Б.ГАРЬД
Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өнгөрсөн хавар Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газрыг байгуулахаас эхэлсэн байдаг. Удалгүй энэ талаар Төрийн ордонд УИХ-ын нэр бүхий гишүүд “Баян-Өлгийд Консулын газрыг байгуулах нь зөв, буруу” гээд маргаж эхэлсэн. Улмаар, өмнө нь удаан хугацаанд яригдаж байсан казах иргэдтэй холбоотой “Монгол хэлээр ярьдаггүй”, “Булш бунхнаа өвөлжөө хаваржаа, түүхийн дурсгалт газар зэрэгт босгодог”, “Нутаг усны нэрийг дураараа өөрчилдөг”, “Төрийн алба нь жинхнээсээ төрлийн алба болсон”, үндсэндээ Баян-Өлгий аймагт Монгол Улсын хууль үйлчлэхээ больсон тухай шүүмжлэлээр үргэлжилсэн. Угтаа, энэ нь ялгаварлан гадуурхалт биш шүүмжлэл байв. Энэ талаар тус нутгийн казах биш иргэд нэлээд ярьснаас гадна, урлаг спортын алдартнууд ч шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн. Тухайлбал, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Гэнэт л казахууд даварч, заналхийлж байгаа юм биш ээ. Бүр Ю.Цэдэнбалын үед нутгийн уугуул урианхай, хотон, дөрвөд иргэдийг хавчиж хамгийн муу ажил хийлгэх, цалин хөлсийг дутуу өгөх, хүүхдүүдийг нь их дээд сургууль техникумд явуулахгүй зэргээс болж нутгийн иргэд бослого гаргаж буугаа үүрч “Ингэж төрсөн нутаг дээрээ амьдарсанаас амиа сольё” гэж үймсэн байдаг. Ингээд намын төв хорооноос Бугын Дэжид дарга нисдэг тэргээр яаралтай ирж сумд, аймгийн дарга нарыг халж оронд нь монгол дарга тавьж, сумдад захиргааны дарга казах бол намын даргыг монгол хүнээр гэх мэтээр сөөлжиж тавьдаг болсон. Тэр үеийн бодлогоор баруун талаас хамгийн зүүн хэсэгт казахуудыг хүчээр байршуулсан. Бас Монгол Улсын бүх уурхайд илгээлтээр ажиллуулсан. Энэ нь нягтаршил багасгаж тухайн үедээ асуудлыг дарсан байдаг. Одоо дахин сэргэж Монголын газар нутгийг дангаар эзэмших автономит улс болох салан тусгаарлах үйл ажиллагаа идвэхижлээ. Үүнд булш бунханаа хаа сайгүй байрлуулж, нутгийн ард монголчуудыг хавчиж нүүлгэх болоод удлаа. Казахын нутаг мэт харагдуулах хуурамч түүх зохиох, гудамж талбайг нэрлэх, сургуульд казах хэлээр хичээл орох, казах багш заах нь монгол хүүхэд сурах нөхцөл хүндрэх хавчих, ажил албанд монгол хүнийг авахгүй байх, казахаар олонх бүрдүүлэх, төрийн үйлчилгээ авахад Монгол нутаг дээрээ хэлний бэрхшээл үүсэх, лоббидож хүн амын дөрвөн хувь нь казахууд амьдардаг нэг аймгаас дөрвөн гишүүн, тэр нь казах хүн сонгох бодлого барьжээ. Одоо Казах улс гэж ил тодоор ярьцгааж байна, бүр Монгол Улсын Ерөнхийлөгчид шүү” гэж нүүр хуудсандаа бичсэн байна. Мөн Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын аварга О.Хангай “Монгол төр минь Баян-Өлгий аймагт амьдарч байгаа урианхай, тува иргэдээ анхаарах цаг нь болсон байх аа. Тэдний амьдарч байгаа орчин нөхцөл, санаа бодлыг олон нийтэд хүргэх сэтгүүлчид алга уу. Малын бэлчээр, өвөлжөө, хаваржааны газар,сумын төв шиг энэ тэндгүй хашаалсан бунхан шарилыг цэгцлэх цаг болсон байх аа. Урианхай,тува, дөрвөд иргэдээ тухайн сум аймгийн Тамгын газар, ажлын байраар хангаж ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлье. Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс,нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг. Хохирогчийн дүрд тоглоод, Баян-Өлгий аймагт хаан шиг амьдарч байгаа нөхдүүдэд, үе удмаараа ялгаварлан гадуурхагдаж, дээрэлхүүлж байгаа урианхай, тува,дөрвөд иргэдээ хамгаалж, амьдрах орчин нөхцлийг нь сайжруулъя” гэсэн байдаг.
Ийн, багагүй хугацаанд өрнөсөн Баян-Өлгий аймгийн иргэдтэй холбоотой маргааныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус аймагт очиж байж нэг тийш болголоо. Тэрээр Баян-Өлгий аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нартай уулзаж “Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш. Мэдээж өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлынхаа хойчийг хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Уул ус, газар нутаг, засаг захиргааны нэр бол хэн нэгний дур зоргоор өөрчилдөг зүйл биш. Улс орны эв нэгдэлд төрийн түшээдээс эхлээд иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага маш чухал. Нутаг ус, гарал үүсэл, танил талаараа төрийн албыг хашиж, намын харьяаллаар гадуурхаж болохгүй. Эцэст нь хэлэхэд, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоохыг Төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. Эс тэгвээс төрийн хууль таныг дуудах болно” гэв. Ерөнхийлөгч энэ үүрэг, даалгаврынхаа биелэлтэд онцгой анхаарахаа хэлсэн байна. Мөн, энэ хүрээнд аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох газруудтай хамтран ажиллахыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга A.Бямбажаргалд үүрэг болгожээ.
Мөн Ерөнхийлөгч “Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой. Иргэн бүр ч мөн адил хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулах учиртай” гэжээ. Үүнийн сануулахын учир нь, Баян-Өлгий аймагтай холбоотой өрнөсөн асуудалд төрийн түшээдийн буруу оролцоо бас бий. Тиймээс Баян-Өлгийтэй холбоотой өрнөсөн маргааныг өрдөж дэвэргэсэн төрийн түшээдтэй хариуцлага ярих учиртай. Тэр тусмаа Т.Аубакирыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас үтэр түргэн огцруулах ёстой. Уг нь, Т.Аубакир бол Баян-Өлгий аймгийн биш Монгол Улсын сайд юм. Гэтэл тэрээр дээрх маргаанд тос асгаж, гол дүрд нь тоглож өрдөхдөө Ерөнхийлөгчийн хэлж анхааруулсанчлан “үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулсан” гэж хэлэхэд болно. Тухайлбал, Т.Аубакир Казахстаны Консулын газрын талаар “Баян-Өлгий аймагт Казахстан улсын Консулын газар байгуулах асуудал нь хоёр улсын Ерөнхийлөгчийн хэмжээнд яригдсан асуудал” гээд “Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын газар нээх нь хэвийн үзэгдэл. Хүн ам зүйн бодлогын сайдын хувьд хэлэхэд хүн амын селекцийг маш зөв зүйл гэж бодож байна. 100 мянган хүн нэг нэгнээсээ эхнэр хүүхэд аваад байвал юу болох юм бэ. Тэгээд ч Казахстан улсын зарим иргэн амьдарч байгаа аймаг дээрээ Консулын газар байгуулахад нь юу нь болохгүй байх вэ. Консул гэдэг чинь өөрийнхөө улсын иргэдэд үйлчилдэг байгууллага шүү дээ. Монгол Улсын консулын газар Эрээнд, Хөх хотод ажиллаж байгаатай адил учраас гайхах шаардлагагүй” гэсэн. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт тохоогдсон Т.Аубакир нь ийм байдлаар сүүлийн үед яамныхаа зорилго, чиг үүргээс гажууд зүйлийг ярьж, Баян-Өлгий аймагтай холбоотой маргаанд талцал үүсгэж, тус яамны сайд байтугай монгол хэл, газар нутгийн нэр өөрчилсөн зэрэг асуудлаар Монгол төрийн түшээ байхад хэцүү зүйлүүдийг удаа дараа ярьсан. Гэтэл тус яам нь гэр бүл, хүн амын хөгжил, хөдөлмөр, нийгмийн хамгааллын харилцан уялдаатай цогц бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх замаар хүний хөгжлийг хангах зорилготой. Иргэн бүр зохистой хөдөлмөр эрхлэх, нийгмийн хамгааллын үр өгөөжийг хүртэх, хүн төвтэй, гэр бүлд суурилсан тогтвортой, ухаалаг нийгмийн хамгааллын тогтолцоог төлөвшүүлэх замаар хүний хөгжлийг хангах чиг үүрэгтэй юм. Тиймээс, Т.Аубакир огцрох ёстой!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 174 (7916)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn