Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

43 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НАНДИН

 

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд байна. Есдүгээр сарын 23–25-нд болсон айлчлалын үеэр тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трамптай Вашингтонд уулзжээ. Худалдаа, хиймэл оюун ухаан, Тайвань, Ираны асуудал уулзалтын өмнөх гол сэдэв байв. Хоёр тал харилцаагаа тогтвортой байлгах хүсэлтэйгээ илэрхийлсэн бол олон улсын хэвлэлүүд айлчлалын үйл явдал, хэлэлцээний үр дүнг өөр өөр өнцгөөс мэдээлж байна. Тэдний онцолсон асуудлуудыг тоймлон хүргэе.

 

Трамп нисэх буудалд биечлэн тосов

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нарыг Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Эндрюсийн агаарын баазад биечлэн угтан авсан. АНУ-ын ерөнхийлөгч гадаадын төрийн тэргүүнийг нисэх буудалд тосох нь айлчлал бүрийн ердийн хөтөлбөр биш. The Wall Street Journal үүнийг айлчлалд өгч буй онцгой ач холбогдлын илэрхийлэл хэмээн онцолсон байна.

Маргааш нь Цагаан ордонд албан ёсны угтах ёслол болж, цэргийн жагсаал, хөгжмийн тоглолт, нисэх хүчний үзүүлбэр зохион байгуулжээ. Олон улсын хэвлэлүүд ёслолын сүр жавхланг мэдээлэхийн зэрэгцээ уулзалтын агуулгад анхаарлаа хандуулж байлаа. Хоёр удирдагчийн хэлэлцээ худалдаа, технологи, олон улсын аюулгүй байдлын асуудалд ямар ахиц авчрах вэ гэсэн асуулт айлчлалын гол өнцөг байв.

Associated Press агентлагийн тэмдэглэснээр АНУ, Хятадын худалдаа, технологийн өрсөлдөөн үргэлжилж байх үед Ши Жиньпин Вашингтонд ирсэн нь хоёр орны удирдагчид шууд уулзаж, харилцах сувгаа нээлттэй байлгахад хамгийн чухал алхам болсон хэмээн дүгнэжээ. Гэхдээ хэлэлцээ хэр нээлттэй болсон гэдэг анхаарал татсан сэдэв байлаа.

 

Хэлэлцээний ширээн дээр юу байсан бэ?

 

Financial Times-ийн мэдээлснээр Ши Жиньпиний хамгийн ойрын зорилго нь өнгөрсөн онд Пусанд тохирсон худалдааны түр эвлэрлийг сунгах явдал байсан хэмээн мэдээлжээ. Тохиролцооны хугацаа арваннэгдүгээр сард дуусна. Хэрэв сунгаж чадахгүй бол тариф, экспортын хязгаарлалтын маргаан дахин хурцдах эрсдэлтэй. Мөн Хятадууд шар буурцаг, Boeing-ийн 200 онгоц худалдан авах асуудал, хиймэл оюун ухааны аюулгүй байдал, Тайвань, Иран уулзалтын өмнөх хүлээлтэд багтаж байв.

Америкийн тал Хятадад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ илүү их борлуулах, газрын ховор элементийн нийлүүлэлтийг найдвартай болгохыг хүсэж байв. Харин Associated Press өмнөх уулзалтаар зарласан худалдааны амлалтууд бодит байдалд биелээгүй болохыг сануулжээ. Ялангуяа, Хятадын тал Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах амлалт маш эргэлзээтэй байсан бөгөөд өмнө яригдсан 200 Boeing онгоцны худалдан авалт ч бодит захиалга болоогүй нь энгэ удаагийн уулзалтын уур амьсгалд тодорхой хэмжээнд нөлөөлсөн хэмээн дүгнэжээ.

Хиймэл оюун ухаан уулзалтын өөр нэг чухал сэдэв байв. “Ройтерс” агентлаг өндөр хүчин чадалтай чипийн экспорт, технологийг хуулбарласан гэх маргаан, хиймэл оюун ухааныг цэрэг, аюулгүй байдлын салбарт ашиглах эрсдэлийг онцолсон. Хоёр улс энэ технологид тэргүүлэхээр өрсөлдөж байгаа ч аюултай нөхцөл үүсвэл хоорондоо шууд харилцах механизм хэрэгтэй гэсэн яриа мөн өрнөж байжээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар биечлэн уулзаж байгаагийнх Тайванийг хэрхэх бол гэсэн хүлээлт уулзалтын гол сэдэв байсан нь тодорхой. Тэгвэл энэ асуудал төдийлөн ахицтай бус, эмзэг хэвээр үлдлээ. Энэ талаар “Ройтерс” агентлаг уулзалтын өмнө Ши Жиньпин АНУ-ын Тайваньд зэвсэг худалдах асуудлыг хөндөнө гэж мэдээлсэн. Бээжин үүнийг хоёр орны харилцааны хамгийн чухал маргаануудын нэг гэж үздэг бөгөөд үүн дээр Ираны асуудал ч нэмэгдээд байгаа. Гэхдээ эдгээр сэдвээр нэг удаагийн хэлэлцээнээс том өөрчлөлт гарна гэсэн хүлээлт багатай болж өнгөрснийг Ройтерс онцолжээ.

 

Музейн үзмэрээс технологийн салбарын зочидтой төрийн зоог хүртэл

 

Хоёр орны ерөнхийлөгч нараас гадна тэргүүн хатагтай нарын ойр дотно уулзалтууд хэвлэлийн гол сэдвийн нэг байлаа. Тухайлбал, Меланиа Трамп, Пэн Лиюань нар Смитсоны Азийн урлагийн үндэсний музейд хамт зочилж, Хятадын эртний хаш чулуун эдлэл, Цяньлуны үеийн шаазан ваар болон Америкийн зураач Жеймс Уистлерийн бүтээсэн Peacock Room-ийг үзжээ. Хөтөлбөрийн төгсгөлд хүүхдийн найрал дуу тоглосон байна. Меланиа Трамп айлчлалын дараа урлаг, соёл хүмүүсийг хил дамнан холбодог тухай мэдэгдэв. Харин хоёр тэргүүн хатагтай хоорондоо яг юу ярилцсаныг нийтэд дэлгэрэнгүй мэдээлээгүй.

Тэр орой Цагаан ордонд болсон төрийн зоогийн зочдын жагсаалт ч хэвлэлүүдийн анхааралд байлаа. “Ройтерс” агентлагийн урьдчилсан мэдээлэлд Amazon, Google, OpenAI, Apple, Tesla, Nvidia зэрэг компанийн удирдлагууд уригдсаныг дурдсан. Хиймэл оюун ухаан, чипийн асуудал хоёр улсын хэлэлцээний сэдэв болж буй үед технологийн салбарынхныг зоогт урьсан нь айлчлалын сонирхолтой деталь байв. Сүүлийн өдөр хоёр хос Цагаан ордонд цай уусны дараа АНУ-ын Үндэсний архивт хамт зочилж, айлчлалаа өндөрлүүлжээ.

 

Айлчлалыг хоёр тал үр дүнтэй хэмээн дүгнэжээ

 

БНХАУ-ын төрийн тэргүүний олон жилийн дараах айлчлалыг Цагаан ордон үр дүнтэй болсныг онцолж, Дональд Трамп Америкийн фермерүүдэд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байгаагаа илэрхийлсэн. Харин Хятадын Гадаад хэргийн яам хоёр тал худалдааны чиглэлээр харилцан ашигтай үр дүнд хүрснийг онцолжээ. Мөн харилцаагаа харилцан хүндэтгэл, шударга байдал, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан тогтвортой хөгжүүлэх тухай байр сууриа илэрхийлсэн байна.

Олон улсын хэвлэлүүд уулзалтыг зөвхөн гэрээний тоогоор хэмжихгүй байна. Associated Press агентлагийн онцолсноор хоёр улс худалдаа, технологи болон олон улсын асуудлаар санал зөрөлдсөн хэвээр байгаа ч удирдагчид нь шууд уулзаж, яриа хэлэлцээг үргэлжлүүлж буй нь чухал үйл явдал юм. Financial Times ч харилцааны тогтвортой байдлыг хадгалах нь Хятадын талын гол зорилгуудын нэг байсныг тэмдэглэсэн. Харин худалдааны тохиролцооны нарийвчилсан нөхцөл, тухайлбал худалдан авалтын хэмжээ, хэрэгжих хугацаа болон тарифын түр тохиролцооны цаашдын хувь заяа хараахан бүрэн тодорхой болоогүйг хэвлэлүүд онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 182 (7924)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч, тэргүүлэгч компаниуд хүртэл хүндрэлтэй нөхцөл байдлыг д

43 мин
Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д төрийн айлчлал хийсэн

43 мин
Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны “Асуулгын цаг”-т Ерөнхий сайд Н.Учрал “Төрөө хямралаас гаргасан

43 мин
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

“Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 174 тэрбум төгрөгийн өртэй. Өдгөө, тэрээр Хөгжлийн банкнаас дээрх зээлийг ямар аргаар, яаж авсныг одоо ярих

43 мин
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

2026-09-25
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Чуулганы

2026-09-25
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож,

2026-09-25
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

2026-09-24
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

2026-09-24
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

2026-09-24