Т.БАТСАЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Энэ үеэр гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан хэдэн асуулт асууя. Нэгд, мөнгө угаах гэмт хэрэг гэж байна. Эдийн засгийн харилцааг эрүүлжүүлэхийн тулд татвартай холбоотой асуудлаас эхэлдэг. Энэ харилцааг олон улсын жишигт нийцүүлж чадаж байна уу. Эдийн засгийн харилцааг маш их улстөржүүлдэг. Улстөрчид бизнес эрхлэгчдийн дансыг хааж, хууль хүчний байгууллагуудаар дамжуулан мэдэгдэл, мэдээллийг сонгуулийн үеэр их хийдэг. Татварын байгууллагыг ашигладаг. Улс төрийн зорилгоос хамгаалах ямар зохицуулалт хийсэн бэ?
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг:
-Засгийн газраас НӨАТ-ын босгыг 50 байсныг 400 сая болгох хуулийн төсөл өргөн барьсан. Ажлын хэсэг дээр буцаагаад 50 сая болгох зарчмын зөрүүтэй санал гаргаж байгаа. Үндсэн шалтгаан нь татвараас зайлсхийдэг, нуун дарагдуулах боломж бий болох юм байна гэж үзсэн. Яагаад вэ гэхээр, чөлөөт бүсүүдээс архи тамхи онцгой татвартай бүтээгдэхүүнүүдийг баяр болгоны өмнө зохион байгуулалттайгаар улс орон даяар зардаг. Тэрийгээ дандаа хувь хүмүүсийн дансаар орлогыг нь авдаг. Энэ нь эргээд НӨАТ биш онцгой албан татвар, бүтээгдэхүүнд тавигдах хяналт шалгалт гээд олон асуудлыг хөндөнө. НӨАТ өөрөө бүртгэлийн систем болохоор алдагдах юм байна. Татварын тогтолцоонд сөрөг үр дагавар авч ирэх юм байна гэж үзээд 50 сая төгрөгийн босго хэвээр байлгах санал оруулж ирж байна. Хоёрт, өнгөрсөн 2023, 2024 онд ААН-үүдийн данс хаах асуудлууд тавигддаг байсан. Жишээлбэл, "Монполимет" компанийн дансыг сонгуулийн үеэр хааж байсан. Одоо шинэ хуулиар данс хаахыг хориглож, тодорхой хэмжээний татвар авч, компани үйл ажиллагаагаа явуулах боломж бүхий мөнгийг нь үлдээдэг болгож байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Эцсийн хэлэлцүүлэг учраас зарчмын зөрүүтэй санал гаргах боломжгүй байдаг. Бид 64 гишүүнээрээ батлах нь ээ. Олон нийтэд үр дүн нь юу байна вэ гэдгийг Х.Ганхуяг ахлагчаас хүсч байна. Багц хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Данс хаана, гэхдээ 30 хувийн үлдэгдлийг нь үлдээх юм байна. Энийгээ тодорхой хэлж өгөөч. НӨАТ-ын босгыг 50 сая хэвээр үлдээх юм байна. Орон сууц борлуулалтын хоёр хувийн татварыг цуцалж байгаа гэж байна лээ. Анхны орон сууц бөгөөд таваас доошгүй жил амьдарсан орон сууцны татвараа чөлөөлж байгааг хэлэх шаардлагатай байна. Мөн шаталсан татвартай холбоотойгоор хэдэн хувийн татвар тавигдаж байна вэ?
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг:
-Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2027, 2028 онд эдийн засгийн өсөлт 0.7 пунктаар нэмэгдэхээр тооцоолж байна. Өрхийн орлого гурван хувиар нэмэгдэх боломж бүрдэнэ. Татварын багц хуулиар ХХОАТ хоёр шатлалаар нэмэгдсэн. Нэгд, 0-792 мянган төгрөгийн орлоготой бол тэг хувийн татвар ногдоно. Энэ нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Харин 792-2 сая төгрөгийн орлого дээр нэг хувийн татвар төлөх заалт нь 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Зарим нь зөвхөн хоёр сая төгрөгийн орлоготой иргэдэд үйлчилнэ гэж ташаа ойлгож байна. Бүх иргэдийн гар дээр ирж байгаа орлого нэмэгдэнэ гэсэн үг. ААНОАТ дээр 15 хувийн шатлал орж ирж байгаа. Уул уурхайн бус компаниудын орлогыг хамгаалж, 10-25 хувиар өсдөг байсныг 15 болгож байгаа юм. Мөн ААНОАТ-ын 22.9 заалт дээр Азийн наадмын спортын төрлийг нэг хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа. НӨАТ-ын хуульд НӨАТ төлөх хугацааг нь хойшлуулж байгаа. НӨАТ-ын тайлан гаргаж, шууд татварын өртэй байдаг байсан бол хоёр сарын дотор компанийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, мөнгө орж ирсний дараа НӨАТ-ын татвар төлөх боломж бүрдэнэ. Эргэлтийн хөрөнгөд эерэг дүн гарч, зээл авах шаардлагагүй болно. Мөн тендерт ороход өртэй гэдэг байдал харьцангуй багасна. Хувь хүний орлогын албан татвар дээр анхны орон сууцаа тусгай хамгаалалттай газар дээр биш л бол зарвал хоёр хувийн татвараас хөнгөлөх өөрчлөлт оруулж байгаа. ААН-үүдийн дансыг шууд хаахгүй 70/30 хувьтай үлдээдэг болно.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Оюутолгой 2013 оноос хойш үйлдвэрлэлээ явуулж, орлого олж эхэлснээр нэг ч маргаангүй жил байхгүй. Нэг ч маргаан эцэслэгдээгүй байна. Тэр татварыг нь төлсөн юм шиг пи-ар хийж болохгүй. Тэр мөнгө арбитрын шийдвэр эцэслэгдэж байж Монголын талд очих эсэхийг шийднэ. Засгийн газар тэр мөнгийг үрж болохгүй мөнгө.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Энэ олон жил даамжирсан татварын маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр албаныхан мэдээлэл өгөх хэрэгтэй. Үл ойлголцлыг үнэн мэдээлэл өгөхгүй байгаагаас үүсдэг.
ТЕГ-ын дарга Б.Цогтнаран:
-Оюутолгой компанид татварын албанаас 2009-2022 оныг дуустал нийт зургаан удаагийн хяналт шалгалтыг хийсэн. Мөн 2013-2020 оныг дуустал 2018, 2020, 2023 онд хийсэн татварын актуудын төлбөрийг төлсөн ч татварын маргааныг өнөөдөр арбитрын шүүхээр хэлэлцээд явж байна. Бүрэн эцэслэн шийдэгдээгүй байна. Харин 2026 оны хувьд 2021-2022 оны татварын үйл ажиллагаанд шалгалт хийж, тодорхой төлбөр тавигдаж төлсөн ч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 116 (7858)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn