Ц.МЯГМАРБАЯР
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж Ногоон бүсийг албан ёсоор нээлээ. Ногоон бүс бол иргэд, малчин ард түмэн СОР17-д дуу хоолойгоо чөлөөтэй хүргэх талбар юм.
Ногоон бүсийн нээлтэд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хэлсэн үгэндээ “СОР17-гийн үр дүн бодитоор хэрэгжиж, шийдлийг бодит ажил болгоход Ногоон бүс чухал үүрэгтэй. Энэ бүс мэдлэгийг үйл ажиллагаатай, санаачилгыг түншүүдтэй, хөрөнгө оруулалтыг үр дүнд хүргэх талбар болох юм. СОР17-гийн үеэр есөн сэдэвчилсэн өдрийг зохион байгуулж, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүнс, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн шийдлийг танилцуулна. Хэрэгжүүлэх сайн туршлага бий болгох, шинэ түнштэй холбогдох, дэмжихүйц төсөл хөтөлбөр санаачилгыг бий болгох гэсэн гурван үр дүнг хүлээж байна. Энэ нь хурлын дараах хамтын ажиллагааны эхлэл болох ёстой. Монгол Улс газрын доройтол, цөлжилт, ган гачгийн сорилтыг хамгийн их мэдэрч буй орон. Хүн ард нь нүүдлийн соёлоо олон зуун жил уламжилж ирсэн мэдлэг туршлагатай. Малчдыг зөвхөн газрын доройтлын үр дагаварт өртөгсөд бус уламжлалт мал аж ахуйг дээдлэгч, өв уламжлалаа тээгчид гэж үздэг” гэсэн юм.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир СОР17 -ын олон улсын бага хуралд зориулан хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
-Тэрээр илтгэлийнхээ эхэнд Монгол Улс UNCCD COP17-ыг зохион байгуулах бэлтгэлээ бүрэн хангаж, олон улсын төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн болсноо мэдэгдсэн юм. COP17 нь цөлжилт, газрын доройтол, ган, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, бодит шийдэл, хөрөнгө оруулалт, түншлэлийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Зохион байгуулагч орны хувьд Монгол Улс талуудын хүртээмжтэй оролцоо, зөвшилцөлд тулгуурласан хэлэлцээг дэмжиж, хурлын шийдвэрүүдийг бодит үйл ажиллагаанд шилжүүлэхийг зорьж байна. Үүнд доройтсон газрыг нөхөн сэргээх, бэлчээр, хөрсийг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд төр, хувийн хэвшил, олон улсын болон санхүүгийн байгууллагуудын хамтын оролцоог чухалчилжээ. Монголын хувьд энэ асуудал нэн тулгамдсан. Нийт нутаг дэвсгэрийн бараг 77 хувь нь доройтсон. Мал аж ахуй нь гурван хүн тутмын нэгийн амьжиргаатай холбоотой. 2023–2024 оны ган, зудын улмаас 7.0 сая гаруй мал хорогдсон нь хуурай бүс нутгийн иргэдийн эмзэг байдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна гэлээ.
Ганд тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх талаар
- Риядын COP16-ын үеэр гаргасан ахиц дэвшилд тулгуурлан COP17-ын хүрээнд улс орнууд гангийн эсрэг урьдчилан сэргийлэх бодлого, эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, эмзэг байдлын үнэлгээ, санхүүжилт болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдрийн байдлаар 70 гаруй улс үндэсний гангийн төлөвлөгөөтэй болсон нь 2013 оны гуравхан улстай харьцуулахад томоохон ахиц юм. Мөн ганд тэсвэрлэх чадварт оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт 10 хүртэлх ам.долларын өгөөж, байгальд түшиглэсэн зарим шийдэл 27 дахин их үр өгөөж бий болгох боломжтой. COP17-ын үеэр гангийн бэлэн байдал, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх шинэ санхүүжилтийн механизм, олон улсын түншлэл, практик хэрэгслүүдийг танилцуулана. “COP17-ын үр дүн нь зөвхөн хэлэлцэн тохирсон шийдвэрээр хязгаарлагдахгүй, харин бодит үйл ажиллагаа, илүү их хөрөнгө оруулалт, хүчтэй түншлэл болж хэрэгжих ёстой. Үүний үр дүнд газрын доройтлыг зогсоож, бууруулан эргүүлж, бэлчээр болон хөрсийг хамгаалж, доройтсон газрыг нөхөн сэргээж, цөлжилттэй тэмцэх шаардлагатай. Үүнд засгийн газар, хувийн хэвшил, олон улсын байгууллага, санхүүгийн байгууллагуудын идэвхтэй оролцоо зайлшгүй. COP17 нь цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чухал алхам болно гэдэгт би итгэлтэй байна гэв.
Газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ
-Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь COP17-ын тэргүүлэх чиглэлийн нэг байна. Газрын доройтол, гантай тэмцэхэд дэлхийд жил бүр 355 тэрбум ам.доллар шаардлагатай ч одоогоор 77 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 278 тэрбум ам.долларын санхүүжилтийн зөрүү үүсээд байна. Үүний зэрэгцээ хувийн хэвшил нийт санхүүжилтийн ердөө зургаа орчим хувийг бүрдүүлж байгаа юм. Иймээс COP17-оор шинэ санхүүжилтийн эх үүсвэр бий болгох, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх арга замыг хэлэлцэнэ. Мөн хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх “Business4Land” зэрэг санаачилгын ахиц дэвшлийг танилцуулах юм. Найм дугаар сарын 24-ний Business for Land форумд засгийн газар, бизнес, хөрөнгө оруулагчид цуглаж, нөхөн сэргээгдэх ландшафт дахь хувийн хэвшлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлнэ. Нөхөн сэргээгдэх ландшафтын үйл ажиллагааны хөтөлбөрт оролцож буй байгууллагууд 210 сая гаруй га талбайд 9.0 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө оруулалт хийхээ хэдийн амласан бөгөөд цаашдын хөрөнгө оруулалтыг нээхэд чиглэсэн шинэ бодлогын зөвлөмжийг мөн энэ үеэр танилцуулна.
Бэлчээрийн асуудлыг хэлэлцүүлгийн төвд нь авч үзнэ
-Бэлчээр ба малчдын олон улсын жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй COP17 нь дэлхийн хамгийн том хэдий ч хамгийн бага анхаарал татдаг экосистемийн нэгийг олон улсын хэлэлцүүлгийн төвд авчирна. Бэлчээр нь дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум орчим хүний амьжиргааг дэмждэг бөгөөд үүний дотор олон мянган жилийн турш бэлчээр нутгаа хамгаалан ашиглаж ирсэн ойролцоогоор 500 сая малчин бий.
Бэлчээр нь дэлхийн хүнсний зургааны нэгийг үйлдвэрлэж, малын тэжээлийн ойролцоогоор 70 хувийг бүрдүүлдэг. Энэ нь зөвхөн мал бэлчээх газар бус, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвар, хуурай бүс нутгийн амьжиргааны суурь болсон стратегийн экосистем юм. Гэвч дэлхийн бэлчээрийн тал хүртэлх хувь нь аль хэдийн доройтсон буюу эрсдэлд орсон бөгөөд тэдгээрийн 78 хувь нь ган, уур амьсгалын өөрчлөлт, газрын тогтворгүй ашиглалтаас үүдэн дарамт нэмэгдэж буй хуурай бүс нутагт оршдог. Засгийн газрууд бэлчээр болон малчдын талаарх шинэ бодлогын хүрээг хэлэлцэж, тогтвортой бэлчээрийн менежментэд урт хугацааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг бэхжүүлэхэд чиглэсэн дэлхийн түншлэл болох Rangelands Flagship Initiative-ийг эхлүүлэхээр төлөвлөж байна.
COP17-ын нээлт мөн Евразийн олон орноор аялсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Торгоны замын цувааны аялал өндөрлөж буйг тэмдэглэнэ. Тус аялал нь засгийн газар, эрдэмтэн судлаач, малчин, орон нутгийн иргэд, залуусыг нэгтгэн газрын нөхөн сэргээлт, тогтвортой бэлчээрийн менежмент, гангийн тэсвэрлэх чадварын талаарх мэдлэг солилцож, практик арга барилыг танилцуулсан. Торгоны замын түүхэн маршрутын дагуу аялсан цуваа газрын нөхөн сэргээлтийн төсөл, малчин иргэдийн амьдралтай танилцаж, доройтсон газрыг сэргээн сайжруулж буй хүмүүсийн туршлага, бодит шийдлийг онцолсон. COP17-ын өмнө Монгол Улсад хүрэлцэн ирсэн нь Улаанбаатар хотноо эхэлсэн дэлхийн хэлэлцүүлэгтэй орон нутгийн үйл ажиллагааг бэлгэдлийн утгаар холбож, бэлчээр ба малчдын олон улсын жилийн гол санаачилгын нэг болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 154 (7896)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn