Т.БАТСАЙХАН
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ онд цалин нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо. Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Энэ арга хэмжээний хүрээнд эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спорт болон төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 2025 оны түвшинтэй харьцуулахад 50 хувиар нэмэгдүүллээ. Ингэснээр эрүүл мэндийн салбарын 28142 эмч, ажилтан, соёл, урлаг, спортын салбарын 5707 албан хаагч, шинжлэх ухааны салбарын 1610 ажилтан, бусад салбарын төрийн үйлчилгээний 16395 албан хаагч, нийт 52 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин дунджаар 477.0-903.0 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Үүнд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулсан. Төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг 2027 оны II улирлаас 20хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаад байна.
“Орон сууцны залилантай холбоотой 173 хэргийг оноос өмнө шийднэ”
Мөн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээллээ. Тэрээр “Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 280 орчим нотариатын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нотариатын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр иргэдэд илүү хүртээмжтэй, иргэн төвтэй үйлчилгээг бий болгохоор зорьж байгаа. Тухайлбал, дэлхийн хаана ч байгаа Монгол Улсын иргэн цахимаар нотариатын байгууллагатай холбогдож, зайнаас гэрчлүүлэх, баримт бичгээ баталгаажуулах үйлчилгээ авах боломжтой болох юм. Улсын хэмжээнд жил бүр нэг сая орчим нотариатын гэрчлэл, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудад нотариатын үйлчилгээний хөлсийг хөнгөлөхөөр тусгасан. Ингэснээр 500-600 мянган иргэн нотариатын бүх төрлийн үйлчилгээг хөнгөлөлттэй тарифаар авах боломж бүрдэнэ.Мөн үйлчилгээний хөлсөөс чөлөөлөгдөх зорилтот бүлгийг хуулиар тодорхойлж өгсөн. Үүнд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэд, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон эцэг, эхчүүд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүд, гэрч, хохирогч, төлбөрийн чадваргүй хүмүүс хамрагдана. Тэдгээр иргэнийг итгэмжлэл гэрчлэх, баримт бичгийн хуулбар гэрчлэх зэрэг тодорхой төрлийн нотариатын үйлчилгээний төлбөрөөс бүрэн чөлөөлөх юм. Ирэх долоо хоногт уг хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, энэ ондоо багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
Мөн “Орон сууцны залилангийн асуудлын тухайд ирэх жилүүдэд төрөөс 100 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 2-3 төсөл эхлээд байна. Орон сууцны залилан болон газар чөлөөлөлтийн улмаас олон жил хохирсон иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэж, орон сууцанд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.Орон сууцны залилангийн шинжтэй, нэг айлын орон сууцыг 10-20 хүнд давхар гэрээлэн худалдсан зэрэг санаатай үйлдлүүд бий. Эдгээр хэргийг шалгаж, шийдвэрлэхээр өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Манай байгууллагад одоогоор нийт 173 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд хэрэг тус бүрийн холбогдогч, хохирогчдын тоо хэдэн мянгад хүрч байна. Эдгээр хэргийг энэ он болон ирэх оны эхний улиралд багтаан эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа өгсөн ч орон сууцандаа орж чадаагүй 800 орчим өрхийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр зорьж байна. Энэ ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, иргэдийг орон сууцтай болгох асуудлыг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва болон Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан нар хариуцан ажиллана” гэлээ.
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчний вакцинжуулалтад 1.5 тэрбум төгрөг хуваарилсан
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөдөө аж ахуйн салбартай холбоотой хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, годрон өвчний улмаас ямаагаа устгалд оруулсан малчдад нөхөн олговор олгох, хүнсний бүтээгдэхүүний хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар салбарын сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө. Тэрээр “Ямааны годрон өвчин батлагдсантай холбогдуулан нийт 58 малчин өрхийн 26,840 ямааг устгаж, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын нөөц сангаас нийт 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн.Мөн ямааны годрон өвчний вакцинжуулалтад зориулан хоёр долоо хоногийн өмнө 1.5 тэрбум төгрөг хуваарилсан байдаг. Вакциныг дотооддоо үйлдвэрлэх судалгаа, шинжилгээний үе шат дуусаж, үндэсний итгэмжлэгдсэн лабораторид баталгаажуулсны дараа олон улсын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлсэн. Вакциныг арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд дотооддоо үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна.Ямааны годрон өвчин юунаас үүдэн гарсан, хэн буруутай болохыг Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа. Мөн 2026 оны улсын нэгдсэн төсвийн тодотголд хүнсний бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангахад зориулан 120 тэрбум төгрөг баталсан. Уг хөрөнгийг улаан буудайн нөөц бүрдүүлэх, нийслэлийн махны хангамжийг зохицуулах, хүнс, шатахуун болон гурилын үйлдвэрүүд улаан буудай худалдан авахад зарцуулна.Одоогийн байдлаар ургац хураалт 89 хувьтай үргэлжилж байгаа. Нийт 327 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 507 мянган тонн улаан буудай хураан авсан. Мөн 575 мянган тонн төмс, 206 мянган тонн хүнсний ногоо хураан авсан.Төрөөс анх удаа тариалан эрхлэгчдээс 100 мянган тонн нөөцийн улаан буудай худалдан авах ажлыг зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 109.6 мянган тонн үр тариа худалдан аваад байна. Бидний хувьд нэг тариалагчаас хэт ихийг биш аль болох олон аж ахуйн нэгжээс авахыг зорьж ажилласан. Улаан буудай нэгдүгээрт стратегийн нөөц, мөн гурил болж хүнсэнд зарцуулагдах учраас чанарт ихээхэн анхаарсан.Хүнсний ногооны хангамж, үнийн өсөлтийг зохицуулах хүрээнд төмс, сонгино, лууван, шар манжин зэрэг бүтээгдэхүүнээс нийт 12 мянган тонн нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор 3 мянга гаруй тонн бүрдсэн байна. Худалдан авалтыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан зохион байгуулж, түлхүү Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариаланчдаас хүнсний ногоо авч байгаа.Хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийн огцом өсөлтөөс сэргийлэхэд төрийн оролцоо шаардлагатай. Одоо бүрдүүлж буй нөөцийг шинэ ургац гарах хүртэл зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ирэх жилээс худалдан авалтын үнийг урьдчилан тохиролцох зарчмаар ажиллана.Хаврын тариалалтаас эхлэн шатахууны хангамжид анхаарч, 7 мянга гаруй тонн шатахууныг худалдан авсан үнээр нь тариаланчдад нийлүүлсэн байна. Харин намрын ургац хураалтын үеэр 2,300 орчим тонн шатахуун нөөцөлсөн. Товчлоод хэлэхэд Монголын ард түмэн хоолтой ундтай байхад онцгой анхаарал хандуулж, дэмжисний үр дүнд 2026,2027 онд гурил, төмсөөр тасрахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна" гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 206 (7948)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn