
Цэнхэртэн харагдах үүлс, түүний дор Булган уул дүнийхнэ. Хүн ардынх нь сэтгэл тэнэгэр, цаг агаар тогтуун Архангай аймгийн өвөл ийм л өнөтэй байв. Нар хүртэл намрынхаараа төөнөж, салхи нь үл мэдэг зөөлнөөр үлээсэн өдөр Цэцэрлэг хотод очсон юм. Аймгийн төв хөл хөдөлгөөнтэй, хүмүүс нь шинэ жилийнхээ баярт бэлдээд зав муутай бололтой. Энэ удаагийн нийтлэлийнхээ баатрын дуу хоолойг би мэднэ. Нүүр тулж, уулзаагүй ч хүүхэд насны дурсамжийн нэгээхэн хэсэгт эрхэм сэтгүүлчийн дуу миний сэтгэлд хоногшин үлдсэн. Өглөө эртлэн радиогоо асаахад эрдүү хэрнээ намуухан хоолойгоор мэндчилдэг байсан ахмад сэтгүүлч С.Бараанасанг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урив.
Түүний ажил амьдралын гараа 1970-аад оны үед “Архангайн үнэн” сониноос эхэлсэн түүхтэй. Тэрээр амьдралынхаа 40 гаруй жилийг сэтгүүл зүйн салбарт өнгөрөөжээ. Өдгөө ч энэ л мэргэжилдээ үнэнч байж, долоо хоног бүрийн эхний өдөр нутгийнхаа уншигчидтай “Архангайн толь” сониноороо мэндчилдэг ажээ. Архангайн ард түмэн ч шинэ соргог мэдээлэл, сонирхолтой ярилцлага, улстөрийн нийтлэлтэй сониноо уншиж, буурал сэтгүүлчтэй санал бодлоо хуваалцдаг юм байна. Биднийг очсон өглөө сэтгүүлч С.Бараанасан сүү авахаар дэлгүүр оржээ. Түүнд үргэлж өтгөн шаргал, сарлагийн сүү зардаг хэзээний танил болсон худалдагч бүсгүй бий. Өглөө бүхэн түүнээс сүү авдаг учир тэрээр литр нь 1800 төгрөгийн үнэтэй сүүгээ өвгөн сэтгүүлчид 1500 төгрөгөөр худалддаг тухай С.Бараанасан гуай бидэнд хуучилсанюм. “Энэ нь сэтгүүлч мэргэжлийн минь буян шүү дээ” гэж тэрээр эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж байв. Хэдийгээр бусдад өчүүхэн зүйл шиг санагдавч түүний цаана мөнгө биш, сэтгэл нь зардаг сүү шигээ буртаггүй, цайлган гэдгийнх нь илрэл гэдгийг тэрээр хэлсэн. Түүний нийтлэлийн баатар нь энэ мэт эгэл жирийн ард иргэд. Сэтгүүлч хүн энгийн ард иргэдийн сайхан сэтгэл, ажил хөдөлмөр, амжилтын тухай бичих нь мэргэжлийн ур чадвар, жинхэнэ бүтээл болдог гэж тэрээр хойч үеийн, залуу сэтгүүлчдэд хандан хэлж байв.
Монголын Радиогийн 75 жилийн ойгоор тєрийн дээд одонгоор шагнагдсан хэсэг нєхдийн хамт. Нэвтрїїлэгч Билгээ, Зундуйн Дорж, ахмад сэтгїїлч Доржсїрэн нарын хамт.
МЭРГЭЖЛЭЭ СОЛЬЖ СЭТГҮҮЛЧ БОЛОХООР ТЭМҮҮЛСЭН НЬ
С.Бараанасан уг нь газар тариалангийн мэргэжилтэй нэгэн. Харин бага залуугаасаа шүлэг, найраглал шимтэн сонсч, өөрөө мөр холбодог болжээ. 1970-аад оны үед Зохиолчдын эвлэлийн дарга байсан С.Удвал гуай Архангай аймгийн сонины редакцийн ажилтай танилцжээ. Тухайн үед “Архангайн үнэн” сонинд С.Бараанасангийн найман мөрт шүлэг хэвлэгдсэн байж. Төрсөн нутгийнхаа тухай бичсэн түүний шүлгийг С.Удвал гуай уншаад магтсан гэдэг. Тиймээс сонины редакцийн зүгээс оюутан залууд хамтран ажиллах санал тавьснаар сэтгүүл зүйн салбартай ажил, амьдралаа холбожээ. 1965 онд Хөдөө аж ахуйн техникумд элссэн тэрээр төгсөөд 1968 онд ийн “Архангайн үнэн” сонины сурвалжлагч болжээ. Бидний яриа ажил амьдралынх нь тухай ийн өрнөлөө.
-Тухайн үеийн “Архангайн үнэн” сонинд ямар хүмүүс ажиллаж байв?
-Манай сонины зөвлөлд Г.Самданмөнх гэдэг дарга байлаа. Одоо манай аймгийн ахмадын холбооны дарга. Их зарчимч, мундаг хүн. Би ч сонинд ороод хэл, уран зохиолын ангид суралцах хүсэлтэйгээ хэлээд тавьчихлаа. Дарга ч дэмжиж байна гэж жигтэйхэн. Гэтэл цагаа тулсан өнөөх чинь намайг хөдөө аж ахуйн мэргэжилтэй гээд мэргэжлийн дагуу ангид орох хуваарь өгчихдөг юм байна. Гэхдээ хүний хувь тавилан гэж сонин юм шүү. Манай хадам аав Хөдөлмөрийн баатар н.Доржпалам гэж хүн байлаа. Тухайн үед Хотонт сумын дарга байсан юм. Харин ээж номын санч. Тиймээс элдэв сонинг бөөнөөр нь авчирна. Би амралтынхаа өдрөөр өнөөхийг нь гарчиглаад сууна шүү дээ. Гэтэл гурван байгууллага хамтраад хүүхдийн номын уралдаан зарлачихаж. Би түүнийг уншихдаа өөртөө “Самбуугийн хүү Бараанасан түрүүлэхгүй бол юу болох бол” гэж өөртөө хэлж байсан юм. Их бардам байсан учир
Хөрөө, хөрөө хурц аа хө
Гараа нийлүүлээд татнаа хө
Шүүг шааг шүжиг шажиг ... гээд биччихдэг юм байна. Энэ мэт хүүхдэд зориулсан 35 шүлэгтэй ном бичээд өгчихсөн. Тухайн үед уралдаанд номоо өгснөө ч мартчихаж. Нэг удаа сургуулийн захирал өрөөндөө дуудлаа. Миний айсан гэж жигтэйхэн. Ямар хэрэг тарьчихсан юм бол, юу гэх бол гээд л. Гэтэл захирал бөөн баяр сууж байна. Монголын зохиолчдын эвлэлээс утасдлаа. Чиний ном уралдаанд тэргүүн байр эзэлсэн байна гэсэн юм. Миний тухай сургуулийн үүдэнд “Манай оюутан номоо хэвлүүллээ” гэсэн бичигтэй самбар өлгөөд л. Тухайн үед “МОНЦАМЭ”-гээс эдийн засгийн чиглэлээр юм бичих авьяастай, сонирхолтой залуусыг хайж явсантай энэ үйл явдал яг давхацдаг юм байна. Мөн Атарын сангийн аж ахуй анх байгуулагдаж байсан үе л дээ. Намайг Зэлтэрийн сангийн аж ахуйд томилчихсон. “МОНЦАМЭ” агентлаг авъя гээд байдаг. Гэтэл дарга нар мэргэжлийн хүнээ өгөхгүй гээд явуулдаггүй.
-Тухайн үед хадам аав тань тусласан гэдэг байх аа?
-Эдийн засгийн хорооны дарга н.Салдан гэж хүн байлаа. Тэр хүн хадам аавыг минь танина. Тиймээс аавынхаа нэрийг бариад даргад захидал бичдэг юм байна. Эхнэрээ н.Салдан даргад захидал оруулаад өг гэтэл гэдийгээд болдоггүй шүү. Тэгэхээр нь тэр хил дээр чинь дандаа Буриадууд байдаг. Би тийшээ нэг л очих юм бол эргэж ирэхгүй байх шүү гээд айлгачихсан юм.
-Захидалдаа юу гэж бичсэн юм бэ?
-Төрийн сайд н.Салданд Архангай аймгийн Хотонт сумын нэгдлийн дарга н.Доржпаламаас гэж байгаад манай хүргэн “МОНЦАМЭ” агентлагт ажиллах хүсэлтэй гээд л биччихсэн. Тэр захиаг аваад н.Салдан гуай Б.Цагаанхүү даргаруу ярьж байж би “МОНЦАМЭ”-д сурвалжлагчаар ажиллах эрхтэй болж байлаа. Тухайн үеийн үзэл суртал ийм л хатуу байлаа.
Увс аймаг. Давст сум. “Тунмэнд”-ийн євєлжєє. Ю.Цэдэнбалын эцгийн євєлжєє. 1982 оны арваннэгдїгээр сарын 14. Сэтгїїлч Р.Гээпил, сум нэгдлийн дарга Б.Сайжрах нарын хамт.
СЭТГҮҮЛЧИЙН ГАРААГАА “МОНЦАМЭ”-ГЭЭС ЭХЛЭВ
Ийнхүү тэрээр 1977 онд Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллага “МОНЦАМЭ” агентлагын Хөдөө аж ахуйн албанд томилогджээ. Тэрээр Монголынхоо бүх аймаг, сумдаар явсан. Энэ нь сэтгүүлч мэргэжлийнх нь бас нэгэн бахархал нь. Өглөө бүхэн сонсдог өнөөх эрдүү хоолой энэ үеэс л радиогоор сонсогдох болжээ. Түүний амьдралын хамгийн том алдар нь “Радиогийн” гэсэн тодотгол нь. Юу, юунаас ч илүү радиогоороо овоглож, “Радиогийн С.Бараанасан” гэж дуудуулахдаа хамгийн их баярладаг ажээ. Тухайн үед орсон, гарсан ч цагдаагаар хамгаалуулсан төрийн хэмжээний томоохон байгууллагын нэг нь Монголын радио байж. Сурвалжлагчийн үнэмлэх нь ямар ч албан байгууллагад орж сурвалжлах эрхтэй гэсэн сүрхий бичиг, тамгатай учир гадаадын зочид, төрийн эрхмүүдийн уулзалтаас сонирхолтой сурвалжлага, ярилцлага бэлтгэсэн содон дурсамжууд ч намтарт нь байна. Харин түүнээс илүү хөдөө, орон нутгийн, газар тариалангийн нэвтрүүлэгтээ тэрээр элэгтэй. Нэг удаа төрийн хэмжээний уулзалтад орж сурвалжлага авах гэтэл хамгаалагч нь оруулахгүй гээд үнэмлэхийг нь хураачихаж. Тэгэхээр нь өнөөх хамгаалагчийн үнэмлэхийг аваад өөдөөс нь “Маргааш өглөө 9.00 цагт Монгол улсын мэдээлэл радио телевизийн улсын хорооны дарга Пүрэвжавын өрөөнөөс очиж аваарай” гээд хэлчихэж. Түүний энэ үгнээс сүрдсэн хамгаалагч үнэмлэхийг нь буцаагаад өгсөн тухай дурсамжаа ч ярьлаа. 1980-аад оны үед сэтгүүлч мэргэжил ийм үнэ цэнэтэй байжээ. Бүгд үнэний дуу хоолой болох тангараг өргөсөн учир тэр л зарчимдаа үнэнч байдаг байж. Түүний нэвтрүүлгийг сонсдог олон сонсогчдоос нь чин сэтгэлийн үгтэй захидал олноор ирсэн гэдэг. Түүний анхны нэвтрүүлэг нь “Малчин”. Эгэл жирийн малчны хотноос бэлтгэдэг тус нэвтрүүлэг тухайн үедээ хамгийн олон сонсогчтой нэвтрүүлгээр шалгарсан удаатай. Мөн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийг анхлан санаачлагч нь сэтгүүлч С.Бараанасан ажээ.
ОДОО Л ТҮҮНИЙ БЯР ГҮЙЦЭЖ БАЙНА
Хэдийгээр нас өндөр болсон ч сэтгүүлчийн хөдөлгөөн нь хурдан шалмаг, нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулж явах юм. Үүнийгээ тэрээр мөн л сэтгүүлч мэргэжилтэйгээ холбон тайлбарлаж байна. Хөдөөгөөр явж, цэвэр агаар амьсгалан, эгэл жирийн малчидтай уулзаж, тэдэнтэй дотно яриа өрнүүлж явдаг учир хамгийн сайн, сайхан энергийг өөртөө хуримтлуулжээ. Түүний охин Б.Баясгалан мөн сэтгүүлч мэргэжилтэй. Аавтайгаа хамт “Архангайн толь” сониныг эрхлэн гаргадаг юм байна. Тус сонин долоо хоногт нэг удаа хэвлэгддэг. Дугаарт аймагт болж өнгөрсөн шинэ мэдээлэл болон театрын уран бүтээлчид, төрийн захиргааны хүмүүсийн сонирхолтой ярилцлагыг онцолдог ажээ. Мөн “Хүмүүс” гэсэн хөрөг, нийтлэлийн булантай. Энэ нүүрийг хашир сэтгүүлч С.Бараанасан өөрөө хөтөлдөг гэнэ. Тэрээр нэр хүндтэй, олны танил хүмүүсээс гадна эгэл жирийн малчидтай ярилцаж, тэдний тухай хөрөг бичих сонирхолтой. Түүнээс л зөвхөн монгол хүний зан, онцлог илэрдэг гэж байв. Тэрээр нас явах тусам бяр амтагдаж байна гэж хошигносон юм. Түүнд бодож, зорьж явдаг нэг хүсэл бий. Тэр нь жинхэнэ монгол уншигчийг бий болгох. Энэ хүслээ биелүүлэхийн төлөө тэрээр малчны хотонд өнжиж, малчдын аж амьдралыг судлах ажилд цаг, заваа зориулж байгаа гэсэн. Харин сэтгүүлч хүнд бичих сэдэв нь насны эрэмбээр өөрчлөгдөх үе байдаг ажээ. Сэтгүүлч С.Бараанасан одоо улс төрийн сэдэвтэй нийтлэлд анхаарлаа хандуулж байгаа гэв.
Гэр бїлийн хамт.
ААВ ШИГЭЭ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН БАГА НАС
Тэрээр малчны хотонд төрж, өсчээ. Багадаа бусад хүүхдийн адил хурга, ишгэнд гүйж, морь унаж өссөн гэгээн дурсамжтай. Түүний аав их сайхан дуулдаг, нутагтаа нэртэй хүн байж. Хүн бүхэн аавд нь хүндэтгэлтэй хандахад том болоод аав шигээ мундаг хүн болно гэсэн нууцхан хүслийг С.Бараанасан багаасаа сэтгэлдээ тээж иржээ. Энэ тухай дурсамжаа “Бидний аав, ээжийн үеийнхэн худлаа ярьж, хулгай хийдэггүй, их үнэнч хүмүүс байсан юм шиг санагддаг шүү. Хээрээс ташуур, уурга оллоо ч түүнийгээ олз гэж боддоггүй. Эзнийг нь олж өгөх гэж зүтгэдэг. Би аав, ээжийнхээ энэ ухааныг л өвлөж, хойч ирээдүй болсон хүүхдүүддээ уламжлах юмсан гэж бодож явдаг” гэв. Түүний гэргийтэйгээ танилцсан түүх их содон. Хэдийгээр хамт шахуу ажилладаг байсан ч тэд хоёр жилийн дараа бие биенээ олжээ. Даргын албан тушаалтай байсан С.Бараанасан гэргийгээ үргэлж ажлаас хоцорч байна гэж шүүмжилдэг байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бие биенээ ойлгож, дасснаар нэг гэрт орсон түүхтэй. Харин охиноо сэтгүүлч болно гэхэд нь С.Бараанасан гуай баяртайгаар хүлээж авчээ. Учир нь энэ салбарын хүнд хэцүү, жаргал зовлонг мэддэг учир эхнээс нь зааж зөвлөж, түшиж тулсаар өдийг хүрчээ. Түүнээс хамгийн сүүлд “Сэтгүүлч мэргэжил, Монголын радио таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ” гэж асуухад тэрээр “Намайг бие хүн болгож хүмүүжүүлсэн. Мөн энэ 40 гаруй жилийн хугацаанд би хариуцлага гэж юу байдгийг мэргэжлээсээ, Монголын радиогоос мэдэрсэн. Энэ бол миний амьдралдаа олж авсан хамгийн том ололт” гэж хариулсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин