З.БОЛД
Дорнод аймгийн нутаг дахь Нөмрөгийн Дархан цаазат газарт энэ сарын 8-нд гал түймэр гарч, улмаар Хятадын хилийг давсан гамшигт явдал болсон. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн “Гал түймэр гаргасан "Мобиком"-ын ажилтнууд болон боомтын захиргааны алба хаагчдад хариуцлага тооцуулж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж өчигдөр мэдэгдлээ. Энэ бол Дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа гэсэн үг.
Уг гал түймэр гарах үеэр “УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Дорнод аймагт түймэр тавьжээ” гэсэн агуулга бүхий мэдээ нийгмийн сүлжээнд тархав. Тиймээс, Дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн У.Отгонбаяр энэ сарын 13-нд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Би гал түймэр гарсан өдөр Улаанбаатарт УИХ-ын чуулганд суусан” гэжээ. Гишүүд улстөрчид хурц хурц мэдэгдэл хийдэг. Тиймээс түүний ярьсан яг үнэн үү гэдэг бас асуулт гарч ирж байгаа юм. Нягталлаа. УИХ-ын чуулганы аравдугаар сарын 8-ны өдрийн хуралдааны ирцийн мэдээлэлтэй тулгаж үзлээ. УИХ-ын хуралдааны шууд дамжуулалтын бичлэгээс үзвэл тухай өдрийн чуулганы хуралдааны ирц 77 хувьтай байжээ. Ирцийн мэдээлэлд гишүүд хэдэн цагт ирж ирцээ бүртгүүлж хуралдаанд оролцсоныг цагаар нь жагсаасан жагсаалтаас үзвэл аравдугаар сарын 8-нд С.Эрдэнэболд гишүүн 9 цаг 20 минутад хамгийн түрүүн чуулгандаа ирсэн гэх мэтээр үргэлжлэх ба У.Отгонбаяр 13 цаг 40 минутад бүртгэгджээ. Ирцийн энэхүү баримт нь УИХ-ын гишүүн У.Отгонбаярын түймэр гардаг өдөр Нөмрөгийн дархан цаазат газарт байгаагүй гэж түүний хэлснийг баталж байна.
Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Сүмбэр боомтод аравдугаар сарын 6-ны үдээс өмнө ажиллаад Дорнод аймгийн төв рүү явсан. Нөмрөгийн Дархан цаазат газарт өмнө нь очиж үзээгүй” гэсэн байна. Нийгмийн сүлжээ гэдэг нэг талаараа мэдээлэл хүргэх түгээх нэг талбар болсон. Нөгөө талаасаа хэн, хаана, хэзээ, юу хийж явна вэ гэдгийг харах, хянах нэг албан бус “хяналтын цэг” болсон. Энэ жишгээр У.Отгонбаярын фэйсбүүк хуудсыг “ухаж үзсэн” юм. Түүний сошиал хуудаст оруулсан мэдээллээр “2026 оны аравдугаар сарын 3-нд Чингис хотод, 4-нд Баруун-Урт болон Шилийн богдод, 5-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд, 6-нд Халхгол, Сүмбэр боомтод, 7-нд Чойбалсан, 8-нд Улаанбаатарт байсан” гэдэг мэдээллүүд тухайн үйл явдлын зурагтайгаа нийтлэгдсэн байна. Нийгмийн сүлжээнд оруулсан мэдээллийг тухайн үед болсон үйл явдалтайгаа яаж холбогдож байна вэ гэдэг бас сонин.
Цахим хуудаст нь аравдугаар сарын 8-нд “Багш нарын төлөө хамтдаа” багш нарын зөвлөгөөнд оролцсон Сүхбаатар аймгийн ахмад багш нарын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ. Эрхэм багш нартаа сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн үгтэй зурагтай пост орсон байна. Энэ пост үнэхээр тухайн өдөрт болсон үйл явдал мөн үү гэдгийг бас хайв. “Багш нарын төлөө хамтдаа” ахмад багш нарын улсын зөвлөгөөн 2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан. Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд болон бусад албаны төлөөллүүд оролцсон бөгөөд боловсролын салбарын шинэчлэл, багш нарын нийгмийн баталгаа, 2027 оны улсын төсвийн төсөлд багш нарын цалинг нэмэгдүүлэхээр тусгасан асуудлуудыг хэлэлцсэн гэдэг мэдээлэл гарч ирж байна. Мөн аравдугаар сарын 8-нд Төрийн ордонд болсон ахмад багш нарын зөвлөгөөнд оролцсон аймаг, бүсийн ахмад багш нарын төлөөллийг хүлээж авч уулзсан баяр хүргэсэн мэдээлэл орон нутгаас сонгогдсон нэлээдгүй гишүүн оруулсан байна. Тэгэхээр Нөмрөгийн Дархан цаазат газарт түймэр гардаг өдөр Төрийн ордонд багш нарын уулзалт болсон байна.
Ер нь бол Дархан цаазат газарт гарсан түймэр хэнээс, юунаас болж гарсан, түүнээс болоод ямар хэмжээний хохирол учирсан зэргийг холбогдох байгууллагууд шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай. Шалгаж байгааг Хууль зүйн асуудал эрхэлсэн сайд нь ч хэлсэн байна. Төр анхаарал хандуулж, хууль хяналтын байгууллага асуудлыг уг суурийг олохоор ажиллаж эхлэхтэй зэрэгцээд “Мобиком” корпорац, ХХЕГ зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдлүүдийг ээлж дараалан гаргаж байна. Мобиком корпорац “Халхголын хилийн отрядын бүс заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн ажлыг хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцоод, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон", ХХЕГ “Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацын удирдлага, орон нутгийн иргэд болох нийт 13 хүнд 2026 оны аравдугаар сарын 06-08-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргасан хүсэлт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэж олгосон байна” гэсэн мэдэгдлийг хийсэн. Энэ нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм.
Нөгөөтэйгүүр олон нийтийг бухимдуулсан, хор хөнөөл бүхий уг үйл явдалтай улс төрийн зорилгоор УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг “нааж” холбох оролдлого байхыг үгүйсгэхээргүй нөхцөл харагдаж байгаа юм. Учир нь сүүлийн үед Монголын улстөр, хэвлэл мэдээлэл хоёрын сенсаац нь дийлдэхгүй болсон. Тиймээс, “УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг Дархан цаазат газарт гал түймэр тавьсан гэх асуудалд холбож байгаа нь шууд утгаараа сүүлийн үеийн улс төрийн өрнөлтэй холбоотой байх” гэх таамгийг улс төрийн хүрээнийхэн хийж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт байсан У.Отгонбаярыг “Дорнодод түймэр тавьсан” гэтлээ улс төр улайсжээ. Гэтэл зөвхөн УИХ-ын гишүүн У.Отгонбаяр гэлтгүй энэ мэтээр улс төрийн зорилгоор хэн нэгэн рүү чиглэж, онилсон худал мэдээлэл нь явсаар нийгэм, ардчилалл хамгийн их сөрөг нөлөө үзүүлдгийг хэн хүнгүй л мэднэ.
Ерөөс энэ мэт мэдээллийг улс төрийн ашиг хонжоо олох, эсвэл нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор зориуд зохиодог. Үнэн байдлыг контекстоос нь салгаж, мушгин гуйвуулж улстөржүүлнэ. Өрсөлдөгч улстөрч, эсвэл намын нэр хүндэд халдаж, рейтингийг нь унагах зорилгоор зохиож цацдаг. Нийгэмд үзүүлдэг хор уршиг нь улс төрийн явцуу ашиг сонирхлын үүднээс иргэдийг үзэл бодлоор нь талцуулах, үзэн ядалтыг өдөөхөд оршино. Ийм маягийн улстөржилт хэтэрвэл нийгэм, эдийн засаг, төрийн албаны тогтвортой байдалд маш ноцтой сөрөг үр дагаврууд гардаг. Тиймээс уншигч, үзэгчид мэдээллийн эх сурвалжийг нягталдаг, баримтыг шалгадаг соёлд суралцах шаардлага тавигдаад байна. Үүнийг дагаад хараат бус сэтгүүл зүйн асуудал хөндөгдөнө. Ийм үед улс төрийн нөлөөллөөс ангид, зөвхөн баримтад суурилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих нийгмийн хэрэгцээ үүсдэг. Өнөөдөр Монголд яг л тийм үе ирээд байна. Мөн Монгол Улс сошиал медиа платформууд дээрх хуурамч хаяг, тролл багуудыг илрүүлж, устгах алгоритмыг сайжруулах шаардлагатай гэдгийг л сануулаад байна гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 196 (7937)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn