Т.БАТСАЙХАН
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон манай улсад Төрийн айлчлал хийлээ. Түүнийг өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авч, хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв.
“Төв Азийн усны нөөцийн 60 хувийг Тажикистан улс бүрдүүлж байна”
Бүгд Найрамдах Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд энхийн хэлэлцээр, төрийн институц, эдийн засаг, Үндсэн хууль, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбар зэрэгт үе шаттай шинэчлэл хийж, 2020 оноос дижитал шилжилт, байгаль орчны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй бодлого явуулж байгаа юм. Тажикистан нь 10 гаруй сая хүн амтай. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 17 орчим тэрбум ам.доллар. Эдийн засагт нь өнгөт металл, усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, тээвэр, харилцаа холбоо, уул уурхай, хүнс, хөнгөн болон химийн үйлдвэр голлох үүрэгтэй. Эрдэс баялаг, хөвөн, анхдагч хөнгөн цагаан, эрчим хүч, жимс, хүнсний ногоо, хөвөн даавуун утас, цемент, арьс, шир экспортод гаргаж, хүнс, машин, тоног төхөөрөмж, барилгын материал, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг. Тажикистан нь гол мөрөн, нуур, усны нөөц арвинтай. Төв Азийн усны нөөцийн 60 хувь нь эдгээр гол мөрөнд ногддог бөгөөд цэнгэг усныхаа нөөцөөр дэлхийд наймдугаарт ордог юм.
Төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Э.Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо. Ерөнхийлөгч Э.Рахмон энэ удаагийн айлчлал хоёр улсын улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв. Мөн дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг өндөр үнэлж, цаашид харилцааг шинэ агуулгаар баяжуулан, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс нь Төв Азийн орнуудтай, тэр дундаа Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ. Энэ удаагийн айлчлалаар худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучууд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурж буйг сайшаан тэмдэглэлээ. Хэлэлцээний үеэр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Тажикистан Улсын “2030 он хүртэлх Үндэсний хөгжлийн стратеги”-тай уялдуулан, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, логистик, байгаль орчин, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний салбарт Төв Азийн бүс нутагт тэргүүлэх байр суурь эзэлдгийг онцолж, энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.Ногоон шилжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний интеграцчлалийг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо. Зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломж бүрдүүлэх чиглэлээр холбогдох яамд хамтран ажиллахаар боллоо. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд “Транзит Монгол” болон Тажикистаны “Транзит улс” стратегийг Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх эрмэлзлээ харилцан илэрхийллээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тохирлоо. Монголын ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдэгт санал нэгдэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэ оны есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулах “КАРЕК” хөтөлбөрийн Сайд нарын уулзалт нь бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон салбарыг хамарсан томоохон санаачилгуудын хэрэгжилтийг хангах суурь бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцолж, уг уулзалтад тажикистаны талыг өндөр түвшинд оролцохыг урилаа.Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг бүс нутаг болон олон улсын тавцанд хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.Тажикистан нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайшаалаа. Мөн Монгол Улсад ирэх сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд Тажикистаны талыг оролцохыг дахин урилаа.
“Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн асуудлаарх Олон улсын эвсэл” байгуулах Монголын санаачилгыг дэмжинэ”
Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ. Төрийн тэргүүн нарын хэлсэн үгээс эшлэн хүргэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо. Манай улсаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд санаачилдаг тогтоолуудыг Тажикистан Улс тогтмол дэмжиж хамтран зохиогчоор нэгддэг бөгөөд Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн анхны гишүүн орнуудын нэг Тажикистан Улс нь энэхүү чухал санаачилгыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Энэ оны наймдугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хуралд Тажикистан Улсыг өндөр түвшинд оролцохыг урьж байна. Энэ бага хурлын үеэр манай улс “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн асуудлаарх Олон улсын эвсэл” байгуулах санаачилга гаргахаар төлөвлөж байгааг Тажикистан Улс дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна. Энэ айлчлалаар бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд Монгол, Тажикистаны хөгжил цэцэглэлт, ард түмнүүд хоорондын найрамдал, нөхөрлөл, сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна. Манай хоёр ард түмний ахан дүүсийн найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон:

-Бид найрсаг Монгол Улстай найрамдалт харилцаагаа улам бүр бэхжүүлэх болон харилцан сонирхсон бүх асуудлаар хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгч байна. Хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ чиглэл, механизмыг тодорхойлоход онцгой анхаарлаа. Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр онцгойлон ярилцлаа. Энхийг эрхэмлэдэг манай улс дэлхийн улс орнуудын бат бөх, тогтвортой байдал, зөвшилцөл, харилцан ойлголцлыг тууштай дэмжиж ирсэн. Саяхан манай улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2027-2036 оныг “Ирээдүй хойч үеийн төлөө энх тайвныг бэхжүүлэх 10 жил болгон зарлах тухай” тогтоолыг баталсан билээ. Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох асуудал нь хэлэлцээний анхаарлын төвд байлаа. Ирэх сард Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлыг манай улс дэмжиж байна. Энэ хурлыг байгаль орчныг хамгаалах салбар дахь даян дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ хэмээн үзэж, Монгол Улсын хүчин чармайлтыг өндөр үнэлж байна. Олон улсын тавцанд, тэр дундаа манай улсын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэвшүүлдэг санаачилгуудыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улстай тууштай хамтран ажиллахад бэлэн байна. Өнөөдрийн албан ёсны хэлэлцээ харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлтэй болж өнгөрсөнд сэтгэл хангалуун байна. Яриа хэлэлцээ бидний найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байна. Үзэсгэлэнт сайхан Монгол Улсын хөгжилтэй дахин танилцаж, сайхан сэтгэгдэл төрснөө онцлон тэмдэглэе. 17 жилийн өмнө ирж байсантай харьцуулахад Монгол Улс, Улаанбаатар хот хөгжин цэцэглэж байгаа нь илт байна гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 134 (7876)