн компаниар дамжуулдаг вэ гэсэн асуулт гарна. Тэгвэл Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр бидний асуултад ингэж хариулсан юм.
-Хогийн ногоон уутны талаар тодруулах гэсэн юм?
-Хогийн ногоон уутыг үйлдвэрлэх компанийг сонгон шалгаруулаагүй байна. 2015 он гаргаж байгаад нээлттэй тендер зарлана.
-Өмнө нь ямар компаниуд хогийн уут үйлдвэрлэдэг байсан бэ?
-“Монгол хэвлэл”, “Об пластик”, “Мөнгөн пластик”, “Мультипак” компани нээлттэй сонгон шалгаруулалтаар орж ирсэн. Болж өгвөл үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор шалгаруулдаг. Анх “Монгол хэвлэл”, “Об пластик” хоёр байсан. Дийлэнх нь Хятадаас оруулж ирдэг юм байна. Тэгээд бид өнгөрсөн жил нээлттэй тендер шалгаруулахад “Мөнгөн пластик”, “Мультипак” хоёр нэмэгдсэн юм. “Мультипак” нь орчин үеийн технологитой, хогийн ногоон уутыг буцааж ашиглан уут хийдэг газар юм билээ. Өмнө нь уут үйлдвэрлэж байгаад хүчин чадлаа өргөтгөж ажилласан газар байсан” гэв.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баяраа “2014 онд 2.6 тэрбум төгрөг хогийн уутанд зарцуулсан. 26.8 сая ширхэг уутыг үйлдвэрлээд дууссан. 1727 цэгээр борлуулдаг. Компаниуд нийслэлийн есөн дүүрэгт өгч, тэндээсээ түгээлт хийдэг. Зарим тохиолдолд ТҮК-ээрээ дамжуулаад тараадаг. 26.8 сая ширхэг уутыг агуулах газар нь нийслэлийн есөн дүүрэг хүлээж аваад гарын үсэг зурж тараадаг” гэв.
“НОГООН УУТНЫ АРААС МӨШГИВӨЛ АМЬ НАСАНД ЧИНЬ ХАЛТАЙ ШҮҮ...”
Албаны хүмүүсийн хариултуудаас үүдэн урд хөршөөс оруулж ирдэг уутыг хаагуур шалган нэвтрүүлдэг, мөн хаана ямар агуулахад хадгалдаг, тэндээсээ тараалтаа яаж хийдэг вэ гэсэн асуултууд гарч ирж байгаа юм. Энэ талаар Замын-Үүдийн гаалийн эх сурвалжуудаас тодруулахад “Ногоон уутыг БНХАУ-аас оруулж ирдэг нь үнэн. Гэвч дарга нарын бизнес учраас маш далд явагддаг. Баримтжуулах боломжгүй” хэмээв. Зарим нь “Та нар ногоон уутны асуудлаар сурвалжлах хэрэггүй. Амь насанд чинь халтай шүү. Мөрөөрөө явсан нь дээр” хэмээн анхаарууллаа. Тэд өөрсдөө ч айж, болгоомжилж байгаагаа хэлээд, нэр ус, албан тушаалаа дурдахгүй байхыг хүссэн юм. Иймд албан ёсны тоо, баримтыг тодруулахаар Улаанбаатар хот дахь Гаалын газрын Гаалын бүрдүүлэлт, хяналт, шалгалт хариуцсан дарга Б.Мөнхбаттай уулзлаа. Тэрээр “Албан байгууллага, хувь хүний нууцад хамаарах асуудал учраас хариу өгөх боломжгүй” гэв.
Үргэлжлэл бий.
ЭРЭН СУРВАЛЖЛАХ БАГ