Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

58 мин
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгийн том булшнууд байдаг. Орхоны хөндий нь Хүннүгээс эхлээд Түрэг, Уйгур, Их Монгол Улс хүртэл олон төр улсын төв болж ирсэн. Архангай аймгийн нутагт орших Гол мод хэмээх дурсгал нь Хүннүгийн хамгийн том язгууртны оршуулгын цогцолборуудын нэг юм.  Ийм үндэслэл байдаг учраас “Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ” хэмээн Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ өөрийн бэлгэдэл  болгон сийлжээ.

Монголын үндэсний бөхийн ууган дэвжээ болох Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойгоо эх нутагтаа өргөн дэлгэр тэмдэглэв. Хоёр өдөр үргэлжилсэн ойн баяр Архангай аймгийн “Ара” цогцолборт болж, хүчит бөхийн барилдаан, сур, шагай, морин спортын тэмцээнүүд, хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолтоор үргэлжилсэн юм.

Ойн баярын эхний өдөр болсон баярын хурлаар тус дэвжээний тэргүүн, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн асан, Архангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ж.Мөнхбат өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Үүний дараа тэрээр дэвжээний тэргүүний үүргийг Жаргалант сумын харьяат, УИХ-ын гишүүн Н.Алтаншагайд албан ёсоор шилжүүлэн өглөө. Н.Алтаншагай нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Бөхбилэгт” дэвжээний дэд тэргүүнээр ажиллаж байсан юм.

 

“Бөх-Эрдэнэ” клуб нэрээр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ, тамгаа авч байжээ”

Өдгөө 30 жилийн түүхтэй болсон тус дэвжээний үндэс суурь 1996 онд тавигджээ. Тухайн үед улсын заан Д.Хишигдорж, улсын заан (өдгөөгийн дархан аварга) Г.Өсөхбаяр, Монголбанкны ажилтан Т.Халтар нарын санаачилгаар Архангай аймгийн бөхчүүдийг нэгтгэсэн дэвжээ байгуулахаар шийдвэрлэж, 1996 оны арваннэгдүгээр сарын 16-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимд анхны хурлаа хийсэн түүхтэй. Ингэж “Бөх-Эрдэнэ” клуб нэрээр улсын бүртгэлд бүртгүүлж, анхны гэрчилгээ, тамгаа гардан авч байжээ.Баярын хуралд тус дэвжээний үүсгэн байгуулагчид болон үе үеийн удирдлагууд, бөхийн зүтгэлтнүүд өргөн бүрэлдэхүүнээр оролцов. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, анхны багш улсын заан Д.Хишигдорж, Ч.Гочоосүрэн, анхны Удирдах зөвлөлийн гишүүд болох УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, Д.Ганхуяг, Монгол Улсын гавьяат ажилтан Ш.Норовсамбуу, 2006 онд дэвжээг шинэчлэн зохион байгуулж “Бөхбилэгт” нэртэй болгосны дараах анхны тэргүүн С.Нямдаваа, 2016-2026 онд тэргүүнээр ажилласан Ж.Мөнхбат, шинээр сонгогдсон тэргүүн Н.Алтаншагай, гүйцэтгэх захирал Нам.Алтаншагай, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчид болон улс, аймаг, сумын цолтой олон бөх хүрэлцэн иржээ.Хүндэтгэлийн хурлын үеэр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд дурсгалын зүйл гардуулж, хамтын дурсгалын зураг татуулсан юм.

 

140 улсын цолтон төрүүлжээ

Мөн түүхт 30 жилийн ойдоо зориулан “Арын Хангайн хүчтэнүүд – Бөхбилэгт 30 жил” хэмээх номыг бүтээж, нутгийн зон олондоо өргөн барилаа. Уг номд Архангай нутгийн бөхийн түүх, үе үеийн алдарт хүчтэнүүд, “Бөхбилэгт” дэвжээний хөгжил, амжилтыг багтаасан байна. Архангай аймаг өнөөдрийн байдлаар улсын аварга тав, улсын арслан 14, улсын гарди хоёр, улсын заан 36, улсын харцага 11, улсын начин 72 буюу нийт 140 улсын цолтон төрүүлээд байгаа нь Монгол Улсын хэмжээнд улсын цолтой бөхийн тоогоороо хол тасархай тэргүүлдэг үзүүлэлт юм.“Бөхбилэгт” дэвжээ 2025 онд өөрийн сүлд дуутай болсон бөгөөд уг дууг Цэнхэр сумын харьяат, уртын дууч, бөхийн засуул С.Эрдэнэболд дуулж олны хүртээл болгожээ. Мөн ойн баярын барилдааны үеэр “Тайхар” нэгдлийн уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэн баярын уур амьсгалыг улам бүр хөглөв.30 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд улсын заан С.Сүхбат түрүүлж, улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, шинэ улсын харцага Ө.Батсуурь нар шалгарсан бол дунд шөвөгт улсын харцага Ш.Пүрэвгарьд, О.Наранбаатар, шинэ улсын начин Б.Шаравдорж, аймгийн заан Б.Баянсүх нар үлдлээ. Барилдааны түрүү бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр таван сая төгрөгийн бай шагнал гардсан юм. Ойн баярын хүрээнд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, “Бөхбилэгт” дэвжээ, “Хатант Интернэшнл” ХХК, “Херо Холдинг” ХХК болон бусад аж ахуйн нэгж, хувь хүмүүс шинэ цол хүртсэн улсын болон аймгийн цолтнууд, багш дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулсан нь баярын арга хэмжээний онцлох үйл явдлын нэг байлаа. Түүх, уламжлал, бахархлаа өвлүүлэн хадгалж ирсэн “Бөхбилэгт” дэвжээ ийнхүү 30 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ шинэ удирдлагаа сонгон, ирэх он жилүүдийн хөгжлийн шинэ хуудсыг нээж байна.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Г.Өсөхбаяр: Дэвжээ байгуулагдаж байхад би 23 настай байлаа

-Өнөөдөр “Бөхбилэгт” дэвжээний 30 жилийн ойд үе үеийн алдарт бөхчүүд, нутгийн зон олон өргөнөөр хуран цуглаж, үнэхээр сайхан баяр наадам болж байна. 1990 оноос хойш Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдаж, үндэсний бөхийн хөгжилд олон шинэчлэл хийгдсэн. Түүний хамгийн тод жишээний нэг нь Архангайн бөхчүүд нэгдэн зохион байгуулалтад орж, Монголын бөхийн түүхэн дэх анхны бөхийн дэвжээг байгуулсан явдал юм. Тэр үед би 23 настай, улсын заан цолтой залуу бөх байлаа. Түүнээс хойш “Бөхбилэгт” дэвжээнийхээ үйл хэрэгт тасралтгүй оролцож, өнөөдөр ахмад хүний хувьд хүүхэд, залуу бөхчүүдээ сургаж, дасгалжуулан ажиллаж байна. Мөн үе үеийн дэвжээний тэргүүнүүдтэйгээ хамтран нутгийнхаа залуу бөхчүүдийг бэлтгэх, Монгол бөхийн өв уламжлал, ёс жудгийг дараагийн үедээ өвлүүлэн үлдээхийг зорин ажиллаж ирлээ. Монгол үндэсний бөх өөрийн гэсэн онцлогтой. Наадмын эхний өдрүүдэд эхний даваанууд явагддаг бол дараагийн өдрүүдэд өндөр давааны барилдаанууд үргэлжилдэг. Өндөр даваанд үлдэнэ гэдэг зөвхөн хүч бярын асуудал биш. Барилдааны ачааллыг даах тэсвэр, бие бялдар, сэтгэлзүй, бүтэн жилийн бэлтгэл сургуулилалт бүгд тэр үед шалгагддаг. Ялангуяа зургаа, долоо, найм, есийн даваанд үлдэж буй бөхчүүд бол улсын наадамд түрүүлэх хэмжээний өндөр бэлтгэлтэй хүчтэнүүд байдаг. Тиймээс эхний таван даваанд бус, харин түүнээс дээших барилдаанд өөрийгөө хамгийн сайн бэлтгэх шаардлагатай. Өндөр даваанд үлдсэн бөхчүүд заримдаа удаан хугацаанд барилдаж, амралт бараггүйгээр дараагийн даваанд гардаг учраас ийм ачааллыг даах хэмжээний бэлтгэл хамгийн чухал байдаг. Энэ бол миний олон жилийн барилдааны туршлагаас ойлгосон зүйл. Тиймээс залуу бөхчүүддээ үргэлж өндөр даваанд барилдах хэмжээнд өөрсдийгөө бэлтгэж, бие бялдар, сэтгэлзүй, тэсвэр хатуужлаа цогцоор нь хөгжүүлэхийг захиж хэлдэг. Ингэж чадвал төрийн наадмын дээд цолонд хүрэх боломж улам ойртдог гэж боддог.

 

 Улсын арслан Р.Пүрэвдагва: Ах нарынхаа зааж сургасныг дараагийн үедээ өвлүүлж үлдээхийг зорьж байна

 -Юуны өмнө түүхт 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Бөхбилэгт” дэвжээний үе үеийн бөхчүүд, багш дасгалжуулагчид, удирдлагууд болон Архангай нутгийнхаа зон олонд баярын мэнд хүргэе. Би хүүхэд байхаасаа үндэсний бөхөд дурлаж, энэ спортоор хичээллэхийн төлөө бүх хүч хөдөлмөрөө зориулж ирсэн. 2006 онд анх удаа “Бөхбилэгт” дэвжээнийхээ наадмын бэлтгэлд залуу бөхийн хувиар ах нарынхаа араас даган орж байсан мөчөө одоо ч тодхон санадаг. Тэр өдөр надад нэг сайхан бэлгэ тохиосон юм. Дархан аварга Г.Өсөхбаярын гутлыг барьж, “Ийм агуу бөхийн авшиг хүртэж, нэг өдөр сайн бөх болно” гэж дотроо ихэд бэлгэшээн хүсэж байлаа. Магадгүй тэр ерөөл маань биелсэн ч байж мэднэ. Ингээд бодохоор “Бөхбилэгт” дэвжээтэйгээ амьдралаа холбосноос хойш бараг 20 жил өнгөрчээ.Одоо дасгалжуулагчаар нь ажиллаж байна. Барилдаж байх үедээ хамгийн түрүүнд өөрийгөө бэлдэх, өөрийнхөө бэлтгэл, амжилтад төвлөрдөг байсан. Харин багш болсноор олон сайхан дүү, залуу бөхчүүдийнхээ төлөө бодож эхэлдэг юм байна. Өөрийн туулж өнгөрүүлсэн алдаа, оноогоо тэдэнд давтуулахгүй байхыг хичээдэг. Бөх бүрийн онцлогт тохируулан бэлтгэл сургуулилалт, хоол хүнс, амралт, сэтгэлзүй гээд бүх зүйлд нь анхаардаг болсон. Заримдаа өөрийнхөө барилдаж байсан үеэс илүү ихийг бодож, илүү их санаа зовдог юм байна.Энэ бол үе үеийн бөхчүүдийн уламжилж ирсэн сайхан залгамж чанар гэж боддог. Ах нар маань биднийг зааж сургасан шиг бид ч гэсэн дараагийн үеийнхнээ бэлтгэж, мэддэг чаддагаа өвлүүлэхийг зорьж ажиллаж байна. Орчин үед бөхчүүд жилийн дөрвөн улиралд тогтмол бэлтгэл хийдэг болсон. Наадам дууссан маргааш л дараа жилийн наадмын бэлтгэл эхэлдэг гэж хэлж болно.Зөвхөн Архангайн бөхчүүд ч биш, улсын бүх бөхчүүд энэ жишгээр бэлтгэлдээ эргэн ордог. Тиймээс энэ цаг мөчид ч дараа жилийн Үндэсний их баяр наадамд зориулсан бэлтгэл аль хэдийн эхэлчихсэн явж байна гэж ойлгож болно.

 

"Хатант энтернейшнл” ХХК-ийн захирал Н.Жамцбал: Ч.Санжаадамба аваргаас эхлээд нутгийнхаа бөхчүүдийг дэмжиж ирсэндээ баяртай байна

 

-Энэ жил Архангай аймгаас дөрвөн шинэ улсын цолтон төрлөө. Үүний гурав нь манай Хотонт сумаас төрсөн нь нутгийнхны хувьд бахархалтай үйл явдал боллоо. Манай “Хатант Интернэшнл” компани бол гэр бүлийн компани. Аав, ээж, эхнэр бид бүгд үндэсний бөхийг шимтэн сонирхож, олон жилийн турш байнга үзэж, дэмжиж ирсэн хүмүүс. Тиймээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үндэсний бөхөө, тэр дундаа нутгийнхаа бөхчүүдийг дэмжихийг эрхэмлэсээр ирсэн. Би багаасаа л Архангайн бөхчүүдийг дэмжиж өссөн. Тухайлбал, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба аварга анх манай компанийн нэр дээр барилдаж байсан. Тэр үеэс эхлэн өнөөдрийг хүртэл Архангайнхаа бөхчүүдийг тууштай дэмжсээр байна. Энэ жил бид “Алтан цом” барилдаанд “Хатант Интернэшнл” компанийн нэрийн өмнөөс оролцлоо. Манай багийн найман бөхөөс долоо нь Архангайн бөхчүүд байсан бол нэг нь Завхан аймгийн улсын начин Д.Дүгэрдорж байлаа. Бид амжилттай барилдаж, “Алтан цом”-ын эзэн болж чадсан. Ингэснээр Архангай аймгийн бөхчүүдийн өмнөх амжилтыг үргэлжлүүлэн бататгаж чадсандаа баяртай байна. Одоогоор манай компанийн нэр дээр нийт найман бөх барилдаж байна. Цаашид эдгээр залуу бөхчүүд маань улам хатуужиж, аварга, арслан зэрэг дээд цолны төлөө амжилттай барилдана гэдэгт итгэлтэй байна.

 

Улсын заан  С.Сүхбат: 2016 онд “Бөхбилэгт” дэвжээнийхээ бүрэлдэхүүнд орж байлаа

-Би 2016 онд анх Архангай аймгийнхаа наадмын бэлтгэлд гарч, “Бөхбилэгт” дэвжээнийхээ бүрэлдэхүүнд орсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл дэвжээнийхээ бэлтгэлд тогтмол хамрагдаж, хамт олонтойгоо бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Одоо манай багш, дасгалжуулагчдын бүрэлдэхүүн шинэчлэгдэж, бид ч эв нэгдэлтэй, нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байна. Ах нар маань залуу бөхчүүддээ туршлагаасаа харамгүй хуваалцаж, бэлтгэл сургуулилалтад байнга зөвлөж, чиглүүлдэг нь бидэнд их дэм болдог. Дэвжээнийхээ ойн барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатартай барилдсан. Б.Зоригтбаатар ахыг би өөрийн багш шигээ хүндэлдэг. Бид олон жилийн турш хамтдаа бэлтгэл хийж, нэг нэгнийхээ бэлтгэлийг хангаж, хамт хөгжиж ирсэн болохоор сайхан барилдаан болсон гэж бодож байна. Энэ жилийн Архангай нутгаас олон шинэ улсын цолтон төрсөнд баяртай байна. Шинэ цол хүртсэн бөхчүүдээ нутгийн удирдлагууд маань хүндэтгэлтэйгээр угтан авч, урам өгч байгаа нь бидэнд улам их хариуцлага, урам зориг өгдөг. Бөхчүүдийн хувьд жилийн дөрвөн улиралд тасралтгүй бэлтгэл хийдэг болсон. Миний хувьд ч мөн адил тогтмол бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлж, дараагийн барилдаанууддаа бэлтгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 146 (7888)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

45 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

49 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

58 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

20 цаг 42 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин