Хятадад хөгжлийн чуулган эхэлж, Такайчийн АНУ дахь айлчлал өндөрлөлөө

2026-03-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

“Сувдан эрэг”-ийн талаар яагаад та нар хэлээгүй юм бэ?

 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван хоногт Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи АНУ-д айлчиллаа. Айлчлалын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын зочиндоо барьсан “сюрприз” олны анхааралд өртөв. Учир нь өнгөрсөн баасан гарагт эхэлсэн Японы ерөнхий сайд Такайчийн АНУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр удирдагч сэтгүүлчидтэй уулзсан юм. Энэ үеэр Японы нэгэн сэтгүүлч, “Та хамтрагчиддаа Иранд довтлох талаараа яагаад урьдчилж мэдэгдээгүй юм бэ” хэмээн Трампаас асуусан. Харин Трамп “Би сюрприз барихыг хүссэн юм. Япон сюрприз барихдаа гарамгай шүү дээ. “Сувдан эрэг”-ийн талаар та нар урьдчилж хэлээгүй шүү дээ” хэмээн хариулахад Такайчийн инээмсэглэсэн царай арилж камерийн өмнө барьц алдаж байгаа дүрс бичлэг цацагдсаар байна. Гэхдээ Ерөнхий сайд Такаичи Трампт тухайн үед ямар нэгэн хариу өгөөгүй.

Найрсаг уур амьсгалтай байсан айлчлалд Трампын хошигнол зохимжгүй байсан ч айлчлалын гол үр дүнд төдийлөн нөлөөлөөгүй, “харилцааны алдаа болсон” хэмээн олон улсын хэвлэлүүд дүгнэжээ. Харин ч Японы анхны эмэгтэй ерөнхий сайдын АНУ-ыг зорьсон анхны айлчлалын хүрээнд батлан хамгаалах хамтын ажиллагаа, эдийн засгийн түншлэл, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар бодит ахиц гарсан гэж үзэж байна. Тухайлбал, эрчим хүч, ховор элемент, технологийн салбарыг хамарсан багц хөтөлбөрийн хүрээнд 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг дараагийн шатанд гаргах боломж бүрдэсэнээрээ ихээхэн ач холбогдолтой айлчлал болов. Харин айлчлалын гол сэдэв Иран байсан учир хоёр удирдагчийн уулзалт багагүй сунжирсан байна. Трампын зүгээс Ормузын хоолойд Японыг татан оролцуулах оролдлого хийсэн ч Такаичи ерөнхий сайд татгалзсан байна. Японы зүгээс Үндсэн хууль дахь энхийн заалттай харшлах учир дайнд шууд оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.

 

Хятадын Хөгжлийн форум эхэллээ

 

Хэдхэн хоногийн өмнө улс төрийн гол үйл явдал гэгддэг “Хоёр чуулган”-аа зохион байгуулсан БНХАУ өчигдөр Хятадын хөгжлийн чуулганы нээлтийг хийв. Тус форум нь жил бүр Хятадын “хоёр чуулган”-ы дараа зохион байгуулагддаг бөгөөд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдад бодлого, чиглэлээ танилцуулах гол талбар болдог. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян Хөгжлийн чуулганыг нээж үг хэлэх үеэрээ “Хятад улс эдийн засгаа илүү нээлттэй байлгаж, гадаадын компаниудад “ижил нөхцөл” бүрдүүлэхээ амласан байна.

Энэ жилийн форумд “Apple”, “Samsung”, “Siemens”, “Volkswagen” зэрэг дэлхийн томоохон корпорацуудын удирдлагууд оролцож байгаа нь Хятадын зах зээлийн ач холбогдол хэвээр байгааг харуулж байна. Хятад улс өнгөрсөн гадаад худалдааны ашигтай гарсан ч гадаадын хөрөнгө оруулалт буурсан тул энэ уулзалтаар дамжуулан хөрөнгө оруулагчдыг татахыг зорьж байна гэж ажиглагчид үзэж байна. Шинжээчид ч энэ удаагийн чуулганыг АНУ болон барууны орнуудтай үүссэн худалдааны маргаан, дэлхийн зах зээлийн тодорхойгүй байдлын дунд Хятад байр сууриа бэхжүүлэхээр оролдож буй хэмээн дүгнэжээ. Мөн энэ үеэр 2026-2030 онд хэрэгжих тус улсын 15 дахь таван жилийн гол төлөвлөгөөг гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж, өндөр технологи, үйлдвэрлэлд суурилсан өсөлтийг гол чиглэл болгоно гэдгийг онцолж байна.

 

Ираны мөргөлдөөнд эрчим хүчний байгууламжууд өртөв

 

Өнгөрч байгаа долоо хоногт Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал эрс хурцдаж, АНУ болон Израилийн цохилтууд Ираны цэргийн байгууламжаас гадна эрчим хүчний дэд бүтэц рүү чиглэсэн нь онцлог байлаа. Долоо хоногийн эхээр Ираны пуужингийн агуулах, агаарын довтолгооноос хамгаалах системүүдэд цохилт өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд эдгээр нь Ираны цэргийн хариу чадавхыг сулруулах зорилготой байсан гэж ажиглагчид үзэж байна.

Долоо хоногийн дунд үеэс довтолгооны чиглэл өөрчлөгдөж, Ираны нефть, хийн салбарын гол бүсүүдийн нэг болох South Pars ордод цохилт өгсөн нь анхаарал татав. Уг довтолгооны улмаас хийн үйлдвэрлэлийн тодорхой хэсэг тасалдаж, зарим боловсруулах байгууламж түр хугацаанд ажиллагаагүй болсон талаар мэдээлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Ираны эдийн засгийн гол эх үүсвэрт дарамт үзүүлэх зорилготой алхам болсон байна.

Үүнтэй зэрэгцэн Персийн булан орчимд стратегийн ач холбогдолтой байгууламжууд руу чиглэсэн цохилтууд нэмэгдсэн бөгөөд зарим боомт, ложистикийн зангилаанд нөлөөлсөн тухай мэдээлэл гарчээ. Мөн зарим тохиолдолд эрчим хүч, усан хангамжийн дэд бүтэц өртсөн нь иргэний салбарт нөлөөлөх эрсдэл нэмэгдэж буйг харуулж байна.

Олон улсын ажиглагчид мөргөлдөөн цэргийн объектуудаас хальж, эрчим хүч, эдийн засгийн дэд бүтэц рүү шилжиж байна хэмээн дүгнэв.

 

Дайны зардал Конгресст маргаан дагуулав

 

Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаа эрчимжиж буйтай холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Ираны дайныг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум ам.долларын нэмэлт төсөв боловсруулах асуудлыг Конгресст хэлэлцүүлэхээр бэлтгэж буй. Гэвч энэхүү санал Конгрессийн гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Зарим хууль тогтоогчид Ираны эсрэг цэргийн ажиллагаа албан ёсны зөвшөөрөлгүй эхэлсэн, стратеги тодорхойгүй хэвээр байхад ийм хэмжээний зардал гаргахыг буруушааж хэт өндөр зарсдал төсвийн дарамтыг нэмэгдүүлнэ гэж шүүмжилж буй юм.

Нөгөө талаар Батлан хамгаалах яамны мэдээлснээр, өндөр өртөгтэй зэвсгийн нөөц хурдан шавхагдаж, нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон байна. Иймээс Цагаан ордон уг багцыг “яаралтай нэмэлт санхүүжилт” хэлбэрээр өргөн барих хувилбарыг судалж байгаа аж. Одоогоор уг асуудал АНУ-ын дотоод улс төрийн томоохон маргааны нэг болж, Ираны дайны цаашдын өрнөлд нөлөөлөх хүчин зүйл болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 54 (7796)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 59 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 59 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18