Төмөрбаатарын БАТСАЙХАН
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа. Шүүмжлэл ч дагууллаа. Ер нь хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан, нөхцөл нь юу байв. Үнэхээр монголчууд өв соёлоосоо холдож байгаа ард түмэн юм уу. Энэ талаар яриагаа эхэлье?
-Юуны өмнө нэг зүйлийг тодруулъя. Энэ хуулийн төслийг миний бие санаачлан 2025 оны гуравдугаар сард буюу нэг жил хагасын өмнө өргөн барьсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд УИХ-аар хэлэлцэгдэхгүй байсаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд орж ирж байна.
Манай парламентын тогтолцоонд хууль өргөн мэдүүлсний дараа хэзээ хэлэлцэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэдэг. Тиймээс наадмын өмнөхөн хэлэлцэж байгаа нь миний сонгосон цаг хугацаа биш. УИХ-ын хэлэлцэх дараалалтай холбоотой асуудал. Хуулийн төслийг яагаад өргөн барьсан бэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Зарим хүн өнөөдрийн Үндэсний их баяр наадмыг болиулж, оронд нь өөр наадам зохион байгуулах гэж байгаа мэтээр тайлбарлаж байна.
Энэ бол бодит байдлыг гуйвуулсан мэдээлэл. Үнэндээ энэ хуулийн төсөл өнөөдрийн баяр наадмын тогтолцоонд ямар ч өөрчлөлт оруулахгүй. Долоодугаар сарын 11, 12-нд Үндэсний их баяр наадам уламжлалынхаа дагуу зохион байгуулагдана. 13-нд уяачдын наадам болно. Харин үүний дараа үндэсний өв соёл, эрийн гурван наадмын агуулгыг баяжуулсан баяр наадам хийх тухай асуудал яригдаж байгаа. Гэтэл анхнаасаа энэ хуулийн төслийг улс төрийн өнцгөөс тайлбарлаж буруу ойлголтыг олон нийтэд төрүүлж, харлуулж байна. Тиймээс хуулийн төслийн мөн чанар нь өнөөгийн баяр наадмыг өөрчлөх бус, үндэсний өв соёлын агуулгыг өргөжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаа гэдгийг онцолж хэлье.
-Үндэсний их баяр наадмыг өөрчлөх тухай асуудал биш юм бол яагаад заавал хуульд тусгах шаардлагатай гэж үзсэн юм бэ?
-Хуулийн төслөө өргөн барьсныхаа дараа би бараг бүх гишүүнтэй уулзаж нэг асуулт асуусан. “Танай хүүхэд ямар спортоор хичээллэдэг вэ?” гэж. Зөвхөн УИХ-ын гишүүдээс ч биш, нийт монголчуудаас энэ асуултыг асуумаар байгаа юм. Хариулт нь ихэнхдээ сагсан бөмбөг, гар бөмбөг, таеквондо, усан сэлэлт, жүдо, чөлөөт бөх зэрэг спорт байдаг.
Уг нь бид дэлхийг эзэлж явсан агуу түүхтэй монголчууд гэж өөрсдийгөө ярьдаг. Гэсэн атлаа үндэсний спортын өв соёлоо хүүхдүүддээ өвлүүлж чадахгүй байна. УИХ-ын гишүүдээс асуухад нэг ч хүн хүүхдээ үндэсний бөх, сур харваа, морин спортын чиглэлээр хичээллүүлж байна гэж хэлээгүй. Гудамжинд гараад мянган хүнээс асуусан ч ялгаагүй хариулт сонсогдох байх. Энэ нь Монголын уламжлалт спорт, үүгээр дамжин өв соёл маань бидний өдөр тутмын амьдралаас аажмаар холдож байгааг харуулж байна.
Өнөөдөр бид гаднын спорт, гаднын соёлыг түлхүү дагаж байна. Харин монгол хүнийг монгол хүн болгож байдаг үндэсний онцлог, өв соёлын агуулга алдагдах эрсдэл бий болсон. Энэ бол хамгийн том аюулын нэг. Монгол хүн гэдэг зөвхөн монгол хэлээр ярьдаг хүнийг хэлэхгүй. Монгол хүн гэдэг түүхээ мэддэг, өв соёлоо тээгч, үндэсний үнэт зүйлээрээ бахархдаг хүнийг хэлнэ. Тиймээс өв соёлоо хэрхэн хадгалах, түгээн дэлгэрүүлэх, дараа үедээ өвлүүлэх вэ гэдэг асуудал бидний хувьд хамгийн чухал.
Тийм учраас Баяр наадмын тухай хуульд тусгаснаар өв уламжлалын маань үнэлэмж нь дээшилж, нийтээрээ хичээллэх боломж бүрдэнэ. Жил бүр аймаг, суманд зохион байгуулагддаг баяр наадамтай холбогдсоноор үндэсний спортын төрлүүдийн оролцоо, хүртээмж нэмэгдэнэ. Үндэсний бөх хүнийг бие хамгаалах чадвартай, тэсвэр хатуужилтай болгодог. Сур харваа нь төвлөрөл, тэвчээр, өөрийгөө хянах чадварыг хөгжүүлдэг. Харин морьтой харьцаж өссөн хүүхэд тэнцвэрээ олдог, зоригтой болдог, амьдралын арга эвийг сурдаг гэж үздэг. Эдгээр гурван чанар нэг хүнд цогцолбол тэр хүн амьдралын олон сорилтыг даван туулах чадвартай, бие сэтгэлийн хувьд төлөвшсөн иргэн болж төлөвшинө.
Монголчуудын уламжлалт ойлголтоор ч эр хүнийг төлөвшүүлдэг үндсэн гурван чадвар нь бөх барилдах, сур харвах, морь унах байсан. Түүхэн эх сурвалж, үлгэр туульсууд ч энэ гурван чадварыг хамтад нь эзэмшсэн хүнийг жинхэнэ эр хүн, жинхэнэ баатар хэмээн дүрсэлдэг. Харин сүүлийн үед эдгээр нь тус тусдаа салангид хөгжиж ирсэн. Тэгэхээр хуулийн гол үзэл санаа нь үндэсний өв соёл, уламжлалт спортыг сэргээн хөгжүүлэх замаар монгол хүүхэд, залуусыг тэсвэртэй, зоригтой, өөрийгөө хянадаг, амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. Харин энэ агуулгыг гүнзгий ойлгоогүй хүмүүс зөвхөн “Баяр наадмыг өөрчлөх гэж байна”, “Шаардлагагүй, хэрэггүй зүйл ярьж байна” гэж харах нь бий. Миний хувьд энэ асуудал үндэсний өв соёлоо хадгалж үлдэх, монгол хүний үнэт зүйлийг хамгаалахтай холбоотой том агуулга юм. Би монгол ардын үлгэр, домог, туульс, өв уламжлалын талаар өөрийн хэмжээнд нэлээд судалж, ахмад үеийнхний үгийг сонсож ирсэн хүний хувьд өнөөдрийн залуу үеийг хэрхэн зөв төлөвшүүлэх вэ гэдэг талаар их боддог. Энэ бүхний эцэст үндэсний өв соёл, уламжлалт спортоо сэргээх нь зөв гарцын нэг гэж үзсэн.

-Тантай хамт өргөн барьсан зарим гишүүн хуулийнхаа агуулгыг сайн ойлгоогүй байх шиг санагдсан?
-Төрд ажиллаж байгаа хүн хоёр үндсэн үүрэгтэй байх ёстой. Нэгдүгээрт, өнөөдөр ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө ажиллах, ажилгүйдэл, өрхийн орлого, малын гаралтай түүхий эдийн үнэлэмж, гэр бүлийн асуудал гээд бодит хүндрэлүүд бий. Эдгээрийг шийдвэрлэх гарц хайх нь төрийн хүний ажил. Хоёрдугаарт, ирээдүйд Монгол үндэстэнд ямар эрсдэл тулгарч болохыг урьдчилан харж, түүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэгт анхаарах ёстой. Түүхээ мэддэг, уламжлалаа ойлгодог, ирээдүйгээ хардаг байхгүй бол үндэстний дархлаа алдагдаж байна шүү дээ. Монгол хүнийг монгол хүн болгож байдаг үнэт зүйлс аажмаар бүдгэрч байна. Хамгийн том эрсдэл биш юм уу. Өнөөдөр бид хүүхдүүдээ олон төрлийн спортоор хичээллүүлж байна. Энэ нь буруу биш. Гэхдээ үндэсний спорт, үндэсний онцлог, өв соёлын агуулга нь амьдралын хэв маягаас шахагдаж эхэлж байгаа нь анхаарах асуудал. Нөгөө талаар өнөөдрийн зарим улстөрчид нийгмийн сүлжээний давлагааг дагаж, ард түмэнд таалагдах үг хэлэхийг чухалчилдаг болсон. Ямар асуудал трэнд болж байна. Түүнийг нь ярьж оноо авахыг боддог. Харин урт хугацаанд Монгол Улс, Монгол үндэстэнд ямар асуудал тулгарах вэ гэдгийг бодож шийдэл гаргах нь ховордлоо. Үүний нэг жишээ нь гэр бүлийн асуудал шүү дээ. Бүгд л хүн амын өсөлт саарч байна, залуучууд гэр бүл зохиох нь багасаж байна, хөдөө орон нутагт залуу малчдын амьдрал хүнд байна гэж ярьдаг. Гэхдээ бодит шийдэл хэрэгжүүлэх тал дээр хангалттай ажил хийгдээгүй.
Бид Говь-Алтай аймагт залуучуудыг танилцуулж, гэр бүл болоход нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүд зохион байгуулж байсан. Үр дүнд нь олон хос гэр бүл болж, хүүхэд төрсөн. Тухайн үед хүмүүс янз бүрээр шүүмжилж байсан ч асуудлыг шийдэхийн төлөө миний хувьд бодит ажил хийсэн гэж үздэг. Ер нь шинэ зүйл эхлүүлэх болгонд шүүмжлэл дагуулдаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд үр дүн нь харагддаг учраас шүүмжлэлд бол эмзэглэхгүй байна. Мэдээж энэ ажлыг хуульд тусгахгүйгээр хийж болно. Гэхдээ Баяр наадмын тухай хуультай холбогдсоноор жил бүрийн наадмын хүрээнд аймаг, сум бүрд хэрэгжих боломж бүрдэнэ. Цаашдаа хот суурин газруудад ч үндэсний спортын зориулалтын орчин, төвүүд нэмэгдэж, хүмүүс чөлөөт цагаараа үндэсний спортоор хичээллэх боломжтой болно.
Миний зорьж байгаа зүйл бол ердөө баяр наадмын хүрээг тэлэх асуудал биш. Харин монгол хүний үнэт зүйл, өв соёл, уламжлалыг дараагийн үедээ өвлүүлж үлдээхэд чиглэсэн урт хугацааны бодлого юм. Тиймээс л энэ асуудлыг Баяр наадмын тухай хуульд тусгах нь илүү үр дүнтэй.
-Таны хүүхдүүд ямар спортоор хичээллэдэг вэ?
-Том хүүхэд маань волейбол, бага нь хүүхэд сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Зуны амралтаар нь хөдөө явуулж, морь мал унуулах зэргээр монгол ахуйтай ойр өсгөхийг хичээдэг. Манай хүүхдүүд ч гэсэн бусад хүүхдүүдийн адил сагсан бөмбөг, волейбол зэрэг спортыг сонгож байна. Энэ буруу гэсэн үг биш. Харин үндэсний бөх, сур харваа, морин спорт зэрэг уламжлалт төрлүүд хүүхэд залуусын өдөр тутмын сонголт болж чадахгүй байгаа нь асуудал юм. Мэдээж хүсвэл хүүхдүүд маань эдгээр төрлөөр хичээллэх боломжтой. Гэхдээ зөвхөн нэг айл, нэг гэр бүлийн түвшинд биш, нийтээрээ сонирхож, хичээллэдэг болохын тулд төрөөс тодорхой хэмжээнд дэмжлэг, идэвхжүүлэлт хэрэгтэй.
-Ер нь өнөөдрийн хүүхэд, залуусын хүмүүжил, биеийн хөгжилд олон асуудал тулгарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хэрэв үндэсний спортоороо хичээллэх нь олон асуудлыг сууриар нь шийдэх боломжтой гэж та харж байгаа юм байна. Зөв үү?
- Тийм ээ. Ер нь монголчууд бид өөрсдийнхөө өв соёл, уламжлалыг үнэлж чаддаггүй ард түмэн юм. Харин гаднын гэсэн бүхнийг илүү дээгүүрт тавьдаг болчихсон. Боловсролын хөтөлбөрөөс эхлээд олон зүйлд гаднын туршлага, гаднын үнэлэмжийг түлхүү шүтэх хандлага ажиглагддаг. Гэтэл монголчуудын уламжлал, өв соёлыг гүнзгий судлаад үзэхээр өнөөдөр дэлхийн олон орон хэрэгжүүлэхийг зорьж байгаа зарчим, үнэт зүйлсийн олонх нь бидний уламжлалт амьдралын хэв маягт байсаар ирсэн. Дэлхийд ноёрхлоо тогтоож явсан үндэстэн гэдэг чинь асар их сахилга бат, хүмүүжил, үнэт зүйл, философитой байж таарна. Харин өнөөдрийн монголчууд тэр зүйлсээсээ улам л холдоод байх юм. Залуу үеэ зөв төлөвшүүлэхийн тулд өв соёлоо өвлүүлэх, ахмадаа хүндэлдэг байх, тэсвэр тэвчээртэй байх, бэрхшээлийг даван туулах чадвартай байх зэрэг чанаруудыг төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ чанаруудын суурь нь үндэсний уламжлал, эрийн гурван наадамтай салшгүй холбоотой юм шүү дээ.
Би Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Манай багийн санаачилгаар 1000 хүүхэд жангар хайлах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Өнөөдөр 13-16 насны мянга гаруй хүүхэд шөнөжин сууж, Жангар туулийг хайлж байна. Бодоод үзээрэй. Насанд хүрсэн хүн хүртэл гар утасгүйгээр шөнөжин сууж кино үзэх ч тэвчээргүй болсон цаг үе шүү дээ. Харин хүүхдүүд бүтэн шөнөжин сууж тууль хайлж байна гэдэг нь асар их төвлөрөл, тэвчээрийн илрэл. Энэ нь эргээд хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшил, суралцах чадварт ч эерэгээр нөлөөлж байгаа талаар багш нар нь ярьдаг. Тийм учраас өв соёл гэдэг зөвхөн өнгөрсөн үеийн дурсамж биш. Өнөөдрийн хүүхэд залуусыг төлөвшүүлэх бодит хэрэглэгдэхүүн юм шүү дээ.
-Бид Үндэсний их баяр наадамтай, түүнийгээ үзэн баясдаг, түүгээрээ ондоошдог ард түмэн шүү дээ. Энэ хангалттай биш үү?
-Би олон жил морь, бөхтэй ойр явсан хүний хувьд хэлье. Өнөөдөр наадам улам бүр цөөн хүний хүрээнийх болж, жирийн ард иргэдийн оролцоо багасаж байна. Сумын наадамд гэхэд малчин айл бүр шахуу морь уядаг байсан. Харин өнөөдөр цөөн хэдэн боломжтой хүний морьд л уралддаг болж. Байр эзлэх боломжгүйгээ мэдсэн жирийн малчид морь уяхаа ч больсон. Наадамд оролцогчдын хүрээ хумигдаж, олон хүн зөвхөн үзэгчийн байр сууринд үлдэж байна. Бөхийн барилдаан ч мөн адил. Зарим суманд наадмын өмнө хэн түрүүлэх нь хүртэл яригдчихсан. Аль даваанд хэн хэндээ унах вэ гэсэн яриа гардаг болсон. Ийм ойлголт газар авах тусам хүмүүсийн наадамд итгэх итгэл буурч, сонирхол ч сулардаг.
Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой. Эрийн гурван наадмын агуулга бол зөвхөн спорт биш олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний өв соёлоо сэргээх, хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх өргөн хүрээний бодлогын тухай асуудал юм. Хэрэв өнөөдөр энэ асуудлыг ингээд орхиод явбал 30, 50 жилийн дараа үндэсний өв соёл маань ард түмний амьдралаас улам холдож, зүгээр л тайзан дээр үзүүлдэг тоглолт, үзвэрийн шинжтэй зүйл болж хувирна. Ийм хандлага ч аль хэдийн ажиглагдаад эхэлсэн.
Зарим хүн морь уралдуулахыг баячуудын ажил, бөх барилдахыг том биетэй хүмүүсийн ажил гэж ойлгодог болж байна. Ингэхээр хүүхэд, залуучууд “Энэ чинь бидний хийх зүйл биш юм байна” гэж бодоод өв соёлоосоо улам холдож эхэлнэ. Тэгэхээр өв уламжлал маань ард түмний өдөр тутмын амьдралаас тасарч, зөвхөн цөөн хүний хүрээний зүйл болж үлдэх аюултай. Мэдээж шинэ санаа учраас шүүмжлэл дагуулж байна. Гэхдээ нөгөө талаас нь харвал энэ нь сайн зүйл болж байна. Хэрэв шүүмжлэл гараагүй бол би энэ санаачилгынхаа агуулга, зорилго, ач холбогдлыг олон нийтэд ингэж дэлгэрэнгүй тайлбарлах боломж ч гарахгүй байх байсан.
-Сүүлийн үед харин ч Монгол өв соёлоо дээдлэх сэргээх, уламжлалаа дэмжих хандлага нэмэгдэж байх шиг санагддаг. Таны бодол ?
-Тодорхой хэмжээнд сэргээх оролдлогууд байгаа. Гэхдээ агуулгаа ойлгохоосоо илүү хэлбэрийг нь хэт дагах хандлагатай байна. Асуудлыг өнгөц байдлаар хүлээж авч, улс төрийн чуулган дээр ч, олон нийтийн дунд ч зөвхөн гаднах хэлбэр дээр нь тулгуурлан дүгнэлт хийж байгаа тохиолдлууд ч харагдлаа. Өв соёлын утга, хүмүүжлийн ач холбогдол, цаад философийг нь ойлгохгүйгээс болж буруу ойлголт төрүүлж байгаа нь харамсалтай. Мэдээллийг ихэвчлэн цахимаас хүлээн авч, нийгмийн сүлжээний хандлага дагаж шийдвэр гаргадаг болчихлоо. “Ингэж болохгүй”, “Энэ буруу” гэсэн хандлага давамгайлснаар зарим чухал санаачилгууд хүртэл гацаанд орж байна шүү дээ. Гэхдээ би үүнд шантрахгүй. Яагаад гэвэл энэ бол буруу зүйл биш. Харин ч Монголын ард түмний өв соёл, ирээдүйн төлөө хийж байгаа зүйл учраас үзэл баримтлалдаа үнэнч байна. Энэ зун би ард түмний наадмаа бодит ажил болгож, ямар үр дүн гарч болохыг харуулна. Эцсийн дүндээ хүмүүс үгээр биш, үр дүнгээр нь дүгнэх биз ээ.
- “Нэг эрийн гурван наадам” гэх нэршлийн тухайд тайлбарлахгүй юу. Уг нь бол ард түмний наадам юм байна. Тийм үү?
-Тухайн үеийн ойлголтоор бол нэг хүний бие, сэтгэл, тэсвэр хатуужлыг бүрдүүлдэг гурван гол чадвар байсныг Эрийн гурван наадмаар төлөөлүүлж байжээ. Гэтэл үүнийг салгаж, тус тусад нь ойлгоод явчихсан зүйл бий. Үгийн хувьд ч “Эрийн гурван наадам” гэдэг нь эр хүний гурван төрлийн наадам гэсэн утгыг шууд илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ гурван төрөл анхнаасаа нэг цогц ойлголт байсан. Түүхэн талаасаа ч, уламжлалаараа ч бөх, сур харваа, морин уралдаан гурав нь нэг хүнийг төлөвшүүлэх, бэлтгэх зорилготой байсан гэж ойлгож болно. Энэ нь зөвхөн спорт биш, харин тухайн үеийн цэрэг, дайны бэлтгэл, эр хүний тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх систем байсан гэж үздэг. Тиймээс би үүнийг ард түмний наадам гэхээс илүү үндэсний уламжлалт үнэт зүйл, эр хүний төлөвшлийг илэрхийлсэн соёлын систем гэж харж байгаа.
-Хуулийн төслийн процесс одоо яаж үргэлжлэх билээ?
-Би хуулийн төслөө буцааж татаагүй, харин тодорхой хугацаагаар хойшлуулсан. Яагаад гэхээр үүнийг зөвхөн цаасан дээр хэлэлцээд явуулах биш, эхлээд бодит байдал дээр нь харуулж, туршиж үзье гэж шийдсэн. Зарим тохиолдолд шинэ зүйл анхнаасаа ойлгогдохгүй байх нь бий. Ялангуяа агуулгыг нь гүнзгий ойлгоогүй үед шүүмжлэл давамгайлах нь түгээмэл. Тиймээс эхлээд өөрийн биеэр зохион байгуулж, үр дүнг нь харуулъя. УИХ-ын гишүүдийн хувьд ч олон янзын байр суурьтай байгаа. Ихэнх нь хотод өссөн, өдөр тутмын амьдрал нь уламжлалт ахуйгаас хол болсон хүмүүс учраас ойлголтын зөрүү гарах нь хэвийн зүйл. Тиймээс энэ зун бодит ажил болгож хэрэгжүүлсний дараа хэлэлцүүлэг илүү ойлголттой, бодит үр дүнд суурилсан болно гэж харж байна. Үүний дараа намрын чуулганаар дахин хэлэлцүүлээд, дэмжигдвэл батлагдаад явах боломжтой.
-Наадмаа хэрхэн зохион байгуулахаар төлөвлөсөн бэ. Стандарт, дүрэм журам бий юу?
-Би Говь-Алтай аймагт энэ ажлыг өмнө нь зохион байгуулж хэрэгжүүлж байсан туршлагатай. Аймгийн хэмжээнд баг, сум бүрийн оролцоотойгоор тодорхой зохион байгуулалтын дагуу хийсэн. Мөн Хантайшир уулын аймгийн 100 жилийн ой гэх мэт томоохон арга хэмжээний хүрээнд ч энэ хэлбэрээр зохион байгуулж байсан учраас дүрэм, журам, зохион байгуулалтын туршлага бий. Хамгийн гол нь энэ бол хаалттай эсвэл цөөн хүний хүрээний арга хэмжээ биш. Зуны улиралд хэн ч оролцох боломжтой, нээлттэй хэлбэртэй байна. Сонирхсон хүүхэд, залуус, иргэд өөрсдийн оролцоогоороо энэ үйл ажиллагаанд хамрагдах бүрэн боломжтой гэдгийг хэлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 108 (7850)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn