
-Гадна дотны үгсийг хазгай буруу бичиж тэмдэглэсээр нэгэн жарныг өнгөрөөчихжээ-
Монгол хэлний зөв бичих дүрэм гэж хэн хүний толгойг эргүүлсэн, өнөө хэр цэгцэрч зөв зам мөрөө олоогүй, ойлгомж муутай нэгэн зүйл байхын сацуу монголчуудыг Европ, дэлхийн соёл иргэншилд хөтлөн оруулахад орос хэл, орос буюу кирилл цагаан толгойн үзүүлсэн ач тус, гүйцэтгэсэн гавьяа хэмжээлшгүй ихийн зэрэгцээ үзүүлсэн зарим гаж буруу нөлөө тусгал гэж бас байнаа байна.
МОНГОЛ БИЧГЭЭ ЗАХИРГААДАН ХАЛСНЫ УРШИГ
Юуны өмнө 1940-өөд онд уйгаржин монгол үсгийг кирилл үсгээр захиргаадан халснаас үүдэн монгол хэлний зөв яруу бичлэгийн уламжлал тасалдахын сацуу шинэхэн кирилл үсэгт суурилсан, түүнд тохируулан дэглэсэн зөв бичих дүрмийг удалгүй батлан гаргасан нь анхнаасаа л алдаа мадаг гарахад хүргэсэн бололтой. Тухайлбал, “ЗАРИМДАГ ГИЙГҮҮЛЭГЧ”, “ЭГШИГТ ГИЙГҮҮЛЭГЧ” гэсэн цоо шинэ дүрэм гаргасан нь өнөө хэр ойлгомж муутай хэвээрээ л байгаа.
Тэгээд ч кирилл үсгээр англи болоод бусад гадаад хэлний үгсийг монгол хэлэнд буулгахаддаа хэт оросжуулан туйлширсан нь харагддаг. Оросжуулах энэ үйлсийг Зөвлөлт улсад боловсрол эзэмшиж ирсэн манай шинэ цагийн үндэстний сэхээтнүүд манлайлж, аливаа гадаад нэр томьёо, нэршлийг зөвхөн ах нараас илт хуулбарлан монгол хэлэнд өөриймшүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн байх аа. Ганц жишээ хэлэхэд л ХХ зууны эхэнд монголчууд АНГЛИ улсыг ИНГЛИС, харин АМЕРИКийг МЭЙ улс, Японыг РИЙБОН гэх зэргээр хэлдэг, нэрлэдэг байсан гэдэг. Гэтэл Инглис улсыг /England шүү дээ/оросууд л АНГЛИ хэмээн нэрлэдэг тул манайх хувьсгалаас хойш мөн л АНГЛИ гэх болсон бололтой. Үүнтэй адилтгах жишээ зүйрлэл олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Уламжлалт өв соёлоо, үндэсний бичиг үсгээ хадгалсаар ирсэн бусад улсуудын хувьд гэвэл гадны колоничлогч улс гүрний нөлөөнд авталгүй, түүхт нэр томьёо, нэршлээ халж солилгүй өнөө хэр үргэлжлүүлэн хэрэглэсээрирсэн байх юм аа. Тухайлбал, солонгосчууд өнөө хэр АМЕРИК гэхийг МЕЙГҮ, ГЕРМАНыг ТҮГИЛ, ОРОСыг СҮҮЛИН, ХЯТАДыг ЖУНГУГ, ЯПОНыг ИЛЬБОН гэх зэргээр олон зууны туршид нэрлэсээр ирсэн байх юм. Харин хятадууд АМЕРИКийг МЕЙГУГ, АНГЛИйг ИНГУО, ФРАНЦыг ФАГУО, ГЕРМАНыг ДЭГУО, ЯПОНыг РИЙБОН, ОРОСыг ЭЛОСИ гэж нэрлэдэг нь хэвээрээ л ажээ. Сонирхуулахад япончууд АНГЛИйг ИГИРҮСҮ, ФРАНЦыг ХҮРАНСҮ, ГЕРМАНыг ДОЙЦҮ, ОРОСыг РОШИА, ХЯТАДыг ЧЮҮГОКҮ хэмээн дууддаг ажээ.
Тэгэхээр монголчууд барууны гүрнүүдийн зарим нэрийг /МЭЙ, РИЙБОН/ анх хятад хэлнээс өөриймшүүлсэн нь харагдаж байх шиг.
Дараа нь их Оросын нөлөөнд орохын хэрээр гадаад нэрс нь бүгд оросын орчуулга болжээ дээ? Ер нь анзаарч байхад хаана боловсрол эзэмшсэн, удаан хугацаагаар амьдран сууснаасаа шалтгаалаад хүмүүс ёс мэт “хоёр дахь эх орныхоо” нэршлээр нэрлээд байдаг нь нууц биш ээ. Бүүр уулга алдахдаа ч, хараал ерөөл хэлэхдээ хүртэл гээч. Энэ бүхэн нь хэл гэдэг нийгмийн үзэгдэл болохыг улам хурцаар нотолж байгаа хэрэг. Бидэнтэй гарвал үүсэл, хэл соёл, шашин шүтлэг гээд зан үйл нэгтэй ӨВӨРЛӨГЧИД хийгээд Оросын БУРИАДУУДын хэл ярианаас энэ нь тод томруун харагдана бус уу? Ийм тул одоохондоо монголчууд орос хэлэнд суурилсан гадаад нэр томьёо, нэршлийг дган мөрдсөөр л байна.
Хэрвээ МОНГОЛ улс нь жишээлэхэд ХХ зууны эхэнд хүчирхэг ГЕРМАН гүрний нөлөө нөмөргөнд орсон сон бол бүх л нэр томьё нь мөн л герман язгууртай болон хувирах байсан гэдэг нь тодорхой хэрэг.
Харин одоо эргээд “Их Мэй улс” гэх зэргээр АМЕРИКийг нэрлэдэг болоё гэж байгаа юм биш ээ. Харин өнгөрсөн жаранд монгол хэлэнд, зөв бичлэгт нэгэнт нутагшиж бараг монгол үг шиг өөриймссөн нэр томьёо, нэршлүүдийг боломжийн хэрээр нь хадгалан үлдээх, харин зайлшгүй өөрчлөх ёстойг нь халах хэрэгтэй байна.
Гэтэл манай том ах нар гадаад нэр томьёо, нэршлийг мундаг оросжуулдаг арга барилтай улс шүү дээ. Наад захын жишээ л гэхэд америкчүүд TEXAS/ТЕКСАС/ хэмээн нэрлэдэг газар орныг шуудхан л ТЕХАС гэх?Мөн германчууд ЛАЙПЦИГ хэмээн нэрлэдэг хотыг нь ЛЕЙПЦИГ хэмээн буулгадаг. Түүнчлэн Умард Солонгосын агуу удирдагчид болох КИМ ИЛЬ СОНыг КИМ ИР СЕН, түүний хүүгийн КИМ ЖӨН ИЛЬ гэсэн нэрийг КИМ ЧЕН ИР болгох. Солонгосын нийслэл хотын нэрийг нь ПХЕНЬЯН гэж буулгасан байдаг. Гэтэл ПЁНИЯН гэж буулгамаар юм шиг. Беназир БУТТО буюу ПУТТОгийн нэрийг БХУТТО болгон хувиргасаар удаж байгаа.
Тэгвэл яагаад оросууд ингэж гадны нэршлийг хамаа замбараагүй гуйвуулах болов гэсэн асуулт гарч ирнээ. Оросын солонгос судлаач эрдэмтний бичсэнээр бол тухайн үед Хойд Солонгост социалист дэглэмийг тулган байгуулах үеэр Оросын “зөвлөх, мэргэжилтнүүд”-эд орчуулга хийж явсан хүмүүс нь голдуу Хойд Солонгосын Оростой хиллэсэн зах хязгаар нутгийнхан бага ястнууд байсан тул нутгийнхаа аялгуугаар дуудан ярьдаг, түүнийгээ шууд буулган бичдэг байснаас оросуудыг ийнхүү “будилуулсан” гэсэншүү зүйл байсан санагдаж байна. Магадгүй л юм.
ОРОС ХЭЛ БОЛ ОЮУН МЭДЛЭГИЙН ТҮЛХҮҮР ТӨДИЙГҮЙ АХИН ДЭВЖИХИЙН БАТАЛГАА МӨН
Биднийг дунд сургуульд 80-аад онд суралцаж байхад орос хэлний үнэ цэнэ, нэр нөлөө асар өнөдөр байсан бөгөөд төр, засгийн аливаа томилолтыг хийхдээ нэр дэвшигчдийн орос хэлний мэдлэг чадварыг л чухалчлан үздэг байсаан. Арван жилийн сургуулийн хичээлийн программд орос хэлний сургалт зайлшгүй тусгагдсан байсан төдийгүй их, дэд сургуулиудад ч олон хичээл, бүүр мэргэжлийн хичээлүүд нь ч орос хэл дээр явагддаг байсан нь нэг бодлоор туйлшрал байсан ч үр өгөөжөө хангалттай сайн өгсөн гэж бодож явдаг даа.
Тэр үед их, дээд сургуульд элсэх элсэлтийн шалгалтад /конкүрс хэмээх/ орос хэлний чадварыг шалгахдаа орос багш нар ганцхан жаахан зүйлийг ажиглаад л тухайн хүүхдийн чадварыг нь тогтоочихдог байсан гэх. Тухайлбал багш “МЫ В АРТЕКЕ” гэсэн богинохон өгүүлбэрийг л хүүхэд хэрхэн уншиж байгаагаар нь л тодорхойлчихдог байжээ. Юү гэвэл ихэнх монгол хүүхэд ёс юм шиг “МИ В АРТЕКЕ” хэмээн МЫ гэхийг нь МИ хэмээн зөөлрүүлэн хэлээд л “баригдчихдаг” байсан гэдэг.
Ялангуяа орос хэлэнд “И” болон “Ы” авианы дуудлага ЗАРЧМЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ байдаг гэж үзэж болно. Монголчууд орос үгэн дэх “Ы” авиаг хатуугаар дудах ёстой атал “И” болгон зөөлрүүлэн дуудаж уншсанаараа алдаа гаргадаг байна. Ухаан нь “МИ БИстро ВИйграли. ВИ кого?” гэх зэргээр. Үүнийг орос хэл сурч байгаа хүмүүсийн нийтлэг алдаа гэж үзэж болно.
Тэгвэл үүнийг ойлгохын тулд монгол хэлнээ буулгаж үзэе. Тухайлбал, “НОМИН өнгийн хүрэм өмссөн”, “НОМЫН чадал хүчийг шингээсэн” гэсэн өгүүлбэр дэх НОМИН НОМЫН гэсэн хоёр дуудлагаас л харж болох нь ээ.
ҮГИЙН ТӨГСГӨЛ НЬ ЗӨӨЛӨРЧ БАЙВАЛ ЭР ҮГЭНД Ч ГЭСЭН “ИЙ” ОРСОН ДАГАВАР ЗАЛГАДАГ БАЙМААР
Одоо хүртэл “Хэрвээ эр үг л бол “Ы” орсон дагавар нөхцөл заалгана” гэсэншүү нэг төөрөгдөл ноёлсоор байна. Саяхан нэг анд маань бичсэн зүйлээ хянаж өгөхийг хүссэнээр жаал засвар хийлээ. Тэрбээр олон ч удаа гадаад үгэнд “Ы”-тай дагавар нөхцөл залгасан байлаа. Түүнээс заримийг нь “ИЙ” болгон засвал нөгөөх маань харин “НАМАЙГ СУРГУУЛЬД СУРЧ БАЙХАД БҮХ ГАДААД ҮГИЙН АРААС “Ы” ОРОХ ЁСТОЙ ГЭЖ ЗААСАН ЮМ ДАА” гээд хүлээж авах янзгүй байна лээ. Үүнд нь хариу болгоод “За тэгвэл ТЕХНИКЫН, ИНЖЭНЭРЫН, ЛЕНИНЫ” гэж бичих болж байна уу гэсэн таг болсон.
Монгол үгсийг ХАТУУ ЗӨӨЛӨН буюу ЭР ЭМ гэж ангилдаг. Тэгвэл монгол хэл ярианд орж ирсэн л бол дурын гадаад үгийг мөн л эсвэл эр үг, эсвэл эм үг болгон ангилж л таараа. Тэгэх аваас эр, эм үгийг хэрхэн бичдэг тэр дүрмээ л баримтлан мөрдөх учиртай биз дээ” гэсэнд нэлээд эргэлзсэн хэвээрээ л салан одсон шүү дээ.
Ер нь монгол бичгийг жинхэнээр нь будлиулж байгаа “ХЭРГИЙН ЭЗЭД” бол ХАТУУ, ЗӨӨЛНИЙ ТЭМДЭГ юм аа. Эдгээр “ТЭМДЭГ” гэх үсгүүд нь уугуул монгол бичигт өмнө нь огт байгаагүй бөгөөд кирилл үсэгт шилжин орсны дараа бий болсоныг тэмдэглэе.
Мэдээж хэрэг эм үгэнд “И” үсэгтэй нөхцлүүд залгагдах нь ойлгомжтой. Харин эр үгийн хувьд байдал нэлээд адармаатай юм. “Уул шугамандаа” бол гадаад голдуу дараах эр үгсийг СТАЛИНЫ, КОЗИНЫ, ПУТИНЫ, ПАЛЕСТИНЫ, БАЛЕТЫН, түүнчлэн хольцоогүй зарим үгсийг дээрх дүрэм ёсоор бол тухайлбал САЛХИНЫ, ХУРИМЫН, АРХИНЫ, НАРГИЛЫГ гэж бичиж таарах гээд байдаг. Гэтэл дээрх үгсийн сүүлчийн үе нь ЗӨӨЛӨРЧ БАЙГАА тул эм үгийн ИЙ орох ёстой гэж үзэж байна. Ииймээс СТАЛИНИЙ, КОЗИНИЙ, ПҮТИНИЙ, ПАЛЕСТИНИЙГ, БАЛЕТИЙН, ХУРИМИЙГ, АРХИНИЙ, НАРГИЛИЙГ гэж бичмээр санагдаж байна. Ямар ч байсан дээрх үг “наргилЫН”хэмээн Та бидний чихэнд хатуурч дуулдахгүй л байгаа шүү дээ. Та “НАРГИЛИЙН” болон “ЖАРГАЛЫН “ гэсэн хоёр үгийг хэлээд үз дээ. Эсвэл “АРХИНИЙ” болон “ЯМААНЫ”, “САЛХИНИЙ” хийгээд “ТОРГОНЫ” гэсэн адилавтар төгсгөлтэй үгсийг дуудаад үзэхэд л төгсгөл нь хатуурч, эсвэл зөөлөрч өндөрлөж байгаа нь анзаарагдах болно.
ЖИНХЭНЭ БИЧГИЙН ХЭЛ ГЭДЭГ БОЛ ТА ЧИХЭЭРЭЭ ХЭРХЭН АНИРДАН СРНСРЖ БАЙНА ТҮҮНИЙГ ЯГ ТЭР ЧИГЭЭР НЬ ЦААСНАА БУУЛГАХЫГ ХЭЛЭХ БАЙХ АА. Өөр ийм жишээ зөндөө байх нь ойлгомжтой.
Хоёрдугаар томоохон бараг бүдүүлэг алдаа бол монголоор бичихээ гадаад буюу орос хэлний дүрмийг баримтлан мөрдсөн явдал юм. Үүнд юүг хэлэх гээд байна гэвэл орос хэлэнд байдаггүй “Ө” болон “Ү” үсгийн оронд “О” болон ”У” үсгийг орлуулсаар ирсэн явдал юм. Тухайлбал оросууд КЛУБ гэж бичээд КЛҮБ хэмээн уншдаг. Мөн ПУШКИН /ПҮШКИН/, ПУТИН /ПҮТИН/, УЗБЕК /ҮЗБЭК/, ТУРКМЕНИСТАН /ТҮРКМЭНИСТАН/ гэсэн үгсээс харж болно. Гэтэл бид оросуудын тэрхүү дутуу гучуудаа баригдан хийдэг эндүүг нь яг тэр чигээр нь давтаад л “У” үсгээрээ бичсээр олон 10 жилийг өнгөрөөсөн байх юм. Тиймээс цаашид “ПҮТИНИЙ гаргасан зарлиг ёсоор”, “ПҮШКИНЭЭС Наталья Гончаровад бичсэн захидалд”, “КҮҮБЧҮҮДТЭЙ бокс тоглоход хэцүү”, “Спорт КЛҮБТ сагсан бөмбөг тоглоно”, “КҮТҮЗОВЫН арми Мосвагаас ухрахдаа”, “МАМЛЮКҮҮДИЙН довтолгоонд КҮТҮҮЗИЙН цэрэг өртөв”, “КҮРСИЙН ажлаа амжилттай хамгааллаа” гэх зэргээр бичсээр санагддаг даа. Харин одоогоор ПУТИН, ПУШКИН, КУБА, КЛУБ, КУТУЗОВ, МАМЛЮКУУД, КУТУЗ, КУРС гэх зэргээр бичсээр байгаа.
ЭР ҮГ ЗӨӨЛРӨХӨӨС БУС ЭМ ҮГ ЗӨӨЛӨРДӨГ ЁСОН ХАА Ч ҮГҮЙ
Орос хэл, орос үг, нэрсийн ачаар Монголд нэн олширсон үсэг бол “Ь” гэж бодож явдаг. Тухайлбал, ИЛЬИЧ, ВАСИЛЬЕВ, НАТАЛЬЯ ... гэх зэрэг.
Үүнийг дагаад монгол хэлэн дэх гэхээр бас биш юм аа монголын бүх л бичигт “ь” асар ихээр хэрэглэгдэх боллоо. “Хуулиа яс мөрдье, хариуцлага хүлээлгье, ашигт малтмалаа ард түмэндээ өгье” хэмээн нэрт зохиолч Ц.Доржготов саяхан нийтлэлдээ бичсэн байх жишээтэй. Энэ бол захын жишээ. Гэтэл МӨРДӨЕ, ХҮЛЭЭЛГЭЕ, ӨГӨЕ гэж бичих ёстой шүү дээ. Тухайлбал ӨРГӨ, БӨГЛӨ, ЦЭГНЭ гэсэн үгэнд “Ь” орвол ӨРГӨЕ, БӨГЛӨЕ, ЦЭГНЭЕ л гэж бичдэг. Тиймээс ТӨЛӨЕ, ХҮСЭЕ, ЗЭЭЛЭЕ гэх зэргээр бичмээр санагддаг даа.
Ер нь тэгээд ХАТУУ ЭР ҮГ Л ЗӨӨЛӨРНӨ ГЭЖ БАЙХААС ЭМ ҮГ ЗӨӨЛӨРНӨ ГЭЖ ЮҮ БАЙХ ВЭЭ ДЭЭ?
Бас гудамж талбайд хаа сайгүй л таарах “БИЛЛЬЯАРД” гэсэн үг байх. Гэтэл үүнийг БИЛЛИАРД гээд л нөгөө МИЛЛИАРД гэдэг лугаа адил биччихэж болдоггүй юм уу? Үнэхээр ч тэгээд БИЛ-ЛИАААРД гэж танд сонсогдож л байгаа болохоос юун яасан БИЛ-ЛЬЯАРД вээ? Ямар хүн тэгэж хэлээд дуудаад байгаа юм бэ? Хамгийн гол нь англиараа “BILLIAARD” гэж байгаа үгийг энэ хэвээр нь л буулгах учиртай санагдах юм даа. “БИЛЛИАРД тоглоод МИЛЛИАРД алдлаа” гэвэл сонсголонтой байх бус уу? Хэ хэ...
За бас ВЬЕТНАМ, СЬЕРРА-ЛЕОНЕ, ПЬЕР РИШАР ... гэх зэрэг гадаад үгс байнаа. Гэтэл дээрх нэрсийг англи хэлэн дээр бол VIETNAM, SIERRA-LEONE, PIER RICHARE гэж бичигддэг шүү дээ. Тийм учраас эдгээр үгсийг шууд л ВИЕТНАМ, СИЕРРА-ЛЕОН, ПИЕР РИШАР гэж буулгах ёстой байх аа. Юун яасан “Ь” хаанаас нь гаргаж ирээд байнаа? Энэ бол орос ах нарын мааь л дамшиглал шүү дээ.
Анх олоон жилийн тэртээ байх БААБАР нэгэнтээ НИҮ-ИОРК хэмээн бичиж байж билээ л. Бид болохоороо нөгөө л боолын сэтгэлгээгээрээ ах нарыгаа даган дуурайгаад л НЬЮ-ЙОРК гэж хэдэн арван жил эрээчиж байна дөө. Үгүй ядахдаа очиж очиж Й-гээр нэр нь эхлээд байхдаа яахав дээ, тийм үү?
Ер нь англи хэлнээс орж ирсэн бараг бүх үгний “е” үсгийг манайхан яаааг хэвээр нь “е” –гээр нь буулгадаг гажгаа засч, “э” үсгээр солих цаг нь иржээ. Дашрамд нь үүрэггүй шахам “ь”-үүдийг хаах шаардлагатай байна. Тухайлбал доорх англиар бичсэн үгсийг одоо хэрхэн бичиж буй хийгээд зүй нь хэрхэн бичвэл зохилтой талаарх саналаа хүргүүлэе. Үүнд,Engels -Энгельс-Энгэлс, Wilgelm-Вильгельм-Вилгэлм, computer-компьютер-компиүтэр, Rooswelt-Рузвельт-Рүзвэлт, Cherchill-Черчилль-Чэрчилл, van Nistelroy-ван Нистельрой-ван Нистелрой гэх зэрэг.
Жирийн л ИНЖЕНЕР гэсэн үгийг аваад үзэе л дээ. Англиараа бол “ENGINEER“гэж бичигддэг энэ үгийг анирдвал ИНЖИНЭР л гэж дуулдаад байгаа юм даа... За бас КОМПИҮТЭР /КОМПЬЮТЕР/-ийг англиараа бол COMPUTER л гэдэг шүү дээ. Маш энгийн. Гэтэл ах нар л болсон хойно хаанаас нь ч юмб Ь+Ю+Е үсэг гаргаж ирээд л...
Ингээд гадаад хэлний “Е” үсэг орсон үгсийг “Е” хэвээр нь болон “Э” болгон уншмаар санагдаж буй үгсийг жагсааяа. Доорх үгсийг “Монсудар” хэвлэлийн газраас эмхлэн гаргасан “ДЭЛХИЙН ТҮҮХ” хэмээх зурагт лавлахаас шүүрдэн авсан болно. Энэхүү ангилал нь зөвхөн миний санал гэдгийг даахин өчсү.
ЭХЛЭЭД “Е” НЬ “Э”-ГЭЭР УНШИГДАХ УЧИРТАЙ ҮГС:
Аллэн, Гилгамэш, Ахэн хот, Цэзарь, Массачусэтс, Маргарэт, Нэрон, Кэмбриж, Гомэр, Рэйн мөрөн, Грэгори, Нэфэртити, Рамзэс фараон, Карфагэн, Милэт хот, Вэнэц хот, Гэнуй хот, Одиссэй, Микэй хот, Архимэд, инжинэр, Помпэй, Колизэй, Кэнт муж, Никэ, дэлфин, Аврэлий хаан, кэлтчүүд, Назарэт, Мухаммэд, Түркэстан, сэлжүкүүд, Зимбабвэ, Дэли хот, Ацтэк, Пэтр хаан, Фарадэй, Дагобэрт, Франчэско Пэтрарка, Жүвэйни, кхмэрчүүд, Ибэрийн хойг, Алэппо хот, Бэнгалийн булан, Бэнин улс, Фэрдинанд, Мэрвин хаан, Алфрэд хаан, систэм, Бэнэдикт, Кармэлит, Гэнри хаан, Мартин Лютэр, Кэнтэрбэрри, Иннокэнтий, Климэнт, Швэд улс, Норвэги улс, Нидэрланд улс, Бухарэст, Флорэнц хот, Брюггэ хот, полинээзчүүд, Гүтэнбэрг, Изабэлла хатан хаан, Иэмэн улс, Лоурэнс, Трэнтийн зөвлөл, Элизабэт хатан хаан, Богэми, Утрэхтийн гэрээ, Кортэс, Жэймс, Жэймстаун, Нэрчинск хот, фэрмер, Бомбэй, II Мэхмэт султан, Сэрби, Чэстертон, комэди, Вэнера, Маккиавэлли, Спэнсер, Сэрвантес, тэхник, Жэнев, консэрв, сэр Фрэнсис Дрэйк, Шэкспир, Вэстфаль, Фрэдерик Оливэр Кромвэл, парламэнт, Кэплер, Вольтэр, Мишэль дэ Монтэн, Фрэнсис Бэкон, Жан д Аламбэр, Монтэскье, Мриа Тэреза, кофэ, Рэне Дэкарт, Антвэрпен, рэйтинг, Вэрсаль, Капэ Вэрде, Сэнегал, хрономэтр, мэтр, экспэдиц, Фэрдинанд, Пэрро, Фэрнандез дэ Квирос, Фэрнандо Торрэс, Квэбек, Жэймс Күүк, тэннис, Антуанэтта, Жүзэппэ Гарибальди, Өжэн Делакруа, Мэйжийн эрин, тэлефон, Монтенэгро, Александр Грахам Бэлл, Родэзи, Мерсэдэс Бэнц, рэнтген, Альбэрт Эйнштэйн, Пэнсильвани, Лэвэрпүүл, Стэфенсон, Дэрбишер, Силэзи, Крүппийн гангийн компани, Мария Тэреза, Томас Жэфферсон, Максимилиан Робэспиэр, Вэллингтон гүн, Вэстминстерийн сүм, Сакрамэнто, Кэнтукки, Робэрт, Вэнесүэл, Роалд Амундсэн, Манхэттэн, сэкүнд, Шлэзвиг, Жэнни Маркс, Людвиг ван Бэтховен, Гэрберт Спэнсер, Дэбри Парво, Рэмингтон, тэлевиз, Буэнос- Айрос, Мэлбурн, Индонэз, Кэмпбелл, Энвэр паша, Сэсил Родэз, Робэрт Мугабэ, Нэлсон Мандэла, Брэст-Литовскийн гэрээ, Кэренский, Рэзерфорд, Чарлз Линдбэрг, Нюрнбэрг, Освэнцим, Кэни улс, Пэрон, интервэнц, Фидэл Кастро, Жон Кэннэди, Садам Хусэйн, Бангладэш, Пиночэт, Алендэ, Роналд Рэйган, Фолклэндийн арлууд, Күвэйт, Чэчень, Аль-Кэйда, цэнзүүр, Лаврэнтий Бэрий, Георг Гэгел, Бэнито Муссолини, Гэрника хот, Мюнхэн, Чэрчилл, Бэссараби, Хэлсинк хот, Рүүзвэлт, Роммэлийн арми, камиказэ, Жавахарлал Нэрү, Сүдет, Гарри Трүмэн, Сүэцийн суваг, Дэвид Бэн-Гурион, Мэмфис, Карлос Мэнем, Хуго Чавэс, Жимми Картэр, Махамэд Рэза шах, аятолла Хомэйни, Збигнэв Бзэжински, можахэдүүд, Леонид Брэжнев, Чаушэскү, Ион Илиэскү, Слобадан Милошэвич, Жан Моннэ, апартэйд, “Хёндэ” грүпп, Бэртранд Рассэлл, Александр Флэминг, пеницэллин, Сара Жозэфине Бэйкер, гэнетик, бактэри, Мюррэй, бизнэс, Америго Вэспүччи, Дүбчэк... гэх зэрэг олон олон үг байга нь ойлгомжтой хэрэг.
ХАРИН “Е” ХЭВЭЭРЭЭ УИШИГДАХ, БИЧИГДЭХ ҮГС:
Америк, Месопотами, Египет, Грек, Европ, металл, Гесиод, Геродот, демократ, Лоренцо, Микей хот, хеттүүд, семит, Клеопатра, Иерусалим, Герман, театр, Александр, Армени, Теодорик, Ахамейнидчүүд, Фалес, Македони, Аристотель, Пелопоннезийн дайн, математик, Тибер мөрөн, сенат, плебей, Венера, Юпитер, Цицерон, Белги улс, Эфес, бетон, Везүви, легион, реализм, Парфеноны сүм, Филаделфи, Зенон, Перү улс, монотеизм, Палестин, еврей, декан, археологи, феодализм, Диоклетиан хаан, Феодора хатан хаан, Есүс, Киев, Эфесс хот, тамплерүүд, Сена мөрөн, Днепр, Сиенна, Гент хот, Магеллан, протестант, Амстердам, Вестфаль, иезуитчууд, Гвиней, Гватемал, Катерина, Данте, Пантеон, Пиеро, Андреа, Роттердам, Галилей, Швейцарь, Бранденбург, консерватив, элемент, генерал, Рихтер, Наполеон, Маделин Бежарт, Шинэ Зеланд, конфедерац, патент, Эйфель, протекторат, коллеж, Фаулер, Жозеф, Ханновер, Ассамблей, директорат, Елена, Жозефина, Аустерлиц, чероки омог, Орегон, Небраска, Камерун, Рио де Жанейро, Нансен, метро, Елисей, меркантализм, Ренэ Декарт, Вагнер, Цейлон, Кейптаун, Сараево, Гинденбург, Веймар, Барселона, Гитлер, Темза, Люксембург, Дюнкерк, Абдел Нассер, Ясер Арафат, Элвис Пресли, Эрнест Че Гавара, фестиваль, Жон Леннон, Мартин Лютер Кин, гетто, Ольстер, Леонардо, Чехословак, матери, Хавел, Пентагон, Сребреница, Миттеран, канцлер, синтетик, персонал, Нигери улс, Купер, терроризм ... гэх зэрэг үгсэд мэдээж “е” үсэг хүндэт байраа эзэлсээр байх нь дамжиггүй буй за.