Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй

2026-07-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.Нандин

БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 17-20-нд болсон Дэлхийн хиймэл оюуны бага хурал (WAIC), Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний уулзалт боллоо. Дэлхийн 100 гаруй улс, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, технологийн компаниудын төлөөлөгчид оролцсон уг хурлаар хиймэл оюуны хөгжлийн ирээдүй, олон улсын хамтын ажиллагаа, энэ салбарын нэгдсэн засаглалын асуудлыг өргөн хүрээнд хэлэлцсэн юм.
Энэхүү арга хэмжээнд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Камбожийн Ерөнхий сайд Хун Сен, Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Максим Орешкин зэрэг төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Түүнчлэн ШХАБ, БРИКС болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, бизнесийн салбарынхан хүрэлцэн иржээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин бага хурлыг нээж хэлсэн үгэндээ хиймэл оюуны хөгжлийг "хүн төвтэй, сайн сайхны төлөө, хөгжлийг дэмжсэн" зарчимд тулгуурлан урагшлуулах ёстойг онцоллоо. Тэрбээр хиймэл оюун нь зөвхөн технологийн өрсөлдөөний хэрэгсэл бус, дэлхийн хамтын хөгжил, аюулгүй байдлыг дэмжих чухал хүчин зүйл болохыг тэмдэглээд, энэ салбарын засаглалыг шударга, тэнцвэртэй тогтолцоонд суурилан хамтдаа хөгжүүлэхийг улс орнуудад уриалав.
Мөн ирэх таван жилийн хугацаанд Хятад улс хиймэл оюуны чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 5000 мэргэжилтнийг солилцооны хөтөлбөрт хамруулах, АСЕАН, Арабын орнуудын лиг, Африкийн холбоо, Латин Америк, Карибын орнуудын хамтын нийгэмлэг (CELAC), БРИКС болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын түншүүдтэй хамтарсан хамтын ажиллагааны төвүүд байгуулахаа мэдэгдсэн юм.

 

29 улс хамтран шинэ байгууллага байгууллаа

Бага хурлын үеэр Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага (WAICO) байгуулах тухай хэлэлцээрт 29 улсын төлөөлөгч гарын үсэг зурсан нь энэ удаагийн уулзалтын хамгийн онцлох үйл явдлын нэг болжээ. 
Хэлэлцээрийн дагуу WAICO нь Шанхай хотод төвтэй, засгийн газар хоорондын бие даасан олон улсын байгууллага байх бөгөөд хиймэл оюуны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, хиймэл оюуныг аюулгүй, найдвартай, шударга ашиглах орчныг бүрдүүлэхэд чиглэн ажиллах юм.
Гарын үсэг зурах ёслолд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш оролцсон байна.

 

Хөгжиж буй орнуудын боломжийг хязгаарлаж болохгүй

Бага хурлын үеэр "Хиймэл оюуны дэлхийн засаглал" сэдэвт панел хэлэлцүүлэг баасан гарагт болсон. Энэ салбар хэлэлцүүлэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож, хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй сорилтын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр хиймэл оюуны салбарын олон улсын зохицуулалт шаардлагатай ч шинэ технологийн хөгжлийн эхний шатанд хэт хатуу хязгаарлалт тогтоох нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүйг онцолсон юм.
"Засаглал гэдэг бол эхнээс нь бүхнийг зохицуулж, хязгаарлах тухай ойлголт биш. Юуны өмнө улс орнууд шинэ технологийн боломжийг ашиглаж, хиймэл оюуны дэлхийн эдийн засагт оролцох нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй" гэжээ. Мөн Монгол Улс хиймэл оюуны салбарыг хөгжүүлэх чиглэлээр Хятад болон бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

 

AI-ийн өрсөлдөөнөөс хамтын ажиллагаа руу

Энэ удаагийн бага хурлаас хиймэл оюуны хөгжлийг зөвхөн технологийн өрсөлдөөний өнцгөөс бус, дэлхийн хамтын ажиллагааны шинэ тогтолцооны хүрээнд авч үзэх шаардлагатай гэдгийг онцлон хэлэлцэж байлаа. Хурлын үеэр илтгэгчид хиймэл оюуны хөгжил цөөн хэдэн өндөр хөгжилтэй улсын хүрээнд төвлөрөх бус, хөгжиж буй орнууд ч энэхүү технологийн дэвшлээс тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн юм. Тиймээс энэ удаагийн бага хурлын хамгийн чухал үр дүн нь шинэ технологи танилцуулсан явдал бус, харин хиймэл оюуны хөгжлийн талаар олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах улс төрийн хүсэл эрмэлзлийг илэрхийлсэнд оршиж байна. WAICO байгууллагыг үүсгэн байгуулсан нь хиймэл оюуны засаглалын чиглэлээр хамтын ажиллагааг институцийн түвшинд бэхжүүлэх эхлэл гэж ажиглагчид үзэж байна.
Хурлын үеэр НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид хиймэл оюуныг аюулгүй, ил тод, хариуцлагатай хөгжүүлэхийн зэрэгцээ улс орнуудын хөгжлийн ялгааг улам нэмэгдүүлэхгүй байх нь хамгийн том сорилт гэдгийг онцоллоо. Өндөр хүчин чадалтай тооцоолол, өгөгдөл, хөрөнгө оруулалт, чадварлаг боловсон хүчний хүртээмж харилцан адилгүй байгаа нь хөгжиж буй орнуудын өмнө бодит сорилт болж байгааг ч хэлэлцүүлгүүдээр хөндөв.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэнчлэн, шинэ технологийг зохицуулах нь чухал хэдий ч хөгжлийн эхний шатанд нь хэт хатуу хязгаарлалт тогтоох нь хөгжиж буй орнуудын боломжийг хумих эрсдэлтэй. Иймээс зохицуулалт нь хөгжлийг сааруулах бус, харин улс орнуудын оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэх ёстой гэсэн байр суурь энэ удаагийн хурлын үеэр өргөн хүрээнд яригдсан юм.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Олег Копылов хиймэл оюуны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь аюулгүй, шударга, хүртээмжтэй дижитал ирээдүйг бий болгоход чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцолсон байна. Мөн Цинхуа их сургуулийн Шварцманы коллежийн декан, хиймэл оюуны засаглалын чиглэлээр нэр хүндтэй судлаач Шюэ Лань улс орнуудын бодлого, зохицуулалт хоорондоо уялдаатай байх нь технологийн хөгжлийн дараагийн шатанд хамгийн чухал асуудлын нэг болж байгааг тэмдэглэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 133 (7875)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

12 цаг 5 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

12 цаг 9 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

12 цаг 18 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин