Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

2026-08-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг баяр наадмаас хойшх шатахууны хомсдол, үнийн өсөлт, ШТС-д дугаарласан өдрүүдээс харагдлаа. “Шатахуун ба Монгол Улс”-ын түүхээс харахад, монголчууд бид 100 гаруй жилийн өмнө шатахуун хэрэглэж эхэлжээ. Өнөөг хүртэлх энэ бүх хугацаанд шатахуунаа Оросоос л хангасаар ирсэн байна. Анх 1920-иод онд тухайн үеийн Зөвлөлтийн тусламжаар болгож, 1940-1990-ээд оныг хүртэл ЗСБНХУ-аас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй нөхцөлөөр “тогтвортой” авч байжээ. Улмаар 1990-ээд оноос хойш ч ОХУ-аас авсан хэвээрээ, харин 1990-ээд оны дунд үеэс хувийн компаниуд Монгол Улсдаа шатахуун нийлүүлэх үүрэгтэйгээр бизнес хийж эхэлсэн. 2000-аад оны дунд үе гэхэд өнөөдрийн шатахуун импортлогчид үндсэндээ 100 хувь ОХУ-аас шатахуун авчирч жижиглэн зардаг болсон. Гэхдээ шатахуун импортлогчид үе үеийн Засгийн газарт “эрхэлж” ирсэн. “Шатахуунаа таслахгүйн тулд ингэмээр байна” гэдэг шаардлага байнга тавьж, тэр бүгдийг тухайн үеийн Засгийн газар нь чадах ядахаараа шийдэж ирсэн байдаг. Эцэст нь, тэдний тавьдаг төрөл бүрийн шаардлагыг гүйцэлдүүлэхийн тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс тэдэнд татаас өгдөг. Баримтуудыг ухаж, дүнг нь бодвол тоймгүй тоо гарна. Өнөөдөр Монголд шатахуун импортлох зөвшөөрөлтэй 120 гаруй компани байдаг. Гэхдээ үүний 10 хувь нь буюу 12-14 орчим нь импортын үйл ажиллагаагаа таслахгүй явуулж байна. Гэвч энэ нь наадах мэдээлэл гэхэд болно. Нарийндаа, Монголын шатахууны импортын бизнес 2-3 хүний гарт байдаг. Компани биш хүн шүү. Сая баяр наадмын үеэр АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Сарын нөөц байгаа, санаа зоволтгүй” гэж байсан. Гэтэл баяр наадам дуусаагүй байхад шатахуун гэнэт тасарсан. Монголчууд явж байсан газартаа шууд ШТС-д дугаарласан. Тэгж эхэлснээс хойш  сар илүү хонож байна. Тэгэхээр “Тэр 30 хоногийн нөөц хаачив” гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Ингээд асуухаар шатахуун импортлогчид нөөцийн сав яриад төр, засгийн амыг хаачихаж байгаа харагдана лээ. Уг нь, шатахууны импортын тусгай зөвшөөрлийг хэн нэгэн компанийн гэрчилгээ барьсан юу ч үгүй хүнд өгдөггүй хуультай. Тусгай зөвшөөрлийн шаардлагад агуулахтай байхыг заасан. Гэвч 4-5 жилийн өмнө томоохон компаниудын том гэсэн агуулахуудыг тив дэлхийд зартай манай нөгөө “нефтийн магнат” худалдаад авчихсан. Тэр цагаас хойш Монгол Улсын шатахууны нөөц цаасан дээр 30 хоног гэдэг ч “нефтийн магнат” агуулахаа хаавал нэг ч өдрийн нөөцгүй болдог болчихсон юм. Үүнийг шатахуун импортлогчид ил хэлж чаддаггүйд гол учир бий. Үндсэндээ, баяр наадмын өмнөх 30 хоногийн нөөц “нефтийн магнат”-ын агуулахад дарагдаж, түүнээс бо­лоод хомсдол үүсэхэд АИ92-ын үнэ хоёр удаа нэмэгдсээр 500-аар өссөн. Нэгэнт, шатахуун импортлогчдын энэ хэт давралыг мэдсэн Засгийн газар Дорноговь дахь нефтийн үйлдвэрийг гялс ашиглалтад оруулах гээд зүтгэчих шиг боллоо. Гэхдээ энэ дээр жаахан бодолтой хандах хэрэгтэй. Арайхийж ашиглалтад оруулсан ч Дорнодоос Дорноговь руу түүхий нефть урсгаж, түүгээрээ АИ92 хийгээд Монголоо хангана гэдэг боломж муутай. Бараг л бүтэхгүй гэдгийг үйлдвэрийн бүтэц, бүтээмж, технологи, түүхий эдийн нөөц хангамжийн талаар мэддэг хүмүүс нь эртнээс хэлсэн. Тэгэхээр “Монгол Улс Оро­соос шатахуун импортолдог байдлаа халъя” гэх нь өнөөдөртөө эрсдэлтэй. Түүний оронд шатахууны импорт дээр шазайтал “таргалаад”, түүндээ эрдэж бялуурсан хэдэн импорлогчоо эх оронч байлгах “сургалт” хийж анхаарвал зохилтой. Яг үнэндээ үүнд, улс төр, эдийн засгийн асуудлаасаа болоод үе дамжих хэмжээний өс зангидсан 2-3 импортлогч, шатахууны импортоор шатар шиг нүүж, мөнгө хийдэг “нефтийн магнат” зэрэг хэдхэн хүнд хазаар хэрэгтэй болжээ. Тиймээс намрын чуулган эхлэхээр шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүж, үүний цаадах үнэнийг мэдэх учиртай болж байна. Угаасаа, УИХ-ын аль ч намын гишүүд шатахууны импортоор сонсгол санаачлах, зохион байгуулах эрхтэй. Тэгж чадсан гишүүний хувьд УИХ-д  суусан дөрвөн жилийнх нь хамгийн том, хамгийн сайн ажил болж үлдэнэ. Учир нь, шатахуун тасрахгүй байх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, монгол хүний үндсэн эрхээрээ амьдрах хамгийн том баталгаа юм байна. Үүнийг төр ч, иргэд ч мэдлээ, мэдэрлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 155 (7897)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21