“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зориулж, “Монголын улс төр дэх лоббизм” сэдвийн хүрээнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр лекц уншиж, нээлттэй ярилцлага өрнүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Та оюутан насныхаа дурсамжийн тухай ярихгүй юу?
-Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаа та бүхэнд халуун баяр хүргэж, эрдмийн их ажилд нь амжилт хүсье. Миний хувьд 1975-1980 онд Москва хотын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн. Утга зохиолын дээд сургууль бол их өвөрмөц, дэлхийд бараг ганц гэж хэлж болно. Энэ сургуульд Утга зохиол, хөгжим, кино, дүрслэх урлаг, шашин, түүх зэрэг соёл урлаг, иргэншилтэй холбоотой бүх л сэдвээр Оросын хамгийн алдартай багш нар бидэнд хичээл зааж байсан. Манай сургууль нэлээд өргөн хүрээг хамардаг сургууль байсан учраас ЗХУ-д хориотой номуудыг хүртэл бидэнд номын сандаа суугаад унших боломжийг олгож байсан. Жишээлбэл, Библи судрыг бид уншдаг байсан. Тэр үед энэ ном ЗХУ-д хориотой байсан. Тухайн үед ЗХУ-д олон ном, зохиолыг хориглож байсан ч бид ямар нэг аргаар олж уншдаг байсан.
Дараа нь 1986 онд Английн Лийдсийн их сургуульд Англи хэл, утга зохиол судлахаар явсан. Энэ үе бол харьцангуй хориотой үе байсан учраас утга зохиол, англи хэл судалъя гэхээр явуулахгүй 2-3 жил шалгасан. Яагаад гэвэл утга зохиол, түүх судалдаг хүний хувьд 1982 онд Улаанбаатар хотод болсон “Монголч эрдэмтдийн хурал”-д орчуулагчаар оролцож байсан. Энэ хуралд оролцоод том эрдэмтэн, судлаачидтай танилцаж, тэднээс ном зохиол их авдаг байлаа. Тэгтэл тэр үеийн яам маань миний бүх захиаг уншдаг байсан юм билээ. Тиймээс “Гадагшаа явуулчихвал тэр чигтээ алга болоод өгч магадгүй юм байна” гэж бодсон юм билээ. Ингээд 2-3 жил болсны дараа явсан юм. Англид очоод надад нэг зүйл сонин санагдсан. “Би хэнд ч хэрэггүй хүн юм байна” гэх бодол тэнд очиход төрж байлаа. Уг нь би чинь Утга зохиолын дээд сургууль төгсөөд ирчихсэн, их юм мэддэг ч юм шиг, Д.Дамдинсүрэн, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг, Л.Түдэв, С.Удвал гуайтай юм яриад л харилцаа холбоотой байлаа. Тиймээс энэ “том” хүмүүс намайг тоож харьцаж байна гээд л өөртөө их итгэлтэй байдаг байсан. Гэтэл Англид очиход “Чи өөрөө л хичээвэл хүмүүс чамайг тооно. Хичээхгүй бол чи хэнд ч хэрэггүй” гэдгийг ойлгосон. Ингээд би Английн зохиолчдын өгүүллэгийн номыг орчуулж, эхлээд “Хатсан гар” гэж боть гаргасан. Сүүлд дахин орчуулж “Сохрын орон” гэж нэрлэсэн. Тэгэхээр амьдралдаа учирч байгаа хэрэгтэй зүйлсийг авч, хэрэггүйг нь хаяж сур. Хэнд ч хэрэггүй байхгүйн тулд өөрөө хичээ гэдэг хоёр зүйлийг гаднын сургуулиудад суралцах үедээ ойлгосон юм.
-Онолын хувьд өнөөгийн Монгол дахь Лоббизм барууны орнуудтай харьцуулахад хөгжлийн аль түвшиндээ байна вэ?
-Энэ бол маш өргөн агуулгатай сэдэв. Үүнийг ярихаасаа өмнө улс төр гэж юу гэдгийг хэлэх ёстой. Улс төр гэдгийг хамгийн сайн тодорхойлсон бүтээл эсвэл хүн гэвэл Германы алдарт социологич М.Веберийн “Улс төр бол амьдралын дуудлага буюу улс төр мэргэжил” гэх ном бий. Энэ бол улс төрийн шинжлэх ухааны суурь номуудын нэг. М.Вебер бол улстөрчийг тодорхойлохдоо “Нэг нь улс төрийн төлөө амьдардаг хүн. Нөгөө нь улс төрөөр тэжээгддэг хүн” гэсэн байдаг. Дээр нь улс төр бол өөрөө эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн. Эсвэл эрх мэдэлтэй хүмүүст нөлөөлдөг байх өрсөлдөөн гэж тодорхойлсон. Ямар улстөрч болох нь өөрийн нөлөө, эргэн тойрон гээд бүгд л нөлөөлнө. Улстөрч бол улс төрийг амьдралын зорилгоо болгоод түүнийхээ төлөө өөрийгөө, гэр бүлээ ч мартаад явах шаардлага гардаг. Улс төр гэдэг чинь өөрөө эрх мэдэл. Эрх мэдэл гэж юу юм бэ гэхээр төр засаг гэж болно. Тэгэхээр М.Веберийн тодорхойлсноор “Төр засаг бол хүчирхийллийг хууль ёсны дагуу хэрэглэх цорын ганц субъект” гэсэн байдаг. Ингээд М.Веберийн тодорхойлолтууд нь маш их маргааныг дэгдээж байдаг. Бид М.Веберийн хэлж байгааг илүү, дутуу ойлгож болно. Түүний онолыг үр дүн авчирсан гэдгийг зарим эрдэмтэд үгүйсгэдэг. Жишээ нь, М.Веберийг шүүмжилье гэвэл “Төр засаг бол хүчирхийллийг хууль ёсны дагуу хэрэглэх цорын ганц субъект” гэсэн мөртлөө “Төр засгийн үүрэг бол...” гэдгийг хэлж чадаагүй. Ингээд дэлхийн I, II дайны дараа “Төр засаг юуны төлөө байдаг юм бэ” гэх асуулт гарч ирсэн. Хүн төрөлхтний хувьд Библи, Бурхан багшийн “Ганжуур, данжуур”, судартай адилхан том хэмжээний бүтээл бол НҮБ-ын баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” гэж боддог. Энэ бол дэлхийн хамгийн суут бүтээлүүдийн нэг.
Ингээд дайны дараагийн он жилүүдэд төрийн үүргийг “Хүний эрхийг баталгаатай хангах нь төр засгийн гол үүрэг мөн” гэж тодорхойлсон. Энэ бол маш чухал. “Төр засаг бол бүхнийг хийж болохгүй юм байна. Зөвхөн хуулиар зөвшөөрснийг хийнэ” гэдгийг ойлгосон. Ингэж улс төрийн тухай нарийн ойлголттой болохгүй бол шууд лоббизмийн талаар яривал ойлгохгүй. М.Веберийн тодорхойлолт бол тухайн үедээ зөв байсан ч харамсалтай нь буруу үзлийг өдөөсөн байна гэж үзсэн. Жишээлбэл, модернизм буюу шинжлэх ухааны үндэстэйгээр хүн төрөлхтөн хөгжиж болно гэдэг асар их итгэл байна. Шинжлэх ухаан бол нийгмийг хөгжүүлэх арга хэрэгсэл мөн. Шинжлэх ухааныг л дагавал хүн төрөлхтөн жаргана гэсэн үзэлтэй байсан байна. Гэтэл шинжлэх ухаанаар атомын бөмбөг бүтээчихсэн. Шинжлэх ухаан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой. Тухайлбал, Өвөрмонголд Японы эмч нар хорих байгууллага байгуулаад тэнд хүмүүс дээр туршилт хийж, эрүүл мэндийн шинжилгээ хийгээд маш олон хүнийг хохироосон байдаг. Энэ мэтээр шинжлэх ухаан өөрөө мухардал юм байна. Дайн дажин өдөөдөг юм байна.
Тэгэхээр шинжлэх ухааны дараагийн постмодерн гэх үзэгдэл бий болсон. М.Веберийн шинжлэх ухаанд хэт найдах үзэл нь өөрөө ёс суртахууныг шинжлэх ухаанаас холдуулсан. Үүний уршгаар дайн дажин болсон байна гэж үзэж байгаа юм. Лобби бол “Улс төрөөр тэжээгдэж амьдардаг” хүмүүстэй их холбоотой. Мөн Монголд ч дэлхийд ч улс төрийн сонгуулийн кампанит ажлын зардлыг томоохон компаниуд даадаг. Өнөөдөр дэлхий дахинд яагаад компаниуд улстөрчдөд мөнгө өгч байна гэхээр сүүлд нь “Сонгогдох юм бол бидний төлөө ашигтай үйл ажиллагаа явуулаарай” гэдэг. Энэ чинь л лобби. Өнөөгийн тогтолцоонд лоббиг зөв гэхээс илүү ашиг сонирхлоо хамгаалуулах, өөрийнхөө зорилгыг биелүүлэхийн тулд компаниуд сонгуулиар дамжуулж нэр дэвшигчдэд өгч байгаа мөнгө. Нэр дэвшигч нь мөнгө авчихсан юм чинь эргээд төлбөрөө төлөх ёстой. Ийм л тогтолцоо болчхоод байгаа юм. Энэ зөвхөн Монголд биш.
-Манай улсад албан бус лоббизм, танил талын хүрээлэл ямар хэмжээнд байдаг гэж та боддог вэ?
-Өнөөдөр дэлхийд улстөрчдийн санхүүжилтийн асуудлыг шийдэж чадаагүй учраас лобби үйл ажиллагаа эрүүл байж чадахгүй байна. Яагаад гэхээр улстөрчдөөс шалтгаалахгүй, систем нь өөрөө тийм байна шүү дээ.
Энийг яаж шийдвэрлэх талаар гаднын улсууд олон туршилт явуулсан. Харин АНУ-ын хувьд бол тэгж чадаагүй. Гэхдээ мужийн хэмжээнд туршилтууд хийсэн байгаа. Тэр нь юу гэхээр санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх. Орчин үеийн хүн төрөлхтний судалснаар “Төр засгийн бүрэн эрх гэж асар их хүч байна” гэж тодорхойлсон. Францын эрдэмтний үзсэнээр “Энэ их хүчийг нэг байгууллага эсвэл нэг хүнд төвлөрүүлж болохгүй юм байна. Үүнийг гурав хувааж, харилцан бие биеэ хянаж байж хэрэгжүүлнэ” гэх онол гаргасан байдаг. Хүн төрөлхтөн төөрч төөрч XX зууны дунд эхэнд “Энэ бүх бүрэн эрхийн эх сурвалж нь ард түмэн юм” гэж үзсэн. Ингэж ард түмэн засаглаж байгаа сонгуулийн санхүүжилтийг яаж шийдвэл дээр вэ. Ард түмэн засаглаж байгаа нэртэй сонгуулийн санхүүжилтийн асуудлыг компаниуд гаргачихаар сонгогдсон хүмүүс хэчнээн сайн хүмүүс байсан ч ард түмнийхээ төлөө зүтгэхэд хэцүү л болно биз дээ.
Харин АНУ-ын мужуудад энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа гэхээр “Нэгэнтээ ард түмэн төр засгийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа юм бол сонгуулийн кампани ажлыг ард түмэн санхүүжүүлэх ёстой. Ингэснээр ард түмэн өөрсдөө төр засгаа сонгоно. Энэ нөхцөлд ард түмнээс сонгогдож, санхүүжүүлэгдсэн төлөөлөгч компанийн төлөө бус ард түмний төлөө ажиллана” гэж байна. Тиймээс магистрантаар суралцаж байгаа та бүхэн маань үүнийг ойлгож байж Монголын улс төрийн эрүүл сонгуулийн санхүүжилт буюу ард түмнээс сонгуулийн санхүүжилтийг бий болгож, ард түмнээсээ хамааралтай төр засгийг байгуулах нь хамгийн зөв. Гэтэл ард түмэн өөрсдийн төлөөний хүмүүсээ төр засагт сууж байгаа гэж эндүүрээд байна. Систем нь өөрөө ийм байдлаар удаан явсан учраас засрахгүй байна. Хэн нэгнийг нь сольчихвол л дээрдэнэ гэж бодоод байдаг. Гэвч яахын аргагүй тогтсон системийн дагуу ажиллахаар хүссэн хүсээгүй ард түмний төлөө бус тухайн санхүүжүүлэгч компанид үйлчилдэг болчихоод байна. Тиймээс эрүүл лоббитой болохын тулд сонгуулийн санхүүжилтийн асуудлыг шийдэх ёстой.
-Таны хувьд УИХ дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд тухайн цаг үедээ үнэмлэхүй ялалтыг байгуулж, нэлээд “жин дарсан” Засгийн газар болон УИХ бүрэлдэж байсан. Таныг Ерөнхийлөгч байх үед лобби бүлгүүдийн бодлого боловсруулах үйл ажиллагаа хэр байсан бэ. Мөн өөрт тань ирэх дарамт, ашиг сонирхлын танил тал, хүрээллийн нөлөөлөл хэр байсан бэ. Эсвэл тухайн лоббизмын бодлогын зөв шийдвэр гаргалтын үндсэнд гарсан эерэг жишээ байна уу?
-Энэ систем надад ч бусдад нь ч үйлчилсэн нь ойлгомжтой. Би намын даргын хувьд сонгуулийн мөнгийг бас л нөгөө компаниудаас л гуйна. Тэд санхүүжилт өгөөд хариуд нь асуудлаа шийдүүлнэ гэнэ. Харин тухайн компанийн ярьж байгаа зүйлийг хэрэгжүүлэх үү, үгүй юу. Хэрэв хэрэгжүүлбэл ямар түвшинд хэрэгжүүлэх нь тухайн улстөрчөөс шалтгаална. Тиймээс биеэ татаж сурах хэрэгтэй гэдэг том сургамж авах ёстой юм. Улс төр бол өөрийнх нь амьдралын уриа дуудлага болсон хүмүүс бол биеэ татаж чадна. Харин улс төрөөр тэжээгдэх арга хэрэгсэл нь болж байгаа хүмүүс бол биеэ татаж чадахгүй. Сайн жишээ гэвэл манай компаниуд “Оросын их өрийн асуудлыг шийдэхгүй бол бид их хэцүү байдалд орж байна. Үүнээс болоод Монголын зээлжих зэрэглэл их муу байна. Монгол Улсыг эрсдэлтэй орон гэж тооцоолж байдаг. 11.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний өр чинь Монголын эдийн засгийг арагш татах шалтгаан болоод байна” гэж хэлж байсан. Тиймээс энэ асуудал дээр би зориглоод үзье гэсэн. Тухайн үед ард түмэн үүнд итгээгүй байж магадгүй. Бид ч сайн итгэж чадаагүй учраас амлаагүй байх. Гэхдээ Оросын их өрийн асуудлыг шийдэхгүй бол Монголын эдийн засгийн тусгаар тогтнол, байгалийн баялаг бүхий том ордуудаа захиран зарцуулах эрхээ олж авахад хүндрэлтэй юм байна гэдгийг ойлгосон. Үүнийг тодорхой жишээгээр баталъя.
1994 онд Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д айлчилсан. Тухайн үед би Соёлын сайдаар ажиллаж байсан учраас Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд орсон. Тэр үед хоёр улсын Ерөнхийлөгч уулзаад “Оросын их өрийн асуудлыг Монголд дарамтгүйгээр шийдэж өгөөч” гэдэг хүсэлтийг тавьсан. Ингэхэд тухайн үеийн ОХУ-ын ерөнхийлөгч цэвэр наймаачны байдлаар хандсан. “Том ордууд, цахилгаан станц, аж ахуйн үйлдвэрүүдийг бид мэднэ. Энэ талаарх бүх тооцоо судалгаа манайд байгаа. Бид тэдгээр зүйлсийг чинь оронд нь авъя” гэж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч П.Очирбат “Ингэж болохгүй, дахин ярилцья” гэсэн юм. Үүнийг маш тод санаж байна. Эндээс юу ойлгосон гэхээр Оросын их өрийн асуудлаас салахгүй бол бид байнгын хараат байдалтай байх юм байна. Ингээд азаар дараа нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй ярилцаж байгаад шийдсэн байдаг.
Муу жишээ гэвэл, Тавантолгой ордыг хувийн компаниудад өгч болохгүй. Байгалийн баялаг учраас дундын баялаг байх ёстой. Тэгэхгүй бол бид цаашдаа байнгын бухамдал дунд тайван оршин тогтноход хэцүү юм байна. Дандаа байгалийн баялагтай холбоотой хулгай яригддаг. Зарим нь хэт баяжиж, нэг хэсэг нь ядуурна. Үүний цаана нийгэмд асар их зөрчил бий болох нь гэж үзэж байсан. Тиймээс би Тавантолгой, Оюу толгой толгойн асуудал дээр ард түмнийг байгалийн баялгийн эзэд болгох чиглэлд ажиллаж байсан юм. Харин 2009 оны сонгуульд намайг тэрний төлөө унагаж байгаа юм. Оюу толгой, Тавантолгойн лоббин дээр ажиллаж “Н.Энхбаяр гэж хүн Монгол Улсын Ерөнхийлөгч байх юм бол Тавантолгой, Оюутолгойн асуудлыг гадаадын хөрөнгө оруулагч нэртэй хувийн компанийн ашиг сонирхолд нийцэхээр шийдэхгүй юм байна” гэдгийг мэдэж байсан учраас тухайн үеийн сонгуульд унагасан. Ингээд Оюу толгойд Монголд ашиггүй гэрээ хийгээд авчихсан, Тавантолгойг бөөн будилаан болгоод орхисон. Тэгэхээр лобби бол миний амьдралд бодитоор Оросын их өрийн асуудлыг шийдэхэд эергээр нөлөөлсөн, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сөргөөр нөлөөлсөн байх жишээний. Тиймээс лобби бол хоёр талтай.
Монголын өнөөгийн эдийн засаг бол англи дээр “Red economy” буюу брэндийн эдийн засаг гэгддэг. Ерөнхий сайд асан М.Энхсайхан орчуулахдаа үүнийг “түрээсийн эдийн засаг” гэж орчуулсан байдаг. Харин миний бодлоор “Тусгай зөвшөөрлийн эдийн засаг” орчуулна гэж боддог. Монголын эдийн засаг бол маш олон зөвшөөрөл авч байж бизнес хийдэг, асуудлаа шийдвэрлүүлдэг. Тэгэхээр манай эдийн засаг тэр аяараа зөвшөөрлийн эдийн засаг. Харин Ерөнхий сайд Н.Учрал “Энэ бүхнийг чөлөөлье. Зөвшөөрөлгүйгээр бизнес хийдэг болъё” гэсэн нь маш зөв. “Мэдэгдэл өгөөд бизнес хийдэг болъё. Би бизнес хийе, үүнийг хуулиар хориглоогүй” гэдэг эрхийг хуулиар зохицуулъя гэж байгаа нь маш зав санаачилга. Ингэснээр буруу лобби устаж, зөвшөөрлийн эдийн засгийг зөвшөөрлийн бус хүний оюун ухаан, авхаалж самбаа, эрсдэл даах чадвар тооцоон дээр суурилсан эрүүл бизнесийн үйл ажиллагаа болгох гэж байгааг бүрэн дэмжинэ.
-Залуучууд улс төрд орж ирэхэд лоббизмд автах ёсгүй юм уу, эсвэл автахаас сэргийлэх үү, ашиглах ёстой юу?
-Өмнө хэлсэнчлэн системийг засахгүйгээр зөв лоббизм хийнэ гэдэг хэцүү. Би өөрийгөө харьцангуй зөв лоббизмоор улс төрд орж ирсэн гэж боддог юм. 1996 онд тухайн үеийн МАХН, одоогийн МАН сонгуульд анх удаагаа ялагдсан. Тэгэхээр бүгд хариуцлагаас мултраад намыг толгойлж ажиллах хүн байхгүй болчихсон. Тэр үед намайг “Чи энэ ажлыг хий” гэж хэлсэн юм. Ингээд Төрийн нарийн бичгийн дарга, намын дарга болоод явсан. Намайг улс төрд ороход намын ялагдал лобби болсон гэж болно. Өөрөөр хэлбэл, намын Ерөнхий нарийн бичгийн дарга намын дарга болох боломжийг олгосон.
Хэрэв нам ялчихсан бол тийм замаар явахад хэцүү байж магадгүй. Тэгээд би намаа шинэчлэх, улс орны хэмжээнд бодлого тодорхойлох замаар явж эхэлсэн. Би өнөөдрийг хүртэлх улс төрд туулсан замаа бодоод үзэхэд амьдрал хүнд өдөр бүр боломж өгдөг юм байна лээ. Үүнийг бид заримдаа анзаардаггүй, эсвэл тэр боломжийг шүүрч аваад ашиглах боломжгүй байна. Тэр тусмаа эрх мэдэлтэй хүнд бол асар их бололцоо байдаг. Энэ их бололцоог ашиглаж чаддаг хүн, ашиглаж чаддаггүй хүн гэж байна. Өмнө нь би намын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ, Л.Амарбаясгалан дарга нарт “Та нарт энэ тогтолцоогоо засах бүрэн боломж байна” гэж хэлж байсан. Гэхдээ тэд чадаагүй. Тэгэхээр хүнд бололцоо байгаа үед нь л засах хэрэгтэй юм билээ. Би өөрөө ч Монгол Улсыг сайн болгохын тулд тогтолцоог засах ёстой гэдгийг Ерөнхийлөгч байхдаа ойлгосон. Засах гэж оролдоод, шинэ төсөл боловсруулах санаачилга гаргаад ажиллаж эхэлсэн. Тэгсэн чинь намайг “Өөрийнхөө дарангуйллыг тогтоох гэлээ” гэх зэргээр мушгиж байсан учраас үнэхээр ийм хардалт байгаа бол больё гээд ухарчихсан юм. Одоо бодоход тэр бололцооноосоо ухарсандаа харамсдаг.
Мөн тухайн үед намуудын санхүүжилтийн асуудлыг ойлгож байсан учраас 2008 онд ялангуяа долоодугаар сарын 1-ний үйл явдал болсны дараа их эмзэглэж, намын дарга нарыг урьсан юм. Ингээд "Намын санхүүжилтийн асуудлыг шийдье, тэгэхгүй бол та нар ч гэсэн компаниудын хармаанд орчхоод байна. Улс орон маань ч бид нараар дамжуулаад компаниудын хармаанд орчхоод байна” гэх санаачилгыг гаргасан юм. Тэгтэд наанаа “за” гэж хэлсэн ч цаагуураа эсэргүүцэж байсан. Яагаад гэвэл энэ системдээ намууд өөрсдөө дасчхаж. Тиймээс дахин хэлэхэд тогтолцоогоо засаж байж ард түмнийхээ жинхэнэ төлөөлөл болж явах ёстой шүү гэмээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 78 (7820)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn